Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 32

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Шүүгдэгч: Б.Гомбосүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шатан хөл овогт Баттогтохын Гомбосүрэнд холбогдох 201616000290 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Б.Гомбосүрэн нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг Дэл гэх газарт байсан хохирогч С.Батболдын эзэмшлийн 1 тооны атан тэмээг нууц далд аргаар шунахай сэдэлтээр өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Fekon маркийн  улсын дугааргүй мотоцикль хэрэглэж хулгайлж, хохирогч С.Батболдод бага бус хэмжээний хохирол учруулж бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Гомбосүрэн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ.. “Би 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед шөнө Хүрмэн сумын Жанжин багийн нутаг дэл гэх газарт Батболд гэж хүний тэмээнээс босоо ширээ бөхтэй ухаа шар зүстэй атан тэмээг өөрийнхөө цагаан өнгийн, улсын дугааргүй фекон маркийн мотоциклиор хөөж авч ирсэн. Надтай хамт Эрдэнэчулуун гэж хүн судалж явсан боловч уг хүн намайг хулгай хийж байгааг мэдээгүй. Эрдэнэчулуунд би өөрийнхөө тэмээг авч байгаа гэж хэлж итгүүлсэн байсан. Ингээд тэмээгээ гэрийнхээ гадаа авч ирээд алж янзлан аймгийн төв дээр авч ирж зарсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Эрдэнэчулуун нь надтай хамт хулгай хийгээгүй, мэдээгүй явж байсан учраас Эрдэнэчулууны асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Эрдэнэчулуунд би өөрийнхөө тэмээнээс хүнс авч зарах гэж байгаа гэж ойлгуулсан байсан. Намайг хулгай хийж байгааг огт мэдээгүй. Сэжиглээч үгүй байх. Банкны мөнгө төгрөг хэрэг болоод тэгээд хулгай хийчихсэн. Манай эхнэр өвчтэй байсан учраас гарч ирж хүнс авч байгааг харж чадаагүй хэвтэж байсан. Би Арвинсан дэлгүүрийн урд талд зогсож байсан ченжид тэмээнийхээ ширийг өгсөн. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Махыг нь би Сүмбэр нэртэй дэлгүүрт 1900 төгрөгөөр бодож зарсан. Хулгай хийхдээ би өөрийнхөө цагаан өнгийн мотоциклийг унаж явж хулгай хийсэн.Энэ хоёр мотоциклийн дугуйны хээ хоорондоо адилхан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, “Би 2016 оны 12 сарын 09-ний өдөр авгайдаа хонь эргүүлчихээд хүнээс хаврын зээлээр тэмээ авна гэж хэлээд явсан. Тэгээд Хүрмэн сумын Дэл гэдэг газраас ухаа шар ат хөөж ирж гэрийнхээ гадаа алсан. Маргааш нь арвуулаа аймаг дээр авч ирсэн. Сүүлд эзэн нь Батболд гэдэг хүн гарч ирсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Батболд мэдүүлэхдээ...“Хамгийн сүүлд би 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн тэмээгээ бэлчээрт нь тоолж бүртгэсэн чинь бүгд бүрэн байсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин тэмээндээ явж бүртгэж үзсэн чинь шар зүстэй 1 тооны атан тэмээ /нас бие гүйцсэн/ дутсан. Тэгээд хэдэн өдөр хайгаад олоогүй. Тэгээд би 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлчээрээр мөр үзсэн. Тэгсэн чинь манай тэмээний бэлчээр дээрээс мотоцикльтой хүн 3 тэмээ тууж явсан мөр байсан. Тэгээд мөрийг нь дагаад яваад байсан чинь 7-8 километр яваад хоёр тэмээ нь үлдээд нэг тэмээг нь туугаад явчихсан мөр байсан. Тэрийг нь мөн үргэлжлүүлэн дагаж явсан чинь нэг айлын өмнөөс ойрхон очоод мөрийг нь алдсан. Тэгээд энэ айлтай ойрхон очсон юм чинь ороод үзье гэж бодоод гэр лүү нь очсон. Тэгсэн гэрийн гадаа байсан улбар шар өнгөтэй мотоциклийн хоёр дугуйны хээ нөгөө бэлчээрт гарсан байсан мөртэй таарч байсан. Тэгээд би тэр айлд орсон чинь Гомбоо гэдэг айл байсан. Гомбоо нь эхнэр хүүхэдтэйгээ байж байсан. Тэгээд би нээх юм ярилгүй тэмээ хайгаад мөр дагаж ирээд гэх зүйл хэлж яриагүй гарч явсан. Тэгээд би сумынхаа цагдаад дуудлага өгсөн. Сумын цагдаа төлөөлөгч хоёулаа ирсэн. Тэгээд би тэр хоёрт уг мөрийг үзүүлсэн. Тэгсэн төлөөлөгч уг газарт үзлэг хийгээд намайг явж бай гэж хэлээд өөрсдөө мөрөө дагаад явсан. Зөв талын гуяны дунд хэсэгт дөрвөлжин хүрээтэй 2 савхтай тамгатай. Хаа нь дээрээ хөндлөн гурилан хээстэй. Хоёр чихэндээ гурван салаа цагаан утасны үзүүрт хар цацаг бүхий ээмэгтэй. Шар зүсмийн 10 настай уналга эдэлгээний номхон атан тэмээ байсан. ...би тэр мөрийг түмпэн хөмөрч хамгаалж орхисон байсан. Нэг гутлын мөр нь бакалан гутлын мөр байсан. Нөгөө гутлын мөр нь ямар ч хээгүй гутлын мөр байсан. Би тэмээгээ 2500000 төгрөгөөр үнэлж байна. ...би мах үнэтэй байх үед үнэд хүргээд хэрвээ зарсан бол 1600000 төгрөг хүргэж чадах байсан. Хохирлоо төлүүлчвэл өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Гэрч Ж.Жамбаахүү мэдүүлэхдээ...“Би Хайрхан дэлгүүрийн зүүн талд Сүмбэр гэх нэртэй махны дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орой 17 цаг өнгөрч байхад тэр Гомбосүрэн нь цэнхэр өнгийн портер машинтай нэг залуутай хамт ирээд тэмээ авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би хаанаас авч ирж байгаа юм бэ гэж асуусан чинь Номгон сумаас гэж хэлсэн. Тэгээд би гарал үүслийн гэрчилгээ нь хаа нь байгаа юм бэ гэхэд хөгшин чинь сумын төвөөр орж чадсангүй шууд ирлээ. Сүүлд нь нөхөөд өгчихье гэж хэлэхээр нь за тэг тэг гээд тэмээний махыг нь жинлэж авсан. Жинлэж үзэхэд 328 килограмм олж байсан. Тэгээд 1 килограммыг нь 1900 төгрөгөөр бодож нийт 624000 төгрөг өгсөн. Өмнө би Улаанбаатар хотод Хар хорин зах дээр мах зардаг байсан. Энд ирээд 2 жил гарантай хугацаанд мах зарж байна. Өмнө нь Гомбосүрэн эхнэр хүүхэдтэйгээ 2 бага мал авч ирж зарж байсан. Тэгээд би итгээд эргээд авч ирж өгөх байх гэж бодоод махыг нь авчихсан. Тэгээд удаагүй тэр махыг хулгайн мах байсан байна гээд цагдаагаас дуудсан" гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэрч Б.Буяндэлгэр мэдүүлэхдээ... “Гомбосүрэн аймаг руу бензин, тос авах гэж ороод нэг хоночихоод буцаад 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр орой манай нутгийн гаралтай Эрдэнэчулуун гэх залууг дагуулаад ирсэн. Би тухайн үед нь гэртээ хоёр бага хүүхэдтэйгээ байж байсан. Тэгээд Эрдэнэчулуун, Гомбосүрэн хоёр малын чулуун хороо нурчихсан байсныг барьж янзалсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хонь эргүүлчихээд цаашаа хүнээс тэмээ авах ёстой түүнийгээ авчихаад ирье гэж хэлээд Эрдэнэчулууныг дагуулаад мотоцикльтой явсан. Тэгээд 19 цагийн үед байна уу би сайн цагийг мэдэхгүй байна. Тэгээд гаргаж янзлах шиг болсон.  Би тэр тэмээг гарч хараагүй ямар зүстэй, ямар тэмээ байсныг огт хараагүй. Би гэрт бие жаахан муу хүүхдүүдтэйгээ унтаж байсан. Тэгээд маргааш нь Гомбосүрэн махаа ачиж аваад зарчихаад ирсэн. Тэгээд өртэй байсан өрөндөө өгсөн гэж байсан. Надад 600000 төгрөг болсон гэж байсан. Тэгсэн харин сүүлд цагдаад шалгагдаад ирсэн хойно нь нөгөө хүнээс авсан гэх тэмээ нь хулгайн тэмээ байсан тухай мэдсэн. Эрдэнэчулуунаас чи тэр хулгай хийж байгааг мэдэж байсан юм уу гээд загинах санаатай ярьсан чинь өмнөөс Эрдэнэчулуун нь би бас мэдээгүй гэж байсан. Гомбосүрэн өөрийнхөө цагаан мотоцикльтой явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Сэжигтэн Ч.Эрдэнэчулуун мэдүүлэхдээ... “2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр намайг гэртээ байж байхад манай нутгийн танил залуу Гомбосүрэн ирсэн. Тэгээд надаас хамт яваад хороо бууц янзлаад хүнс хоол аваад ирье чамд 30000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь за тэгье гээд охиноо айлд орхиод тэр өдрөө Гомбосүрэнтэй хамт хөдөө гэр лүү буюу Номгон сумын Үнэгт гэх газар луу явсан. ...Тэгээд маргааш нь хороо бууцыг янзалж өнжсөн. Тэгээд маргааш нь үдээс хойш 14-15 цагийн үед Гомбосүрэнгийн цагаан өнгийн мотоцикльтой сундлаад тэмээнд явсан. Тэгээд гэрээс нь баруун урагшаа 15-16 километрт явсан байх. Тэгсэн хэсэг 10 гаруй тэмээ таарсан. Энэ манай тэмээ байна гээд цуг тэмээн дундаас нэг тэмээ туух гэсэн чинь ижлээсээ салахгүй байхаар нь хоёр тэмээтэй хамт тууж салгачихаад нөгөө хоёрыг нь буцаагаад ижил рүү нь тууж орхиод, нөгөө нэг тэмээгээ тууж явсаар Гомбосүрэнгийн гэрт очсон. ...Гомбосүрэн нугаслаад тэгээд нийлээд арьсийг нь хуулж янзалсан. Эхнэр нь бөөр нуруу өвчтэй гээд тэмээний гэдэс дотор янзлаагүй. Бүгдийг нь Гомбосүрэн бид хоёр хийсэн. ...Тэгээд аймгийн төвд байдаг Сүмбэр дэлгүүрт очоод зарсан. Гомбосүрэн тэмээгээ зарчихаад хэлсэн ёсоороо надад 30000 төгрөг өгсөн. Би тэгээд явсан. Би тэр тэмээг хулгайн гэж мэдээгүй. ...Зөв талын бөхний доогуурхан цагаан гурилан хээстэй. Хонгор шар тэмээ байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2017.01.09-ний өдрийн ТХҮ-217-03 хөрөнгө үнэлгээний дүгнэлт:

-10 настай атан тэмээ нэг толгой нь 850000 төгрөгөөр зах зээлд борлогдож байгаа дундаж үнэ ханшаар үнэлэв.

“Ашид билгүүн” ХХК-ийн 2017.01.13-ны өдрийн ӨМА/50 хөрөнгө үнэлгээний дүгнэлт:

Өмнөговь аймгийн Б.Гомбосүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй 2014 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Fekon-150 маркийн мотоцикл нь 2017 оны 01 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 300000 төгрөгний үнэтэй байгаа болохыг тодорхойлов.

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 04-11 дүгээр хуудас/

Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17 дугаар хуудас/

Ч.Эрдэнэчулууны ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/

Б.Гомбосүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар нотариатоор батуулсан хуулбар /хх-ийн 51 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкнуудын тодорхойлолт /хх-ийн 53-60 дугаар хуудас/

Б.Гомбосүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/

2017.03.20-ны өдрийн №10 дугаартай хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх-ийн 73 дугаар хуудас/

2017.03.20-ны өдрийн №12 дугаартай Эрүүгийн хэргээс сэжигтэн Ч.Эрдэнэчулуунд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт нь хэрэгт хамааралтай, эдгээрийг хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гомбосүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймаг Хүрмэн  сумын Жанжин багийн нутаг Дэл гэх газраас С.Батболдын 1 тооны атан тэмээг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан болох нь хохирогч С.батболдын мэдүүлсэн “2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин тэмээндээ явж бүртгэж үзсэн чинь шар зүстэй 1 тооны атан тэмээ /нас бие гүйцсэн/ дутсан. Тэгээд хэдэн өдөр хайгаад олоогүй. Тэгээд би 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлчээрээр мөр үзсэн. Тэгсэн чинь манай тэмээний бэлчээр дээрээс мотоцикльтой хүн 3 тэмээ тууж явсан мөр байсан. Тэгээд мөрийг нь дагаад яваад байсан чинь 7-8 километр яваад хоёр тэмээ нь үлдээд нэг тэмээг нь туугаад явчихсан мөр байсан. Тэрийг нь мөн үргэлжлүүлэн дагаж явсан чинь нэг айлын өмнөөс ойрхон очоод мөрийг нь алдсан. Тэгээд энэ айлтай ойрхон очсон юм чинь ороод үзье гэж бодоод гэр лүү нь очсон. Тэгсэн гэрийн гадаа байсан улбар шар өнгөтэй мотоциклийн хоёр дугуйны хээ нөгөө бэлчээрт гарсан байсан мөртэй таарч байсан. Тэгээд би тэр айлд орсон чинь Гомбоо гэдэг айл байсан. Гомбоо нь эхнэр хүүхэдтэйгээ байж байсан. Тэгээд би нээх юм ярилгүй тэмээ хайгаад мөр дагаж ирээд гэх зүйл хэлж яриагүй гарч явсан. Тэгээд би сумынхаа цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, гэрч  Б.Буяндэлгэрийн  “2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хонь эргүүлчихээд цаашаа хүнээс тэмээ авах ёстой түүнийгээ авчихаад ирье гэж хэлээд Эрдэнэчулууныг дагуулаад мотоцикльтой явсан. Тэгээд 19 цагийн үед байна уу би сайн цагийг мэдэхгүй байна. Тэгээд гаргаж янзлах шиг болсон.  Би тэр тэмээг гарч хараагүй ямар зүстэй, ямар тэмээ байсныг огт хараагүй. Би гэрт бие жаахан муу хүүхдүүдтэйгээ унтаж байсан. Тэгээд маргааш нь Гомбосүрэн махаа ачиж аваад зарчихаад ирсэн. Тэгээд өртэй байсан өрөндөө өгсөн гэж байсан. Надад 600000 төгрөг болсон гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч  болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ж.Жамбаахүүгийн “2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орой 17 цаг өнгөрч байхад тэр Гомбосүрэн нь цэнхэр өнгийн портер машинтай нэг залуутай хамт ирээд тэмээ авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би хаанаас авч ирж байгаа юм бэ гэж асуусан чинь Номгон сумаас гэж хэлсэн. Тэгээд би гарал үүслийн гэрчилгээ нь хаа нь байгаа юм бэ гэхэд хөгшин чинь сумын төвөөр орж чадсангүй шууд ирлээ. Сүүлд нь нөхөөд өгчихье гэж хэлэхээр нь за тэг тэг гээд тэмээний махыг нь жинлэж авсан. Жинлэж үзэхэд 328 килограмм олж байсан. Тэгээд 1 килограммыг нь 1900 төгрөгөөр бодож нийт 624000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна.

Хохирогч С.Батболд гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд “Вендо” ХХК-ны  2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А17-7 дугаартай Хөрөнгө үнэлгээний тайлангаар үнэлсэн 10 настай атан тэмээг зах зээлийн үнээр 1500 000 төгрөг, шууд бус хохиролд 384000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Гомбосүрэн 1880000 төгрөг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлбөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Гомбосүрэн нь гэмт хэрэг үйлдэхдээ шууд санаатай , шунахай сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байх бөгөөд Прокуророос зүйлчлэсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул  гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Шүүгдэгч Б.Гомбосүрэн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэ бүхий,  улсын дугааргүй, цагаан өнгийн Fekon маркийн мотоциклийг ашигласан нь түүний мэдүүлэг, хэргийн газрын үзлэгээр тогтоогдож байна.

         Шүүгдэгч Б.Гомбосүрэн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт зааснаар “Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ “ гэснийг удирдлага болгон шүүгдэгч Б.Гомбосүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 “хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг тэнсэж болсон гэснийг журамлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Гомбосүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улсын дугааргүй цагаан өнгийн  өнгийн Fekon маркийн мотоциклийг тухайн гэмт хэргийг үйлдэхдээ гэмт үйлдлээ түргэсгэх зорилгоор хэрэглэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн  хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадна заавал хураана” гэснээр хураан авч 2 ширхэг түлхүүрийн хамт Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч Б.Гомбосүрэнд авагдсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Шатан хөл овогт Баттогтохын Гомбосүрэнг бусдын эд хөрөнгийг тээврийн хэрэгсэл хэрэглэж хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Баттогтохын Гомбосүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гомбосүрэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Гомбосүрэнд бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар цагаан өнгийн Fekon маркийн улсын дугааргүй, 300000 /гурван зуун мянга/ төгрөгний үнэ бүхий мотоциклийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гомбосүрэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ