Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/99

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Г.Ч-, Д.Т-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баасанбаяр, С.Оюунжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ч-, Д.Т- нарт холбогдох эрүүгийн 201722000080 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Ч-,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Т-

Шүүгдэгч Г.Ч-, Д.Т- нар нь шунахайн сэдэлтээр бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн Улаадай гэх газраас иргэн Ж.З-ын хүрэн халзан зүсмийн гүүг хулгайлж 750.000 төгрөгийн, иргэн Д.Б-гийн шар хээр зүсмийн гүүг хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулан Г.Ч-ы өвөлжөөний хашаанд нядалж, ашигласан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ч-, Д.Т- нар нь шунахайн сэдэлтээр бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн Улаадай гэх газраас иргэн Ж.З-ын хүрэн халзан зүсмийн гүүг хулгайлж 750.000 төгрөгийн, иргэн Д.Б-гийн шар хээр зүсмийн гүүг хулгайлж 750.000 төгрөгийн нийт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Г.Ч-, Д.Т- нар нь бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан гэх үйлдэл нь шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Т-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 болгон, шүүгдэгч Г.Ч-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 болгон тус тус өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Г.Ч- нь ганцаараа 2017 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн Улаадай гэх газраас иргэн Ж.З-ын хүрэн халзан зүсмийн гүүг хулгайлж 750.000 төгрөгийн, иргэн Д.Б-гийн шар хээр зүсмийн гүүг хулгайлж 750.000 төгрөгийн нийт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Д.Т- нь шүүгдэгч Г.Ч-ы гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр 100.000 төгрөгийг авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Ч-ы мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…2017 оны 01 дүгээр сарын 27-ны оройн 22 цагийн үед манай хашаа руу хүрэн халзан зүсмийн гүү орсон байхаар нь бугуйлан сураар барьж аваад хашаанаас уясан. Харин хашааны гадаа байсан хээр зүсмийн гүүг бугуйлдаж барьж аваад бугуйлаар шон ороож боосоор байгаад алдсан. Тэгээд би гэртээ ороод Тэнгээг гэрээс авч гараад хээр зүсмийн боосон гүүгээ хутгаар цусалж алсан. Тэгээд Тэнгээтэй нийлж өвчиж янзлаад мах арьс шийр толгойг нь юм хураадаг амбаартаа хийсэн. Харин гэдэс дотрыг нь малын өтгөнд булсан. Дараа нь хүрэн халзан гүүг би хутгаар нугасалж алж Тэнгээтэй нийлж өвчсөн, Махаа Б.Г- гэж хүний машинд ачиж ирээд 2 адууны  275 кг махыг 3300 төгрөгөөр зарж нийт 1.067.000 төгрөг болгосон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Т-ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…2017 оны 01 дүгээр 27-28-нд шилжих шөнө би Г.Ч- ахын гэрт хонож байсан. Тухайн шөнийн 01 цагийн үед Г.Ч- ах намайг унтаж байхад сэрээгээд гарч ирээд адуу нядлалцаад өг гэж байсан. Тэгэхээр нь би босоод хувцсаа өмсөөд гараад очиход Г.Ч- ахын гэрийн гадаа 30 гаруй тооны адуу ирчихсэн байсан. Г.Ч- ах намайг энэ адуунуудыг хашилцаад өг гэж байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд уг адуунуудыг нь өвөлжөөний хашаанд Г.Ч- ахтай хамт хашилцсан. Махыг нь Г.Ч- ах өөрөө зарж борлуулсан. Би Г.Ч- ахаас 100.000 төгрөг авсан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

       Хохирогч Ж.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Миний хулгайд алдсан гүүг одоогоос 2 жилийн өмнө Д.Б- надад бэлэглэсэн юм. Энэ адууг Д.Б-гийн дүү Мягмардалайгийн адуунд байлгаж байсан бөгөөд 2017 оны 01 сарын 28-ны барагцаанд хулгайд алдагдсан гэдгийг мэдсэн. Тэгээд Д.Т-, Г.Ч- нар хулгайлж авсан гэдгийг тогтоогоод Бүрэнтогтох сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Миний хулгайд алдсан гүү нь буруу талынхаа гуян дээр саран дэвсгэртэй нэмэх тамгатай, хүрэн халзан зүсмийн байсан. Зөв талынхаа ташаан дээр РГ1 гэсэн тамгатай байсан... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/,

        Хохирогч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "… Манай дүү Мягмардалай 2017 оны 01 дүгээр сарын 28-нд хөдөө мал дээрээ очсон чинь 2 гүү байхгүй байна гэсэн. Тэгээд би ямар гүү байхгүй байна гэсэн чинь нэг нь танай гүү нөгөөх нь Зоригоо ахын хүрэн халзан гүү байхгүй байна. Г.Ч- гэх айлын ойролцоо адуу байсан. Хүмүүс Г.Ч-ыг хулгай хийсэн байж магадгүй гэж яриад байна гэж надад хэлсэн. Тэгээд дүүтэйгээ Бүрэнтогтох сум руу гарч хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёртой уулзаад Г.Ч- гэх айлд очсон. Хэсгийн төлөөлөгч тухайн айлын урд талд байх хүрзэнг ух гэсэн бөгөөд ухаж байсан чинь адууны хээл дундаас гарч ирсэн. Тэгээд манай адууг Г.Ч- бусадтай бүлэглэн хулгайлсан гэдгийг мэдсэн. Миний хулгайд алдсан гүү шар хээр зүсмийн зөв талынхаа ташаандаа РГ1 тамгатай, буруу талынхаа гуянд саран дэвсгэртэй нэмэх тамгатай адуу байсан. Миний хулгайд алдсан гүү жороо явдалтай байсан. Мөн одоо гарах гэж байсан төл нь жороо байсан гэж бодож байна... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/,

       Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Мөрөн явах болоод 2017 оны 02 сарын 01-ний өдөр Чаминчлуун манайд ирээд гол орж мөс ачаад Г.Ч-ы гэрт очсон. Г.Ч- мөсөө буулгаад би гэрт нь орсон....Намайг гэрээс гараад машиндаа суухад миний машины хойд талд юм ачаад алаг цаасаар бүтээсэн байсан. Тухайн үед юу ачсанг нь мэдээгүй. Тэгээд аймгийн төв ороод Г.Ч-ы хадам аавынд очоод цай уучаад гараад машиндаа ороод суусан чинь миний машины хойд талд байсан алаг өнгийн цаасаар бүтээсэн юм буугаагүй байсан. Тэгэхээр нь Г.Ч-аас энэ юу юм бэ энд буухгүй юмуу гэсэн чинь Г.Ч- надад 2 адууны мах зарах гэж байгаа юм нэг нь манай хадам аавын адууны мах нөгөөх нь миний авсан адууны мах байгаа юм гэж хэлсэн... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-38 дугаар хуудас/,

       Гэрч Ц.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Манай багийн Б.Г- гэх хүн манай гэрт ирээд Би хоёр тооны адуу нядалсан махны бичиг авах гэсэн юм гэж хэлсэн. Махны бичиг гээд ченж нь нэхээд байна аваачиж өгөх гэсэн юм гэхээр нь Б.Г-ыг олон малтай хүн болохоор нь хулгайн мах зарна гэж бодолгүй хийж өгсөн... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/,

       Гэрч Ц.Ц-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "… Би 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр захын хажуу айлаас хонины мах худалдаж аваад машинтай явж байтал цагаан өнгийн УА3-469 машин чигнаалдаад байхаар нь зогстол нэг дээлтэй залуу хүрч ирээд мах авч байгаа юм уу гэж асуухаар нь юуны мах байгаа юм гэж асуутал адууны мах байгаа хэдээр авах юм гэж байсан. Тарган адууг 3300 төгрөгөөр авч байна гэж хэлсэн. Тэгээд махыг нь бууж үзэхэд машины арын суудлыг нь аваад 2 адууны мах тавьчихсан байсан. Уг мах нь саяхан гаргасан цэвэрхэн мах байсан. Тэгээд би 3300 төгрөгөөр өгвөл авья гэтэл миний утсыг гуйж авч нэг хүн рүү яриад намхан бор царайтай залуу ирээд хоорондоо ярьж байгаад надад 2 адууны махаа өгөхөөр болсон. Пүүлж үзэхэд 322 кг болж байсан, 1062000 төгрөг болсон. Би гарал үүслийн гэрчилгээгээ аваад ир гэхэд гэртээ орхичихсон одоо аваад ирье гэхээр нь итгээд машины дугаар болон утасны дугаарыг нь тэмдэглэж авсан. Маргааш нь гуанзанд сууж байхаар нь очиж гарал үүслийн гэрчилгээг нь авсан... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 43 дугаар хуудас/,

       Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Би Г.Ч-ыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаагийн газар шалгагдаж байгаа талаар мэдсэн. Яг ямар хэрэг үйлдсэнийг нь мэдэхгүй байна... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/,

       Гэрч Р.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Би хүү Д.Т-ыг гэмт хэрэгт холбогдсон талаар саяхан мэдсэн. Хүү маань эгч Даваасүрэнгийнхээ малыг харж өгөхөөр явсан байсан юм. Тэгж явж байгаад л хэрэгт холбогдсон юм шиг байна лээ.  Яг ямар хэрэг үйлдсэнийг нь мэдэхгүй байна... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 44 дүгээр хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /ХХ-ийн 48 дугаар хуудас/,

Хохирогч Ж.З-, Д.Б- нар нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийг, шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нар нь  шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн байх тул Г.Ч-, Д.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 201722000080 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч нар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 95-100 дугаар хуудас/-аар тогтоогдож байна. 

Хохирогч Ж.З-, Д.Б- нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 201722000080 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 метр 20 см урттай олсон уяа, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Ч- нь 1 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Т- нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, шүүгдэгч Д.Т-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 болгон тус тус өөрчилсүгэй.

     2. Шүүгдэгч Г.Ч-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Д.Т-ыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

     3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Г.Ч-, Д.Т- нарт холбогдох хэргийг хохирогч нар нь шүүгдэгч нартай эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Г.Ч-, Д.Т- нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

     4. Эрүүгийн 201722000080 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ч- нь 1 /нэг/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Т- нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, Мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 4 метр 20 см урттай олсон уяа, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг устгахыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

     6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-, Д.Т- нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР