Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2021/00103

 

 

 

 

 

 

  

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нарыг оролцуулан нэхэмжлэгч “Бор-Өндөр хот тохижилт” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байрны 02-10 тоотод оршин суух,  О.Ш-д холбогдох “бохир ус татан зайлуулж цэвэршүүлсний төлбөр 552000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

                                                                                              Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч “Бор-Өндөр хот тохижилт” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийтийн байр 02-17, нийтийн байр 02-18 тоот байрны эзэмшигч О.Ш-д тус хоёр байрны 2019 оноос 2020 оны 11 сарыг дуустал бохир ус татан зайлуулж, цэвэршүүлсний төлбөр нийт 552000 төгрөгийг удаа дараа төлөхийг шаардаж байсан боловч төлөхгүй байгаа тул хуулийн дагуу энэхүү төлбөрийг гаргуулж өгнө үү” гэжээ.    

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч О.Ш-ийн оршин суудаг нийтийн байр хувьчлагдсан тул подвол нь дундын эзэмшлийн өмч юм. Иймд оршин суугчид өөрсдийн хөрөнгөөр подволын засвар үйлчилгээг хийх ёстой. Төрөөс подволын засвар үйлчилгээнд зориулсан санхүүжилт байхгүй. Зөвхөн орон сууцанд оршин суугчдын бохир ус үйлчилгээний төлбөр нь бохирын сантехникийн засвар үйлчилгээ хийхэд хүрэлцдэггүй ба айл өрхүүд төлбөрөө бүрэн төлөөгүй 8890582 төгрөгийн өр авлагатай байна. Энэ төлбөрийг татан төвлөрүүлсний дараа нийтийн байрны подволын засвар үйлчилгээг хийх боломжтой. Санхүүжилт байхгүйгээс подволын цэвэрлэгээ, үйлчилгээний ажил явагдах боломжгүй болоод л тус байгууллага нь өр төлбөртэй айлуудын асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан болно. Иймд танай байрны подволын засвар үйлчилгээ иргэд та нарын төлбөр төлөлттэй шууд хамааралтай тул төлбөрөө төлчихвөл манай байгууллага засвар хийх боломжтой болно. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд орон сууцны доод хонгил буюу подволыг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамааруулахаар заасан. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж байсан хоёр сууц өмчлөгчдийн холбоо 2018 онд татан буугдсан. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2018 оны А/91 дугаартай захирамжаар Бор-Өндөр сумын орон сууцны цэвэрлэгээ, үйлчилгээг Бор-Өндөр хот тохижилт орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт хариуцуулсан. Энэ захирамжийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээг манай байгууллага хариуцдаг. О.Ш-тэй 2018 онд Нийтийн байрны 02-17, 02-18 тоот байрны өмчлөгч нь тул гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээний дагуу бохир ус татан зайлуулсан, цэвэршүүлсний төлбөр 552000 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд О.Ш-ээс бохир ус татан зайлуулсан, цэвэршүүлсний төлбөр 552000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч О.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ”О.Ш миний бие Нийтийн байрны 02-18 тоотод оршин суудаг. Амьдарч байгаа 21 дүгээр байрны маань доод талын подволоос бохирын үнэр нь орон байр болон орцоор үнэртэж оршин суугчид бид тав тухгүй амьдарч байна. Миний бие удаа дараа бохирын хоолойгоо засаж засварла гэж СӨХ-ийн диспечерийн дуудлагын утсанд мэдээлэл өгдөг боловч дуудлагын дагуу ирж янзалж байгаа нь харагдсангүй. Ийм байдалтай 2 дахь жилээ угтаж байна. Иймд миний бие 1 дүгээр байрны доорх бохирын шугам янзлагдаж бохирын үнэр арилсаны дараа мөнгөн төлбөрийг барагдуулах болно” гэв.

                                                                                                  Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч “Бор-Өндөр хот тохижилт” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар нь хариуцагч О.Ш-д холбогдуулан “бохир ус татан зайлуулж цэвэршүүлсний төлбөр 552000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч О.Ш-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь “хариуцагч О.Ш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийг эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.

 Хариуцагч О.Ш-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг эзгүйд түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Мөн хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3 дахь хэсэгт “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хариуцагчид мэдэгдсэн, хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан байх тул хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

                 Хариуцагч О.Ш нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлага болох “552000 төгрөгийг орон сууцны доод хонгил буюу подволд засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд төлбөрийг барагдуулна, подволоос бохирын үнэр нь орон байр болон орцоор үнэртэж тав тухгүй амьдардаг. Бохирын шугам засварлаж бохирын үнэр арилсаны дараа төлбөрийг төлнө” гэх тайлбарыг шүүхэд гаргасан байна.

    Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байх” бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх”-ээр заасан байна.

            Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч О.Ш-д холбогдуулан “бохир ус татан зайлуулж цэвэршүүлсний төлбөр 552000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэргийн 2-5-р талд авагдсан төлбөрийн дэлгэрэнгүй задаргаа, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээ зэргээр тогтоогдож байна.

                 Хариуцагч О.Ш нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасны дагуу уг орон сууцанд оршин сууж байх хугацааны төлбөрийг зохих байгууллагад төлөх үүрэгтэй байна.

                 Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/91 дугаартай “орон сууцны цэвэрлэгээ, үйлчилгээний тухай” захирамжаар орон  сууцны цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцуулахаар заасан байна.

                 Талуудын хооронд байгуулсан “айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээ”-ний 4.8 дугаар зүйл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Ш нь бохир ус татан зайлуулж, цэвэршүүлсний төлбөр 552000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөх үүрэгтэй байна.

                 Мөн хариуцагч О.Ш нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр  баг Нийтийн байрны 02-17 тоот байр, 02-18 тоот байруудын өмчлөгч нь мөн гэдэг талаар маргаагүй болно.

                 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна” гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө”-ийг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамааруулна гэж заасан бөгөөд орон сууцны доод хонгил буюу подволыг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамааруулахаар заасан байна.           

                 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.

                 Тус суманд үйл ажиллагаа явуулж байсан Сууц өмчлөгчдийн холбоо нь татан буугдсан бөгөөд Бор-Өндөр сумын Засаг даргын 2018 оны А/91 тоот захирамжаар сууц өмчлөгчдийн холбоо татан буугдсан тул орон сууцны цэвэрлэгээ үйлчилгээг нэхэмжлэгч байгууллага хариуцахаар заасан, харин дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний асуудлыг уг захирамжаар зохицуулаагүй, нэхэмжлэгч байгууллагад үүрэг болгоогүй байна.

           Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт хэрэглэгч нь ...бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээгээр зохицуулна” гэж заасан байна.

                 Зохигчид хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах талаар тохиролцож бичгээр гэрээг байгуулсан байна.

             Талуудын хооронд 2018 онд байгуулсан гэрээнд орон сууцны доод хонгил буюу подволын бохир усны шугам гэмтсэн тохиолдолд засварыг нэхэмжлэгч байгууллага хариуцахаар заагаагүй мөн орон сууцны доод хонгилд байрлах бохир усны шугам гэмтсэн бохир ус гоожиж байгаа тохиолдолд төлбөрийг төлөхгүй, төлбөрөөс чөлөөлөгдөнө гэсэн зүйл заалт байхгүй байна.

                 Мөн гэрээний 3 дугаар зүйлд хангагч талын эрх, үүргийг мөн гэрээний 4 дүгээр зүйлд хэрэглэгч талын эрх, үүргийг зааж өгсөн, бохир ус татан зайлуулсаны төлбөрийг төлөх нь хэрэглэгчийн үүрэг байна.

           Зохигчид нь “уг орон сууцны бохир усны төлбөр нь нэг сард нэг хүний 3000 төгрөг, ам бүл 4-үүлээ амьдардаг, нийт нэг сарын 12000 төгрөгний төлбөрийг төлөх үүрэгтэй гэдэг талаар маргаагүй, хариуцагч О.Ш нь нэхэмжлэгч “Бор-Өндөр хот тохижилт” ОНТҮГазартай байгуулсан гэрээгээр  тохиролцсон, энэ талаар маргаагүй болно.

                 Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан байх тул бохир ус татан зайлуулж цэвэршүүлсний төлбөр 552000 төгрөгийг хариуцагч нь төлөх үүрэгтэй байна.

                 Хариуцагч О.Ш нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагаас “орон сууцны доод хонгил буюу подволд засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд бохир ус татан зайлуулж, цэвэршүүлсний төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, няцаасан, үгүйсгэсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.   

Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаатай холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Хариуцагч нь өөрийн татгалзал, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтад үндэслэж хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байгаагаа нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч “Бор-Өндөр хот тохижилт” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын нэхэмжилсэн бохир ус татан зайлуулж цэвэршүүлсний төлбөр 552000 төгрөгийг хариуцагч О.Ш-ээс гаргуулж, нэхэмжлэгч “Бор-Өндөр хот тохижилт” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,

118-120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

            1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 147 дугаар зүйлийн 147.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Ш-ээс бохир ус татан зайлуулж цэвэршүүлсний төлбөр 552000 /таван зуун тавин хоёр мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Бор-Өндөр хот тохижилт” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17210 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч О.Ш-ээс улсын тэмдэгтийн хураамж 17210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Бор-Өндөр хот тохижилт” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт олгосугай. 

3.Шийдвэр нь танилцуулан сонсмогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг  танилцуулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

           6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ