Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ442

 

 

 

 

 

 

 

 

   2024           05           29                                    2024/ШЦТ/442

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга В.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Ё.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас С овогт Ё-ын Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2405000020505 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Ё-ын Н-.

 

Шүүгдэгч Ё.Н- нь 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.М-ын Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТБД андууд” худалдааны төвийн гадна байхдаа төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Н- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Голомт банкны дансны хуулга. /хэргийн 10-13 дахь тал/

 

Дансны хуулгад үзлэг хийсэн “... Ё.Н-ийн нэр дээр Голомт банкны 1305135*** тоот дансанд 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 9,609,000 төгрөг /5424968 PHUT GIPS A/HULS- Болдбаатар М-/ утгаар орлого хийгдсэн ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 15-16 дахь тал/

 

Хаан банкны дансны хуулга. /хэргийн 18-19 дэх тал/

 

Мөрдөгчийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоол. /хэргийн 22-23 дахь тал/

 

Хохирогч Б.М-ын “... Би Чингисийн төгөл ХХК-д 2022 оны 03 дугаар сараас 5 дугаар сар хүртэл туслах нягтлангаар ажиллаж байсан юм. Би 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Ё овогтой Н- гэх хүний Голомт банкны 1305135*** тоот данс руу манай компанид гипсэн хана таазны ажил хийж өгсөн ажлын хөлс болох 2,609,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024931*** тоот данснаас шилжүүлэхдээ 9,609,000 төгрөгийг андуурч илүү шилжүүлсэн бөгөөд Ё.Н- нь миний илүү шилжүүлсэн зөрүү мөнгө 7,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж хэлсэн боловч утсаа авахгүй алга болсон тул хохиролгүй болгож өгнө үү гэж цагдаад гомдол гаргаж байсан юм.

Би энэ асуудлаас болоод илүү шилжүүлсэн 7,000,000 төгрөгөө өөрийн хувийн зүгээс төлж ажлаасаа гарсан байгаа. Иймд Н- гэх хүнээс надад учруулсан хохирол болох 7,000,000 төгрөгийг олж өгсөн хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна.

... Би гомдолтой байна. Н- гэх хүн миний илүү шилжүүлсэн мөнгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй намайг хохироож байгаа тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 дэх тал/

 

Ё.Н-ийн яллагдагчаар өгсөн “... Би өөийнхөө ажлын хөлсөө авахаар өгсөн дансанд андуурч илүү шилжүүлсэн мөнгийг өөртөө зарцуулж үрснээ хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 7 дугаар сард Чингисийн төгөл ХХК-ны Pizza hut гээд барилгын дотор интерьер дизайныг 5,600,000 төгрөгийн хөлсөөр хийж өгсөн юм.

Тэгээд ажлаа дуусгаад үлдэгдэл төлбөр болох 2,609,000 төгрөгийг Чингисийн төгөл ХХК-аас авахаар хүсэлт гаргасны дагуу 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр миний Голомт банкны 1305135*** тоот дансанд 9,609,000 төгрөг шилжиж орж ирсэн байсан. Тэгээд би 7,000,000 төгрөг илүү шилжиж орж ирснийг мэдээгүй байж байгаад сар гарны дараа мэдсэн.

Тухайн үед тэр мөнгийг нь би өөрийнхөө ажилчдын цалинд болон хэрэглээнд зарцуулаад дуусгасан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Ё.Н- нь Чингисийн төгөл ХХК-д ажил гүйцэтгэсэн ба тус компаний туслах нягтлангаар ажиллаж байсан Б.М-оос 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны “ТБД андууд” худалдааны төвийн гадна байхдаа түүн рүү ажлын хөлсийг шилжүүлэхдээ 7,000,000 төгрөгийг илүү шилжүүлсэн ба шүүгдэгч Ё.Н- нь хувьдаа захиран зарцуулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ё.Н- өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ё.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ё.Н-ээс 7,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-т олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Ё.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоор нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлсийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ё.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Ё-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ё.Н-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ё.Н-ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ё.Н- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ё.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ё.Н-ээс 7,000,000 төгрөг гаргуулж Б.М-т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ё.Нямдаваад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ