Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/343

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Б.Солонго,

хохирогч *******, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Одончимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2305043890228 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хятад хэлний орчуулагч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* *******, 2-р *******лол, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5-р *******, 10-р *******лол, “Айзам” нэртэй караокед иргэн *******ын үснээс нь зулгааж, хөлөөрөө өшиглөж, нүүр лүү нь микрофоноор цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Намайг өөрийн найз болох хятад хүнтэй хардсан бөгөөд үүнээс болж маргаан үүссэн. Намайг цохих гэж байх шиг болохоор нь би микрофон аваад шидсэн. Хохирогчийн биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр “Айзам” нэртэй караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд шүүгдэгч нь намайг үг хэлээд доромжлоод байсан. Намайг ширээн дээрээс үсдэж аваад, ширээний нарийн зайд оруулаад цохиж, микрофон авч шидсэн. Надад учирсан гэмтлийг ******* гэж энэ хүн учруулсан. Сэтгэл санааны хохирол 7.144.500 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 4.200.000 төгрөг, түрээсийн төлбөр 420.000 төгрөг, эмчилгээний зардал 461.800 төгрөг, нийт 12.226.300 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******ын:

“...2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би Азаа эгчийн гэрт 21 цагийн үед очсон.., Азаа эгчийн гэрт Ганаа болон үл таних нэг эмэгтэй нар байсан. ...тэнд байсан хүмүүс бүгд гаръя гэж хэлээд гарахаар болж 10-р *******ллын хойд талд байрлах “Айзам” караокед бид 4 ороод ногоон цай захиалаад сууж байсан чинь Ганаа гэх эмэгтэй намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. ...чи миний үг аясаар байх ёстой гэж надад хэлэхээр нь би таныг танихгүй ээ, та үгээ бодож ярь гэж хэлсэн. Тэгээд Ганаа гэх эмэгтэй Азаа эгчид хандан “чи гичийнүүдээ давраачихсан юм биш үү” гэж хэлэхээр нь “би та юу яриад байгаа юм” гэхэд ингэж ярьсан хүнийг чи яах уу гээд өмнөө байсан аягаа аваад босоод ирэхээр нь би ширээн дээр байсан данхтай халуун цайг над руу цацахгүй гэж бодоод данхтай цайг холдуулаад хажуу талын ширээн дээр тавьсан чинь намайг Ганаа гэх эмэгтэй үсдэж аваад дарж унагаахад хамт байсан хоёр эмэгтэй салгасан ч буцаж ирж үсдээд гуя хэсэг рүү өшиглөхөд хамт байсан хүмүүс ахиж салгасан. Тэгээд би хувцсаа өмсөөд гарах гэтэл миний гадуур хувцасны малгайнаас татаж унагаагаад микрофоноор миний шанаа хэсэг рүү цохиж зодож эхэлсэн. Тэгж байтал цагдаа нар ирсэн...эмчилгээний зардал болон бусад зардалд 3.267.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

Гэрч :

“...тухайн өдөр 10-р *******ллын “Айзам” гэх караокед би ******* болон түүний найз гэх үл таних эмэгтэй нар орсон. Тэгээд ******* нь үл таних эмэгтэйтэй маргаж эхлээд тэр хоёр нэг нэгнийхээ үснээс үсдэлцээд харилцан зодолдож эхэлсэн. Би хэн хэнийгээ яаж цохиж гэмтээснийг харж амжаагүй би салгах гэсэн боловч дийлэхгүй болохоор нь тухайн үед яг зодолдож байхад нь гараад караокены хүнд цагдаа дуудаад өгчих гэж хэлээд ороод ирсэн... Удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн:

“...нийт 120.000 төгрөгийн зардал гарсан байна. ...*******ээс уг зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төвлөрүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...1, 2, 3, 4 гэж байрлуулсан гэрэл зургуудаас ...хохирогч Чулуунбаатарын Ууганбат миний нүүрэн тус газар цохиж намайг гэмтээсэн хүн 4 дугаарын зурагтай хүн мөн байна би шууд хараад таньж байна. Дахин зургийг сольж харуулахад 2 дугаарыг зааж энэ намайг цохисон хүн мөн байна...” гэсэн тэмдэглэл, хохирогч ******* өөрийгөө зодсон гэх эмэгтэйг зааж буй гэрэл зураг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн:

“...*******ын биед дээд уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног дотор үүссэн байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн:

“*******ийн биед дуранд зулгаралт, зулай, духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

Хохирол төлбөрийн баримтууд /хавтаст хэргийн 50 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, Сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг 6 дахин нэмэгдүүлж шүүгдэгчээс гаргуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “...Сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 7.144.500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хохирогчийн түрээсийн гэрээг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргаангүй. Хүний сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар “шинжээч тогтооно” гэж заасан тул сэтгэл санааны хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн олох ёстой байсан орлогын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5-р *******, 10-р *******лол, “Айзам” нэртэй караокед иргэн *******ын үснээс нь зулгааж, хөлөөрөө өшиглөж, нүүр лүү нь микрофоноор цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч Г.Цолмонжаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 171 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь эмчилгээ хийлгэсэн зардалд 275.900 /хх 50 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт /шүдний эмчилгээний зардал 160.000 төгрөг болно/ гэх албан бичиг, ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого 4.200.000 төгрөг, түрээсийн төлбөр 420.000 төгрөг, такси үйлчилгээний төлбөрт 25.960 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 7.144.500 төгрөг, нийт 12.226.300 төгрөг нэхэмжилсэн.

Шүүгдэгч *******ийн шинээр гаргаж өгсөн баримтаар 400.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх ба хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас хууль ёсны үндэслэл бүхий шаардлага хангаагүй “Юуби Глобал Дент ХХК-ийн “160.000 төгрөг болно” гэх албан бичиг, такси үйлчилгээний төлбөр 25.960 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 4.200.000 төгрөг, түрээсийн төлбөр 420.000 төгрөгийн хохирол төлбөр нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл хувиараа хөдөлмөр эрхэлж, сардаа тогтмол хэдэн төгрөгийн орлого олдог, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд дээрх орлого хамааралтай эсэхийг шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, тодорхой тооцоолол хийх боломжгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцээгүй бөгөөд хохирогч *******ын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаал болон Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийн шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэжээ.

Дээрх хамтарсан тушаалын хавсралтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн “хоёрдугаар зэрэглэл”-д хамаарч байх тул Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасан “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-д “Хөнгөн гэмтлийн улмаас  хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 4-8% тогтоож, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заасан байна. 

Хавтаст хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 726 дугаартай дүгнэлтээр хохирогч *******ын биед биед дээд уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх, зүүн гуянд цус хуралт учирсан” гэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өөрийн эрүүл мэнддээ учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сөрөг үр дагавар, гомдол, санал болон шүүгдэгчийн гэм буруу зэргийг харгалзан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 4 хувиар тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний *******ны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 550.000 төгрөг байхаар тогтоосон байх бөгөөд 5 дахин нэмэгдүүлэн шүүгдэгчээс нийт 2.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******ад олгохоор шийдвэрлэв.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв” эмнэлгээс хохирогч *******ын төрийн үйлчилгээний төлбөр болох 120.000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаангүй. Иймд торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305043890228 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч *******ад олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ээс 120.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ