Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 182/2023/00282/И |
Дугаар | 001/ХТ2024/00046 |
Огноо | 2024-03-14 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2024/00046
Э.Б-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2023/02775 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/02147 дугаар магадлалтай,
Э.Б-ын нэхэмжлэлтэй,
“Э” ХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах, үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь цалин 5,000,000 төгрөг, нийт 21,276,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбатын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Э.Б “Э” ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин төгрөг, нийт 21,276,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.04-ний 182/ШШ2023/02775 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, Засгийн газарт эрх олгох тухай (1991.01.04-ний өдрийн) хуулийн 1 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан “Э” ХК-д холбогдох тээврийн хэлтсийн ахлах шинжээчээр томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 5,000,000 төгрөг, нийт 21,276,472 төгрөгийг гаргуулах тухай Э.Б ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.13-ны өдрийн 210/МАЙ2023/02147 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.04-ний өдрийн 182/ШОШ2023/02775 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2,” гэснийг “БНМАУ-ын” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.04-ний өдрийн 182/ШОШ2023/02775 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.13-ны өдрийн 210/МАЙ2023/02147 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3, 172.2.4-т заасныг үндэслэн дараах хяналтын гомдлыг гаргаж байна.
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн.
Анхан шатны шүүх 13 дахь сарын цалин хөлс, үр дүнгийн урамшууллыг ямар үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буй талаар огт үндэслээгүй, шууд байдлаар 13 дахь сарын цалин хөлс, үр дүнгийн урамшуулал гаргах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажлаас халсан үйл баримт, тушаалыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй гэсэн атлаа шууд байдлаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буй нь хуульд нийцэхгүй юм. Шүүх шаардах эрхийн үндэслэл тус бүрийг хэлэлцэх, нэхэмжлэл тус бүрээр нь эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай болно.
13 дахь сарын цалин хөлс, урамшуулал цалинг үүрэг ажлаас нь чөлөөлсөн байсан тул олгох үндэслэлгүй гэхээс өөрөөр хууль зүйн үндэслэлийн хувьд олгохгүй байх зохицуулалт, хамтын гэрээ, цалин хөлсний журам зэрэг байгууллагын дүрэм, журмын хүрээнд үндэслээгүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тайлбарыг иш татан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй болно.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын цалин нь бие даасан шаардлага байсаар атал ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийх нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар мэтээр тайлбарласан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан цалин хөлсний бүрдэл нь нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин хөлс биш юм. Үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулал 5,000,000 төгрөг нь бие даасан шаардлага бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар биш юм. Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаардаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасан шүүхийн харьяаллын маргааны үндэслэлд хамаардаг. Харин шагналт цалин, урамшуулал нь тусдаа бие даасан нэхэмжлэлийн шаардлага бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан цалин хөлсний маргаан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан маргаанд хамаардаг. Иймд Үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалинг бие даасан шаардлага гэж үзэх үндэслэлтэй.
4.2.Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй.
Э.Б нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авсан, чөлөөтэй байсан талаарх нотлох баримтуудыг үнэлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.”, 60 дугаар зүйлийн 60.1.1 дахь хэсэгт “Ээлжийн амралттай байх хугацаанд” ажлын байрыг хэвээр хадгалахаар заасан. Гэвч Э.Б нь 2022.12.12-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлж хууль зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасан хуульд заасан хугацааны өмнө мэдэгдэл өгсөн эсэхийг бодитоор үнэлээгүй. “Э” ХК 2023.04.10-ны өдрийн байдлаар бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийгдээгүй талаар зохигч маргадаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотлох баримт болно.
13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшуулал олгосон “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.20-ны өдрийн А/752, А/753 дугаар тушаалын үндэслэх хэсэг болон хавсралтыг үнэлээгүй. Тус тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн ажилтнуудад үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин олгохдоо 2022 онд ажилласан хугацаанаас нь хамаарч олгосон байна. Тушаалын хавсралтаас дөнгөж ажилд ороод 20 хоног болоогүй ажилтан болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтанд олгосон.
“Э” ХК-ийн 2018 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-т “Жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 4-6 сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож дараа жилийн 1 дүгээр улиралд олгоно.” гэж заасан. “Э” ХК-ийн ажилтанд цалин хөлс олгох журмын 3 дугаар зүйлийн 3.15-д “Компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтнуудад 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшуулал олгож болно.” гэж заасан. Э.Б-ыг ажлаас халснаас хойш ажлын 6 хоногийн дараа үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин хөлс олгохоор бүрэн эрхт төлөөлөгч тушаал гаргасан. Тус тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, цалин хөлс олгох журмыг тус тус баримталсан. 2022.01.01-ний өдрөөс 2022.12.08-ны өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцагч байгууллагад ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн ба БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Засгийн газрын тогтоолын тус тус баримталж чөлөөлсөнд нэхэмжлэгч буруугүй. Иймд тус тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ, цалин хөлсний журмыг баримталж гарсан бөгөөд ажилласан хугацаанд ногдуулсан байх тул ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас тусдаа бие даасан шаардлага байх тул хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул олгох хууль зүйн үндэслэлтэй.
4.3. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн.
Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино”, 2.1.1/ Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох эрхийг олгосон байна.
а. Засгийн газарт эрх олгох тухай хуулиар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид томилох эрх хэмжээг олгосон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор өөрт олгосон бүрэн эрхийг хэтрүүлэн чөлөөлөх эрхийг нэмж олгосон байна.
б. Засгийн газарт эрх олгох тухай хуульд Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох гэж хүрээлсэн байх бөгөөд 6/ зүйлд Хөдөлмөрийн сахилгын тусгайлсан дүрэм тогтоохоор эрхийг олгожээ. Өөрөөр хэлбэл, бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоох хүрээнд томилох эрх олгосон байна.
Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад” гэжээ. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч нь 2022.12.09-ний өдрийн А/737 дугаар тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан. Бүрэн эрхт төлөөлөгч нь 2022.11.02-ны өдрийн А/683 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын тусгай дүрмийг анхлан тогтоожээ. Үүнээс өмнө сахилгын тусгайлсан дүрэм тогтоогоогүй.
Э.Б нь ажлаас чөлөөлөх тушаах хэсгийн нэгдүгээрт, “Засгийн газраас “Э” ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан” гэжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт эрх олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь 1991 онд батлагдсан бөгөөд 1992 оны Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан хууль биш. 1992 онд Үндсэн хуулийг баталснаар нийтлэг зохицуулалт бүхий хуулиуд хүчин төгөлдөр бусад тооцогдсон бөгөөд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь шилжилтийн үеийн хууль болно. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг шүүх хэрэглэсэн нь Монгол улсын иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж, эрх зүйт төрийн иргэний эрхийг хязгаарлаж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд харш болно.
Засгийн газарт эрх олгох хууль нь Монгол улсын Үндсэн хуулийн хавсралт хууль болох БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн (1992.01.16) 5 дугаар зүйлийн 5.4 “Хууль тогтоомжийг Монгол улсын Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана.” гэж заасан.
Монгол Улсын Их хурлын 2023 оны 08 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн в/1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг судлан үзэж, саналаа УИХ-д танилцуулахаар баталжээ.
Хөдөлмөрийн тухай (2021 оны) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь хэсэгт “шударга бус үйлдлийг хориглох” гэж заасан. Хэнийг ч хуулиас гадуур ажлаас халж болохгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” 2.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийн эрэмбийн хувьд хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхээр заасан.
a. Хөдөлмөрийн тухай хууль
б. Монгол улсын бусад хууль
в. Захиргааны хэм хэмжээний акт
г. Салбар, салбар дундын хамтын хэлэлцээр
д. Хамтын гэрээ
е. Хөдөлмөрийн гэрээ
ё. Аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэжээ.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг шүүх хэрэглэхгүй”, 3.2 дахь хэсэгт “Тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомж гаргах шаардлагатай гэж олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.”, 3.3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.” гэж заасныг баримтлахаар зохицуулсантай зөрчилдөж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн явдлыг хууль хэрэглээний алдаанд хамааруулахаар заасан. Шүүхийн шийдвэр нь зөвхөн хуульд үндэслэгдсэн байдаг ба хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагддаг.
Шүүх нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, энэ нь эрх зүйн маргаантай харилцаа мөн болохыг тогтоосноос гадна шүүх уг харилцаанд маргааны зүйлийг тогтоох шаардлагатай. Шүүх талуудын тайлбараас маргааны зүйлд хамаарах хэсгийг тодотгох, мэтгэлцээнийг зөв голдирлоор явуулахад чиглүүлэх үүрэгтэй. Маргааны зүйл нь хариуцлагагүй хандсан гэх үйл баримт байх бөгөөд “Элгэн” ХХК-тай холбоотойгоор хариуцлагагүй хандсан гэж талууд маргаж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.04-ний өдрийн 182/ШШ2023/02775 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.13-ны өдрийн 210/МА2023/02147 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.02.15-ны өдрийн 001/ШХТ2024/00229 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
7. Нэхэмжлэгч Э.Б хариуцагч “Э” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдээгүй, ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн, алба нэгж татан буугдсантай холбогдуулан ажлаас чөлөөлөхдөө ижил төрлийн ажлын байрыг санал болгоогүй, ажлаас чөлөөлөх шийдвэр нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлагдаагүй, ... Терминал логистикийн алба нь татан буугдсан тул дүйцэхүйц алба тушаал болох тээврийн хэлтсийн ахлах шинжээчээр томилуулах, компаниас 13 дахь сарын шагналт цалин, үр дүнгийн урамшуулал олгох тухай 2022.12.20-ны өдрийн тушаал гарахаас өмнөх хугацаанд ажиллаж байсан тул 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшууллыг, 13 дахь сарын шагналт цалингийн хамт гаргуулна...” гэж тайлбарласан,
Хариуцагч “Э” ХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 28 дугаар тогтоолоор төв оффисын болон салбарын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан байхад тогтоолд байхгүй терминал логистикийн албыг байгуулж, албаны даргаар Э.Б ыг томилж ажиллуулсан учраас Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч 2022.12.09-ний өдрийн А/737 тушаалаар уг албыг татан буулгасан ба салбар дээр терминал логистикийн үйл ажиллагаа явуулдаг, төв оффис дээр дахин ийм алба байх шаардлагагүй гэж үзсэн учраас Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Засгийн газрын 385 дугаар тогтоолыг үндэслэж Э.Б-г ажлаас чөлөөлсөн .... үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалинг онцгой дэглэм тогтоосноос хойш сайн ажилласан гэж олгогдсон, цалин хөлс олгох журмаар тухайн алба, хэлтэс, газрын тайлан, нэгжийн тайланг үндэслэж олгох ёстой ба ийм тайлангууд байхгүй, Э.Б 2022.12.09-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн, 13 дахь сарын цалин олгох тушаал 2022.12.20-ны өдөр гарсан учраас 13 дахь сарын шагналт цалин, үр дүнгийн урамшуулал олгох боломжгүй...” гэж татгалзсан байна.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: ... Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Э” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилж, ... шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг даалгасан, “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн А/737 тоот Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тушаалаар татан буулгасан алба, нэгжийн нэрс, орон тооны жагсаалтыг баталсан ба үүнд терминал логистикийн албаны дарга нэг, албаны мэргэжилтэн хоёр байна, ... талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулиар зохицуулагдсан харилцаа ба Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолд заасан эрхийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь тус хуульд нийцсэн, ... уг хуулийн 1 дүгээр зүйлд ...шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр... тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгосон, энэ тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгч нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тушаал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн нийтлэг заалтыг хэрэглэхгүйгээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ... тушаалыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэсэн дүгнэлт хийсэн.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг зөв гэж үзэн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан ба магадлалд “... БНМАУ-ын Засгийн газарт бүрэн эрх олгох тухай хуулийг хууль тогтоогчийн зүгээс хүчингүй болгоогүй, Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийг зөрчсөн гэж шийдвэр гараагүй буюу хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэсэн, энэхүү хууль нь иргэний эрхийг хязгаарлаж буй агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан, БНМАУ-ын Засгийн газарт бүрэн эрх олгох тухай хуулийн нэрийг дутуу бичсэн алдааг залруулна...” гэжээ.
10. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ адил дүгнэлт хийж, шийдвэр гаргасан боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хянах нь зүйтэй гэж үзэж хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэв.
11. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч “Э” ХК-д Тээвэр зохицуулалтын хэлтсийн Терминал логистикийн албаны даргаар ажиллаж байгаад тус компанийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.12.09-ний өдрийн Б/1460 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.
12. Дээрх Б/1460 дугаар тушаалд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай (1991 он) хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монголын Улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.12.09-ний өдрийн А/737 дугаар тушаалыг тус тус үндэслэл болгосон байна.
13. Тушаалын үндэслэл болж буй БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай (1991 он) хууль нь улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах шаардлагатай шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж байх, болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор батлагдсан хүчин төгөлдөр байна.
14. Уг хуулийн 1 дүгээр зүйлд “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай” гэж заасан.
15. Монгол Улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор дээрх хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг үндэслэн “Э” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилжээ.
16.Улмаар бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.12.09-ний өдрийн А/737 дугаар тушаалаар “Э” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулж, татан буулгах алба, нэгжийн нэр, орон тооны нэрсийн жагсаалтыг баталсан ба үүнд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Терминал логистикийн албаны даргын орон тоо багтсан тул 2022.12.09-ний өдрийн Б/1460 дугаар тушаалаар тус албаны даргаар ажиллаж байсан Э.Б той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолд заасан “компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөх” эрхийн хүрээнд гарчээ.
17. Монгол Улсын Засгийн газраас “Э” ХК-д онцгой дэглэм тогтоосны улмаас ажилтан Э.Б-г ажлаас чөлөөлсөн тул ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх, ээлжийн амралттай байсан гэх үндэслэлээр ажлын байрыг хэвээр хадгалах зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалт хамаарахгүй, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн гаргасан шийдвэр нь хуульд заасан эрх бүхий этгээдээс олгосон эрх хэмжээний хүрээнд “Э” ХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх шаардлагад нийцсэн гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.
18. Түүнчлэн, “....компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 28 дугаар тогтоолоор төв оффисын болон салбарын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан байхад тогтоолд байхгүй терминал ложистикийн албыг байгуулсан, салбар дээр терминал логистикийн үйл ажиллагаа явуулдаг байхад төв оффис дээр дахин ийм алба байх шаардлагагүй гэж үзсэн...” гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, уг нөхцөл байдал нь Төрийн хэмнэлтийн тухай хуультай зөрчилдсөн гэж үзэх тул нэхэмжлэгчийн ажиллаж байсан алба, албан орон тоог үндэслэлгүйгээр татан буулгасан гэж үзэх үндэслэлгүй, орон тоог дахин бий болгосон, эсвэл салбарын орон тоон дээр нэхэмжлэгчийг шилжүүлэх боломжтой байсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.
19. Засгийн газарт эрх олгох тухай (1991 он) хууль Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан, Засгийн газарт эрх олгох тухай /1991 он/ хууль өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул “...шүүх Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг хэрэглэсэн,...хууль тогтоомжийн эрэмбийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэнэ ...” гэсэн агуулгатай (Тодорхойлох хэсгийн 4.3) нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.
20. 2022 оны үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын шагналт цалин 5,000,000 төгрөг, нийт 21,276,472 төгрөг гаргуулах шаардлагын талаар:
20.1. “Э” ХК-ийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журмын 3.15-д “Компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтнуудад 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшуулал олгож болно” гэж заасныг ажил олгогч ажилтанд үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалинг заавал олгох үүрэг хүлээсэн гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан ажилтанд үр дүнгийн урамшууллыг олгох эсэхийг шийдэх эрхтэй гэж зохицуулсан тул шүүх ажил олгогчийг 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшууллыг ажлаас халагдсан ажилтанд нөхөн олгох үүрэгтэй байсан гэж дүгнэх боломжгүй.
20.2. “Э” ХК-ийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хамтын гэрээний 3.3.1-д “Жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан дөрвөөс зургаан сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож дараа жилийн I улиралд олгоно” гэж заасан боловч “Ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журам”-ын 3.1-д заасан ажлын төлөвлөгөөний биелэлт, компанийн удирдах ажилтан болон нэгжийн удирдлага, шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт, идэвхи санаачилга, шинэ санал санаачилга, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, сахилга, хариуцлага, нэгжийн удирдлагын тайлан, санал” зэрэг баримт хэрэгт байхгүй, шүүх ажил олгогчийн өмнөөс эдгээр санал дүгнэлтийг хийх боломжгүй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй.
20.3. Иймээс Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.12.20-ны өдрийн А/752 дугаар тушаалаар ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал, 2022.12.20-ны өдрийн А/753 дугаар тушаалаар ажилтнуудад шагналт цалин олгосныг үндэслэн нэхэмжлэгч Э.Б-д үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалинг олгох байсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... шүүх 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшууллыг хэрэгсэхгүй болгож буй талаар огт дүгнээгүй, бие даасан шаардлагыг ажилд эгүүлэн тогтоолгох, шаардлагын үр дагавар мэтээр тайлбарласан...” гэсэн (Тодорхойлох хэсгийн 4.1) гомдол үндэслэлтэй боловч “... “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.20-ны өдрийн А/752, А/753 дугаар тушаалын хавсралтыг үнэлээгүй” гэх гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангахгүй.
20.4. Хоёр шатны шүүхээс 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшуулал нийт 21,276,472 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй боловч хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй орхигдуулсныг дээрх байдлаар дүгнэж байна.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/02147 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН