Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/270

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

хохирогч *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* Маралгоод холбогдох эрүүгийн 2405000000112 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ******* ******* их сургуулийн ******* оюутан, ам бүл 3 өвөө, эмээ нарын хамт Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 42-р байр 6-602 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* Маралгоо, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” төвд хувиараа хөдөлмөр эрхлэх иргэн *******ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Айфоне 15 про макс” лизингээр авах хэрэгтэй байна, та урьдчилгааг нь хийж өгөөд зөрүүнээс нь ашгаа авчих” гэж 3.800.000 төгрөг, “Масbоок” авах хэрэгтэй байна нэмээд мөнгө өгөөч” гэж 3.150.000 төгрөг, мөн “лизингээр юм авсан чинь урьдчилгааны шимтгэл аваад мөнгө дутчихлаа” гэж 1.482.000 төгрөг, “дахиад шимтгэл авах мөнгө дутчихлаа” гэж 520.000 төгрөг, нийт 8.952.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5926483693 дугаартай “хаан” банкны дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Өмнө нь хохирогч *******од банк бус санхүүгийн байгууллагаас “айфон 15” маркийн гар утсыг лизингээр авч, өгч зарж байсан. Тэгээд дахин банк бус санхүүгийн байгууллагаас гар утас авах гээд хохирогчоос урьдчилгаа мөнгө гэж аваад ******* засагчийг хүлээж байхдаа тоглоом тоглоод алдсан. Эхний авсан мөнгөө дахиад олно гэж тоглоод мөн алдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөх болно...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...4 сарын хугацаанд надад нэг ч төгрөг өгөөгүй, залгахаар гар утсаа авдаггүй. Хохирол, төлбөрөө авсан тохиолдолд гомдол, саналгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******ын:

“...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хороо “ центр” дотор ажлаа хийж байхад манай ажил дээр зүс таних нэг эмэгтэй хүүхэд хүрч ирээд надаас “Ай фоне 15 про макс” “лизингээр авах хэрэгтэй байна, та урьдчилгааг нь хийж өгөөд зөрүүнээс нь ашгаа авчих” гээд надад хэлсэн. Тэгээд би тухайн хүүхдэд 13 цаг 30 минутад 3.800.000 төгрөг шилжүүлж өгөөд өдөр 15 цаг 18 минутад “Масbоок” авах хэрэгтэй байна нэмээд мөнгө өгөөч” гээд хэлэхээр нь би 3.150.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд орой нь над руу 18 цагийн үед залгаад надад хэлэхдээ “лизингээр юм авсан чинь урьдчилгааны шимтгэл авна гээд надаас мөнгө аваад дахиад мөнгө” дутчихлаа дахиад мөнгө явуулаач гэж хэлэхээр нь би 1.482.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд дахиж над руу залгаад “дахиад шимтгэл авах мөнгө дутчихлаа” гэж хэлээд надаас 520.000 төгрөг авсан. Нийт надаас 8.952.000 төгрөг авсан бөгөөд тухай охин нь сүүлд надад хэлэхдээ “ахаа миний авах гэж байсан зүйл худлаа болчихлоо анхнаасаа би танаас авсан мөнгөө утас болон нөүтбүүк аваагүй” гээд хэлсэн бөгөөд би тухайн хүүхдээс “чи тэгвэл мөнгөө яасан юм” гээд асуухад дуугарахгүй байхаар нь би цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

Гэрч З.Хөхцэцэгийн:

“...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр миний “bawuu 1xbet” гэх фейсбүүк пэйж рүү “Марлаа Маралгоо” гэх хаягаас “депозит спорт бооцоот тааврын сайт id account-г цэнэглүүлэх үү” гэж асуусан бөгөөд би тухайн үед өөрийн дансны дугаар болон цахим тоглоомын сайтыг яаж цэнэглэх заавар явуулсан бөгөөд тухайн өдөр “Марлаа Маралгоо” гэх фейсбүүк хаягтай хаан банкны 59264836** гэсэн дансны дугаартай эмэгтэй надаар өөрийн “1xbet спорт бооцоо тааврын account-аа цэнэглүүлсэн бөгөөд тухайн 2023 оны 12-р сарын 30-ны өдөр 2 удаа 3.700.000 болон 3.000.000 төгрөгөөр цэнэглүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

Гэрч :

“...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр миний “bawuu 1xbet” фейсбүүк хаяг пэйж рүү “Марлаа Маралгоо” гэх хаягаас “депозит спорт бооцоо тааврын id account-г цэнэглэх үү” гэж асуусан бөгөөд тухайн Маралгоо гэж фейсбүүк хаягтай иргэн нь надаар дамжуулж эхлээд 1.300.000 төгрөгөөр өөрийн id account-аа цэнэглүүлсэн бөгөөд удалгүй дахиад надаар дамжуулж 500.000 төгрөгөөр дахиад цэнэглүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

“Хаан” банкны 53011184** дугаартай *******ын эзэмшлийн данснаас 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хаан банкны 59264836** дугаартай *******гийн эзэмшлийн дансанд “Ай фоне 15 про макс” гэсэн утгаар 3.800.000 төрөг, 3.150.000 төгрөг, 1.482.000 төгрөг, 520.000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай депозит дансны хуулга /хавтаст хэргийн 25-28 дахь тал/,

“Хаан” банкны 59264836** дугаартай *******гийн эзэмшлийн данснаас 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Хаан” банкны 50121717** дугаартай З.Хөхцэцэгийн эзэмшлийн дансанд “Маралгоо” гэсэн утгаар 3.700.000 төрөг, 3.000.000 төгрөг, 200.000 төгрөг, “Хаан” банкны дугаартай эзэмшлийн дансанд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.300.000, 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай депозит дансны хуулга /хавтаст хэргийн 32 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” төвд хувиараа хөдөлмөр эрхлэх иргэн *******оос “Ай фоне 15 про макс” “лизингээр авах хэрэгтэй байна, та урьдчилгааг нь хийж өгөөд зөрүүнээс нь ашгаа авчих” гэж 3.800.000 төгрөг, “Масbоок” авах хэрэгтэй байна нэмээд мөнгө өгөөч” гэж 3.150.000 төгрөг, мөн “лизингээр юм авсан чинь урьдчилгааны шимтгэл аваад мөнгө дутчихлаа” гэж 1.482.000 төгрөг, “дахиад шимтгэл авах мөнгө дутчихлаа” гэж 520.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 59264836** дугаартай хаан банкны дансаар шилжүүлэн авч нийт 8.952.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Саруул-Очир, гэрч З.Хөхцэцэг, Б.Батзул нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Саруул-Очир, шүүгдэгч ******* нарын дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “Баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах” гэдэг нь бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд хуурамч баримт бичиг баримт, эд зүйл, цахим хэрэгсэл, цахим сүлжээ, цахим мэдээлэл, дууны, дүрсний, техник хэрэгсэл ашиглах, тусгай албаны хувцас, хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус, эсхүл хуурамч буюу чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх зэргийг ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******од 8.952.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчид учирсан дээрх хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 8.952.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргаангүй, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, санхүү ******* ******* их сургуульд суралцдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, сургуульд суралцдаг зэрэг хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаанд “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405000000112 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Маралгоог Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 8 /найман/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гоос 8.952.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******од олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ