| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2018/0021/З |
| Дугаар | 111/ШШ2018/0029 |
| Огноо | 2018-11-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 111/ШШ2018/0029
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, Дасан ХХК-иас Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалд холбогдуулан Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/606 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дасан ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Дасан ХХК-ийн захирал Анчин овогт Дагвасамбуугийн Сономдорж миний бие Аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/606 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг захирамжийг Авто тээврийн үндэсний төв ТӨҮ газар нь санал гэж үзэн Баянхонгор тээвэрчин ХХК-иар 3,5 цагийг гүйцэтгүүлэхээр шийдвэр гарсан ба миний бие Засаг даргатай биечлэн уулзаж өөр шийдвэрт хүрэхээр тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дасан ХХК тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/606 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай тохиролцсон шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., мөн тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй гэж заасан байх ба нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг тайлбарлан өгсөн болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/606 дугаар захирамжийг хүчингүй болгуулах Дасан ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 35100 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Дасан ХХК-д буцаан олгосугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ