Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/342

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч П.Итгэл /тээврийн прокурор/,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2405012260221 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* дүүргийн *******, *******, “Мах импекс” 8 тоотод оршин суух, урьд нь

- Төв аймгийн шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял,

- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.400.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр 365-р постын хойд замд “Toyota Prius” маркийн УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр удахгүй 2 ихэр хүүхэд төрүүлэх гэж байгаа болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг бага хугацаагаар тогтоож өгнө үү. Учир нь бага насны хүүхдүүдээ эмнэлэг, цэцэрлэгт цөөдөг юмаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Согтуурал шалгасан тэмдэглэлээр ******* нь 1.04 хувь согтолттой гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6 дахь тал/,

Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн “2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр эрх хасагдсан” гэх лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн материалын хуулбар /хавтаст хэргийн 81-89 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр 365-р постын хойд замд “Toyota Prius” маркийн УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон болох нь согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн материалын хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

Монгол Улсын Их хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн байна.

Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн албан бичгээр /хх-37/, 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1.04% хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******ы үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг мэдсээр байж замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзлээ.  

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол төлбөр учраагүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405012260221 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 4000 /дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 12 /нэг жил/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ