Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2021/00097/И |
Дугаар | 157/ШШ2021/00124 |
Огноо | 2021-08-03 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 157/ШШ2021/00124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Нэхэмжлэгч Д.Я
Хариуцагч Д.Б нарыг оролцуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 16-16 тоотод оршин суух Д.Я/ийн нэхэмжлэлтэй хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багт оршин суух Д.Б-т холбогдох “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Д.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б-тэй 2004 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болж амьдарсан. Гэр бүл болсноос хойш Б.А, Б.М, Б.Э нар төрсөн. Бид 2004 оноос хойш 2012 он хүртэл хамт амьдарч байсан. Д.Б нь хамт амьдарч байх жилүүдэд байнга архи ууж агсам тавьж, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байсан тул бид салж одоо тус тусдаа амьдарч байгаа. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Одоо гэрлэлтээ цуцлуулж, Б.А, Б.М, Б.Э нараа өөрийн асрамжиндаа авч, Д.Б-ээс бага хүү Б.Э-д хүүхдийн тэтгэлэг гаргуулж авах хүсэлтэй байна” гэжээ.
Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б миний бие Д.Я-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. 2004 оноос 2012 он хүртэл хамтран амьдарсан. Б.А, Б.М, Б.Э нар төрсөн. Д.Я-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би гэр бүлтэй болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй. 2004 оны 10 сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Б.Э-д хүүхдийн тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Д.Я нь хариуцагч Д.Б-т холбогдуулан “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Д.Бнь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.
1-рт. Нэхэмжлэгч Д.Я-ийн “гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Зохигчид нь 2004 онд танилцсан, хамтран амьдарч байх хугацаандаа 2004 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, түүнээс хойш хамтран амьдарч байгаад 2012 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хамтран амьдрах хугацаандаа Б.А, Б.М, Б.Э нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын өрхийн эмчийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуулийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч Д.Я, хариуцагч Д.Б нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, гэрлэгчид нь 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, тусдаа амьдраад 9 жил болсон, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачилгыг хэн аль нь гаргаагүй зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан үүссэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан байна.
Зохигчид нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон боловч талууд эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүйгээр дуусгавар болсон байна.
Гэрлэгчид нь цаашид эвлэрэх боломжгүй, дахин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах бодит нөхцөл тогтоогдохгүй байна.
Зохигчид нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болж байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.
2-рт. Нэхэмжлэгч Д.Я-ийн “хүүхдүүдийг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Д.Я-ийн “хүүхдүүдийг өөрийн асрамжид авах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь хүүхдүүдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдүүдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдүүдийн өсөх, хүмүүжих орчин, хүүхдүүдийн асрамжийн талаар өгсөн санал, хүүхдүүд төрснөөс хойш өнөөдрийг хүртэл эхийн асрамжид өсөж бойжиж буй нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Б.А, Б.М, Б.Э нарыг эх Д.Я-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Учир нь нэхэмжлэгч хүүхдүүдийг төрснөөс хойш өнөөдрийг хүртэл өсгөж, хүмүүжүүлж байгаа, асрамжийн талаар хүүхдүүдийн өгсөн санал, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бага насны хүүхдүүдийн ээнэгшин дассан нөхцөл байдал, хүүхдүүд аюулгүй орчинд эрүүл, саруул, сурч хүмүүжих эрхээ эдлэх, айх айдасгүй, сэргэлэн цовоо өсөх боломж, эх хүүхдүүдийн хоорондын харилцаа зэргийг харгалзан хүүхдүүдийг эх Д.Я-ийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуульд нийцэж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус тодорхойлсон байна.
Иймд зохигчийн гэрлэлтийг цуцалж, Б.А, Б.М, Б.Э нарыг эх Д.Я-ийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч Д.Я нь Б.Э-д тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Э-ийг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам тэтгэлэг гаргуулан эцэг Д.Б-ээс тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч Д.Я, хариуцагч Д.Б нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
Иймд нэхэмжлэгч Д.Я-ийн хариуцагч Д.Б-ээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Я-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 125,528 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Д.Б-ээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 55,328 төгрөг нийт улсын тэмдэгтийн хураамж 125,528 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Я-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн
82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Я, хариуцагч Д.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар Б.А, Б.М, Б.Э нарыг эх Д-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Э-ийг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Д.Б-ээс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүү Б.Э-ийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Я-д даалгасугай.
6.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Я-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 125,528 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 125,528 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Я-д олгосугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах А.Оюун-Эрдэнэд даалгасугай.
9.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
11.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ