Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 111/ШШ2018/0030

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Б.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Насанбаярт холбогдох Урьд ажиллаж байсан Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нийгмийн ажилтнаар томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Ц.Насанбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Насанбаяр миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Б.Долгорсүрэнгийн ажилгүй байсан хугацааны цалинг болон татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж багийн Нийгмийн ажилтнаар нь ажиллуулна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн тус шүүхэд Урьд ажиллаж байсан Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нийгмийн ажилтнаар томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхшаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Насанбаяр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Урьд ажиллаж байсан Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нийгмийн ажилтнаар томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий Б.Долгорсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 35100 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Б.Долгорсүрэнд буцаан олгосугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ШҮҮГЧ                                   Ч.ОЮУНСАЙХАН