Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2000

 

 

 

 

 

 

 

 

 

Т.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01474 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х б” ХХК-д холбогдох

 

Зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоолгож, орон сууцыг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

21 633.23 ам.доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,

Хариуцагчийн өмгөөлөгч М.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Х б” ХХК-тай 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор 42 690 ам.долларын зээлийг 120 сарын хугацаатай, жилийн 14.05 хувийн хүүтэйгээр 10 жилийн хугацаатай 59000141 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан байгуулсан. Зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад зааснаар зээлдэгч 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үндсэн зээл, хүүгийн хамт сар бүр 877 740 төгрөгийг төлөх үүргийг банкны өмнө хүлээсэн. Барьцаат зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүг сар бүрийн 25-ны өдөр төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээний үүрэг 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд банкны өмнө гэрээгээр хүлээсэн гүйцэтгэх ёстой төлбөрийн үүргээ зохих ёсоор, шударгаар хугацаанд нь бүрэн биелүүлсэн. Гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд банкнаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг суллаж өгөхийг бичгээр 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шаардахад зээлийн үлдэгдэл төлбөртэй байна гэсэн хариуг өгч барьцаа хөрөнгийг суллаж өгөхөөс татгалзсан тул Х бтай байгуулсан 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 59000141 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгож, орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж гэрчилгээг хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Т.А- нь Х бтай 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 59000141 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 42 690 ам.долларыг жилийн 14,05 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү 2202013044 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 23/3 дугаар байр, 57 тоот хаягт байршилтай 89 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 21 738.37 ам.доллар, зээлийн хүүд 45 329.37 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 295 ам.долларыг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 20 951.63 ам.доллар, мөн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн зээлийн хуулгаас харагдана. Зээлийн гэрээний дагуу олгогдсон зээл бүрэн төлөгдөж дуусаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин зээлдэгч нь банктай байгуулсан 59000141 дугаартай барьцаат зээлийн шугамын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 52 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 59000141 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 20 951.63 доллар, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаарх хүү 592.65 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 88.95 ам.доллар, нийт 21 633,23 ам.долларыг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт тус тус зааснаар “Х б” ХХК-д Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 23/3 дугаар байр 57 тоот орон сууцыг 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр №59000141 тоот Барьцаат зээлийн гэрээний зээлийн барьцаанаас чөлөөлж, Т.А-д уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээлгэн өгөхийг даалгаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.А-гаас 21 633.23 ам.доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай “Х б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 740 000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 772 төгрөгийг Төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч “Х б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 740 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.А-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/01474 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Банк нь зээлийн гэрээний хавсралт болох зээл эргэн төлөх хуваарийг хийхдээ зээл олгосон өдрийн ханшаар тооцож 877 740 төгрөгийн төлөлт хийхээр нэг дүн оруулсаныг зээлдэгч мэдсээр байж зээлийн гэрээний хугацаанд зээл авсан өдрийн ханшаараа дутуу төлөлт хийж явсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 20 951.63 ам.доллар, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн зээлийн дансны хуулгаас харагдана. Зээлийн гэрээний дагуу олгогдсон зээл бүрэн төлөгдөж дуусаагүй байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцож барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Зээлдэгч Т.А-тай харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний 1.8-д “...Төгрөгөөр авсан зээлийн эргэн төлөлтийг банк тухайн ажлын өдөрт багтаан тухайн өдрийн Х бны АНУ-ын доллар худалдах ханшаар тооцож зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлнэ”, 1.13-т “...ам.долларын зээлийн эргэн төлөлтийг төгрөгөөр хийх бөгөөд ханшийг тухайн өдөр банкны доллар худалдаж буй ханшаар тооцно.” гэж тус тус заасан. Зээлийн гэрээнд ийнхүү тодорхой заасан байхад анхан шатны шүүх гэрээний заалтыг буруу тайлбарлан шийдвэрлэсэн.

Мөн зээлдэгч Т.А- нь зээлийн төлбөрийг 10 жилийн хугацаанд анх 2008 онд зээл авсан өдрийн ханшаар тооцон төлж явсан нь зээлийн гэрээний дээрх заалтууд болон Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байгааг нягталж үзээгүй, хэргийг шийдэхдээ уг хуулийн заалтыг үндэслэл болгоогүй, хэргийг тал бүрээс нь, бодитой харьцуулан үзээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж хэргийг зөв хянан шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу ханшийг тооцон зээлийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл сөрөг нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 20 951.63 ам.доллар, мөн өдрийн байдлаарх хүү 592.65 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 88.95 ам.доллар, нийт 21 633.23 ам.долларын үлдэгдэл төлбөр байгааг шүүх анхааралгүй орхигдуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүйн дээр 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг дуусгавар болоогүй байгаа тул банк барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага хэвээр байгааг, мөн энэ талаар гаргасан үндэслэл бүхий тайлбарыг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзээгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Т.А-гаас хариуцагч “Х б” ХХК-д холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоолгож, орон сууцыг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 21 633.23 ам.доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Талууд 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 59000141 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 42 690 ам.долларыг 120 сарын хугацаатай, жилийн 14.05 хувийн хүүтэй хариуцагчаас зээлж, сар бүр зээл, зээлийн хүүд 877 740 төгрөгийг төлөх үүргийг хүлээж, үүргийн гүйцэтгэлд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 23/3 дугаар байр 57 тоот 89 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалахаар тохиролцсныг шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа зохигчдын хооронд үүссэн гэж зөв дүгнэжээ. /хэргийн 6-10 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болсон” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “зээлдэгч гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгээгүй” гэж тус тус тайлбарлаж байна.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.А- нь зээлийн гэрээний үүрэгт 106 192 804 төгрөг төлсөн нь дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон  бөгөөд талууд маргаагүй.

 

Талуудын хооронд ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч зээлийн төлбөр төлөх үүргийг төгрөгөөр болон ам.доллараар гүйцэтгэхээр талууд тохиролцжээ. Тодруулбал, гэрээний 1.7, 1.8 дугаар заалтад болон 1 дүгээр хавсралтад “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь буюу АНУ-ын доллараар олгосон зээлийг эргэн төлөх төлбөрийн хэмжээнд заасны дагуу зээлдэгч нь зээлийн хугацаанд буюу 120 сарын хугацаанд зээл, зээлийн хүүнд сар бүр 877 740 төгрөгийг төлөх” үүргийг хүлээжээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагчид нийт 105 328 800 төгрөг төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэсэн байна. Харин сар бүр төлөх мөнгөний аль хэсэгт нь үндсэн зээл, хүү болох талаар талууд гэрээндээ тодорхой тохиролцоогүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд зааж буй тооцооны зөрүүгийн талаар талууд харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй юм. /хэргийн 8 дугаар талын ар тал/

 

Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчийн төгрөгөөр төлсөн зээлийн төлбөрийг тухайн өдрийн ам.долларын ханшаар хөрвүүлэн зээлийн дансанд нь зээлийн төлөлт хийгдснээр бичилтийг хийж, ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өсөлтийн улмаас зээлийн төлбөрийн дансанд төлбөрийн хуримтлал үүсгэсэн байгааг талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.8, 1.13 дахь заалтууд болох зээлдэгчийн зээлийг төгрөгөөр буцаан төлөх үүрэгт хамааралгүй, мөн талууд ханшийн зөрүүг харгалзан төлбөрийн хэмжээг өөрчлөх талаар тохиролцсон гэж үзэх үндэслэл болохгүй гэсэн анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. /хэргийн 11-13 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл, гэрээний 1.9-д “Банк нь зах зээлийн хүү, валютын ханшийн өөрчлөлттэй уялдан, зээлдэгчийн өрхийн орлогод гарсан өөрчлөлтөөс хамааруулан сар бүр төлөх төлбөрийн хэмжээг жилд 1-ээс доошгүй удаа хянаж, шаардлагатай тохиолдолд зээлдэгчтэй тохиролцон нэмэгдүүлэн тогтоож, 1-р хавсралтад өөрчлөлт оруулна” гэж заасан боловч зээлдэгч нь валютын ханшийн өөрчлөлттэй уялдуулан сар бүр төлөх зээлийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхээр зээлдэгчтэй тохиролцоогүй буюу гэрээний 1 дүгээр хавсралтад өөрчлөлт оруулаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч Т.А- нь Х бтай байгуулсан Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн 120 сарын хугацаанд гэрээний хавсралтад заан тохиролцсон ёсоор сар бүр 877 740 төгрөгийг “Х б” ХХК-д төлсөн байх тул үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэж, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. Энэ тохиолдолд 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 59000141 тоот Барьцаат зээлийн гэрээний дагуу хариуцагч банкинд үүссэн барьцааны эрх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т зааснаар дуусгавар болж, 160.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйлтэй холбоотой баримт бичгийг буцаан өгөх үүрэгтэй.

 

Мөн зээлдэгч Т.А- нь Барьцаат зээлийн гэрээний зээлийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр гэрээний үүрэг дуусгавар болсон тул Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Х б” ХХК нь нэхэмжлэгч Т.А-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 23/3 дугаар байр 57 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлж, Т.А-д барьцааны зүйлийн баримт бичгийг шилжүүлэн өгөх үүрэгтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх тул хариуцагч “Х б” ХХК-ийн нэхэмжлэгч Т.А-д холбогдуулан зээлийн төлбөр 21 633.23 ам.доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01474 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 772 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                   С.ЭНХТӨР