Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/102

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Ц,

Шүүгдэгч: Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Т- овогт Ц-ий Б-од холбогдох эрүүгийн 2435000000108 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....................... өдөр Увс аймгийн ............. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ............ амьдардаг, Увс аймгийн ............. сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т- овогт Ц-ий Б-, (регистрийн дугаар: ........................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б- нь Увс аймгийн ............. сумын 3 дугаар багийн иргэн Д.Э-А-гийн өмчлөлийн 1 тооны тэмээг өөрийнхөө тэмээн сүрэгт байлгаж, итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр завшиж, хохирогчид 1.800.000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б- нь Увс аймгийн ............. сумын 3 дугаар багийн иргэн Д.Э-А-гийн өмчлөлийн 1 тооны тэмээг өөрийнхөө тэмээн сүрэгт байлгаж, итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр уг тэмээг завшиж, хохирогчид 1.800.000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Увс аймгийн Цагдаагийн газрын ............. сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Г-ийн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “...нуугдмал гэмт хэргийн талаар мэдээ мэдээлэл цуглуулан ажилласан...” гэх илтгэх хуудас (хавтаст хэргийн 1 дэх тал);

2. Хохирогч Д.Э-А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... ............. сумын иргэн Ц.Б-од 2015 онд 2 тооны атан тэмээ өгөөд 1 ингэн тэмээ авлагадаа авсан байсан. Тухайн надад өгсөн тэмээ нь хөх зүсмийн хойд хоёр гуяны хөлөрдөг хэсэгт ходоод тамгатай эм тэмээ тухайн Ц.Б-ын тэмээнд байсан юм. Тэгээд 2023 оны 11-р сард Ц.Б- сумын төвд байх хашаандаа миний тэмээтэй ижил тэмээ нядалсан байсныг би сумын төвд явж байгаад Ц.Б-ын хашаанд орж үзэхэд миний тэмээний арьс болон толгой, 4 шийр байсан. Би өөрийнхөө тэмээг толгой болон 4 хөлөөр нь таньсан юм. Тэгээд тухайн үед Ховд аймгийн Дөргөн сум руу отор хийж яваад 2024 оны 03 дугаар сард сумандаа ирээд Ц.Б- руу утсаар залгаад өөрийнхөө тэмээ байгаа эсэхийг асуухад байсан гэж хэлсэн юм. Ц.Б- 2023 оны 11-р сард надтай холбогдоод чи өөрийнхөө хөх ингэн тэмээг надад өгчих гэж хэлэхээр нь дараа би хүнсэндээ хэрэглэнэ байж байг гэж хэлсэн, би Б-од өөр ямар нэг байдлаар тэмээ ав гэж хэлээгүй юм. ...Би 2015 онд Ц.Б-оос зүслүүлж заалгаж аваад өөрийнхөө тэмээнд нийлүүлж авсан тухайн тэмээ манай тэмээтэй хамт байхдаа 4 удаа төрсөн бөгөөд намрын улиралд Ц.Б-ын тэмээтэй нийлдэг ба очоод авчихдаг байсан, 2023 оны өвөл отор нүүдэл хийгээд тэмээгээ авч чадаагүй байсан бөгөөд Ц.Б- надаас 2023 оны 11-р сарын сүүлээр тэмээгээ өгчих гэхээр нь би өгөхгүй дараа жил би өөрөө хүнсэндээ хэрэглэнэ гэж хэлсэн юм. Тэгээд би Ц.Б-ын хүү Б.М-өөс 2024 оны 1-р сар, 3 дугаар сард өөрийнхөө тэмээний талаар асуухад байгаа гэж хэлээд байсан юм. Тухайн тэмээг миний тэмээ гэдгээр нь манай багийн иргэд бүгд мэднэ. Би тухайн тэмээг өөрийн мал тооллогод жил бүр тоолуулдаг байсан юм. ...Ц.Б- миний тэмээг малласан зүйл байхгүй, хааяа өөрөө гүйгээд очихоор нь би очоод авчихдаг байсан юм. Би тухайн тэмээг 2015 онд Ц.Б-оос авсан цагаасаа өөрөө маллаж байсан юм. Ц.Б- миний тэмээг хуучин тооллын зулын 24 буюу 2023 оны 12 дугаар сарын 06-ны үед хүү Б.М-өөр нядлуулсан байсан юм...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-11 дэх тал);

3. Гэрч Н.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2023 оны 12 дугаар сарын 06-ны орой гэртээ байж байтал Б-ын М- гэх залуу манай гэрт ирээд манай хашаанд 2 ингэн тэмээ байгаа, тэрийг нядлах гэсэн юм, та очоод нядлалцаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би яваад очиход бүрэнхий болсон байсан бөгөөд тухайн газар Х болон М- нар байсан юм. Тэгээд гэрэл байхгүй, тухайн үед тог тасарсан байсан тул Х Б.М-ийг чи ямар бүтэлгүй юм хийдэг юм гэж уурлаад гэр лүүгээ явчихсан. Тэгээд Б.М- бид хоёр утасны гэрэл тусгаж байгаад тухайн 2 тэмээний хөх зүсмийн буурал хоншоортой тэмээг нядалсан юм. Тэгээд нөгөө цагаан зүсмийн тэмээг нь үлдээгээд маргааш нь нядалсан юм. Тухайн үед Б.М- манай аав энэ хоёр тэмээг нядалчих гэж надад хэлсэн гэж хэлж байсан бөгөөд энэ хоёр тэмээ манай тэмээ байгаа юм гэж хэлж байсан. Тухайн нядалсан хөх тэмээ нь 17 орчим насны хөгшин тэмээ байсан мөн цагаан тэмээ нь арай залуу тэмээ байсан...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 12-13 дахь тал);

4. Гэрч Ж.О-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Манайх ............. сумын иргэн Б.М-ийн хашаатай хөрш зэргэлдээ байдаг бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 06-ны орой гэртээ байж байтал Б.М- гэх залуу манай гэрт ирээд тэмээ нядлах гэсэн юм, та нядлалцаад өгөөч гэж хэлсэн, тэгээд би орой болсон байна завгүй байна гэж хэлсэн тухайн үед Б.М-ийн хашаанд цагаан зүсмийн болон бараан зүсмийн 2 тэмээ уяатай байсан, маргааш өдөр нь буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны орой мориныхоо тэжээл өгөөд зогсож байтал Б.М-ийн хашаанд хүмүүс юм өргөөд даахгүй сонсогдоод байхаар нь яваад ороход Б-О- ах болон М- нар цагаан зүсмийн тэмээний махыг хэдэн хэсэг болгоод хуваасан байсныг өргөлцөөд амбаарт оруулж өгөөд гэртээ орсон, тухайн үед бараан зүсмийн тэмээг урд орой нь буюу 12 сарын 06-ны орой нядалсан байсан юм. Б.М-өөс хэний тэмээ вэ гэж асуухад манай тэмээнүүд хөгшин муу тэмээнүүд нядлах гэж байгаа юм гэж хэлж байсан юм. Сүүлд нэлээд хэд хоногийн дараа Д.Э-А- манай гэрт орж ирээд Ц.Б- ахынд миний нэг хөгшин ингэ явах ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц.Б- тэмээгээ аваад Өлгий сум руу явсан, саяхан 2 тэмээ нядалж байсан гэж хэлэхэд би очиж үзнэ гэж хэлээд явсан, тэгээд буцаад манай гэрт ирээд миний тэмээг нядалсан байна, минийх мөн байна гэж надад хэлж байсан юм. Би тухайн хоёр тэмээний им тамгыг ажиглаж хараагүй...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 14-15 дахь тал);

5. Гэрч Х.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2023 оны 12 дугаар сарын 5, 6-ны өдөр ............. сумын 4-р багт байх манай хөрш Ц.Б-ын хашаанд хөх сөлүү зүсмийн ходоод тамгатай, цагаан зүсмийн хөлөрдөгдөө / гуя/ ходоод тамгатай 2 тооны тэмээ уяатай байсан юм. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн үед байх Б-ын төрсөн хүү М- манай гэрт орж ирээд 1 тооны тэмээ нядлалцаад өг гэхээр нь би за тэгье гэж хэлээд хашаанд нь ороход цагаан зүсмийн хөлөрдөгдөө өнгөн тамгатай 1 тооны тэмээ уяатай байсан юм. Тухайн 1 тооны тэмээг 12 цагийн үед нядалж эхлээд 14 цагийн үед нядалж дуусаад би гэр лүүгээ явсан юм. Б-ын хашаанд хөх сөлүү зүсмийн тэмээ нь ходоод гэх тамга аль хэсэгт байсныг санахгүй байна, ямартай ч ходоод тамга байсан, харин цагаан зүсмийн тэмээ нь баруун, зүүн гуяндаа өнгөн тамгатай байсан. Ц.Б-ын хашаанд байсан хөх сөлүү зүсмийн ходоод тамгатай, 1 тооны тэмээ нь Д.Э-А-гийн тэмээ байсан. Харин цагаан зүсмийн хөлөрдөгдөө өнгөн тамгатай 1 тооны тэмээг хэний тэмээ гэдгийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 16-17 дахь тал);

6. Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хөдөө Хармаг гэх газар тэмээн дээр очоод Д.Э-А-гийн 1 тооны хөх зүсмийн аяс ингэ, мөн өөрийнхөө 1 тооны цагаан ингэн тэмээг сумын төвд өөрийн морьтой яваад тууж оруулж ирсэн. Тухайн Д.Э-А-гийн 1 тооны тэмээ нь дээр үед манай ааваас худалдаж авч байсан тэмээ бөгөөд өөрийнхөө тэмээнээс салаад манай тэмээтэй нийлээд байдаг. 2023 оны 07 дугаар сард манай тэмээтэй нийлсэн байх, тэгээд тэрнээс хойш манай тэмээнд байсан юм. Манай аав Ц.Б- 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр Өлгий сум руу нүүхдээ миний хүү өөрийнхөө цагаан ингэ болон Д.Э-А-гийн хөх ингэ хоёрыг сумын төв оруулж нядлаад Эрдэнэ-Очир гэх хүнд зарчих гэсэн. Тэгэхээр нь би Д.Э-А-гийн тэмээгээр яах юм гэхэд өөр тэмээ өгнө гэж хэлсэн юм. Тухайн тэмээг яг хариуцсан хүн байхгүй, өөрөө манай тэмээнд ирж нийлсэн бөгөөд тухайн тэмээг 2023 оны 12 дугаар сарын 06-ны орой ............. сумын төвд Нисэх хороололд байх хашаандаа М- ахын хамт нядалсан юм. Тухайн үед аав  Д.Э-А-гийн тэмээг нядалчих гэхээр нь тохирсон юм байна гэж бодоод нядалсан юм. Д.Э-А- надаас 2023 оны 12 дугаар сарын сүүлээр тэмээгээ асуусан,  өөрөөр дахин тэмээ мал асуугаагүй юм...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 18-20 дахь тал);

7. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 83 дугаартай “...2023 оны 12 дугаар сарын байдлаар Увс аймгийн ............. суманд 12 настай эм тэмээний зах зээлийн үнэлгээ 1.800.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27 дахь тал);

8. Шүүгдэгч Ц.Б-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б- болон түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол гэмт этгээдийг “Хөрөнгө завших” гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Тодруулбал: Хөрөнгө завших гэмт хэрэг нь хохирогч өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бусдад түр хугацаагаар хариуцуулж өгсний дараа уг хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хохирогчийн хөрөнгийг хувьдаа захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг, гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг, материаллаг бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан гэмт хэрэг байна.

2. Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Ц.Б- нь хохирогч  Д.Э-А-гийн 1 тооны тэмээг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тухайн 1 тооны, хөх зүсмийн, ходоод тамгатай, 18 настай, эм тэмээг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нядалж, махны ченжид 600.000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх үйл баримт нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3. Шүүгдэгч Ц.Б-ын дээрх хууль бус үйлдэл, хохирогч Д.Э-А-д учирсан 1.800.000 төгрөгийн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Ц.Б- нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж байсан атлаа түүнийг хүсэж үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Ц.Б-ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4. Иймд шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

5. Шүүгдэгч Ц.Б- болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох, шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

Шүүгдэгч Ц.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Э-А-д 1.800.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч Ц.Б- нь хохирогч Д.Э-А-д тэмээ өгч, хохирол барагдуулснаар хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...Ц.Б-оос 1 тэмээний хохиролд 5 настай ингэн тэмээ авч, хохирлоо барагдуулж авсан. Одоо нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй, гомдолгүй...” гэх тодорхойлолтыг гаргаж, нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн нь хавтаст хэргийн 58 дахь талд авагдсан байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б-оос гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Ц.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.Б- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогджээ. (хавтаст хэргийн 45 дахь тал);

Шүүгдэгч Ц.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.

3. Шүүгдэгч Ц.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

4. Прокуророос шүүгдэгч Ц.Б-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

5. Түүнчлэн шүүгдэгч Ц.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Ц.Б-од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-од хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын  хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.800.000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэх саналыг тус тус гаргаж, шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байна.

Прокуророос шүүгдэгч Ц.Б-той ял тохиролцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 1.800.000 төгрөг хураахаар саналдаа тусгаж ирүүлсэн боловч хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Ц.Б- нь хохирогч Д.Э-А-гийн итгэмжлэн хариуцуулсан 1 тооны тэмээг нядалж, бусдад 600.000 төгрөгөөр худалдан борлуулсан нь нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-оос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.800.000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэх санал гаргаж ирүүлснийг хэргийн бодит байдалд нийцүүлэн 600.000 төгрөг болгож өөрчилсөн талаараа шүүхэд танилцуулж, саналын хүрээнд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Иймд шүүгдэгч Ц.Б-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-од хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-од тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600.000 (зургаан зуун мянга) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Ц.Б-од оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан энэхүү шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

8. Шүүгдэгч Ц.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т- овогт Ц-ий Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-од хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-од тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого 600.000 (зургаан зуун мянга) төгрөг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б-оос гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Ц.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА