Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2021/00102

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Нэхэмжлэгч Г.Ж

Хариуцагч О.Т нарыг оролцуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байрны 04-10 тоотод оршин суух Г.Ж-ын нэхэмжлэлтэй хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байрны 04-10 тоотод оршин суух регистрийн дугаартай О.Т-т холбогдох “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 05 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

                                                                         Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Г.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нөхөр О.Т 1999 онд танилцаж, түүнээс хойш хамтран амьдарч байгаад Т.Н, Т.У, Т.У, Т.У нарыг төрүүлсэн. О.Т нь сүүлийн 2 жилд архи ууж, агсам тавьж, хэрүүл зодоон хийж, гэр бүлээ амгалан тайван байлгахаа больсон. Миний бие хүүхдүүдээ бодоод маш их тэвчсэн боловч байдал улам дордож миний ааш араншин эвдэрч, хүүхдүүд ч айдас түгшүүртэй байх болсон. Сүүлдээ гэртээ ч ирж хонохгүй, хэдэн 7 хоног, хэдэн сараар алга болно. Гэртээ ирэхээрээ согтуу ирж намайг хардаж, сэрдэж, элдэв муу муухайгаар дайрч давшилж, үр хүүхдүүдээ айлгаж ичээх болсон. Ингээд миний бие тэвчихээ байгаад 2020 оны 10 сард салах өргөдөл гаргасан боловч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд О.Т нь алдаагаа ойлгосон, ахиж ийм байдал гаргахгүй гэхээр нь үр хүүхдүүдээ бодоод хэсэг боломж олгож харъя гэж бодсон боловч 6 сарын дотор байдал дээрдсэнгүй улам л дордлоо. Иймээс миний бие ахин өргөдөл гаргаж гэрлэлтээ цуцлуулж, өсвөр насны хүүхдүүдээ амгалан тайван амьдруулья гэж хүсэлт гаргаж байна. Т.Н, Т.У, Т.У, Т.У. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, Т.У, Т.У, Т.У нарыг миний асрамжид өгч, 3 охинд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч О.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие эхнэр Г.Ж-тай 1999 оноос хойш хамтран амьдарч 4 хүүхэдтэй болсон. Г.Ж-тай амьдарснаас хойш амьдралын төлөө ажил хөдөлмөр эрхэлж амьдарч ирсэн. Г.Ж нь өөрөө сүүлийн үед байнга архи уудаг. Уухаараа хөөж тууж, хамт байхад бэрх болсон. Би архи уудагч үр хүүхдээ айлгах агсам тавих үйлдэл гаргадаггүй. Одоо ажилгүй болохоор банкинд зээл тавиулж хамт хэрэглэчихээд бас миний /машин, мотоцикль, гэр/ гэх мэт миний гэсэн бүхнийг зарж үгүй хийчихээд эцэст нь банкинд өртэй үлдээгээд салъя гэж байна. Би эвлэрүүлэн зуучлалаар орсноос хойш элдэв авир гаргаагүй. Өөрөө л хөөж тууж, агсам тавьсаар байгаа. Архи ууж удаа дараа миний биед халдаж нүүрийг хүн харахааргүй маажсан. Мөн худал хэлдэг. Одоо ч бүх юмыг над руу чихэж байгаа нь худал хэлдгийг баталж байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би Г.Ж-тай 22 жил амьдарсан. Дундаасаа 4 хүүхэд өсгөж хүмүүжүүлж байна. Г.Ж-ын гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                    

                  Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч  Г.Ж нь хариуцагч О.Т-т холбогдуулан “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч О.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарыг гаргасан байна.

1-рт.Нэхэмжлэгч Г.Ж-ын “гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Зохигчид нь 1999 онд танилцсан, хамтран амьдарч байх хугацаандаа 2007 оны 07 сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, түүнээс хойш хамтран амьдарч байгаад 2021 оны 03 сараас хойш тус тусдаа амьдарч байгаа болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 Гэрлэгчид нь хамтран амьдрах хугацаандаа Т.Н, Т.У, Т.У, Т.У нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын өрхийн эмчийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуулийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаанд зан харьцааны таарамжгүй байдал,  бие биенээ үл хүндэтгэх, үзэл бодлын зөрөөтэй байдал зэргээс шалтгаалан 2021 оны 03 сараас одоог хүртэл тусдаа амьдарсан, зохигчид цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачилгыг аль аль нь гаргаагүй зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болж байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Хариуцагч О.Т нь “эхнэр Г.Ж-аас уучлалт гуйж байна. Бид 4 хүүхэдтэй. Цаашид дахин архи уухгүй. Янз бүрийн зан гаргахгүй. Цаашид хамтран амьдрах хүсэлтэй байна. Миний буруу байгаа. Г.Ж намайг дандаа гэрээс хөөж туудаг. Би гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Учир нь 2020 оны 10 сард тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид Г.Ж нь өргөдөл гаргасан бөгөөд талууд эвлэрч, гэрлэгчид хамтын амьдралаа цаашид үргэлжлүүлэхээр тохиролцож эвлэрсэн болох нь тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 876 дугаартай “эвлэрлийн гэрээг баталгаажуулах” тухай шүүгчийн захирамж, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь “хариуцагчийг байнга архи уудаг, гэрээс гараад 3 сар хүртэл алга болдог, өмнө нь зодож байсан, Зөрчлийн тухай хуулиар торгуулж байсан” гэх тайлбарыг гаргасан, уг тайлбарыг хариуцагч нь үгүйсгээгүй нөхцөл байдал, хэн, хэн нь согтууруулах ундаа хэрэглэдэг, энэ нь бага насны хүүхдүүдийн амьдрал, хүмүүжилд муугаар нөлөөлж болзошгүй, зохигчид нь хэн нэгнийгээ хүндэтгэдэггүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх чөлөөнд халдаж байсан нөхцөл байдал зэргийг харгалзан гэрлэгчдийг эвлэрэх боломжгүй байна гэж үзлээ.

Мөн талууд өмнө нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож 2020 оны 10 сард эвлэрсэн боловч дахин уг маргаанаас болж шүүхэд нэхэмжлэл өгсөн, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дахин оролцуулах нь үр нөлөөтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул хариуцагчийн “гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.   

2-рт. Нэхэмжлэгч Г.Ж-ын “хүүхдүүдийг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г.Ж-ын “3 охиныг өөрийн асрамжид авах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь хүүхдүүдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдүүдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдүүдийн өсөх, хүмүүжих орчин, хүүхдүүдийн асрамжийн талаар өгсөн санал, хүүхдүүд төрснөөс хойш өнөөдрийг хүртэл эхийн асрамжид өсөж бойжиж буй нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Т.У, Т.У, Т.У нарыг эх Г.Ж-ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Учир нь нэхэмжлэгч хүүхдүүдийг төрснөөс хойш өнөөдрийг хүртэл өсгөж, хүмүүжүүлж байгаа, нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлэгт ажилладаг нөхцөл байдал, асрамжийн талаар хүүхдүүдийн өгсөн санал, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бага насны хүүхдүүдийн ээнэгшин дассан нөхцөл байдал, хүүхдүүд аюулгүй орчинд эрүүл, саруул, сурч хүмүүжих эрхээ эдлэх, айх айдасгүй, сэргэлэн цовоо өсөх боломж, эх хүүхдүүдийн хоорондын харилцаа зэргийг харгалзан хүүхдүүдийг эх Г.Ж-ын асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуульд нийцэж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус тодорхойлсон байна.

Иймд зохигчийн гэрлэлтийг цуцалж, охин Т.У, Т.У, Т.У нарыг эх Г.Ж-ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Т.У, Т.У нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин Т.У-ийг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт  тогтоогдсон амьжиргааны  доод түвшингийн хэмжээгээр сар тутам тэтгэлэг гаргуулан эцэг О.Т-ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч Г.Ж, хариуцагч О.Т нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.

Мөн насанд хүрээгүй хүүхдүүдээс асрамжийн талаар санал асуухад эх Г.Ж-тай цаашид хамтран амьдарна гэх саналыг гаргасан, одоогоор хүүхдүүдийн асрамжийг өөрчлөх өөр нөхцөл байдал, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

Иймд нэхэмжлэгч Г.Ж-ын хариуцагч О.Т-ээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Г.Ж-ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч О.Т-ээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад  ногдох улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, 3 хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 124994 төгрөг нийт 195194 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ж, хариуцагч О.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар Т.У, Т.У, Т.У нарыг эх Г.Ж-ын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Т.У, Т.У нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас,  суралцаж байгаа бол 18 нас  хүртэл нь  тухайн  бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  доод түвшингийн хэмжээгээр, Т.У-ийг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг О.Т-ээс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү  охин Т.У, Т.У, Т.У нарын хэрэгцээнд зарцуулахыг эх  Г.Ж-д даалгасугай.

6.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Г.Ж нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Т-ээс улсын тэмдэгтийн хураамж 195194 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн  улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах А.Оюун-Эрдэнэд даалгасугай.

9.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг  танилцуулсугай.

11.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    М.ЭНХМАНДАХ