Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 157/ШШ2021/00129

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Нэхэмжлэгч С.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н

Хариуцагч А.Б

Гэрч П.М, С.С нарыг оролцуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байрны 3-8 тоотод оршин суух С.С-ын нэхэмжлэлтэй хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хайрхан 3-303 тоотод оршин суух А.Б-д холбогдох “хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

                                                                         Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:С.С миний бие нь А.Б-тай 2019 онд танилцаж хамтран амьдарсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2020 оны 02 сарын 12-ны өдөр охин С.Х мэндэлсэн. Бид А.Б-ийн байнгын хардалт, хэрүүл маргаанаас болж 2020 оны 04 сараас хойш тусдаа амьдрах болсон. Тухайн үед охин маань 2 cap гарантай байсан учир ээжийнхээ асрамжинд үлдсэн. Би тусдаа амьдрахаа больсоноос хойш эхнэр охин хоёртоо хоол хүнс, хүүхдийн живх, сүү бүгдийг өөрөө бэлдэж өгдөг байсан. Учир нь бэлэн мөнгө өгөхөөр охиноо тэврээд архи уугаад байдаг. Ер нь их архи уудаг, тамхи татдаг бөгөөд мөнгө л олдвол архи, тамхиндаа зарцуулчихдаг.

2020 оны 06 сарын эхээр А.Б над руу залгаад би Дорноговь аймгийн Өргөн сум руу явж ажил хийхээр боллоо ирж хүүхдээ ав гэсэн. Тухайн үед хүүхдээ нэмэлт тэжээл хоолонд оруулчихаад явна байх гэж бодож байсан чинь шууд хөхнөөс нь гаргаад үлдээгээд яваад өгсөн. Охин маань нэмэлт тэжээл хоолонд дасах гэж бараг 7 хоног уйлсан. А.Б охиноо яаж байгаа талаар нэг ч удаа залгаж асуугаагүй. Тэгээд 2 сарын дараа ирээд охиноо авъя гээд аваад явсан. Гэтэл 3 хоногийн дараа залгаад энэ хүүхдийг чинь тэжээж чадахгүй юм байна, ирж хүүхдээ ав, би явж ажил хийлээ гэхээр нь охиноо очиж авсан. Тэгээд 9 сарын дундуур ирээд би ажил хийж мөнгөтэй болсон. Одоо охиноо өөрөө тэжээж чадна гээд дахиад аваад явсан. Тэгээд cap ч болоогүй бас л би тэжээж чадахгүй байна, маргааш хурдан ирж хүүхдээ ав гэхээр нь ээж, эгч хоёртойгоо охиноо очиж авсан. Тухайн үед охин маань тураалд орчихсон, бөгс нь шээсэндээ түлэгдээд улайчихсан маш хүнд байдалтай байсан.

Үүнээс хойш охиноо авна гэж дахиж ирээгүй, утсаар ч яриагүй. Гэтэл 2021 оны 05 сарын 12-ны өдөр ирээд охинтойгоо уулзмаар байна, 2 хоног хамт байж байгаад аваад ирье гэхээр нь ээжтэйгээ хэдэн хоног хамт байг гэж бодоод өгөөд явуулсан. Ингээд 2 хоногийн дараа очоод охиноо авах гэтэл одоо чамд охиноо өгөхгүй би өөрийнхөө асрамжинд авахаар шүүхэд нэхэмжлэл гаргачихсан гэсэн. Охин маань 4 сартайгаасаа эхлээд миний асрамжинд байсан учраас ээжийг сайн мэдэхгүй. Ээнэгшин дассан орчин, гэр бүлийнх нь солигдсон учраас охинд минь хэцүү байгаа байх. А.Б нь охиноо хаяж явсанаас хойш нэг ч удаа охин дээрээ ирж байгаагүй, эх хүний сэтгэлээр охиндоо анхаарал халамж тавьж байгаагүй, хар нялхад нь хаяж явчихаад нэг ч удаа яаж байна гэж санаа зовж утсаар ярьж байгаагүй. Ер нь хүүхдэд тавих анхаарал халамж муу, байнга архи уудаг, тамхи татдаг муу зуршилтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, амьдралын нөхцөл боломж тааруу учир охиноо өөрөө асрамжлах боломжгүй юм. Мөн одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа болохоор охиноо хойд эцгийн асрамжинд өгмөөргүй байна. Иймд охин С.Х-ийг минь миний асрамжинд үлдээж, эх А.Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С-ын "хүүхдийг асрамжиндаа авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй танилцаж энэхүү тайлбарыг гаргаж байна. С бид хоёр 2018 оны намар танилцаад манай ээжийнд хамт амьдрах болсон. Тэгээд бидний дундаас Х мэндэлсэн. Ингээд хүүхдээ 2 сартай байхад надтай муудалцаад, намайг зодсон. Тэгээд манай ээж С-ын ээж, эгч хоёрыг дуудаад уулзахад хүүхдээ өмөөрөөд бүх хувцас хунарыг аваад явсан. Түүнээс хойш бид 2 хамтран амьдраагүй. Би охиноо 8 cap хүртэл нь өөрөө өсгөж байгаад, банкны зээл нэхэгдээд байхаар нь хүүхдээ аав дээр нь үлдээгээд хөдөө уурхайд ажил хийхээр явсан. Тэр уурхайд ажиллаж байхад С-ын ээж, эгч 2 нь “хүүхдийг чинь харж чадахгүй байна, бас Баянхонгор руу явах боллоо, ирж хүүхдээ ав” гээд утасдахаар нь би 1 cap ажиллаад буцаж ирээд хүүхдээ өөр дээрээ авсан. Тэгээд өөрийн ээж дээрээ охиноо орхиод Хэнтий аймгийн Батноров руу ажиллахаар явсан. Тэнд cap ажиллаад охиноо санаад буцаад ирсэн. 2020 оны 11 сараас хойш хадам ээж, эгч хоёр дээр хүүхэд маань байсан. Би хөдөө ажлаасаа 2020 оны 11 сараас охиноо авах гэтэл тэд хүүхдийг маань өгөхгүй, эгч нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна гээд загнаад байсан. Тэгээд надад охиныг өгөхгүй болохоор манай ээж охин маань хүүхдээ санаад байна, хэд хоног байлгая гэж хэлээд 2021 оны 5 сарын эхээр охиныг гэртээ авчирсан. Тэгээд удаагүй байтал шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний хувьд 9 cap хэвлийдээ тээж төрүүлсэн хүүхдээ бусдад өгөхгүй, өөрийн асрамжиндаа байлгана. С надтай амьдрах хугацаандаа гэр бүлээс гадуур харилцаатай байснаас гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, архи дарс хэрэглэдэг, ээж, эгч нь баталгаатай ажлын байргүй байж хүүхдийг өөрсдийн асрамжинд авна гэсэнтэй санал нийлэхгүй байна. Хэдийгээр би одоохондоо ажил хөдөлмөр эрхлээгүй ч гэсэн би токарчин, хөвүүлэн баяжуулахын мэргэжилтэй тул цаашдаа 2 нас хүрэхээр нь цэцэрлэгт өгч ажил хөдөлмөр хийх боломжтой. Иймд С.Х-ийг миний асрамжинд үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                  Ү Н Д Э С Л Э Х нь:

 

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Б.Б-д холбогдуулан “С.Х-ийг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хариуцагч Б.Б нь “хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан байна.

Нэхэмжлэгч С.С-ын “хүүхдийн эцгээр тогтоолгож, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний  асрамжинд үлдээх, ...асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд зохигчдын хэн аль нь охиныг халамжлах үүргээ гүйцэтгэх талаар тайлбар гарган маргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талуудаас шинжээч томилуулах хүсэлт гаргасан ба хүүхдэд тавих эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн /үйлддэг/ эсэх, /айх айдас байдаг эсэх/, сурч хүмүүжих эрхээ эдлэх, аюулгүй орчинд, эрүүл саруул өсөж торних боломжтой байдлыг шинжээч томилон тогтоолгох нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн, Хэнтий аймгийн Гэр бүл,  Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрыг шүүх шинжээчээр томилсон болно.

Шүүхээс томилогдсон шинжээч Хэнтий аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар нь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаартай албан бичгээр ирүүлсэн дүгнэлтээ дараах 6 чиглэлээр нарийвчлан гаргасан байгааг дүгнэхэд:

А.Ерөнхий мэдээлэл /С.С, А.Б болон хүүхдүүдийн товч мэдээлэл/-д ... Шинжээчийн багийг ажиллах үеэр А.Б, ээж М, ах, эгч нарын хамт амьдарч байсан гэх, 

Б.Хүүхдийн ахуйн нөхцөл бололцоо, өсч бойжих орчны аюдулгүй байдал, боловсролын үйлчилгээнд хамрагдалтын хувьд “...7:8 харьцаатай 56 м2 үүдний амбаар тусдаа 3 өрөө байшинтай гэрийн орчин нөхцөл байдал хэвийн, гэрийн эд хогшлын хувьд хөлдөөгч, ор, зурагтын тавиур, зурагт, угаалгын машин, шүүгээ гэх мэт айлд хэрэгцээтэй зүйлсүүд байсан. Б-ийн ээж М, дүү А нар нь уурхайд ажилладаг. Өрх нь сарын 2.5 сая төгрөгний орлоготой мөн М, Т нарын хүүхдийн мөнгө авдаг.

Аав С нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Канад хаус 3-17 тоотод амьдардаг. Ам бүл 5-лаа ээж, эгч, 2 дүү нарын хамт тухайн 29 м2 байрыг 25 саяаар худалдаж авсан гэх боловч худалдан авсан ямар нэгэн баримт байхгүй Багийн засаг даргын мэдээлж байгаагаар түрээсийн гэх мэдээллийг өгсөн” гэх,

В. Эд хөрөнгийн хувьд “... А.Б нь өөрийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх бөгөөд үл хөдлөх хөрөнгө байхгүй. Одоогийн хамт амьдарч буй байшин нь ээжийнх нь нэр дээр. Эмээ, өвөө хоёр нь 5 ханатай гэр авч өгч тусдаа гаргаж байсан айлын хашаанд. Цалингийн зээлтэй байсан одоо бараг дуусч байгаа 600,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн мэдээлэл өгсөн. Өрхийн сарын санхүүгийн орлого нь том хүү Т-ийн хүүхдийн мөнгө болон цалинтай ээжийн тэтгэмж мөн ээж, дүү хоёр нь ажил хийдэг.

С.С нь тогтмол сарын 800,000 төгрөгийн орлоготой. Ээж нь тэтгэвэр авдаг, малын А данстай, эгч нь барааны дэлгүүр ажиллуулдаг.

Г.Эцэг, эхийн зан суртахууны байдал, хүүхэдтэйгээ харилцах харилцаа, хүүхдэд тавих халамжийн хувьд “...охин гадаа тоглож байсан бөгөөд дуудаж орж ирж үнэлгээг хийхэд уйлагнаж бишүүрхсэн шинжтэй мөн бага зэрэг сульдсан гэдэс нь өвдөөд давуугаар боосон байсан. Ээжийнх нь хэлж байгаагаар унтах гээд жаахан ууртай байна гэсэн. ...бага зэрэг мэдлэгтэй, охиныгоо зөв бодолтой зөв хүн болгон гэсэн тайлбарыг өгсөн. С охиныг өсгөхгүй ээлжийн ажилтай, олон хоногоор явдаг хүн хүүхэд асарч хайхрах боломж түүнд байхгүй, охиныг маань эгч нь нэр дээрээ авах гээд байгаа юм. С өөрөө авахгүй гэсэн мэдээллийг өгсөн. ...өөрөө хариулахаас илүү эгч болон ээж нь өмнөөс нь хариултуудыг өгч байсан. С-ын гэрт хүүхэд амьдарч байх хугацаанд эгч нь гардан харж байсан гэсэн мэдээллийг өгсөн...” гэх,

Д.Сэтгэл зүйн дүгнэлтийн хувьд “...Ярилцлагын дүгнэлт: А.Б нь хэл яриа, ойлголтын хувьд хэвийн ямар нэг сэтгэл зүйн тулгамдсан асуудал ажиглагдаагүй. Ирээдүйн амьдралын төлөвлөгөөгөө зорилго, зорилтоо тодорхой гарган ярьж байсан нь сэтгэл зүйн хувьд өөдрөг, өөртөө итгэлтэй байгаа нь илэрхийлж байсан. Асуудалт хэт сэтгэл хөдлөлөөр хандаж шийдвэр гаргах магадлалтай. Хүүхдийн хүмүүжилд сэтгэл зүйн хувьд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нь сэтгэл зүйн оношилгооны үр дүн болон ярилцлагын ажиглагдсан.

... С.С нь хэл яриа, ойлголтын хувьд хэвийн ямар нэг сэтгэцийн тулгамдсан асуудалгүй зан төлөвийн хувьд дотогш хүн ба өөрийн мэдрэмжийг цөөн үгээр илэрхийлж байсан. Охин Х-ийг өөр дээрээ авах болсон шалгааныг ээж дээр нь өсвөл хүмүүжил болон аюулгүй байдалд нь сөргөөр нь нөлөөлнө хэмээн тодорхойлж байсан. Гэр бүлийн асуудал болон хувийн амьдралд нь төрсөн ээж, эгчийнх нь оролцоо маш их байгаа нь бие даан асуудал шийдвэрлэх чадвар муу байгааг харуулж байсан. Мөн эрхэлдэг ажил мэргэжлийн хувьд 20 ээлжинд гарсны дараа 10 хоног гэртээ амардаг нь хүүхдэд хангалттай анхаарал халамж тавьж чадахгүй байх магадлалтайг харуулж байсан. Ярилцлагын явцад хорт зуршилгүй хэмээн өөрийгөө хэлж байсан ч мэдээллийн бусад эх сурвалж архины хамааралтай байх магадлалтай хэмээж байсан нь ирээдүйд хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх магадлалтай нь ажиглагдаж байсан” гэх, 

Е.Эцэг, эхийн ёс зүйн төлөвшлийн хувьд: “...С.С цагдаагийн газрын мэдээллийн санд 2019, 2021 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин барьж замын хөдөлгөөнд оролцсон 2 удаагийн зөрчилтэй. ...М.Б цагдаагийн газрын мэдээллийн санд 2018 онд Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн зөрчилтэй.”,

С.С-ын сул тал: Хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар ойлголт мэдлэг дутмаг, согтууруулах ундаа хэрэглэдэг, эхнэр нөхрийн хооронд бие мах бодийн хүчирхийллийн чанартай үйлдлүүдийг олон удаагийн давтамжтай гаргаж байсан хэмээн Б дурьдаж байсан нь ёс суртахууны хувьд сул талтайг харуулж байна, шинжээчийн багт өөрийн байрыг худалдан авсан гэсэн мэдээлэл өгсөн ч, бусад эх сурвалжийн зүгээс худал мэдээлэл гэсэн.

А.Б-ийн сул тал: орлогын тогтмол эх үүсвэргүй, өөрийн өмчлөлийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө байхгүй, шинээр гэр бүл зохиох тохиолдолд хүүхдэд сэтгэл зүйн болон бусад эрсдэл гарах магадлалтай гэх,

Ё.Ерөнхий дүгнэлтэнд: А.Б нь шинжээчийн багийн санал болгосон цаашид анхаарах зүйлийг биелүүлэн, ээжийнхээ тусламжтайгаар хүүхдүүдээ сэтгэл санааны болон эдийн засгийн ямар нэгэн дарамтгүй, эхийн хайраар дутаахгүй өсгөж чадна. Мөн нэхэмжлэгч С.С нь шинжээчийн багийн санал болгосон цаашид анхаарах зүйлийг нэг бүрчлэн биелүүлэн, ээж болон төрсөн эгчийн тусламжтайгаар хүүхдүүдээ сэтгэл санааны болон эдийн засгийн ямар нэгэн дарамтгүйгээр, эцгийн хайраар дутаахгүй өсгөж чадах ба МУ-ын Гэр бүлийн тухай хуулийн 26.2.1. Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; 26.2.2. Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; 26.2.3.Хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; 26.2.4.Хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг заалтуудыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэжээ.

Хэрэгт авагдсан шинжээчийн дээрх дүгнэлтээр А.Б нь цаашид хүүхдийг харж хандах, өсгөх болон сурган хүмүүжүүлэх боломжгүй гэх онцгой буюу ноцтой шалтгаан, үндэслэл тогтоогдоогүй байна гэж дүгнэн, С.Х-ийн асрамжийг өөрчлөн тогтоох шаардлагагүй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч С.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбарыг нотолж Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 218 дугаартай тодорхойлолт, С.Х-ийн “Төрсний гэрчилгээний хуулбар”, Хөх бишрэлт ХХК-ний 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.” гэж, мөн хуулийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эхийн хүлээх үүргийг хуульчилсан ба хүүхдээ асран хамгаалах нь эцэг, эх, хэн алиных нь хуулиар хүлээсэн үүрэг юм.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26  дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ.” гэж, 26.6 дахь хэсэгт “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт  “Эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж тус тус заасныг зохигчдод тайлбарлах нь зүйтэй.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч А.Б нь хүүхдийн асрамж тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул энэ шүүх хурлаар хүүхдийн асрамжийг тогтоох боломжгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 105,033 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар С.С-ын нэхэмжлэлтэй А.Б-д холбогдох “хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүргээ биелүүлэхийг, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг С.С, эх А.Б нарт тус тус даалгасугай.

3.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан хүүхдийн эрхийг хангах үүргээ биелүүлэхийг эцэг С.С, эх А.Б нарт тус тус даалгасугай.

4.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг эцэг С.С, эх А.Б нарт тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,033 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай. 

           6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

           7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан буюу 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг анхааруулсугай. 

           9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        М.ЭНХМАНДАХ