Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/92

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Шүүгдэгч, хохирогч,  М.Э-, Д.Б-, Ө.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт М-гийн Э-,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д-ын Б-, Ш овогт Ө-гийн Э- нарт холбогдох эрүүгийн 2435000000077 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ......................... өдөр Увс аймгийн ............. суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “.................” ХХК-д жимсчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн .................. сумын ..................................... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт М-гийн Э-, (регистрийн дугаар:..................);

2. Монгол Улсын иргэн, ....................................... өдөр Увс аймгийн .................. суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Увс аймгийн .................. сумын ........................... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Д-ын Б-, (регистрийн дугаар:...................);

3. Монгол Улсын иргэн, .................................... өдөр Увс аймгийн .................. суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .................. сумын .......................... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Ө-гийн Э-, (регистрийн дугаар:................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Увс аймгийн .................. сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..................” зочид буудлын үүдэнд үл ялих зүйлээр шалтаглан Д.Б-, Ө.Э- нартай маргалдаж, иргэн Д.Б-ын толгойг архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ө.Э-, Д.Б- нар нь 2024 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, Увс аймгийн .................. сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..................” зочид буудалд үл ялих зүйлээр шалтаглан М.Э-тай маргалдаж,  түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Э- нь 2024 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн .................. сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..................” зочид буудлын үүдэнд Д.Б-, Ө.Э- маргалдаж, иргэн Д.Б-ын толгойг архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ө.Э-, Д.Б- нар нь 2024 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, Увс аймгийн .................. сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..................” зочид буудалд иргэн М.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн харилцаа холбооны хэрэгслээр хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-8 дахь тал);

3. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-12 дахь тал);

4. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 13 дахь тал);

5. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 145 дугаартай “...Үзүүлэгч М.Э-ын биед тархи доргилт, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний дотор хэсэгт, хамрын нуруу, баруун чихний дэлбэнд, баруун, зүүн гарын алганд зулгаралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг дор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан байх тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал);

6. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 147 дугаартай “....Үзүүлэгч Д.Б-ын биед дух хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны ард цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг дор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Дух хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал);

7. Хохирогч М.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр...баар тараад гарч яваад такси бариад Х, С, болон сахалтай нэг залуу бид дөрөв .................. буудалд орсон. ...Бидний орсон өрөөнөөс хэсэг залуучууд гарч мухрын өрөө рүү явсан. Би өрөөнөөс гараад жижүүр эмэгтэйтэй маргалдсан. Гэтэл хажууд зогсож байсан нөгөө өрөөнөөс гарч байсан эмэгтэй болон махлаг залуу нь жижүүрийг өмөөрч надтай маргалдаад, улмаар бид барьцалдаж авсан. Гэтэл туранхайдуу өндөр залуу намайг үсдэж доош дарсан. Би салж аваад цааш мухар руу эргэтэл махлаг залуу нь миний нүүрэнд цохисон. Би хариу цохиж, бид барьцалдаж авахад намайг тонгойлгоод дээрээс цохиод байсан. Хажуугаас хүмүүс орж салгаж байсан. Би салж аваад буцаад өрөөнийхөө үүдэнд ирээд зогстол туранхай өндөр залуу нь ирээд миний нүүр рүү гараараа 2 удаа хүчтэй цохисон. Мөн тонгойгоод баруун хавирга орчимд өшиглөсөн. Тэгээд хүмүүс салгаад би үүдний орчимд ирсэн, тэгтэл араас махлаг залуу нь ирж намайг цохисон, түрж яваад хана мөргүүлсэн, дахин хэвлий орчимд нэг өшиглөсөн. Тэгтэл өндөр залуу нь ирээд намайг заамдаж аваад буудлын үүдээр түлхээд хамтдаа гарсан, үүдэнд миний малгай газарт унахад малгайгаа авах гэтэл өндөр туранхай залуу нь намайг цохиод түлхээд доошоо шатаар буулгасан. ..би тэр залуугийн толгой орчимд цохисон. Тэгтэл тэр залуу намайг цохиод газарт унагасан...миний 2 нүд хавдаж хөхөрч нүд рүү орж улайсан, толгойн зүүн шанаа, нүд орчим хамар орчмоор хавдсан, зүүн хөмсөг язарч цус гарсан, дээд уруулын дотор хэсэг үл ялиг язарсан байсан, баруун хавирга орчмоор хөндүүрлэж өвдөж байсан...миний сэтгэцэд хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал);

8. Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 22-ны орой найз найрын хамт Тундер бааранд орсон, баар хаахад бид .................. буудалд 2 цагийн хугацаатай өрөө авсан...М.Э- гэж сүүлд нэрийг нь мэддэг болсон танихгүй ах маргаан үүсгээд түүнээс болж бид маргалдаж зодолдсон...би тэр хүний нүүр рүү гараараа 2 удаа цохисон, тэр ах үүд рүү яваад өгсөн. Үүдэнд Э- тэр хоёр маргалдаж зууралдахад би очоод тэр ахыг аваад гадагш гарсан. Шатаар маргалдаад бууж байх хооронд миний өвөрт байсан архи газарт унасан. Түүнийг М.Э- аваад миний толгой руу цохисон. Би цохиулаад толгойноос цус гарсан тул үхлээ гэж орилж найзаа дуудсан. Тэгэхэд Э- гарч ирээд тэр хүнийг цохиод газарт унагасан...Э- нь миний толгойг архины шилээр нэг удаа цохисон...миний сэтгэцэд хохирол учраагүй...сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй,..надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал);

9. Гэрч Т.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 22-ны орой... намайг гарахад Д.Б-ын нүүр болон М.Э-ын нүүр аль аль нь цус болсон байсан. Б- нь намайг архины шилээр цохичихлоо гэж хэлсэн. Ямар архины шилээр гэж асуухад халаасанд байсан 0.5л-ийн архи унаж ирээд түүнийг тэр ах аваад миний толгой руу цохичихлоо гэж хэлж байсан...Э- гэдэг ахаас болж Б-, Э- тэр гурвын хооронд маргаан зодоон болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал);

10. Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 22-ны орой найз нарын хамт..................... зочид буудалд 2 цагийн хугацаатай өрөө авсан... би зодоонд огт оролцоогүй, харин намайг хэн нэгэн толгойн орой хэсэгт 1 удаа цохисон, хэн цохисныг хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал);

11. Гэрч Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Э-ыг цагаан фудволктой залуу болон туранхай өндөр залуу 2 нийлж аваад зодсон, М.Э- урдаас нь зодолдож байсан, тэр гурвын хооронд зодоон болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал);

12 Шүүгдэгч М.Э-, Д.Б-, Ө.Э- нар өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. (хавтаст хэргийн 80, 89, 98-99 дэх тал);

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ө.Э-, Д.Б- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Э-ын эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 145 дугаартай дүгнэлтээр,

Шүүгдэгч М.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд учирсан “дух хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 147 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогджээ.

Шүүгдэгч  М.Э-, Д.Б-, Ө.Э- нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан бөгөөд уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Ө.Э-, Д.Б- нар нь бүлэглэж, хохирогч М.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон тул шүүгдэгч Ө.Э-, Д.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр,

Шүүгдэгч М.Э- нь хохирогч Д.Б-ын толгой тус газарт архины шилээр цохиж, хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон тул М.Э-ын  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр тус тус  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ө.Э-, Д.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Э-, Д.Б-, Ө.Э- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч М.Э-, Д.Б-, Ө.Э- нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ө.Э-, Д.Б- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч М.Э- мөрдөн байцаалтын шатанд “...Ө.Э-, Д.Б- бид нар харилцан ярилцаж,  ойлголцсон, цаашид нэхэмжлэх хохирол, гомдол байхгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, холбогдох баримтыг гаргаж өгсөн нь хавтаст хэргийн 117 дахь талд,

Мөн шүүгдэгч М.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Б- “М.Э- бид харилцан ойлголцсон, цаашид нэхэмжлэх хохирол, гомдол байхгүй..” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, холбогдох баримтыг гаргаж өгсөн нь хавтаст хэргийн 124 дэх талд тус тус авагджээ.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Э-, Д.Б-, Ө.Э- нараас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Ө.Э-, Д.Б- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нь М.Э-, Д.Б-, Ө.Э- нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 107, 121, 137 дахь тал);

Шүүгдэгч  М.Э-, Д.Б-, Ө.Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

3. Шүүгдэгч М.Э-, Д.Б-, Ө.Э- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч М.Э-, Д.Б-, Ө.Э- нарын хүсэлтийг хангаж, тэдгээрт холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-, Д.Б- нарын тус бүрт 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ад 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-, Д.Б- нарын тус бүрт 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ад 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М.Э-, Д.Б-, Ө.Э- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн CD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Э-, Д.Б-, Ө.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт М-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч М овогт Д-ын Б-, Ш овогт Ө-гийн Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ад 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-, Д.Б- нарын тус бүрт 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-, Д.Б-, Ө.Э- нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэй ба торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Э-, Д.Б-, Ө.Э- нараас гаргуулах хохирол, хор уршиггүйг дурдаж, шүүгдэгч М.Э-, Д.Б-, Ө.Э- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5.  Шүүгдэгч М.Э-, Д.Б-, Ө.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

6. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА