| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0252/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/276 |
| Огноо | 2024-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч И.Азжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, олон улсын аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Хаан” банканд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7-р хороо, 29-р байрны 55 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сайнхүү овогт Ишхүүгийн Азжаргал /РД. УК86072518/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч И.Азжаргал нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хороо, 29-р байрны 55 тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орж ирээд, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр О.Хулантай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газарт нь цохиж, хохирогчийг газар унасан байхад нь цээжин тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь цээжний зүүн талд 6, 7-р хавирганы хугарал, доод уруулд шарх, зүүн шуунд цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Азжаргал мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Шуурхай удирдлагын тасаг ирүүлсэн дуудлага мэдээллийн хуудаст “аав согтуу ирээд агсам тавиад байна” гэсэн лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд “нийлбэр оноогоор 4 оноо өгч, аюулын зэргийг дунд гэж баталгаажуулсан, гэр бүлийн хүчирхийллийн хуулиар арга хэмжээ авах шаардлагатай, нөхөр Азжаргалыг Гүнт-120-д эрүүлжүүлэв” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Хохирогч О.Хулангийн:
“... би өөрийн нөхөр Ишхүү овогтой Азжаргалтай гэр бүл болоод 16 жил амьдарч байна. Бид хоёр 3 хүүхэдтэй. 2024 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө манай нөхөр гаднаас согтуу орж ирээд бид 2 маргалдсан. Тухайн үед манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг байсан бөгөөд бид 2 түүнээс болж маргалдсан. Би нөхрийгөө согтуу орж ирэхээр нь “чи согтуу байгаа юм чинь хүүхдүүдийнхээ хажууд хонож яах юм ээжийнхдээ очоод хоночих” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр “явахгүй” гээд надтай маргалдаж байгаад гараараа миний нүүрэн тус газарт 1 удаа цохисон би “цагдаа дуудах” гэхэд миний барьж байсан “айфоне 8” загварын гар утсыг хана руу авч шидсэн. Тэгээд би газарт унасан байхад миний цээж хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд манай том хүү болох Чогсом нь унтаж байгаад сэрээд утсаараа цагдаа дуудсан. Манай нөхөр урд нь намайг огт зодож байгаагүй, энэ анх удаагийнх. Өмнө нь агсам тавиад байхаар нь 1 удаа цагдаад барьж өгч байсан. Би байнга гэр бүлийн хүчирхийлэлд өртдөггүй, намайг зодсоноор манай нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж би бодож байна. Би гар утсан дээр ямар нэгэн гомдол гаргахгүй, учир нь тэр утас Азжаргалын өөрийнх нь утас...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1421 дугаартай шинжээчийн:
“...О.Хулангийн биед цээжний зүүн талд 6, 7-р хавирганы хугарал, доод уруулд шарх, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
Шүүгдэгч И.Азжаргалын яллагдагчаар өгсөн:
“... тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тухай хэргийг үйлдсэн болно. Би эхнэрийгээ ажилд ороод удаагүй байхад нь ажлаас оройтож ирэхэд нь хардаад, маргалдаад өөдөөс нь хараад сууж байхад би жийгээд унагасан. Эхнэр хойшоо унахдаа сандлын ирмэг дээр унаад хавирга нь хугарсан. Миний буруутай үйлдлээс болж эхнэрт маань гэмтэл учирсан. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Энэ хэргийн дараа архи уугаагүй, эхнэрээсээ уучлалт гуйсан. Миний буруу...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч И.Азжаргал нь хохирогч О.Хулангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч И.Азжаргал нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч И.Азжаргалын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч И.Азжаргал нь:
2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хороо, 29-р байрны 55 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр О.Хулантай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газарт нь цохиж, хохирогчийг газар унасан байхад нь цээжин тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь цээжний зүүн талд 6, 7-р хавирганы хугарал, доод уруулд шарх, зүүн шуунд цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь шуурхай удирдлагын тасаг ирүүлсэн дуудлага мэдээллийн хуудас, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хохирогч О.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1421 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд нь бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч И.Азжаргал нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч И.Азжаргалыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Хулангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч И.Азжаргалыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч И.Азжаргалтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч И.Азжаргал нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч И.Азжаргалын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч И.Азжаргалын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2405004800288 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Азжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сайнхүү овогт Ишхүүгийн Азжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.Азжаргалыг 2700 /хоёр мянган долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Азжаргалд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Азжаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Азжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч И.Азжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Азжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ