Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 157/ШШ2021/00115

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Нэхэмжлэгч Ч.Б

Хариуцагч Ч.О нарыг оролцуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Өвөр гүн жалаг” гэх газар нутаглах, Ч.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг “Өвөр гүн жалаг” гэх газар нутаглах, Ч.О-д холбогдох “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө болох 366 толгой малаас өөрт болон хүүхдүүддээ ноогдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

                                                                         Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Б миний бие Ч.О-тэй 2005 онд танилцаж, 2007 оны 12 сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд О.У, О.М, О.М нар төрсөн. Ч.О нь хамтын амьдралын хугацаандаа намайг хэнтэй ч хамаагүй хий хоосон харддаг байсан ба энэ байдал нь сэтгэл санааны хувьд маш их дарамттай байсан. Ч.О-ийн хардалтаас үүдэлтэй бидний дунд хэрүүл маргаан тасардаггүй бөгөөд тэр уурандаа намайг элдвээр доромжилж зоддог байсан. Мөн намайг зодох болгондоо хоолойг минь боодог байсан учир би өөрийн амь насаа хамгаалж арга буюу 2020 оны 12 сараас тусдаа амьдрах болсон. Ч.О нь энэ хугацаанд хүүхдүүдтэйгээ уулзахаар ирдэг байсан боловч өөрийнхөө буруугаа ойлгон ухамсарлаж байгаа зүйл огт ажиглагдаагүй урьдын адил хардсаар л байна. Иймд би байнгын хардалт, хэрүүл маргаантай таагүй уур амьсгалтайгаар Ч.О-тэй цаашид хамтран амьдрах боломжгүй. Ч.О-ийн гаргаж байгаа зан авир, сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл амь насанд минь аюул учруулах өндөр эрсдлийг бий болгож байгаа бөгөөд цаашлаад хүүхдүүдийн минь хүмүүжилд ч муугаар нөлөөлж болзошгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, О.У, О.М, О.М нарыг миний асрамжинд үлдээж, Ч.О-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө болох 366 толгой малаас надад болон хүүхдүүдэд минь ноогдох хэсэг болох 3 хүүхэд мөн миний өмч болох адуу нэг хүний 1 адуу нийт 4 адуу, үхэр нэг хүний 2 үхэр нийт 8 үхэр, хонь нэг хүний  29 хонь нийт 116 тооны хонь, ямаа нэг хүний 39 нийт 156 тооны ямаа нийт 284 тооны толгой малыг нөхөр Ч.О-ээс гаргуулахаар тохиролцлоо. Нийт 284 толгой малыг гаргуулна. Миний 3 хүүхдийн өмч хөрөнгө гэж ойлгож байна. Ч.О энэ тохиролцсон тооны малыг өгнө гэж өөрөө хэлж байна. Энэ дагуу шийдвэрлэж өгнө үү. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.

Хариуцагч Ч.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие эхнэр Ч.Б-ийн нэхэмжлэлтэй танилцсан. Би эхнэртэйгээ 2005 онд танилцаж, 2007 оны 12 сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд О.У, О.М, О.М нар төрсөн. О.У, О.М хоёрыг өөр дээрээ авах хүсэлтэй болно. Мөн О.М-ыг 4 нас хүрэхээр нь өөр дээрээ авах хүсэлтэй. Мөн тодорхой тооны малыг эхнэр Б-д өгөх болно. Би эхнэр Ч.Б, өөрийн хүүхэд О.У,  О.М, О.М нарын өмч болох адуу нэг хүний 1 адуу 4 адуу, үхэр нэг хүний 2 үхэр нийт  8 үхэр, хонь нэг хүний 29 тооны хонь нийт 116 тооны хонь, ямаа нэг хүний 39 хонь нийт 156 тооны ямаа нийт 284 тооны толгой малыг эхнэр Ч.Б-д өгнө. Хүүхдүүдийнхээ малыг би өөрөө тоогоор нь өсгөж өгнө. Эхнэр Ч.Б-ийн малыг тоогоор нь өгнө. Хүүхдүүдийг өөрийн асрамжидаа авах хүсэлтэй байна. Ч.О миний бие “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

        Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч  Ч.Б нь хариуцагч Ч.О-д холбогдуулан “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө болох 366 толгой малаас өөрт болон хүүхдүүддээ ноогдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Ч.О нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин “дундын эд хөрөнгө болох 366 толгой малаас өөрт болон хүүхдүүддээ ноогдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 284 тооны толгой малыг эхнэр Ч.Б-д өгөхөөр тохиролцож шүүх хуралдаанд тайлбарыг гаргасан байна. 

 Нэхэмжлэгч Ч.Б-ийн “гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Зохигчид нь 2005 онд танилцсан, хамтран амьдарч байх хугацаандаа 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, түүнээс хойш хамтран амьдарч байгаад 2020 оны 12 сараас хойш тус тусдаа амьдарч байгаа болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 Гэрлэгчид нь хамтран амьдрах хугацаандаа О.У, О.М, О.М нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын өрхийн эмчийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуулийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцааны таарамжгүй байдал,  бие биенээ үл хүндэтгэх, үзэл бодлын зөрөөтэй байдал зэргээс шалтгаалан 2020 оны 12 сараас одоог хүртэл тусдаа амьдарсан, зохигчид цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачилгыг аль аль нь гаргаагүй зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болж байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Б-ийн “хүүхдүүдийг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ч.Б “3 хүүхдийг өөрийн асрамжид авах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь хүүхдүүдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдүүдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдүүдийн өсөх, хүмүүжих орчин, хүүхдүүдийн асрамжийн талаар өгсөн санал, хүүхдүүд төрснөөс хойш өнөөдрийг хүртэл эхийн асрамжид өсөж бойжиж буй нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд О.У, О.М, О.М нарыг эх Ч.Б-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Учир нь нэхэмжлэгч хүүхдүүдийг төрснөөс хойш өнөөдрийг хүртэл өсгөж, хүмүүжүүлж байгаа, асрамжийн талаар хүүхдүүдийн өгсөн санал, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бага насны хүүхдүүдийн ээнэгшин дассан нөхцөл байдал, хүүхдүүд аюулгүй орчинд эрүүл, саруул, сурч хүмүүжих эрхээ эдлэх, айх айдасгүй, сэргэлэн цовоо өсөх боломж, эх хүүхдүүдийн хоорондын харилцаа зэргийг харгалзан хүүхдүүдийг эх Ч.Б-ийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуульд нийцэж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус тодорхойлсон байна.

Иймд зохигчийн гэрлэлтийг цуцалж, О.У, О.М, О.М нарыг эх Ч.Б-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү О.М-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, О.У, О.М нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт  тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам тэтгэлэг гаргуулан эцэг Ч.О-д тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Ч.О-д нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.

Мөн насанд хүрээгүй хүүхдүүдээс асрамжийн талаар санал асуухад эх Ч.Б цаашид хамтран амьдарна гэх саналыг гаргасан, одоогоор хүүхдүүдийн асрамжийг өөрчлөх өөр нөхцөл байдал, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

Нэхэмжлэгч Ч.Б-ийн “дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 366 толгой малаас өөрт болон хүүхдүүддээ ноогдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ч.О-ээс дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 366 толгой малаас өөрт болон хүүхдүүддээ ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Ч.О нь “эхнэр Ч.Б болон өөрийн хүүхэд О.У, О.М, О.М нарын өмч болох адуу нэг хүний 1 адуу нийт 4 адуу, үхэр нэг хүний 2 үхэр нийт  8 үхэр, хонь нэг хүний 29 тооны хонь нийт 116 тооны хонь, ямаа нэг хүний 39 хонь нийт 156 тооны ямаа нийт 284 тооны толгой малыг эхнэр Ч.Б-д өгөхөөр тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрч, 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 366 тооны мал тоологдсон бөгөөд уг малаас талууд тохиролцож, нэг хүнд ногдох малыг тохиролцсон нь хууль зөрчөөгүй, талуудын эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Талууд гэр бүлийн дундын хөрөнгө болох малыг 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр хуваахыг зөвшөөрсөн, 2021 оны хаврын төл малыг хуваах шаардлагагүй гэж тохиролцсон, өөр дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” байх тул зохигчдын дундын эд хөрөнгийг эхнэр, нөхөр, 3 хүүхдэд ногдох хэсгийг хуваах нь хуульд нийцсэн, гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрсэн болон насанд хүрээгүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил тэнцүү хувааж байгаа нь хуульд нийцсэн байна.

Хариуцагч Ч.О-ийн гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдүүдийг өөрийн асрамжид авна гэх нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг шүүх хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Ч.О нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй, хариуцагч Ч.О нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын  татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Б-ийн хариуцагч Ч.О-ээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар шүүх хуралдаан дээр тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Ч.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Ч.О-ээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 145489  төгрөг нийт улсын тэмдэгтийн хураамж 215689 төгрөгийг гаргуулж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Б-д олгож, улсын тэмдэгтийн хураамж 145489 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд

   тус тус  заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Ч.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар О.У, О.М, О.М нарыг эх Ч.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар О.М-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас,  суралцаж байгаа бол 18 нас  хүртэл нь  тухайн  бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  доод түвшингийн хэмжээгээр, О.У, О.М нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Ч.О-ээс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү О.У, О.М, О.М нарын хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.Б-д даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.О нь нэхэмжлэгч Ч.Б-д адуу 4 /дөрөв/, үхэр 8 /найм/, хонь 116 /нэг зуун арван зургаа/, ямаа 156 /нэг зуун тавин зургаа/ нийт 284 /хоёр зуун наян дөрөв/ толгой малыг өгөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн  улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах А.Оюун-Эрдэнэд даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Ч.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 215689 төгрөгийг гаргуулж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Б-д олгож, улсын тэмдэгтийн хураамж 145489 төгрөгийг  төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.

             9.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

            10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

           11.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    М.ЭНХМАНДАХ