Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч Ц.Дамдинжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогт Цэгмэдийн Дамдинжавт холбогдох эрүүгийн 2421000000164 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын 3 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 14 дүгээр байрны 25 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Харгана овогт Цэгмэдийн Дамдинжав /РД: ЖЕ 79020292/.

Шүүгдэгч Ц.Дамдинжав нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 05 цаг 20 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чойбалсан” зочид буудлын 211 тоот өрөөнөөс хохирогч Ш.Батжавын эзэмшлийн хар өнгийн хальсан гэртэй Redmi note-13 pro маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 799,080 /долоон зуун ерэн есөн мянга наян төгрөг/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Дамдинжав шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч Харгана овогт Цэгмэдийн Дамдинжав нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны  өдөр 05 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чойбалсан” зочид буудлын 211 тоот өрөөнөөс хохирогч Ш.Батжавын Redmi note-13 pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 799,080 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Дамдинжавын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2024 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 05 цаийн үед 211 дугаартай өрөө рүү ороход Ш.Батжав өөрийн гар утсаа дэрний хажуу хэсэгт тавиад унтаж байсан. Тухайн Redmi note-13 pro маркийн гар утсыг авч өмднийхөө халаасанд хийгээд тухайн буудлаас гарч Хэрлэн сумын 6 дугаар баг, 24 дүгээр байрны гадаа ирснээ санаж байна. Үүнээс хойш би болсон асуудлын талаар сайн санахгүй байгаа бөгөөд Ш.Батжавын гар утсыг гээсэн юм шиг байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ш.Батжавын “...2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1997 оны төгсөгчдийн уулзалтаар Хэрлэн суманд ирж тус сумын 11 дүгээр багийн Чойбалсан зочид буудлын 211 тоотод байрлаж байна. 2024 оны 04 дүгээр сарын 26-наас 27-ны өдрийн хооронд нийт төгсөгчдийн дундах тэмцээн зохион байгуулагдсан. Миний хувьд хаалтын үйл ажиллагаанд оролцчихоод өөрийн өрөөндөө 2024 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн үед ороод амарсан. Тухайн үед би бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба 04 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн Redmi note-13 pro маркийн гар утсаа оролдож байгаад тухайн гар утсыг дэрнийхээ хажуу талд тавиад унтсан. 06 цаг өнгөрч байх үед сэрээд хартал миний гар утас алга болсон байсан. 09 цагийн үед тухайн буудлын камерыг шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 05 цаг 18 минутаас 05 цаг 21 минутын хооронд Ц.Дамдинжав миний өрөө рүү ороод гарч байсан бөгөөд түүнээс өөр хэн нэгэн миний өрөөнд ороогүй. Улмаар Ц.Дамдинжавыг олж уулзаад өөрийн гар утсаа асуухад миний гар утсыг хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн боловч хаана, хэнд өгснөө огт санахгүй байгаа. ...Ц.Дамдинжав нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн үед 800,000 төгрөгийг миний дансанд шилжүүлж намайг хохиролгүй болгосон. ...миний зүгээс гаргах санал хүсэлт байхгүй, өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. ...Миний хувьд сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлтэй санал нийлж байна. Сэтгэцэд учирсан зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/, хөрөнгийн үнэлгээний “Бан хас” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Х24-43 тоот дүгнэлт /хх-ийн 21-24/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ц.Дамдинжавын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 799,080 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Ц.Дамдинжав нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч Ц.Дамдинжав нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Батжавт 799,080 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ц.Дамдинжав нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 800,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ц.Дамдинжавыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Дамдинжав нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Ц.Дамдинжавт прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.Дамдинжав нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харгана овогт Цэгмэдийн Дамдинжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Цэгмэдийн Дамдинжавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Дамдинжавт тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Дамдинжавт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.Дамдинжав нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Батжав нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Дамдинжавт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ПАГМА