| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2020/04142/И |
| Дугаар | 184/ШШ2021/01467 |
| Огноо | 2021-06-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2021/01467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Х төв байранд оршин байх, Х ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, дугаар байр, тоотод оршин суух, Т овогт П-н С/,
Хариуцагч:Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, буянт ухаа дугаар гудамж, тоотод оршин суух, Б овогт О-н Б/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,322,290.28 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Х.Т, хариуцагч нар болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б, хариуцагч П.Сгийн өмгөөлөгч Ч.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П овогтой С нь Хтай 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1860001942 дугаартай зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 365 хоногт 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр П.С-ийн Хин дахь 5002808794 тоот дансанд 30,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Дээрх гэрээнд О овогтой Б нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. 1860001942 дугаартай зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1860001942-01 тоот барьцааны гэрээгээр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 дугаар байр, 279 тоот хаягт байршилтай ГД:0066858 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2201007256 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 12,900,000 төгрөг, зээлийн хүүнд 4,779,960.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,838.45 төгрөг буюу нийт 17,689,798.85 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь Банктай байгуулсан 1860001942 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрөөс зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 235 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хамтран зээлдэгч О.Б, үндсэн зээлдэгч П.С-ийн ах П.С нарын хүсэлтийг үндэслэн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж үндсэн зээлдэгчийн төрсөн ах П овогтой С-г үндсэн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэмж бүртгэсэн. Х нь 2020 оны 02 дугаар сарын 06, 2020 оны 3 дугаар сарын 20, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр тус тус зээлдэгчтэй уулзаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс бичгээр шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь 24.3 дахь заалт болон 1860001942 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 17,100,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх хүү болох 3,054,073.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 168,216.98 төгрөг буюу нийт 20,322,290.28 төгрөгийг хариуцагч П.С, О.Б нараас гаргуулж өгнө үү.
2.Хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү.
Зээлдэгч нарын хүсэлтийг үндэслэн хамтран зээлдэгчээр П.Сг нэмж бүртгэсэн нь хууль зөрчөөгүй, зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байх шалтгаан үндэслэл болохгүй гэж бодож байна. Учир нь талууд өөрсдөө гэрээг сайн дурын үндсэн дээр чөлөөтэй байгуулах эрхтэй. П.Сг гэрээнд хамтран зээлдэгчээр нэмж бүртгэх тухай хүсэлт, зөвшөөрлийг хариуцагч П.С, О.Б нар өөрсдөө банкинд гаргасны дагуу банк судалж үзээд нэмж бүртгэсэн нь зээлдэгч нарт ашигтай гэрээ болсон. Банкны зүгээс гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардаж шахаагүй. Хамтран зээлдэгч О.Б өөрөө П.С-ийн хадам ээж нь байдаг, банктай ирж уулзаад өөрөө төлбөр төлөх боломжгүй гээд түүний төрсөн ах П.Сг банктай холбож өгсөн. П.С банкинд өөрөө хүсэлтдээ гаргаж төрсөн дүү П.С нь Ковидын улмаас эрхэлж байсан бизнэс нь хаагдаж, хил хаасан тул хөл хорионд орсон. Би Ремакс хөрөнгө зуучлалын газар ажилд орсон байгаа, 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн үлдэгдэг төлбөрийг дангаараа хувиаарийн дагуу төлөхөөр зөвшөөрсөн боловч төлбөр төлөгдөөгүй. Манай зүгээс зээлдэгч нарт хугацаа олгосон, зээлийн үлдэгдэл төлбөрөө манай банкин дээр очоод хувиар гаргаад төлөх боломжтой байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш олон удаа эвлэрэх талаар хүсэлт гаргаж байсан боловч санаачилга гаргаж банктай уулзаагүй. Өнөөдөр бид төлөхгүй, П.С-ийн төлөх ёстой төлбөр гэж ярьж байж болохгүй. Удаа дараалан төлөхөө илэрхийлж байсан. Бид хүү алдангиас багасгах ямар ч боломж байхгүй. Бидэнд шүүхэд төлөөлөх эрх олгохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс багасгах эрх олгоогүй. Зөвхөн 3-6 сарын хугацаатай, үнийн дүнг багасгахгүйгээр эвлэрэх эрх олгосон тул хариуцагч нарын саналыг хүлээн авах боломжгүй. Зээлийн гэрээний үүргийн бүрэн хангуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч П.С, О.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Иргэн О.Б миний бие 1999 оны оны 8 дугаар сард хүргэн П.С-ийн хүсэлтээр Хнаас зээл хийхэд нь батлан даагчаар гарын үсэг зурсан билээ. Уг зээлээ хүргэн П.С нь цаг хугацаанд нь төлөлтөө хийж явсан боловч 2020 оны 1 дүгээр сард өөрийн санамсар болгоомжгүйгээсээ болж эрээн хотын цагдаад баригдан хоригдсон. Мөн Бүгд Найрамдах Хятад ард улсын эрээн хотод үйл ажиллагаа явуулж байсан ресторан, зургийн сайт, оёдлын газар зэрэг нь корона цар тахлын улмаас хаагдаж өнөөг хүртэл үйл ажиллагаа явагдахгүй болсон. Мөн хүргэн П.С нь өнөөг хүртэл эрээн хотын урьдчилан хорих төвд хоригдож байгаа зэрэг хүчин зүйлээс болж зээлийн эргэн төлөлтийг хийж чадахаа больсон билээ. Иргэн миний хувьд тэтгэвэрт байдаг нөхөр хүнд өвчтэй гэрийн асаргаанд байдаг. Ийм байдлыг харгалзан үзэж хүргэн П.С-ийн хэрэг явдал нь шийдэгдэж Монголдоо иртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж өгөхийг хүсэж өргөдөл гаргаж байна гэжээ.
Хариуцагч нар болон гуравдагч этгээд Ё.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний нэг тал нь П.С байгаа. Энэ хүнийг оролцуулалгүйгээр, зөвшөөрөлгүйгээр гэрээнд өөрчлөлт оруулж хамтран зээлдэгчээр түүний төрсөн ах П.Сг оруулж ирсэн байгаа. О.Б бол П.С-ийн хадам ээж, өндөр насны тэтгэвэрт байдаг хүн. Хариуцагч П.Сгийн ээж Ё.Пийн амьдарч байгаа орон сууцыг барьцаалсан тул настай ээжийнхээ орон байрыг алдахгүйн тулд банкны хэлсэн зүйлийг зөвшөөрч П.С гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Анх зээлийг П.С БНХАУ-ын Эрээн хотод ресторон ажиллуулдаг. Түүндээ хэрэглэхээр бизнесийн зориулалттай зээл авсан байдаг. 2019 онд Эрүүгийн хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн болохыг шүүхийн журмаар баримт бүрдүүлж мэдэж авлаа. Урьд нь хил хаагдаад эхнэр хүүхэд нь явж эрж хайж чадахгүй, сураггүй яасан нь мэдэгдэхгүй байсан байдаг. Хариуцагч О.Б, П.С нар уг зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй учир төлбөрийг төлөх боломжгүй боловч байраа барьцаалсан тул үндсэн үлдэгдэл төлбөрийг аль болох боломжоороо төлөхөө илэрхийлж байгаа. Хүү, алдангийг төлөх үүрэггүй. Мөн улс орон даяар үүсээд байгаа Ковид цар тахлын улмаас зээлийг зориулалтын дагуу хөрөнгө оруулсан боловч үйл ажиллагаа нь бүрэн зогссон тул ямар ч боломжгүй байгааг харгалзан үзэж, хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч П.С, Л.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,322,290.28 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч П.С, Л.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 20,322,290.28 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа тэдэнтэй байгуулсан2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №1860001942 тоот Зээлийн гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус үндэслэл болгожээ.
Талууд дээрх №1860001942 тоот зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, холимог зориулалтаар олгохоор тохиролцсон байна. Мөн өдрийн №1860001942-01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ээр гуравдагч этгээд Ё.П-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 дугаар байр, 279 тоотод оршин байх ГД0066858 Ү-2201007256 дугаарт бүртгэгдсэн 18 м.кв нэг өрөө орон сууцыг барьцаалсан байна. Дээрх барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэн барьцаалбар үйлдэгдсэн байна. /хх-ийн 13-20-р хуудас/ Энэхүү гэрээнд нэг талаас Хийг төлөөлөн Н.Р, нөгөө талаас П.С, О.Б, барьцааны гэрээнд Ё.П нар үсэг зурж баталгаажуулсан байна.
Эдгээр гэрээг үндэслэн нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч нараас үндсэн зээл 12,900,000 төгрөг, зээлийн хүү 4,779,960.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,838.45 төгрөг, нийт 17,689,798.85 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний дагуу Ё.Пийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороолол, 13 дугаар байр, 279 тоотод оршин байх ГД0066858 Ү-2201007256 дугаарт бүртгэгдсэн 18 м.кв нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэдгаргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Х ХХК нь №1860001942 тоот гэрээгээр 30,000,000 төгрөгийг П.С, Ё.П нарт зээлүүлэх, уг мөнгийг зээлдэгч нарт шилжүүлэх, П.С, Ё.П нар нь зээлсэн мөнгийг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт төлөх үүрэг хүлээж гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэв. Талууд энэ талаар маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.
Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.
Х ХХК нь зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч П.С-ийн Хин дахь 5002808794 тоот дансанд шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулга, хариуцагч нарын зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-12,15/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул №1860001942 тоот гэрээнд заасан үүргээ зээлдэгч биелүүлсэн буюу Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасан үндэслэлээр зээлийг олгосон гэж үзэв.
Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийтдээ 17,689,798.85 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч тал уг төлбөрийг үндсэн төлбөрт 12,900,000 төгрөг, хүүгийн төлбөрт 4,779,960.40 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,838.45 төгрөгийг төлсөн гэж тайлбарладаг. Талууд нийт төлөгдсөн төлбөрийн талаар маргадаггүй. Мөн түүнчлэн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 17,100,000 төгрөг, зээлийн хүү 3,054,073.30 төгрөг нэмэгдүүлсэн хүү 168,216.98 төгрөг төлөгдөөгүй талаар хэн аль нь маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Харин зээлийн гэрээний нэг тал буюу үндсэн зээлдэгч П.С 2020 оны 2 дугаар сараас эхлэн зээлийн гэрээнд заагдсан хувиарын дагуу төлбөрөө төлөлгүй, БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж амьдарч байгаад эрүүгийн хэргийн улмаас цагдан хоригдсон гэсэн үндэслэлээр хамтран зээлдэгч О.Б болон зээлдэгч П.С-ийн төрсөн ах П.С нарын Х ХХК-д бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн П.Сг хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэмж оруулан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1860001942 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Уг гэрээгээр хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэмж бүртгэгдсэн П.С нь өмнөх зээлийн гэрээний үндсэн үүргийг биелүүлэхээ илэрхийлэн нэмэлт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Зээлдэгч П.С нь БНХАУ-ын Эрээн хотод рестораны үйл ажиллагаа эрхэлж байсан, улмаар энэхүү бизнесийн үйл ажиллагаандаа зориулан Х ХХК-иас зээл авсан, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус улсад ажиллаж амьдарч байхдаа эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаж, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тус улсын шүүхийн шийдвэрээр 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлэн, ял эдэлж байгаа болох нь Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 10/1535 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн П.Сид холбогдох Монгол Улсаас эрээн хотод суугаа консулын газраас ирүүлсэн мэдээлэл болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Энэхүү нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлт 2020 оны 02 дугаар сараас эхлэн доголдож, төлөлт хийгдээгүйн улмаас гэрээний нэг тал буюу нэхэмжлэгч Х өөрийн санаачилгаар гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн удаа дараа өгсөн болох нь хэрэгт авагдсан шаардах хуудас баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч О.Б, П.С нар нь ...үндсэн зээлдэгч П.С БНХАУ-д хорих ял эдэлж байгаа тул үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, хамтран зээлдэгч О.Б нь өндөр насны тэтгэвэрт байдаг, тэтгэвэрээс өөр орлогогүй, ...дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан бизнес эрхлэх боломж байхгүй, хөл хориог тогтоосон тул хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү... гэж тайлбар, хүсэлтийг Х ХХК-д гаргаж байсан болох нь тэдний банкинд хандан гаргасан өргөдөл хүсэлтээр тогтоогдож байна. Улмаар шүүхэд дээрх үндэслэлээр зээлийн үндсэн төлбөрийн 17,100,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хүү нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх тухай тайлбар хүсэлтийг гаргаж байна.
Гэрээний хугацаанд хариуцагч П.С, О.Б нар нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчсөн тул зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй ба гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1,3, 24 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нийцжээ.
Гэвч шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг үндэслэн зээлийн гэрээний хугацаа цар тахал Ковид-19-ийн улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарч байх бөгөөд энэ хугацаанд хариуцагч нарын бизнесийн үйл ажиллагаа доголдсон, ажил эрхлэж орлого олох боломжгүй байсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан хариуцагч нарын хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хөл хорио тогтоож эхэлсэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс тооцон нэхэмжилсэн хүүгийн 3,054,073 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 168,216 төгрөг нийт 3,222,289 төгрөгийгтөлүүлэхээс чөлөөлж, нийт нэхэмжилсэн 20,322,290 төгрөгөөс хасч тооцон, зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 17,100,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч нараас 17,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,222,290.28 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хариуцагч П.С, О.Б нар нь №1860001942 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Ё.Пийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201007256 дугаар бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ГД0066858 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 дугаар байр, 279 тоотод оршин байх дугаарт бүртгэгдсэн 18 м.кв нэг өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан №1860001942 тоот Барьцааны гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулагдсан, хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл ба хариуцагч нар нь барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдээр барьцаалуулагч Ё.П оролцсон ба өөрийн өмчлөлийн орон сууцыг дээрх гэрээний дагуу барьцаалсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч нар нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасны дагуу барьцааны гэрээгээр барьцаалсан дээрх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагч П.С, О.Б нараас 17,100,000 /арван долоон сая нэг зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, үлдэх 3,222,290.28 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2201007256 дугаар бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ГД0066858 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 дугаар байр, 279 тоотод оршин байх дугаарт бүртгэгдсэн 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,161 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 313,650 /243,450+70,200/ төгрөгийг хариуцагч П.С, О.Б нараас гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН