Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Б, Т.У,

Шүүгдэгч: А.Д-, Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт А-ын Д-, Т з овогт Г-ын Г- нарт холбогдох эрүүгийн 2435000000096 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................................... өдөр Увс аймгийн ................... суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ................. хамт амьдардаг, Увс аймгийн ................... сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х- овогт А-ын Д-, (регистрийн дугаар:.....................);

Монгол Улсын иргэн, ............................. өдөр Увс аймгийн ................... суманд төрсөн, .............. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ........................... хамт амьдардаг, Увс аймгийн ................... сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т з овогт Г-ын Г-, (регистрийн дугаар:......................);

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч А.Д-, Г.Г- нар нь бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 26-ны өдрүүдэд Увс аймгийн ................... сумын иргэд болох Э.Т-, Б.Н-, Б.Б- нарын нэрийг барьж тус сумын 2 дугаар багийн иргэн Х.У-тай утсаар холбогдож ямаа худалдана мөнгөө урьдчилаад өгчих хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 4 удаагийн гүйлгээгээр нийт 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг нэр бүхий иргэдийн дансаар шилжүүлэн авч, залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч А.Д-, Г.Г- нар нь бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 26-ны өдрүүдэд Увс аймгийн ................... сумын иргэд болох Э.Т-, Б.Н-, Б.Б- нарын нэрийг барьж тус сумын 2 дугаар багийн иргэн Х.У-тай утсаар холбогдож ямаа худалдана мөнгөө урьдчилаад өгчих хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 4 удаагийн гүйлгээгээр нийт 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг нэр бүхий иргэдийн дансаар шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн болох хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгч А.Д-ын өмгөөлөгч Д.Бунжаа шүүхийн хэлэлцүүлэгт: “...А.Д- урьд гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өмнөх хэргийнхээ хүрээнд цагдан хоригдож байх хугацаанд их зүйлийг ойлгож ухамсарласан тул дахин гэмт хэрэгт холбогдохгүй талаараа илэрхийлж байгаа. А.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа. А.Д-ын эхнэр 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр амаржсан. А.Д- нь ээжийнхээ хамт мал маллаж амьдарч байсан бөгөөд ээж нь хагалгаанд орох шаардлагатай болсон. Иймд А.Д-ын ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Т.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Г.Г-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдаж байгаа бөгөөд гэм буруугийн асуудлаар маргаангүй шүүх хуралдаанд оролцож байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч цаашид нэхэмжлэх хохиролгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж харж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаж үзнэ гэж хуульчилсан байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Г.Г- мэдүүлэгтээ аав ээжийн хамт мал маллан амьдардаг. Ээж нь тодорхой хэмжээнд эрүүл мэндийн шалтгаантай талаар тайлбарласан учир түүний энэ хувийн байдлыг нь харгалзаж үзэж, мөн тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Шүүгдэгч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Айлын ганц залуу байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ээж удахгүй хагалгаанд орох гэж байгаа” гэх мэдүүлгийг,

5. Шүүгдэгч Г.Г- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би өмнөх хэрэгт шалгагдаж байх явцдаа зөрчил гаргаж, 2024 оны 04 дүгээр сарын 18-нд цагдан хорих байранд орсон. Өнөөдрийг хүртэл олон хоног цагдан хоригдож байгаа. Ээжийн даралт ихэсдэг бөгөөд аавын хөл өвддөг боловч хөдөө мал маллаж байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2435000000096 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хохирогч Х-ы У-ын Хаан банкны ................... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, нэр бүхий хүмүүст мөнгө өгсөн талаарх хар дансны хуулбар (хавтаст хэргийн 6-13 дахь тал);

2. Хохирогч Х.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн ................... сумын нутаг дэвсгэрт......... ажилтай ба ажлын хажуугаар мал, мах худалдан авч зарж борлуулдаг ажил хийдэг хүн юм. Над руу 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ................... гэсэн дугаараас Ч /Э.Т-/ байна, та ямаа авч байгаа юу, би танд ямаа 2 тооны сэрх өгье гэж хэлсэн. Тэгээд 300.000 төгрөг шилжүүлчих гээд ................... дугаартай Хаан банкны данс өгөхөөр нь би таньдаг хүн байна гэж бодоод 300.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш буюу 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр над руу Х /Б.Н-/ байна, та ямаа авч байгаа бол 2 тооны ямаа өгье, та 300.000 төгрөг шилжүүлчихтэн гэхээр нь зөвшөөрч, Хаан банкны .................дугаартай Л.Б- гэх хүний данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Дахин 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр над руу ............... гэсэн дугаараас Х байна, танд дахин 2 тооны ямаа өгье, та дахиад 300.000 төгрөг шилжүүлчих гээд Хаан банкны ...................дугаартай Г.Н- гэх хүний нэртэй данс өгөхөөр нь уг данс руу 300.000 төгрөг дахин шилжүүлсэн юм. Мөн маргааш буюу 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр над руу .................... гэсэн дугаараас Б-гийн Б- байна, та ямаа авч байгаа бол 4 тооны ямаа өгье, та харин мөнгөө шилжүүлчихтэн гэж хэлээд Хаан банкны .............................. дугаартай Г.У- гэх хүний нэртэй данс өгөхөөр нь уг данс руу 4 ямааны үнэ болох 600.000 төгрөг шилжүүлсэн юм. Би тухайн над руу ярьж нэрээ хэлж байсан хүмүүсийг таньдаг учир шууд ямаа худалдан авахаар мөнгийг нь шууд шилжүүлж байсан юм. Сүүлд тухайн мөнгө авсан Б.Б-, Ч буюу Э.Т-, Х буюу Б.Н- нарын утсаар холбогдож хэлсэн ярьснаараа ямаагаа авъя гэхэд нь тухайн хүмүүс чамаас мөнгө төгрөг аваагүй, юу яриад байгаа юм гэхээр нь эхнэр бид хоёр ярилцаад хүмүүсийн нэр барьж бид нараас мөнгө авсан байна гэж бодоод манай эхнэр Увс аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан юм. Би Ч буюу Э.Т-, Х буюу Б.Н-, Б.Б- нарыг танина. Уг хүмүүс нь манай сумын 1, 2 дугаар багийн иргэд юм. Тухайн үед утасны цаанаас дуу хоолойг нь ялгах боломжгүй байсан юм. Би урьд нь нутгийн ард иргэд мал худалдаж авахдаа утсаар яриад мөнгө төгрөгөө шилжүүлээд дараа нь малаа очиж аваад болдог л байсан тул тэрийгээ бодож өгсөн юм. Худал ярьж авна гэж санаанд ороогүй юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-21 дэх тал);

3. Гэрч П.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Х.У- нь ................... сумын холбоонд ажилладаг ба ажлынхаа хажуугаар мал, мах худалдан авч, зарж борлуулдаг. ...Саяхан буюу 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны хооронд манай нөхөр Х.У- уруу Ч, Х, Б.Б- гэх хүмүүсийн өмнөөс утсаар ярьж, ямаа худалдаж борлуулна, мөнгөө урьдчилаад хийчих гэж хэлээд нийт 4 удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг шилжүүлэн авч хуурч мэхэлсэн тул нөхөр бид хоёр ярилцаад би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-25 дахь тал);

4. Гэрч Э.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Х.У- гэх хүнтэй утсаар ярьж, ямаа зарна гэж, түүнээс мөнгө авсан зүйл огт байхгүй. Саяхан над руу Х.У- 2 тооны ямаагаа авъя гэж ярихад би ямар учиртай ямаа өгөх ёстой талаар асууж тодруулахад 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Чой байна, аймагт явж байна яаралтай мөнгөний хэрэг гарлаа, танд 2 тооны ямаа зарна гэж скайтелын дугаараас залгаад данс өгөхөөр нь тухайн данс руу 2 ямааны мөнгө гэж 300.000 төгрөг шилжүүлж авсан юм гэж тайлбарлаж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28 дахь тал);

5. Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би Х.У- гэх хүнээс 2024 оны 03 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд ямаа зарна гэж мөнгө авсан зүйл байхгүй. Гэтэл саяхан Х.У- гэх хүн залгаад ах 4 ямаагаа хэзээ өгөх вэ гэж асуухад нь би ямар учиртай ямаа билээ гэж асуухад та над уруу 2024  оны 03 сарын 24, 25-ны өдрүүдэд 2 удаа Хожгор байна гэж утсаар яриад 4 ямааны мөнгө болох 600.000 төгрөг шилжүүлж авсан шүү дээ гэж хэлсэн. Би тэгээд Х.У-тай утсаар яриагүй, ямаа зарна гэж мөнгө аваагүй гэдгээ хэлсэн. Х.У- нь өөртэй нь миний өмнөөс ярьсан гэх утасны дугаар, дансны дугаарыг надад хэлэхэд нь би тухайн дугааруудыг мэдэхгүй гэдгээ хэлээд утсаа салгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-32 дахь тал);

6. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би Х.У- гэх хүнээс 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ямаа зарна гэж хэлээд мөнгө авсан зүйл байхгүй. Саяхан буюу 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Х.У- гэх хүн над руу залгаж ямаагаа өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар ямаа билээ гэж асуусан. Тэгэхэд Х.У- нь 4 тооны ямааны мөнгө чи авсан биз дээ, тэр сэрхээ авч ирж өгнө гэсэн яасан бэ гэж хэлсэн. Тэгээд би танаас огт мөнгө аваагүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал);

7. Гэрч Г.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр таксинд явж байсан ба арын 4 замд байх Жимст хөхий гэх дэлгүүрээс тамхи авах гээд зогсож байтал цэнхэр өнгийн дээлтэй залуу таксинд явахаар миний машинд суусан. Тэгээд машин хөдлөхөөс өмнө та данс уруугаа мөнгө хийгээд гаргаад өгөөч, би хөдөөний залуу юм, надад карт байхгүй гэж гуйхаар нь би зөвшөөрч, Хаан банк дахь 5820142617 тоот дансны дугаараа өгсөн. Тэр залуу миний хажууд нэг хүнтэй утсаар яриад мөнгө асууж, миний данс өгөхөд 600.000 төгрөг орж ирсэн, тэгээд би уг мөнгийг гаргаж өгөөд, таксины мөнгө 10.000 төгрөг авсан. ...Надтай 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр таарч мөнгө гаргаж өгсөн залуу нь миний машинд анх орж ирээд миний данс ашиглаж мөнгө гаргаж авмаар байна гэх цаг хугацаанд нэг хүн рүү утсаар яриад мөнгө шилжүүлж авч байсан, яг юу гэж ярьж мөнгө авсан эсэхийг сайн санахгүй байна. Цаад хүнээс нь сэрхний мөнгө гэсэн утгатай орж ирж байсан. ...Би цагдаагийн газрын сангаас Г-ын Г- гэх хүний зураг харлаа, тухайн өдөр миний дансаар 600.000 төгрөг шилжүүлж авсан залуу мөн байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дахь тал);

8. Гэрч Г.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээрээ такси үйлчилгээнд явж өнжсөн юм. Өөр хол ойр явсан зүйл байхгүй. Би ................ дугаартай данс эзэмшдэг. Би 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр таксинд явж байсан ба тухайн өдрийн нилээн оройхон байх, Нэгдсэн эмнэлэгт цай хоол хүргэж өгчихөөд хариу буцаж явах замдаа “Шинэ-эрин” сэлбэгийн дэлгүүрийн зэргэлдээх зам дээр хоёр залуу гараа өргөхөөр нь зогссон юм. Уг хоёр залуу миний машинд орж ирээд машин хөдлөхөөс өмнө танай данс руу мөнгө хийгээд гаргуулаад авмаар байна, Улаанбаатар хотод ажиллаад цалингаа авч чадалгүй ирсэн юм, цалингаа авах гээд байна, ах та туслах боломж байна уу гэхэд нь зөвшөөрч өөрийн эзэмшлийн ............... дугаартай Хаан банкны дансны дугаараа өгсөн. Удалгүй 300.000 төгрөг орж ирсэн ба уг мөнгийг нь Хаан банкны АТМ-ээс гаргаж өгөөд уг хоёр залууг “Тэнгэр” нэртэй дэлгүүрийн харалдаа зам дагуу буулгаж таксины мөнгө гэж 10.000 төгрөг аваад явсан юм. Уг хоёр залуутай дахин таарсан зүйл байхгүй. Өөр тухайн өдөр надад дансаараа мөнгө төгрөг авсан зүйл байхгүй байна. Надтай 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр таарч мөнгө гаргаж өгсөн хоёр залуу нь миний машинд анх орж ирээд миний данс ашиглаж мөнгө гаргаж авмаар байна гэх цаг хугацаанд нэг хүн рүү утсаар яриад мөнгө шилжүүлж авч байсан, яг юу гэж ярьж мөнгө авсныг сайн санахгүй байна. Би 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр таарч мөнгө гаргаж өгсөн хоёр залууг урд өмнө харж байгаагүй ба тухайн залууг дахин харвал таньж магадгүй. Би Цагдаагийн газрын сангаас Г- овогтой Г-, А- овогтой Д- гэх хоёр залуугийн зураг харлаа, энэ харсан зураг нь миний 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр таксинд явж байхдаа хоёр залуутай таарч миний Хаан банкны ................. дугаартай дансыг ашиглан 300.000 төгрөг гаргуулж авсан залуучууд мөн байна, маш адилхан харагдаж байна. Тухайн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр таарч мөнгө гаргаж өгсөн хоёр залуу нь хажуудаа ямар нэг хүн хамт яваагүй хоёулхнаа явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал);

9. Гэрч Л.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр буюу амралтын өдөр өөрийн суудлын тэргээр такси үйлчилгээнд явж байсан. Би ................. дугаартай данс эзэмшдэг. Уг данс нь миний өөрийн Хаан банкны дугаартай данс ба би өөрөө одоо эзэмшиж байгаа. Би 2024 оны 03 дугаар сарын 24-ны өдөр таксинд явж байсан ба өдрийн 12 цагийн үед байх захын үүдэнд зогсож байтал 2 залуу ирж уулзахдаа та таксинд явах уу танд хаан банкны данс карттай юу гэж асуухад би тухайн хоёр залуугаас яах гэж байгаа талаар асуухад уг хоёр залуу надад хандаж бид ахын нэг машины сэлбэг авах гэсэн юм, таны дансаар мөнгө шилжүүлж авмаар байна гэхэд нь би зөвшөөрч шовгорт нь 5000 төгрөг өг гэхэд тэр хоёр залуу зөвшөөрсөн. Уг хоёр залуу машинаас буугаад хүнтэй яриад байж байгаад миний Хаан банкны ................. дугаарын данс аваад одоо шилжүүлсэн байх гэхээр нь Хаан банкны АТМ-ээс 300.000 төгрөг гаргаж өгөөд нааш цааш таксинд явалгүй хэсэг хүлээлгэсэн гэж би тэр хоёр залуугаас 10.000 төгрөг авсан ба тухайн хоёр залуу яваад өгсөн. Өөр тухайн өдөр надад дансаараа мөнгө төгрөг авсан зүйл байхгүй байна. 2024 оны 03 дугаар сарын 24-ны өдөр надтай таарч мөнгө гаргаж өгсөн хоёр залуу нь миний машинд анх орж ирээд миний данс ашиглаж мөнгө гаргаж авмаар байна гэх цаг хугацаанд машинаас буугаад хүн рүү ярьсан ба яг юу гэж ярьж мөнгө авсан эсэхийг сайн санахгүй байна. Надад 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр таарч мөнгө гаргаж өгсөн хоёр залууг урьд өмнө харж байгаагүй, тухайн залууг дахин харвал танина. Би Цагдаагийн газрын сангаас Г- овогтой Г-, А- овогтой Д- гэх хоёр залуугийн зураг харлаа, энэ харсан зураг нь би 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр таксинд явж байхад ирж миний Хаан банкны .................... дугаартай дансыг ашиглан 300.000 төгрөг гаргуулж авсан залуучууд мөн байна. Уг хоёр залуугаас Г.Г- гэх залуу нь утсаар яриад байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Д-ын өмгөөлөгч Д.Бунжаа хэргээс:

1. Гэрч Я.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү А.Д- нь 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ................... суманд Ц.А- гэх хүний 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. Дээрээ 3 эгч, доороо 1 эмэгтэй дүүтэй, айлын ганц залуу байгаа юм. А.Д-ыг 3 настай байхад төрсөн эцэг Ц.А- нь зам тээврийн ослын улмаас нас барсан. А.Д- нь 2008 онд ................... сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж, 8 дугаар анги төгссөн, 2019-2020 онд ................ аймагт хилийн цэргийн ангид цэргийн алба хаасан. Одоо ................... сумын 2 дугаар багт эхнэр Б.Батцэцэг, 1 настай охины хамт амьдардаг, бод, бог нийлсэн 150 гаруй мал маллаж амьдардаг. А.Д- нь зүрх, бөөр муутай учир эмчилгээ хийлгэж байсан. Миний хүү А.Д- нь багаасаа хөдөө мал дээр гарсан учир гэнэн цайлган зантай, хүний үгнээс гардаггүй, юмны учир сайн мэдэхгүй, эвдрээгүй, хүүхдээрээ зантай ба муу найз нөхдийн үгэнд орж, уруу татагдаж гэмт хэрэг үйлдсэн байх. Миний хүү багаасаа эцэггүй өссөн учир өөрийн төрсөн гэрийн бүхий л хар бор ажлыг хийж, малаа хариулдаг ба одоо өрх тусгаарлаж тусдаа гарсан учир хоёр гэрийн бүхий л хүнд хэцүү ажлыг хийж байгаа. Одоо түүнийг эзгүй учир ар гэр нь эзгүйрч хэдэн мал нь тарж алга болоод хэцүү байна. А.Д- нь хүүхдийн мөнгөний орлоготой, түүнээс өөр тогтсон орлогогүй, 5 ханатай монгол гэр, бог, бод нийлсэн 150 гаруй малтай. А.Д- нь сэтгэцийн хувьд эрүүл, элдэв муу зуршил байхгүй, согтууруулах ундааны зүйл болон тамхи татдаггүй, шулуун шударга зантай, аливаа ажилд гарын эв дүйтэй, төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг, зөөлөн, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг хүн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал);

2. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, А.Д-ын өмгөөлөгчийн хамтаар 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-58, 62-64 дэх тал);

3. А.Д- болон түүний эхнэр Б.Б нарын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн .......... дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал);

4. А.Д- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн  84 дэх тал);

5. Хохирогч Х.У-ын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Цагдаагийн газарт гаргасан: “...бусдын нэрийг барьж надаас мөнгө авсан А.Д-, Г.Г- нар нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр миний дансаар 1.500.000 төгрөгийг шилжүүлж, намайг хохиролгүй болгосон тул ................... сумын иргэн А.Д-, Г.Г- нарт би гомдолгүй” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 96 дахь тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Т.Уянга хэргээс:

1. Хохирогч Х.У-ын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дахин өгсөн: “...яллагдагч Г.Г- нь надад учруулсан  1.500.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал);

2. Г.Г-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн  91 дэх тал);

3. Хохирогч Х.У-ын хохирол, гомдолгүй гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 96 дахь тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Д-, Г.Г- нар нь хэргээс шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэх тайлбарыг гаргасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.                  

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

Шүүгдэгч А.Д-, Г.Г- нар нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдон хууль, хяналтын байгууллагад шалгагдаж, ................... сумаас Улаангом сумын төвд ирж, “Увс плаза” зочид буудалд байрлаж байх үедээ уг буудлын мөнгө төлөх, хоол хүнс авах зорилгоор Увс аймгийн ................... сумын 2 дугаар багийн иргэн Х.У-ын цахим орчинд нийтэлсэн “Ямаа худалдаж авна” гэх зарыг ашиглан, 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 26-ны өдрүүдэд Х.У-тай тус сумын иргэд болох Э.Т-, Б.Н-, Б.Б- нарын нэрийг барьж, утсаар холбогдон ярьж, улмаар Х.У-т ямаа худалдан борлуулна, мөнгөө урьдчилаад хийчих гэж түүнийг хуурч, 4 удаагийн гүйлгээгээр нийт 1.500.000 төгрөг шилжүүлэн авсан нь тогтоогдож байна.

Тодруулбал: Шүүгдэгч Г.Г- нь 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр н.Нямбаяр гэх хүний ............. дугаарын утаснаас хохирогч Х.У-ын ..............дугаарын утсанд холбогдон ярьж, түүнд “Би Чой (Э.Т-) байна, та ямаа худалдан авч байгаа юу, би танд 2 тооны сэрх заръя, та урьдчилаад 300.000 төгрөг шилжүүлчих” гэж хохирогчийг хуурч, Хаан банк дахь иргэн Т.Ж-ын ..............дугаарын дансаар дамжуулан 300.000 төгрөг шилжүүлэн авсан,  

Маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч А.Д- нь хохирогч Х.У-ын утсанд холбогдон ярьж, “Би Х (Б.Н-) байна, та ямаа авч байгаа юу, хэрэв ямаа худалдан авч байгаа бол та миний данс уруу урьдчилаад 2 тооны ямааны үнэ 300.000 төгрөг шилжүүлчих” гэж хохирогчийг хуурч, Хаан банк дахь иргэн Л.Б-ийн ............... дугаарын дансаар дамжуулан 300.000 төгрөг шилжүүлэн авсан,

Дахин 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Г.Г- нь 88290126 дугаарын утаснаас Х.У-ын утсанд холбогдон ярьж, түүнд “Би Х (Б.Н-) байна, танд дахин 2 тооны ямаа өгье, та дахиад 300.000 төгрөг шилжүүлчих” гэж хохирогчийг хуурч, Хаан банк дахь иргэн Т.Н-ын  ........... дугаарын дансаар дамжуулан 300.000 төгрөг шилжүүлэн авсан,

2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч Г.Г- нь ............. дугаарын утаснаас хохирогч Х.У-ын гар утсанд холбогдон ярьж, түүнд “Би Б-ийн Б- байна. Та ямаа авч байгаа бол 4 тооны ямаа өгье, та 600.000 төгрөг урьдчилаад хийчих” гэж  хохирогчийг хуурч, Хаан банк дахь иргэн Г.У-гийн ................ дугаарын дансаар дамжуулан, 600.000 төгрөг шилжүүлэн авч, хохирогч Х.У-т нийтдээ 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж ирүүлсэн нотлох баримтууд болох хохирогч Х.У-ын мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлгүүд, түүний дансны хуулга, гэрч П.Б-, Э.Т-, Б.Н-, Б.Б-, Г.У-, Г.Н-, Л.Б, Т.Ж нарын мэдүүлэг, шүүгдэгч А.Д-, Г.Г- нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогджээ.( хавтаст хэргийн 6-13, 14-21, 22-25, 26-28, 29-32, 33-35, 36-38, 39-41, 42-44, 47, 62-64, 74-76 дахь тал),

Хууль зүйн дүгнэлт:                                                                                                                                                       

1. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Д-, Г.Г- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, улмаар яллах  дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан гэмт хэрэг юм.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн онцлогтой байдаг бөгөөд залилагч этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, үнийг нь төлөхгүй байх сэдлээр гэмт хэрэг үйлддэг.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч А.Д-, Г.Г- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, Увс аймгийн ................... сумын иргэн Э.Т- /Ч/, Б.Н- /Х/, Б.Б- нарын нэрийг барьж 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд ................... сумын 2 дугаар багийн иргэн Х.У-тай утсаар холбогдож, түүнд ямаа худалдана, мөнгөө урьдчилаад өгчих хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 4 удаагийн гүйлгээгээр нийт 1.500.000 төгрөгийг нэр бүхий хүмүүсийн дансаар дамжуулан авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Д-, Г.Г- нар нь Х.У-ын сайн таньж мэдэх иргэд болох Э.Т- /Ч/, Б.Н- /Х/, Б.Б- нарт итгэх итгэлийг ашиглаж, түүнийг залилсны улмаас хохирогч Х.У- нь тэдгээрт 1.500.000 төгрөгийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, шүүгдэгч нар нь анхнаасаа хохирогчийн мөнгөн хөрөнгийг буцааж өгөхгүй байх, бүрмөсөн өөрийн эзэмшилд шилжүүлэн авах зорилгоор Х.У-ыг залилж, 1.500.000 төгрөгийг нь өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авснаар гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн хуулийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.Д-, Г.Г- нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцож, гэмт санаагаа хэрэгжүүлэхдээ хэн аль нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгыг агуулснаар тэдгээрийн  хүсэл зоригийн илэрхийлэл давхцаж, хүссэн үр дүндээ хүрч, гэмт хэрэг туйлдаа хүрч төгссөн байх тул шүүгдэгч А.Д-, Г.Г- нарыг залилах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгч Г.Г-, А.Д- нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж, идэвхтэй үйлдлээр хохирогч Х.У-т материаллаг хохирол учруулсан нь тогтоогдож байх тул А.Д-, Г.Г- нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр залилах гэмт  хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч А.Д-, Г.Г- нар нь гэмт үйлдлээ 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд 4 удаа хэрэгжүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэн тэднийг үргэлжилсэн үйлдлээр “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй байна.

Иймд прокуророос шүүгдэгч А.Д-, Г.Г- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Д-, Г.Г- нар нь гэм буруугийн асуудлаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг тэдгээрийн өмгөөлөгч Д.Бунжаа, Т.Уянга нар дэмжиж шүүх хуралд оролцсон болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

2. Шүүгдэгч А.Д-, Г.Г- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.У-т 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн шууд хохирол учирсан нь нотлогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.У- нь“...А.Д-, Г.Г- нар нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр миний данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлж, намайг хохиролгүй болгосон тул ................... сумын иргэн А.Д-, Г.Г- нарт би гомдолгүй” гэх тодорхойлолтыг гаргаж, нотариатаар гэрчлүүлэн, нотлох баримтаар ирүүлсэн нь хавтаст хэргийн 96 дахь талд авагдсан байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Д-, Г.Г- нараас гаргуулж, хохирогч Х.У-т олгох хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч А.Д-, Г.Г-  нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, тэдгээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Г.Г-, А.Д- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Х.У-т учруулсан хохирлоо төлж барагдуулсан, мөн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулах санал гаргахдаа харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-, А.Д- нарын тус бүрт 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн, тэдгээрийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж хохирол нөхөн төлөгдсөн учраас улсын төсөвт шилжүүлэх саналтай” гэх  дүгнэлтийг,

3. Шүүгдэгч А.Д-ын өмгөөлөгч Д.Бунжаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч А.Д-ын ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Т.Уянга эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч Г.Г-ын хувийн байдал, мөн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох  ял шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

5. Шүүгдэгч А.Д- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Надад  торгох ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлгийг,

6. Шүүгдэгч Г.Г- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Торгох ял оногдуулна өгнө үү” гэх мэдүүлгийг гаргав.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

-Шүүгдэгч А.Д- нь хувийн байдлын хувьд ...... онд төрсөн, ..... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл -4, эхнэр, бага насны хүүхэд, 1 сар хүрээгүй нярай хүүхдийн хамт амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин дунджаас дээгүүр (оноо 409-ээс дээш), үл хөдлөх хөрөнгө болон бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар хавтаст хэргийн 79-82 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

-Шүүгдэгч Г.Г- нь хувийн байдлын хувьд ............ онд төрсөн, .... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур (оноо 409-ээс доош), хувьдаа үл хөдлөх хөрөнгө болон бүртгэлтэй тээврийн хэрэгсэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар хавтаст хэргийн 87-89 дэх талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Д-, Г.Г- нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгааг хөнгөрүүлэх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй. (хавтаст хэргийн 84, 91 дэх тал);

Шүүгдэгч А.Д-ын хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 49 дэх талд авагдсан гэрч болох, түүний төрсөн эх Я.О-ийн мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч А.Д-, Г.Г- нар нь гэмт хэргийн хохирол, хор уршигт нийтдээ 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг төлж барагдуулсныг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

8. Иймд шүүхээс шүүгдэгч А.Д-, Г.Г- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохиролд 1.500.000 төгрөг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-, А.Д- нарын тус бүрт 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн ................... сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-, Г.Г- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Д-, Г.Г- нар нь энэ хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, цагдан хоригдсон хоноггүй, өөр хэрэгт буюу эрүүгийн 2335000000160 дугаартай хэрэгт цагдан хоригдож байгааг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор А.Д-, Г.Г- нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч А.Д-, Г.Г- нар нь залилах гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар 1.500.000 төгрөг олсон нь нотлогдож байх тул тэдгээрийн хувьд ногдох хөрөнгөөс 1.500.000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах” саналыг гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч А.Д-, Г.Г- нар нь хохирогч Х.У-аас залилах гэмт хэрэг үйлдэх замаар шилжүүлэн авсан 1.500.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу гэмт хэргийн хохирол гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нар нь 1.500.000 төгрөгөөс ашиг олсон нь нотлогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х- овогт А-ын Д-, Т з овогт Г-ын Г- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-, Г.Г- нарын тус бүрт 300 (гурван) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-, Г.Г- нарын тус бүрт оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн ................... сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-, Г.Г- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажлын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Д-, Г.Г- нь энэ хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, цагдан хоригдсон хоноггүй, өөр хэрэгт буюу эрүүгийн 2335000000160 дугаартай хэрэгт цагдан хоригдож байгааг дурдсугай.

6. Шүүгдэгч А.Д-, Г.Г- нар нь гэмт хэргийн хор уршигт 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор тэдгээрээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА