Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 00098

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч Д.Даваажав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дулмаагийн Даваажавт холбогдох эрүүгийн 201622000651 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон Дулмаагийн Даваажав 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 4 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д  зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 онд хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РИ92012612 дугаартай,

Шүүгдэгч Д.Даваажав нь 2016 оны 03 дугаар сард Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвд оршин суух иргэн Д.Өлзийбатын байшинд нэвтрэн орж монгол эмээл хулгайлж 750.000 төгрөгийн,

2016 оны 05 дугаар сард давтан үйлдлээр иргэн Д.Өлзийбатын байшинд нэвтрэн орж мөнгөн завхайтай эмээлийн хэрэглэл 14 ширхэг, үхрийн хаа 15 кг, хагас түрийтэй гутал зэрэг эд зүйл хулгайлан авч 461.000 төгрөгийн нийт 1.211.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Даваажав нь 2016 оны 03 дугаар сард Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвд оршин суух иргэн Д.Өлзийбатын байшинд нэвтрэн орж монгол эмээл хулгайлж 750.000 төгрөгийн, мөн 2016 оны 05 дугаар сард давтан үйлдлээр иргэн Д.Өлзийбатын байшинд нэвтрэн орж мөнгөн завхайтай эмээлийн хэрэглэл 14 ширхэг, үхрийн хаа 15 кг, хагас түрийтэй гутал зэрэг эд зүйл хулгайлан авч 461.000 төгрөгийн нийт 1.211.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Даваажавын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Би 2016 оны 03 дугаар сарын эхээр найз охин Бүтэнзулынхаа байшингийн хаалгыг түлхүүрээр онгойлгоод дотроос нь мөнгөн тоноглолтой эмээлийг хулгайлсан. Үүний дараа 05 дугаар сарын 10-ны үед байшингийн дээврээр дотогш орж 14 ширхэг мөнгөн завхай, түрийтэй гутлыг хулгайлсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

       Хохирогч Д.Өлзийбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Манай гэрт нийтдээ хоёр удаа хулгай орсон. Эхний удаад 2016 оны 03 дугаар сарын эхээр барааны байшингийн маань таазаар орж дотроос нь монгол эмээл, үхрийн хаа зэрэг эд зүйлүүдийг хулгайлсан байсан. Дараагийн удаад 2016 оны 05 дугаар сард манай сууцны байшингийн дээврээр орж дотроос нь 14 ширхэг эмээлийн хэрэглэл хагас түрийтэй хромон гутал зэрэг эд зүйлүүдийг хулгайлсан. Би 14 ширхэг эмээлийн хэрэглэлээ Даваажаваас буцааж авсан. Харин бусад эд зүйлүүдээ огт аваагүй. Надад нийт 5.500.000 төгрөгний хохирол учирсан. Би Даваажавын ээж Дулмаагаас хохирлынхоо мөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны дотор барагдуулж авахаар болж хоорондоо хэлцэл хийсэн байгаа. Одоо надад гомдол санал гэх зүйл алга ... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-14, 45-47 дугаар хуудас/,

       Гэрч С.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "… Би 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ренчинлхүмбэ сумын Ходон гэх газрын алтанд найз Даваажав, Баттүшиг, Бороо нарын хамт миний УАЗ 469 маркийн машинаар явсан юм. Тэгээд алт руу явах гэсэн боловч цас их орсон тул явж чадаагүй 5 хоноод буцаад ирсэн юм. Тэгээд бид нарыг Хатгал руу гарах гэхэд Даваажав та нар хүлээж байгаарай би айлд очоод ирье гээд яваад 30 орчим минутын дараа Монгол эмээл барьсаар ирсэн юм. Тухайн үед би Даваажаваас энэ хэний эмээл юм бэ гэхэд миний эмээл гэж хэлсэн юм. Бид нар такси хөлслөөд Мөрөн орж 1 хоноод тэр Даваажавын эмээлийг зах дээр улаан өнгийн Пикап маркийн машинтай танихгүй хүнд 400.000 төгрөгөөр зараад буцаж ирсэн юм. Би тэр эмээлийг хулгайн эмээл гэдгийг мэдээгүй... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,

       Гэрч Т.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Би 4 дүгээр багийн засаг даргын ажил эрхэлдэг. Даваажав нь урьд орон байрны хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан. Даваажав айлд хүргэн болоод 2 жил орчим ажил төрлийг нь хийж байгаад тэднийхээс хөөгдөснийхөө дараа монгол эмээлийг нь хулгайлсан гэж цагдаад баригдсаныхаа дараа ярьж байсан... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,

       Гэрч Л.Дулмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "… Би хүүгээ 2016 оны 05 дугаар сард хадам аав Өлзийбатынхаа гэрээс хулгай хийсэн гэж сонссон. Тэгээд хүү маань тухайн айлаас хулгайлсан эд зүйлээсээ олж өгнө гэж ярьж байсан боловч эмээл нь олдоогүй юм шиг байсан. Хүү маань 2016 оны 10 дугаар сард Мөрөн явж байцаалт өгнө гэж хэлээд гараад явсан. Тэрнээс хойш би хүүтэйгээ уулзаагүй. Сураг сонсоход Сэлэнгэ аймагт самранд явж байгаа сурагтай байсан. Тэгээд самранд яваад 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэртээ ирсэн. Гэртээ ирээд удаа ч үгүй байхад цагдаа нар ирээд хүүг маань бариад аваад явсан... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 48-49 дүгээр хуудас/,

       Гэрч М.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…2016 оны 3 дугаар сарын эхээр барааны байшингийн маань таазаар орж дотроос нь монгол эмээл, үхрийн хаа зэрэг эд зүйлүүдийг хулгайлсан байсан. Дараа нь 2016 оны 05 дугаар сард манай сууцны байшингийн дээврээр орж дотроос 14 ширхэг эмээлийн хэрэглэл  хагас түрийтэй хромон гутал зэрэг эд зүйлүүдийг хулгайлсан байсан. Манай гэрээс хулгай хийсэн хүн нь манай охин Бүтэнзултай үерхэж байсан Дулмаа овогтой Даваажав байсан. Даваажавыг хулгай хийсэн гэдгийг яаж мэдсэн бэ гэхээр манай гэрээс алдагдсан эмээлийн хэрэглэлийг Даваажав нь буцаагаад нөхөрт маань өгсөн байсан. Мөн манай гэрээс хулгайд алдагдсан нөхрийн маань хромон гутал Даваажавын ээж Дулмаагийн гэрт байсан... " гэх мэдүүлэг /ХХ-ийн  50 дугаар хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /ХХ-ийн 53 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Даваажавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201622000651 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.Даваажав нь хохирогч Д.Өлзийбатад 350.000 төгрөгийн үнэ бүхий шоргоолж нэртэй мөнгөн завхай 14 ширхэгийг буцаан өгч, үлдэх 861.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.  

Шүүгдэгч нь урьд 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д  зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр тэнсэн суллагдсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 21-24, 39 дүгээр хуудас/-аар тогтоогдож байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болсон байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

       Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.     

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 53 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Боржигон Дулмаагийн Даваажавыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Шүүгдэгч Дулмаагийн Даваажавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч Д.Даваажавын цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

     4. Эрүүгийн 201622000651 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

     5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Даваажавт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР