Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 00102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Г.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ганбаатарын Төмөрбаатарт холбогдох эрүүгийн 201722000187 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Шивээт Ганбаатарын Төмөрбаатар, 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 21-20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн АЮ90092574 дугаартай,

Шүүгдэгч Г.Төмөрбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эхнэр Г.Золжаргалыг зодож, бие махбодид нь баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Төмөрбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эхнэр Г.Золжаргалыг зодож, бие махбодид нь баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

Шүүгдэгч Г.Төмөрбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр 23 цаг өнгөрч байхад манай эхнэр Золжаргал руу хамт ажилладаг Баасансүрэн багш нь залгаад манайд хүрээд ир медаль угаая гэж ярьсан. Манай эхнэр аймгийн бүтээлч багшийн уралдаанд багаараа ороод хүрэл медаль авсан юм. Тэгээд эхнэр маань хоёулаа хамт явъя гэсэ. Би уг нь чи өөрөө яваад ир гэхэд хамт явсан нь дээр гээд бид хоёр 12-р хороонд Баасансүрэн багшийн гэрт нь очиход Баасансүрэн, Дэлгэрсайхан багш, Дэлгэрсайханы нөхөр Бат-очир гурав 3 литрийн дарс ууж байсан. Бид хоёр ороод тэр дарснаас нь ууж дуусаад тэднийх 0.75 литрийн Болор архи гаргаж өгсөн. Тэгээд архи нь дууссан чинь манай эхнэр чи архинд яваад ир гэхэд нь надад мөнгө ч байхгүй байсан болохоор уурлаад гадаа гарч машиндаа суугаад яахаараа би архинд явдаг юм гэснээс болж маргалдаж байгаад Золоог цохиод унагаачихсан юм шиг байсан. Би согтуу байсан болохоор заримыг нь санахгүй байна. Тэнд байсан Дэлгэрсайхан багшийн нөхөр салгаагүй бол би бүр илүү зодох байсан юм шиг байсан. Согтуудаа уур аашаа барьж чадахгүй муухай үйлдэл гаргасандаа би харамсаж байна. Би өмнө нь ганц нэг алгадаж байснаас ингэж хөх алаг болтол нь зодож байгаагүй. Одоо би архинаас гарах эмчилгээ хийлгэж эм ууж байгаа, гаргасан алдаа дутагдалдаа гэмшиж байна...гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Золжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 04 сарын 01-ний өдөр би 4 багштай нэг баг болоод аймгийн бүтээлч багшийн уралдаанд ороод 3-р байранд орж хүрэл медаль авсан юм. Тэгээд орой гэртээ байж байтал манай ажлын Баасансүрэн багш хүрээд ир, бид нар медалиа угааж байна гээд залгахаар нь би нөхөртөө хэлтэл чи явбал яв гэхээр нь хардаж сэрдээд унах байх гэж бодоод нөхөртэйгөө цуг очсон. Бид хоёрыг очиход 3 литртэй дарс задалчихсан ууцгааж байсан. Бид хоёрт 3 хундага хийж өгөөд байж байтал манай нөхөр дарс дэмий юм байна, архи ууя би архинд яваад ирье гэхэд Бааска эгч манайд архи байгаа гээд 1 шил 0.75 литрийн Болор архи гаргаж ирээд тавуулаа хувааж уусан, эмэгтэйчүүд бага уугаад байхад Төмрөө ёроолгүй уугаад байсан. Би хараад л суусан. Удалгүй архи дуусаад Төмрөө Дэлгэрсайхан багшийн нөхрийг хоёулаа архинд яваад ирье гээд гарахаар нь би араас нь гартал манай нөхөр машин дотроо сууж байхаар нь яах гэж байгаа юм, одоо архи олдох юм уу, тэгвэл яваад ирэх юм уу гэсэн чинь чи намайг архинд явуулдаг хэн бэ, би чиний архийг зөөх ёстой юм уу, чи ямар том юм гээд машинаасаа бууж ирээд намайг цохиод унагаачихсан. Тэгтэл хажууд байсан нөгөө залуу яагаад байгаа юм болиоч гэхэд тэр залуутай ноцолдоод гэр бүлийнхээ асуудлыг өөрсдөө шийднэ чи холд гэж түлхчихээд намайг татаж босгоод хамрыг цусыг гараараа арчаад чи яачихсан юм бэ, яагаад хамраас чинь цус гарчихсан юм, би чамайг цохиогүй шүү дээ гээд намайг элэгдэж унагаад өшиглөөд байсан. Тэгсэн чинь гэрээс Бааска эгч, Дэлгэрсайхан багш 2 гарч ирээд яагаад байгаа юм бэ гээд салгаад намайг гэрлүүгээ аваад орж явтал Төмрөө араас гүйж ирээд намайг үснээс татаж цамцнаас чирээд коридорт гаргачихсан байхад хүмүүс ирээд салгаж авсан. Тэгээд айлд ороод Бааска эгч уурлаад чи яаж байгаа юм бэ, ийм жижигхэн хүнийг зодоод гэхэд би зодоогүй ээ одоо хоёулаа харьж амаръя унтая гэхээр нь би айсан ч гэсэн бас бөөн хэрүүл болох байх гээд дагаад харьсан. Тэгтэл харин гэрт ирээд зодоогүй есөн шидээр уурлаж хардаж харааж байснаа унтаад өгсөн. Одоо намайг дарамтлахгүй байх, ам тангараа өгсөн болохоор одоо надад гомдол санал байхгүй, энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлж дуусгамаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн 233 дугаартай

  1. Г.Золжаргалын биед баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/,

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Золжаргал нь шүүгдэгч Г.Төмөрбаатартай эвлэрсэн болох нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн заалт байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Төмөрбаатар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн 201722000187 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Шивээт Ганбаатарын Төмөрбаатар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Г.Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Эрүүгийн 201722000187 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Төмөрбаатар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Төмөрбаатарт оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧМ.ЭРДЭНЭ-ОЧИР