Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/54

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Т.Нансалмаа,

хохирогч Ж.Б

шүүгдэгч А.Ш, Т.Х, тэдгээрийн өмгөөлөгч Э.О /ҮД:1792/ Ц.О /ҮД:1259/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт А-ийн Ш, Б овогт Т-н Х нарт холбогдох эрүүгийн 2317001200118 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 19** оны 02 дугаар сарын 16-нд Д аймгийн М суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ** мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Г аймгийн Ц ****байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Г аймгийн ** сумын ** дүгээр баг, ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх З овогт А-ийн Ш /РД: ЗЮ/, 

Монгол Улсын иргэн, 19** оны 03 дугаар сарын 26-нд Д аймгийн Х суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ** мэргэжилтэй, Г**** ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Г*** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Т-н Х /РД: ЕЙ/, 

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

*** А.Ш нь Шивээговь сумын цэцэрлэгийн орчимд автомашины хурд сааруулагч байршуулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах явцад 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах “Шинэ” худалдааны төвийн цахилгааны утсыг санамсаргүй байдлаар тасалсан гэх шалтгаанаар иргэн Ж.Б-тэй маргалдаж түүнийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын цагдаагийн хэсэгт хүчээр машинд суулган аваачиж цагдаа жолооч Т.Х-тэй бүлэглэн зодож биед нь дух, зүүн хацар, эрүү, уруул, хамрын угалз, хамрын баруун, зүүн суваг, хамрын үзүүр, хүзүү, зүүн чихний дэлбэн, дагзны хуйх, баруун зүүн мөр, хэвлий, баруун, зүүн бугуй, баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун мөр, хүзүү, цээж, баруун шилбэнд цус хуралт, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

** Т.Х нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын цэцэрлэгийн орчимд автомашины хурд сааруулагч байршуулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах явцад 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах “Шинэ” худалдааны төвийн цахилгааны утсыг санамсаргүй байдлаар тасалсан гэх шалтгаанаар иргэн Ж.Б-тэй маргалдаж түүнийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын цагдаагийн хэсэгт хүчээр машинд суулган аваачиж зохицуулагч А.Ш-тай бүлэглэн зодож биед нь дух, зүүн хацар, эрүү, уруул, хамрын угалз, хамрын баруун, зүүн суваг, хамрын үзүүр, хүзүү, зүүн чихний дэлбэн, дагзны хуйх, баруун зүүн мөр, хэвлий, баруун, зүүн бугуй, баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун мөр, хүзүү, цээж, баруун шилбэнд цус хуралт, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ш, Т.Х нарт холбогдох эрүүгийн 2317001200118 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Шүүгдэгч А.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим хэсгийн байран дээрээ байж байхад сумаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажилтан төлөвлөгөөнд тусгагдсан, хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийх зорилготойгоор хурд сааруулагчаа яаралтай хийе гэж залгасан. Бид нар тэгье гээд хурд сааруулагч хийх газраа 16 цаг өнгөрөөгөөд очсон. Тухайн зам нилээн овон товонтой байсан учраас ковш дуудаж, зам тэгшлүүлэх ажил хийх хэрэгтэй байна гэсэн. Манай суманд ковштой нэг иргэн байдаг гэж сонсоод утсыг нь олж дуудаад, сум орон нутагтайгаа хамтраад ийм ажил хийж байна, зам тэгшлээд өгөөч гэхэд тэгье гээд зөвшөөрсөн. Тухайн ажлыг хийхэд нь замын аюулгүй байдлыг хамгаалах үүргээ гүйцэтгээд хоёр талд зогсож байсан. Төд удалгүй ковшийн жолооч цахилгааны утас шанаганд өлгөгдөөд тасарчихлаа гээд ирсэн. Тасарсан утсыг хүүхэд тогонд цохиулчихвий гээд өлгөөд цахилгаанчин дуудах гэтэл Шинэ худалдааны төв дотроос эмэгтэй гарч ирээд юу болов яав гэхэд ийм зүйл боллоо гээд хэлтэл тэр эмэгтэй цахилгаанчныг өөрөө дуудъя гэсэн. Цахилгаанчин ирээд тоггүй болгох арга хэмжээ аваад байж байтал Приус-20 машинтай иргэн ирсэн. Би нилээн зайтай зам дээр зогсож байсан. Тог тасарсан газрын ойролцоо ахлагч Т.Х ажиллаж байсан. Одоогийн Ж.Б бууж ирээд цагдаагийн алба хаагч руу ч юм уу хаашаа ч юм хашхирч эхэлсэн. Пизда нар, новшнууд хүний юмыг эвдэллээ гээд бахираад унасан. Ерөнхийдөө хариуцаад ажиллаж байсан офицерын хувьд яав, юу болов гээд очтол “яадаг юм пизда нар минь” гээд тухайн үед гаргасан хашхиралтаа үргэлжлүүлээд байсан. Олон нийтийн газар хашхирч болохгүй гээд хэлтэл “хэний зөвшөөрлөөр юу хийгээд байгаа юм” гэсэн. Сум орон нутагтай хамтраад хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг хийж байхад ковшийн жолооч санамсаргүй тасалчихсан байна, газраас 20 см, бараг ил шахуу байсан юм байна, зам тэгшилж байхад тасарчихжээ гэхэд “пизда нар минь хүний юм тасаллаа” гээд бид нар луу дайрсан. Бид нар аюулгүй байдлыг ханган ажиллаж байна, бид нар таслаагүй гэж тайлбарлаж байсан. Тэрийг үл тоогоод орилоод, хашхираад, тухайн үед сургууль цэцэрлэг тараад хүүхдүүд маш их нааш цааш явж байсан. Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т заасан зөрчлүүдийг удаа дараа гаргаад, бид нарын зүгээс та энэ үйлдлээ таслан зогсоох талаар хэд хэдэн удаа дараа шаардлага, сануулга тавьж ажилласан. Шаардлага үл тоож, үл биелүүлсэн. Улам хашхирч, хараагаад, хувцасны гол гэх мэтээр элдвээр хэлсэн. Олон хүн, олон нийтийн газар байсан учраас би энэ хүнийг хүчирхийлэл үйлдээд байсан учраас авч явах ёстой, согтуу байгаа юм байна, эрүүл согтуу эсэхийг нь хэсгийн байр луу авч явж шалгая, цагдаагийн алба хаагчийг олон нийтийн газар хэл амаар доромжлоод байгаа асуудлыг зохих албан тушаалтнаар нь шалгуулъя гэж бодоод 2 цагдаадаа хэлээд таныг хэсгийн байр луу авч явж учир зүгийг нь олно гэхэд үгүй гээд явахгүй гээд би яахаараа явдаг юм, та муу сайн хувцасны голуулд, бүгдийг нь ална шүү, хувцсаа тайлахад хэн ч биш гээд дахиад орилоод унасан. Ж.Б-ийг суулгах гэтэл намайг боогоод авсан. Манай хамтрагч ахлагч Т.Х ирээд гарыг нь бариад суулгах гэтэл Х-г нөгөө гараараа заамдаад авсан. Цагдаагийн албаны тухай хуульд заасан албадлагыг хэрэглэх нь зүйтэй гэж үзээд энэ хүнийг машиндаа суулгаад хэсгийн байр луу авч явсан. Биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэхгүйн тулд гавлаагүй аваад явтал машин дотор нааш, цааш цохиж, өшиглөх, урд сууж байсан ахлагч Т.Х-гийн толгой руу өшиглөсөн, намайг тохойдож нүдний шил хагалсан, арай гэж гар хөлийг нь барьж хэсгийн гадаа ирээд учир зүгээ олъё гэсэн хэсгийн байр луу орохгүй гээд, хэсгийн байрны гадаа ирчихээд машинаас буухгүй, орохгүй гээд зөндөө юм болсон. Оруулж дийлэхгүй, миний хувцас, хантааз, гадуур өмсөж байсан гитель зуураад, эсэргүүцэж байгаад урчихсан. Энэ хүн бидний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй юм байна гээд гавлах гэтэл гараа мушгиулж, өчүүлээгүй, эсэргүүцэл үзүүлсээр байсан. Ноцолдож, гавлах гэж байгаад цуг хэсгийн байрны үүдэнд цуг унаад, унахдаа дээр нь гарч ахлагч Т.Х-гээр гарыг нь бариулж, ард нь өчиж байгаад У.Р-гээс гав авч гавласан. Энэ хүнд учирсан гэмтлүүд нь хашааны гадна ирээд гавлах явцад эсэргүүцэл үзүүлснээс үүссэн. Санаандгүй, ноцолдож байх явцад нилээн бядтай хүн, дйилэхгүй байсан. Ам хамар луу гар орсон асуудал байгаа. Би тэрийгээ мэдүүлэг дээрээ хэлсэн. Энэ хүнийг гавлаад гарнаас нь бариад хэсгийн байр луу ортол сандал дээр суухгүй, газар үүдэнд хэвтээд өгсөн. Би амьсгаагаа дараад утсаа хальт гаргаж ирээд бичлэг хийх гэтэл миний утас 1 хувьтай байхаар нь бичлэг хийхээ болиод амьсгаагаа дараад байж байтал ээж нь гаднаас хашхирч орж ирээд хажууд нь зогсож байсан ахлагч Т.Х гээд цагдааг алгадаад авсан. Яаж байгаа юм та нар, алсан байна, хядсан байна гээд орилсон. Та тайвшир, гарч бай, та яагаад намайг алгадаж байгаа юм гээд ахлагч Т.Х аваад гарсан. Ж.Б-ийг сандал дээр босгож суулгаад байж байтал ээж нь орж ирсэн. Төд удалгүй хэсгийн дарга дээрээс буугаад ирсэн. Энэ хүнд хүчээр, санаатайгаар гар хүрсэн ямар ч асуудал байхгүй. Хуульд заасан арга хэмжээг авсан. Эсэргүүцээд байхаар нь хуулийн дагуу албадлагаа хэрэглэсэн. Ийм л асуудал болсон гэв.

 

  1. Шүүгдэгч Т.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дэслэгч А.Ш, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх хүмүүстэй хамтран хурд сааруулагчийг сургууль, цэцэрлэгийн орчим хийх юм байна гээд гарсан. Замын хөдөлгөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг биелүүлэх зорилгоор үүрэг гүйцэтгэсэн. Ковш шинэ худалдааны төвийн үүдэнд цахилгааны утас тасалчихлаа гээд хэлэхээр нь дэд ахлагч У.Р-г аюулгүй байдлыг хангаж бай гээд тууз татаж, замын хөдөлгөөнийг хаагаад, цахилгаанчин дуудна гэтэл Шинэ худалдааны төвөөс гарч ирсэн охин цахилгаанчин дуудаж, Чойр луу дуудлага өг гэхээр нь Чойр луу дуудлагаа өгсөн. Цахилгаанчинтай уулзаад байж байтал цагаан өнгийн Приус-20 маркийн машинтай иргэн Ж.Б гарч ирээд миний хажуугаар ороод цахилгаанчинтай уулзаад шууд эргэж хараад “муу сайн пизда нар зөвшөөрөл авахгүй байж яахаараа газар шорооны ажил хийдэг юм” гээд хэл амаар дайрч эхэлсэн. Дэслэгч А.Ш та ямар хүн бэ, ямар учиртай хүн бэ гэхэд “та муу сайн хувцасны голнууд амжихгүй шүү” гэж элдэв бусаар хэлсэн. Ийм учиртай, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтраад ийм ажил хийж байгаа, манайх энд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байна гээд хэлтэл уурлаж, уцаарлаж эхэлсэн. Тухайн үед сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд тарж байсан. Энэ хүн өөрөө хэрүүл маргаан үүсгээд, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан эрхийг нь зөрчиж танхайрч эхэлсэн. Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т заасан зөрчлүүдийг үйлдэж эхэлсэн. Мөн 6.20 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Ж.Б-өд шаардлага тавьтал шаардлага биелүүлээгүй, машинд суугаад Цагдаагийн хэсэг дээр очъё гэтэл А.Ш-ыг заамдаж авсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан хүч хэрэглэн эсэргүүцэж эхэлсэн. Машинд 2 гарнаас нь барьж байгаад А.Ш бид хоёр түлхээд суулгасан. У.Р машинаа бариад, А.Ш дээр нь дараад, би урд нь сууж явсан. Явж байх хугацаанд хөлөөрөө тийчлээд, багана хугалсан, миний араас цохисон, А.Ш-ын шилийг цохисон, хэсгийн байрны үүдэнд ирээд буулгах гэтэл буухгүй, мөн адил эсэргүүцэл үзүүлж, би яахаараа ийшээ ордог юм, та муу сайнууд яахаараа намайг барьдаг юм гэсэн. Ийм үйлдлүүд гаргаад хэсгийн байрны үүдэнд А.Ш-тай ноцолдож эхэлсэн. Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны А/156 дугаар тушаал, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код 921.2.1-т заасан, 6.1, 6.5-т заасныг үндэслээд иргэн Ж.Б-өд биеийн хүч, тусгай хэрэгсэл буюу гав хэрэглэж, гарыг ард нь гавлаад хэсгийн байр луу авч явсан. Гав хэрэглэх явцад Ж.Б өөрөө эсэргүүцэл үзүүлж, ноцолдсоор л байсан. Хэсгийн байрны 1 тоот өрөөнд оруулсан. Оруулаад үүдэнд хэвтээд өөрөө орилооод байсан. Гаднаас үл таних эмэгтэй ээж нь орж ирсэн. Би та юун хүн бэ, ямар ажилтай яваа юм бэ, та цаанаа байж бай гэтэл наадах чинь манай хүүхэд та нар яахаараа миний хүүхдийг барьдаг юм бэ гээд шууд миний зүүн чих рүү алгадсан. Тухайн үед би танай хүү Цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцээд ийм үйлдэл гаргасан. Ийм зүйл болсон гэж хэлтэл тэр чинь яадаг юм, наад хувцсыг чинь төлөөд өгчихнө, та муу сайнууд гээд хэл амаар мөн адил доромжилсон. Бичлэг хийнэ гээд бичлэг хийхээр нь өрөөний хаалга онгорхой, босгоны гадна талд Д буюу ээж нь байсан. Ээжийг нь цааш түлхээд та бичлэг хийх гэж байгаа бол гадаа гараад хийчих, энэ Цагдаагийн байгууллага, энд хийхгүй гээд өрөөний хаалга хаагаад гарсан. Тэгтэл надтай хэрэлдээд зогсож байсан. У.Р гарч ирээд та тайвшир гэтэл чи яахаараа хүн тайвшруулдаг юм, та муу сайнууд хүний хүүхэд барьчихаад гэсэн. Дээрээс хэсгийн дарга бууж ирээд өрөөнд орж ирээд та хэд гараад байж бай гээд Ж.Б-тэй уулзсан. Ийм л үйлдэл болсон. Түүнээс биш Ж.Б-д ямар нэгэн гэмтэл учруулсан, цохиж зодсон тийм асуудал байхгүй. Биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсэн. Хамтрагчийнхаа аюулгүй байдлыг хангаж ажилласан байгаа гэв.

 

  1. Хохирогч Ж.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай ээж буюу О.Д утасдаад өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн машинтайгаа гэр байрны тэнд найз З-тай явж байсан. Миний хүү цагдаа нар ирээд ажил хийж байгаад кабель тасалчихсан юм шиг байна. Очоод учир зүгийг нь олоод, сольж болох нь уу, үгүй юу гэдгийг мэд гэдэг байдлаар залгасан. Яваад очтол цагдаа нар цаана зогсож байсан. О буюу цахилгаанчин ах хүүтэй очиж уулзаад асуудлыг тодруулахаар за юу болсон гэтэл Ковшийн шанагаар тогийг тасалчихжээ. Яах уу, залгавал хэвэндээ орох уу гэтэл өмнөх шигээ хэвэндээ орно гэж байхгүй. Магадгүй маргааш ч юм уу, бороо орох үед, хэдийд ч буудах, гэмтэх боломжтой, ер нь бол хуучнаасаа хамаагүй дордчихож байгаа гэдэг байдлаар хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад хүнд гай болсон юмнууд гээд байж байтал цаанаас А.Ш хүрч ирээд “чи яасан том дуутай гөлөг вэ, юу гээд том том дуугараад байгаа юм бэ” гэдэг агуулгаар хэлж ирсэн. Миний уур хүрээд та нар яахаараа хүний өмч тасалчихаад, өөдөөс том том дугараад байдаг юм, ямар учиртай ажил хийгээд таслаад хаячихаж байгаа юм бэ гэтэл чамд ямар хамаатай юм бэ, би төрийн ажил хийж байна гэсэн. Маргалдаад зогсож байснаа “чи яасан том дуутай хаанаас ирсэн том дуутай гөлөг вэ, явж учрыг чинь олно” гэсэн. Яасан гэж цагдаагийн хэсэг рүү авч явдаг юм гээд маргалдсан. Цагдаагийн хэсэг рүү авч явна гээд Т.Х, У.Р нар луу үүрэг өгсөн. А.Ш нь миний өрөөсөн гарыг мушгих гэж оролдохоор нь мушгиулахгүй байж байтал нөгөө талаас Т.Х ирээд хоёр гарыг мушгих гэж оролдсон. Машин руугаа хүчээр суулгасан. Замдаа А.Ш их л дарамталж явсан. “Чи муу цагдаагийн шаардлага биелүүлэхгүй хэн бэ, чамайг шоронд суулгана, ялтан болгоно, хаанаас ирсэн гөлөг вэ” гэх мэтчилэн А.Ш дарамталж явсан. 2-3 удаа алгадсан. Буугаад Цагдаагийн газар луу ор гэсэн. Оруулж яах гэж байгаа юм, яасан хүнийг оруулдаг юм гээд маргаан болсон. Тэгтэл А.Ш өрөөсөн гар мушгиад У.Р рүү хандаад гаваа аваад ир, гавлана гэсэн. Гар мушгиад хавирсан уу яасан мэдэхгүй байна. Саадны тэнд намайг унагаад гар гавласан. Гавласны дараа хүзүүн дээр өвдөглөсөн. Тухайн үед амьсгал давчдаад хүн аллаа гээд 2 удаа орилох үед А.Ш намайг босгоод хэсэг рүүгээ авч ороод, дөнгөж хаалга руу ороод гавтай 2 гар өргөөд, тэр үед нь тэнцвэр алдаад ойчсон. Доошоо шал мөргөж ойчсон үед А.Ш миний биенээс завжнаас зулгааж, өрөөсөн гараараа үсдэж, Т.Х нь биенээс өргөөд, толгойноос үсэдсэн байдалтай 2 гараараа чирээд өрөө лүүгээ авч орсон. Өрөөнд оруулаад хамар луу гараа хийх, чихнээс зулгаах, хоолой боох мэтээр 7-8 минут тамласан. “Чи муу шоронд орох юм бол амьтан болох амьсгаа болох амьтан байна” гэх мэтээр 7-8 минут тамласан. Ашгүй ээж орж ирээд хүүхэд аллаа гээд орилох үеэр Т.Х ээжийг аваад гараад явсан. Тэр хооронд А.Ш намайг өргөөд сандал дээр гавтай чигээр суулгаж байх үед цагдаагийн дарга нь орж ирээд юу болов, наад хүүхдийнхээ гавыг тайл гэж хэлээд гавыг тайлуулсан. Цагдаагийн дарга ороод ирэнгүүт энэ хүн шал өөр болсон. Чи яахаараа цагдаагийн алба хаагчийн биед халддаг юм, чи миний шилийг хугалсан байна лээ гээд хаанаасаа ч юм хугархай шил гаргаад ирсэн. Хаашаа мэдэгдэх үү гэсэн, миний дүү мэдэгдээд яахав, асуудлыг энд яръя гээд цагдаагийн дарга нь тиймэрхүү байдалтай байж байсан. 126 дугаарт мэдэгддэг болохыг хүнээс асууж байж мэдээд, 126 дугаарт мэдэгдсэн. Эхлээд жижүүр лүү утасдаад хэлсэн чинь та нар өөрсдөө ирнэ. Мэдүүлнэ гэдэг байдлаар ярьсан. 126-д мэдэгдсний ар дээр бие бүрэлдэхүүн ирсэн үед нь тодорхой мэдүүлгүүдээ өгсөн байгаа. А, З нар надаас мэдүүлэг авсан. Тухайн үед шинжээчийг яаралтай дуудаж авчраад бие хаагаа үзүүлмээр байна, та хэдийн царайг хараад, даргынхаа царайг хараад шал өөр болж жүжиглэж байгаа хүмүүс дараа нь ямар ч хэрэг тулгаад, юугаа ч гэмтээсэн гэх юм билээ, тэгэхээр газар дээр нь хохирлоо гаргуулаад,  энэ хоёр хүн хохирсон бол хохирлыг тодорхойлъё гэдэг байдлаар мэдүүлэг дээрээ хэлж байсан. Ийм л процесс болсон гэв.

 

4. Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Манайх Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б гэх нэртэй худалдааны төв ажиллуулдаг юм. Тэгсэн орой 18 цагийн үед гэртээ байж байтал манай охин И над руу залгаад цагдаа нар худалдааны төвийн гадаа ажил хийж байгаад цахилгааны утас тасалчихлаа гэхээр нь за би ах руу чинь хэлээдэхье гээд хүү Б рүү залгасан чинь манай хүү за би ойрхон явж байна, би очиж үзье гээд утсаа тасалсан. Би гэрт хоол хийх гээд байж байтал манай охин залгаад нөгөө хэдэн цагдаа нар чинь ахыг барьж авч зууралдаад хувцас хунарыг нь ураад гарыг нь ард нь мушгиад машиндаа чихээд цохиж суулгаад цагдаа руу аваад явчихлаа гэхээр би хаана явна гэсэн чинь эзэнгүй байр тойроод явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон гээд асуусан чинь ах ирээд энд хийж байгаа ажлаа цахилгааныхнаас зөвшөөрөл авч хийсэн үү гээд О-аас асуусан чинь үгүй гэхээр нь манай хүүхэд та хэд тэгээд зөвшөөрөл авч хийхгүй хүний эд хөрөнгө устгаад гэсэн чинь юу гэж том том дугаараад байгаа гөлөг вэ чи муу гөлөг юу гээд байгаа юм гээд наадхыгаа цагдаа руу авч яв тэнд очиж учрыг нь олно гээд Ш гэх цагдаатай маргалдсан. Би тухайн үед 1 дүгээр байрыг тойрсон гэж ойлгосон. Тэгээд гэрээсээ гараад цагдаа руу явж байх замд Э гэх залуу таараад танай хүүг чинь цагдаа нар гавлаад орлоо гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байр луу яваад орсон чинь орцоор нь орох үед л манай хүүхэд хоолой нь чахарч шахагдаад хэцүү байгаа бололтой орилж байсан. Тэгээд би цагдаагийн байрны эхний өрөө рүү орсон чинь миний хүүг газар гавлаад хэвтүүлчихсэн Ш гэх цагдаа нь хүзүүн дээр нь дэвсэж гишгээд нэг гараараа чихнээс нь зулгаагаад толгойг нь хажуу тал руу нь эргүүлээд хүзүүг нь мушгичихсан хашгирч чанга дуугаар миний хүүтэй харьцаж байсан. Х гэх цагдаа нуруун дээр нь өвдөглөөд миний хүүгийн өмсөж байсан фудволкийг хойноос нь татаад боосон юм шиг байж байсан. Тэгээд та нар чинь яаж байгаа юм бэ, наад хүүхэд аллаа ш дээ гавалчихаад хүн зодож болдог юм уу гээд утсаа гаргаад зургийг нь авах гэсэн чинь Х гэх залуу миний утсыг булаагаад миний хувцасыг хоолойгоор боогоод түлхээд намайг заамдаад чирээд өрөөнөөс гаргаад хаалгыг хаасан. Тухайн үед Р гэх цагдаа нь ирээд намайг хамт чирээд гаргасан. Намайг кордиортоо гаргаад Р, Х хоёр нь надтай зууралдаад зогсож байхад хаалганы цаана Ш гэх цагдаа нь чанга, чанга орилоод түс тас хийх чимээ гарах болгонд миний хүү орилж байсан. Энэ үйлдэл 2-3 удаа давтагдсан. Тэгээд би та нар хүүхэд аллаа ш дээ, яагаад хүүхэд гавалчихаад зодоод байгаа юм гээд би 10 орчим минут цагдаагийн байран дотор орилж байхад цагдаагийн дарга Ш гарч ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухаар нь танай цагдаа нар манай хүүхдийг гавлаад зодож байна. Ингэж гавлаж хүн зодож болдог юм уу хүүг минь алах нь байна гэсэн чинь Ш дарга дотогшоо ороод явсан. Тэгээд ороод наад хүнийхээ гавыг тайл гээд гавыг нь тайлах гэсэн чинь тэнд байсан 3 цагдаад гавных нь түлхүүр байхгүй хайж байгаад түлхүүр авчраад манай хүүхдийн гавыг тайлсан. Тухайн үед намайг өрөөнд оруулахгүй Х гэх цагдаа зууралдсаар л байсан. Тэгээд намайг хүүгийнхээ байсан өрөө рүү орсон чинь Ш гэх цагдаа танай хүүхэд шаардлага тавихад эсэргүүцсэн, ямар ч байсан улангассан юм шиг дүртэй элдэв янзаар харааж зүхээд байсан. Тэгээд би Чойрын цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 10-12, 2 дугаар хх-ийн 100 дугаар хуудас/,

 

5. Гэрч Ж.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Манайх Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б гэх нэртэй худалдааны төв ажиллуулдаг юм. Тэгсэн чинь орой 18 цагийн орчим би худалдааны төв дээр биллъярд ажиллуулаад байж байтал худалдааны төвийн тог тасарчихаар нь гараад очсон чинь манай байрны гадна талд 3 цагдаа ковшоор ажил хийж байгаад манай тогийг тасалчихсан байсан. Тэгээд би ээжтэй холбогдоод манай тогийг тасалчихлаа гэсэн чинь ээж ахыг чинь явуулъя гэсэн. Тэгээд би яагаад ингэчихэв гээд цахилгаан руу дуудлага өгсөн. Тэгээд цахилгаанчин О ах ирээд байж байсан чинь манай ах бас ирсэн. Тэгээд манай ах ирээд энд хийж байгаа ажлаа цахилгааныхнаас асууж зөвшөөрөл авч хийсэн үү гэж Оаас асуусан чинь О ах зөвшөөрөл аваагүй, хэрэв зөвшөөрөл авсан бол бид нар хэлээд өгөх байсан гэж хэлсэн. Тэгтэл та хэд тэгээд зөвшөөрөл авч хийхгүй хүний эд хөрөнгө устгаад гэсэн чинь том том дуугараад байгаа гөлөг вэ чи муу юу гээд байгаа гөлөг вэ, чи муу юу гээд байгаа юм гээд наадхыгаа цагдаа руу аваад яв, тэнд очиж учрыг нь олно гээд Ш гэх цагдаа нь ахтай маргалдсан. Тэгсэн чинь манай ах би яахаараа та нарыг дагаж явдаг юм, явахгүй гэсэн чинь Ш нөгөө хэдэн цагдаа нартайгаа нийлээд манай ахын өмсөж явсан хувцасыг ураад машин руугаа гарыг нь ард нь өчөөд өвдөгөөр нь чирээд суулгасан. Тэгээд манай ахыг машиндаа суулгаж байхдаа Х нь өвдөглөөд, Ш, Х хоёр манай ахын нүүр толгой руу хэд хэдэн удаа цохиод явсан. Тэгээд манай ахыг хүчээр машиндаа чихэж суулгаад аваад явсан. Тэгээд би ээж рүүгээ утасдаад ахыг цагдаа нар аваад явчихлаа гээд болсон асуудлын талаар хэлсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

6. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2023 оны 09 дүгээр сарын 11-ний орой 18 цаг өнгөрч байхад би ажил дээрээ буюу Шивээговь сумын Хаанбанкны тооцооны төв дээр байж байхад манай нөхөр Б-ийн найз З над руу залгаад нөхөр чинь цагдаа дээр зодуулчихсан байна гэнээ хадам ээж чинь дуудуулж байна цагдаа дээр хүрээд ир гэсэн. Тэгээд ажлаасаа гараад шууд Шивээговь сумын хэсгийн байранд ирсэн чинь Р гэдэг цагдаа нь та ямар шалтгаанаар явж байгаа юм бэ, таныг оруулахгүй гэхээр нь би Б-ийн эхнэр байна, нөхрөө хармаар байна гээд дотогшоо орсон чинь нэг өрөөнд нь Ш гэдэг цагдаа нь чанга дуу гаргаад манай нөхөр рүү дайрсан байдалтай байсан бөгөөд тухайн үед сандарсан байсан учир юу хэлж байсан талаар анзаараагүй. Харин манай нөхөр Б-ийн духны зүүн хэсэгт халзарсан, баруун завьж хэсэг нь урагдсан, баруун зүүн гарын шуу нь гавны ормоор хавдсан байдалтай сандал дээр сууж байсан. Манай ээж хажууд нь зогсож байсан бөгөөд Шивээговь сумын хэсгийн дарга Ш нь цагдаа Ш-аа чи чимээгүй бай гээд байж байсан бас хажууд нь Х гэдэг цагдаа байж байсан. Тэгээд би яагаад та нар ийм болтол нь зодож байгаа юм бэ гэсэн чинь Ш гэх цагдаа нь танай нөхөр чинь машинаасаа бууж ирээд үгийн зөрүүгүй намайг хараагаад пизда гэж хэлээд над руу дайрсан гэж хэлсэн. Тэгээд тэнд ээж хашгирч байсан цагдаа нар луу хүний хүүхдийг ингэтэл нь зодно гэж юу байсан юм бэ гээд байсан. Тэгээд хэсгийн дарга Ш нь бид нарыг өөрийнхөө өрөөнд оруулаад тайвширчих гээд байсан. Гэхдээ тийм зүйл харсан хүмүүс тайвшрахгүй юм байна лээ. Тэгээд манай хадамж ээж Говьсүмбэр аймгийн цагдаа руу ярьсан. Дараа нь манай нөхөр 126 дугаарын утас руу ярьж гомдол гаргасан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25 дугаар хуудас/,

 

7. Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би өөрөө хувьдаа ковштой хүн байгаа юм. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн ковшоороо айлын байшингийн дээвэр дээр уурын зуухны үнс асгаж өгөх ажил хийгээд байж байтал манай сумын цагдаа Ш, Х уурхайд ажилладаг Ц над дээр хүрч ирээд Сумын төвийн төв гудамж сургууль, цэцэрлэгийн хажуу талын зам дээр хурд сааруулагч тавих гэж байгаа юм, тухайн газар хүч хүрэхгүй труба байна, түүнийг өргөөд газрыг нь тэгшлээд өгөөч гэж гуйсан. Тухайн үед айлд хийх ажлаа хийж дуусч байсан болохоор зөвшөөрөөд тухайн газар руу явсан. Тэр газар Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэг, 3 дугаар сургуулийн зүүн талд, Б худалдааны төвийн үүд хэсгээр хурд сааруулагч тавих гэж байгаа гэж зааж өгсөн. Тухайн газар нь очоод зааварчилгааны дагуу замын баруун талын өндөр хэсгийг тэгшлэх гээд ковшныхоо шанагаар түрж байтал газраас 20 орчим см гүнд цахилгааны утас байсан ковшны шанаганд тээглээд тасарчихсан. Тэгээд намайг зогсоогоод бид нар яахаа мэдэхгүй утасны үзүүрийг хараад зогсож байтал Б худалдааны төвөөс Б-ийн эмэгтэй дүү нь гарч ирээд тог тасарчихлаа гээд гарч ирсэн. Тэгээд нөгөө эмэгтэй цагдаа нартай ярилцаж байгаад цахилгаанчин дуудсан. Удалгүй цахилгаанчин гэх 2 хүн ирээд цахилгааны утсанд үзлэг хийгээд цахилгаан залгах гээд байж байтал Б цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй бас нэг зүс харсан залуутай хоёулаа ирээд Б нь машинаасаа бууж ирээд яагаад тог тасалчихваа, юу хийж байгаа юм бэ гэж асуухад Х гэдэг цагдаа сумын сургууль, цэцэрлэгийн орчимд аюулгүй байдал хангахаар хурд сааруулагч хийх гэж байгаад тог тасалчихлаа гэж хэлтэл Б та нар хэний зөвшөөрлөөр хийгдэж байгаа ажил вэ, бид нараас зөвшөөрөл авч бидэнд мэдэгдэж зураг авахгүй яасан юм бэ гээд ууртайгаар Ш цагдаа руу хараад чанга дуугаар хэлсэн. Тэгэхэд Ш цагдаа бид албаны ажил хийж байгаа юм, та ёс зүйтэй харьцаарай, яагаад уурлаад байгаа юм бэ, та хүн доромжлохгүй зүгээр харьцаарай гэх утгатай зүйл хэлэхэд Б “та нар муу сайн пизда нар юу гээд хуцаад байгаа юм бэ, хүний юм тасалчихаад” гэх утгатай зүйл хэлээд уурлаад хашгираад байсан. Тэгтэл Ш цагдаа Б-д хандан “чи яагаад над руу дайраад байгаа юм бэ, надтай ярьж хөөрөх асуудал байгаа бол хэсэг дээр очоод ярьж хөөрөх асуудлаа шийд” гэж хэлээд Б-ийн гарнаас бариад машиндаа суу гэж хэлсэн. Тэгтэл Б “би яахаараа машинд суудаг юм бэ” гэж хашгиртал тэдний хажууд байсан Х цагдаа, Ш цагдаа нар Бийг машин руу хүчээр суулгасан. Машинд суулгах үед Б машинд суухгүй гээд цагдаа нарын өөдөөс эсэргүүцээд байсан. Тэгээд цагдаагийн хэсэг рүү аваад явсан. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

8. Гэрч Л.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед Шивээговь сумын сургууль, цэцэрлэгийн орчим хурд сааруулагч тавихаар цагдаагийн хэсгийн алба хаагч нартай хамтарч ковшоор газар тэгшлүүлж байтал газар доороос 4 хуруу хүрэхгүй газрын гүнээс цахилгааны утас гарч ирээд утсыг нь тасалчихсан. Тэгээд бид нар яахаа мэдэхгүй Б худалдааны төвийн эзний бага охин гарч ирээд тогны утас тасалчихлаа ямар арга хэмжээ авах вэ гээд өөрөө цахилгаанчин дуудсан. Цахилгаанчин О, Т гэх хүмүүс удалгүй ирээд цахилгааны утсанд үзлэг хийгээд мүүвтээр холбож болох юм байна гээд байж байтал Б цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёулаа ирээд Б нь машинаасаа бууж ирээд ямар учиртай зүйл хийгээд байгаа юм бэ гэж асуухад нь цагдаа Ш цэцэрлэгийн орчимд хурд сааруулагч хийж байсан юм гэж хэлтэл Б “пизданууд минь зураг хөргийг нь авдаггүй юм уу, хувцасны голууд минь та нарын ажил ямар хамаатай юм бэ” гээд уурлаад хашгираад дахин цагдаа нар луу “муу сайн хувцасны голнууд пизданууд” гээд тэнд орилж хашгираад Ш цагдаагийн тайлбарыг ерөөсөө авахгүй байсан. Тэгтэл Ш цагдаа “тасаг руу очиж учраа олье” гэтэл Б Ш цагдааг “хувцасны гол минь” гээд заамдаад авсан. Тэгтэл цагдаа нар Б-ийг машиндаа хүчээр суулгаад цагдаагийн хэсэг рүү аваад явсан. Би ажлаа хариуцаад үлдсэн. Цаашаа юу болсныг мэдэхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 30-31, 2 дугаар хх-ийн 121 дүгээр хуудас/,

 

9. Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад Ж.Б-ийн дүү Ж.И миний гар утас руу залгаад цахилгааны утас тасдсан талаар дуудлага өгсөн. Тэгэхээр нь би манай байгууллагын утас руу залгаад мэдэгдчих гэж хэлсэн. Би 380 вольтын шугам тасалсан гэж байсан тул би очоод харья гэж бодоод тухайн газар очсон манайхаас Н /Т хочтой/ дуудлагын дагуу очсон бөгөөд кабель утас нь тасарсан байсан. Тэр үед Б машинтай ирсэн. Намайг очих үед цагдаагийн хэсгийн алба хаагч болох Ш, Х, Р нар байсан. Б ирээд цагдаа нарыг эхлээд асуухгүй утас тасалчихлаа гээд уурласан. Тэр үед цагдаа нар чи олон нийтийн газар цагдаагийн алба хаагч нарыг доромжиллоо гээд тэд хоорондоо маргалдсан. Н бид хоёр цахилгааны утсаа үзэж байхад тэд нар цагдаагийн машины тэнд бужигналдаад эхэлж Б-ийг Ш, Х, Р нар машиндаа хүчээр суулгаад аваад явсан. Б-ийн хувцас хунар нь урагдсан харагдаж байсан... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 69-70 дугаар хуудас/,

 

10. Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад шинэ худалдааны төвийн цахилгааны утсыг тасалсан талаарх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход цагдаагийн алба хаагч нар хурд сааруулагч хийлгэж байгаад ковшоор цахилгааны утсыг санамсаргүй байдлаар тасалсан байсан. Ингээд Б ах ирээд манай утас юунаас болоод тасарчихав гэхээр нь би цагдаа нар юм хийж байгаад тасалсан юм шиг байна гэсэн чинь цагдаа нараас асуугаад байх шиг байсан. Би О ах руу ярьсан чинь хүрээд ирсэн. Би цахилгааны хүчдэлийг салгаад холбож болно, гэхдээ баталгаа гаргахгүй шүү гэж хэлсэн. О ах ирээд бид хоёр цахилгааны утсыг үзэж байх хооронд Ж.Б ах цагдаагийн албан хаагч нартай маргалдаад байх шиг байсан. Би дунд нь цахилгааны хүчдэлийг салгаад хүрзэнд яваад нааш цааш их явсан. Нэг мэдсэн Ж.Б ахыг цагдаагийн машинд суулгаад аваад явсан... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 72-73 дугаар хуудас/,

 

11. Гэрч У.Р мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цаг өнгөрч байсан байх. Сумын цэцэрлэгийн зүүн талын шороон зам дээр хурд сааруулагч хийхээр ковш авчран замыг нь хаагаад шагайн холбооны тэргүүн Ц, замын зохицуулагч Ш, цагдаа жолооч Х нарын хамт ажиллаж байсан. Тэгсэн ковшоор газар ухах үед нэг цахилгааны утас тасалсан. Тэгсэн “Шинэ” худалдааны төвийн цахилгаан тасарчихсан. Ингээд худалдааны төвөөс Б-ийн дүү И гарч ирээд тог тасарчихлаа гэхээр нь бид нар харин юм хийж байгаад тасалчихлаа гэтэл одоо яах уу гэж байгаад цахилгаанчин дуудсан. Цахилгаанчин ирээд үзээд байж байтал хойноос цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирээд дотроос нь Ж.Б бууж ирээд яагаад тог тасалчихав, зөвшөөрөл энэ тэр авдаггүй юм уу гээд нилээн ууртай яваад байсан. Тэгэхээр нь бид нар харин юм хийж байгаад тог тасалчихлаа гэж хэлсэн чинь бид 3-г хувцасны голнууд, цагдаа гэхээрээ ингэдэг юм уу гээд бид 3-н хэнд нь хандаад байгаа нь мэдэгдэхгүй ямар ч байсан бид 3-т хандаж хэлээд байсан. А.Ш тайлбарлатал Б тайлбарыг нь сонсохгүй өөдөөс нь машинд суу ажил дээр очиж байгаад ярилцая гэсэн. Тэгсэн хажуунаас нь Т.Х яваад очтол мөн заамдаад авсан. Ингээд бид гурав нийлээд машиндаа суулгасан. Ингээд ажил руу явсан. Б, Ш нар машины хойд талын суудалд Х миний хажууд буюу жолоочийн хажуу талын суудал дээр суугаад ажил дээр ирсэн. Ингээд ажил руу оруулах гэтэл Б орохгүй гээд сааднаас зуураад Ш, Х нар оруулах гээд татаж байгаад Б, Ш нар цуг зууралдаад газар унасан. Газар унасан байхад Ш, Х нар Б-ийн 2 гарыг нуруун тус газар нь байрлуулж гаваа гаргаад ир гэхээр нь би гаваа гаргаж ирээд Бийн гарыг гавлаж цагдаагийн хэсгийн 1 дугаартай өрөө лүү бид 3 оруулсан. Хаалгаар ороод Б шууд суучихсан. Тэгээд Б-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй гээд согтуурлыг шалгах гээд байж байтал гаднаас Б-ийн ээж Д ороод ирсэн. Тэгээд бид нарыг та нар ямар харгис юм бэ гээд уурлаад байхаар нь Х та гарч бай гээд гаргах гэтэл Хг алгадсан. Х Д-ыг өрөөнөөс гаргаад хаалгыг хаасан. Тэгтэл гадаа Д эгч орилоод байхаар нь би өрөөнөөс гараад тайвшруулах гээд уулзсан. Уурлаад орилоод байсан. Тэгтэл -цагдаагийн хэсгийн дарга Б.Ш 2 давхраас бууж ирээд 1 дугаарын өрөө лүү ороод юу болоод байгаа юм гавыг нь тайлчих би уулзая гээд бид нарыг өрөөнөөс гаргасан. Би гаваа тайлаад нөгөө хурд сааруулагч хийх газраа очиж цахилгааны утсыг аюулгүй болгохоор тэмдэг тэмдэглэгээ тавьсан. Эргээд ирэхэд Д эгч Цагдаагийн хэлтэст дуудлага өгөөд шуурхай бүрэлдэхүүн ирсэн. Б ер нь бид гуравт хандаж уурлаад байсан. Ш тайлбарлах гэсэн боловч тайлбарыг нь сонсохгүй энгэрээс нь үү, зүүн суганы доод хэсгээс нь зуураад авсан. Тэгсэн Х очоод Б-ийг машинд суучих ажил дээр очоод асуудлаа ярья гэсэн тэгсэн суухгүй байсан. Ингээд бид гурав цуг машинд суулгасан. Машинд суулгах гэсэн чинь Б гараараа хойд хаалгыг тэгнээд орохгүй байсныг Ш цээжин хэсгийг нь түлхээд Х бид 2 гарыг нь тавиулаад түлхээд суулгасан. Ш цагдаагийн хантаазны урд хэсэг урагдсан, нүдний шилний рамнаас нэг шил унасан. Рам нь гэмтэлтэй. Х-гийн цагдаагийн зуны футволкны суганы орчимд урагдсан байсан тул гаваа гаргаад гавал гэхээр нь өөрийнхөө гавыг гаргаж гавласан юм. Миний хувьд цохиж зодсон асуудал байхгүй. Уг гэмтэл нь цагдаагийн хэсгийн гадаа Ш, Б нар нь унах үед үүссэн болов уу гэж бодож байна... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

 

12. Гэрч Ж.Б, А.Ш нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

 

13. Гэрч Ж.Б, У.Р нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 97-98 дугаар хуудас/,

 

14. Гэрч Г.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч А.Ш, мэдээлэл хүлээн авагч У.Р нарыг танина. 2023 оны 04 дүгээр сард би Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд 01-14 ГСА улсын дугаартай Соната-6 загварын автомашиныг согтуугаар жолоодож яваад А.Ш, У.Р нарт саатуулагдаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан юм. Тухайн үед намайг цагдаагийн хэсэг дээр очоод согтуурал хэмжээд гар утас зэрэг эд зүйлийг хураан авсан. Тэгсэн миний гар утас дуугарахаар нь авах гэтэл У.Р нь гаваараа зүүн чих рүү цохисон. Тэгэхээр нь дахиад авах гэтэл цуг байсан цагдаа нь миний шанаа руу цохисон. Ингээд тухайн үед тээврийн хэрэгслийг түр саатуулаад намайг манай нэг таксины жолоочид өгч явуулсан. Дараа нь харахад зүүн чихнээс цус гарсан байсан. Маргааш нь би А.Ш-тай таараад танай цагдаа намайг цохисон гэтэл та өөрөө зүй бусаар харьцаад байсан юм чинь аргагүй ш дээ гэж хэлсэн. Хэд хоногийн дараа би Б-тэй таарахад энэ тухай хэлж байсан юм аа... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 102 дугаар хуудас/,

 

15. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 231 дугаартай дүгнэлтэнд:

- Ж.Б-ийн биед дух, зүүн хацар, эрүү, уруул, хамрын угалз, хамрын баруун, зүүн суваг, хамрын үзүүр, хүзүү, зүүн чихний дэлбэн, дагзны хуйх, баруун зүүн мөр, хэвлий, баруун зүүн бугуй, баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун мөр, хүзүү, цээж, баруун шилбэнд цус хуралт, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Д гэжээ. /1 дүгээр хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

16. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 236 дугаартай дүгнэлтэнд:

- Т.Х-гийн биед цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Д гэжээ. /1 дүгээр хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 

17. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 235 дугаартай дүгнэлтэнд:

- А.Ш-ын биед хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Д гэжээ. /1 дүгээр хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

18. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн

“407048025_6821388227976637_8165586756088158959_n”, “407048025_6821388227976637_8165586756088158959_n” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

- Шинжилж буй “407048025_6821388227976637_8165586756088158959_n” “407048025_6821388227976637_8165586756088158959_n” гэсэн нэртэй дүрс бичлэгийн хэсгүүдийн бүтцэд тус тус дүрсний болон дуу авианы ямар нэгэн өөрчлөлт эвлүүлэг хийгдээгүй байна.

- Шинжилж буй “407048025_6821388227976637_8165586756088158959_n” “407048025_6821388227976637_8165586756088158959_n” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд тус тус хэлэгдэх ярианы сонсогдох чанар хэвийн байх бөгөөд үгийг текст хэлбэрт хөрвүүлэх нь цахим технологийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй.

Дүгнэлт гаргасан: Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэгч, мэдээллийн технологийн мэргэшсэн инженер Д.Мөнхбаатар гэжээ... /2 дугаар хх-ийн 208-209 дүгээр хуудас/,

 

19. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 54-60 дугаар хуудас/,

 

20. Хохирогч Ж.Б-өөс 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн гэмтлийг бэхжүүлсэн гурал зураг /2 дугаар хх-ийн 60-67 дугаар хуудас/,

 

21. Шүүгдэгч А.Ш, Т.Х нарын хувийн байдлыг тодорхойлсон тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 99-185, 237, 2 дугаар хх-ийн 26 дугаар хуудас/,

 

22. Хохиролын баримт /2 дугаар хх-ийн 191-195 дугаар хуудас/,

 

23. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /2 дугаар хх-ийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгч А.Ш, Т.Х нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Ш нь Шивээговь сумын цэцэрлэгийн орчимд автомашины хурд сааруулагч байршуулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах явцад 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах “Шинэ” худалдааны төвийн цахилгааны утсыг санамсаргүй байдлаар тасалсан гэх шалтгаанаар иргэн Ж.Б-тэй маргалдаж түүнийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын цагдаагийн хэсэгт хүчээр машинд суулган аваачиж цагдаа-жолооч Т.Х-тэй бүлэглэн зодож биед нь дух, зүүн хацар, эрүү, уруул, хамрын угалз, хамрын баруун, зүүн суваг, хамрын үзүүр, хүзүү, зүүн чихний дэлбэн, дагзны хуйх, баруун зүүн мөр, хэвлий, баруун, зүүн бугуй, баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун мөр, хүзүү, цээж, баруун шилбэнд цус хуралт, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн цагдаа жолооч Т.Х нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын цэцэрлэгийн орчимд автомашины хурд сааруулагч байршуулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах явцад 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах “Шинэ” худалдааны төвийн цахилгааны утсыг санамсаргүй байдлаар тасалсан гэх шалтгаанаар иргэн Ж.Б-тэй маргалдаж түүнийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын цагдаагийн хэсэгт хүчээр машинд суулган аваачиж зохицуулагч А.Ш-тай бүлэглэн зодож биед нь дух, зүүн хацар, эрүү, уруул, хамрын угалз, хамрын баруун, зүүн суваг, хамрын үзүүр, хүзүү, зүүн чихний дэлбэн, дагзны хуйх, баруун зүүн мөр, хэвлий, баруун, зүүн бугуй, баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун мөр, хүзүү, цээж, баруун шилбэнд цус хуралт, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Ш, Т.Х нарын өмгөөлөгч Э.О гэм буруугийн шүүх хуралдаанд “өмгөөлөгч Э.О миний бие нь шүүгдэгч А.Ш, Т.Х нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Ш, Т.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж яллаж байгаа. Улсын яллагч нь шүүгдэгч нарыг хохирогч Ж.Бийн ээж О.Д, дүү Ж.И нарын мэдүүлгийг үнэлж, бусад гэрч нарын мэдүүлгийг үнэлэхгүй орхигдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн.” гэж заасан. Цагдаагийн алба хаагч төрийн тусгай алба хаагчийн хувьд хууль сахиулах чиг үүргээ холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх, Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэдэд шаардлага тавих, тус шаардлагыг эсэргүүцсэн тохиолдолд шаардлагаа албадан гүйцэтгэх, албадлага хэрэглэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан этгээдийн үйлдлийг таслан зогсоох, шалгаж шийдвэрлэх үндсэн үүрэгтэй. Шүүгдэгч А.Ш, Т.Х нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор тус сумын сургууль, цэцэрлэгийн орчмын бүсэд автомашины хурд сааруулагч байрлуулах ажлыг төлөвлөгөө удирдамжинд заасны дагуу гүйцэт гэж байсан нь хэрэгт буцларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тус ажлыг хийж байх явцад иргэн Ж.Б нь цагдаагийн алба хаагч нарыг олон нийтийн газар, бага насны хүүхдүүдийн дэргэд элдвээр хараан доромжилж, зохисгүй үйлдэл гарган, цагдаагийн алба хаагч нарыг заамдах, заналхийлэх, хүч хэрэглэн эсэргүүцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж эхэлсэн байдаг бөгөөд цагдаагийн алба хаагчдийн зүгээс уг хууль бус үйлдлийг таслан зогсоох үүднээс Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэн Ж.Б-д биеийн хүч, албадлага хэрэглэх үндэслэл бүрдсэн. Улмаар Ж.Б-д биеийн хүч хэрэглэж цагдаагийн албаны автомашинд суулган түүний гаргасан хуульбус үйлдлийг шалган шийдвэрлэх, хэн болохыг тогтоох, эрүүл, согтуу аль нь болохыг тогтоох зорилгоор цагдаагийн хэсгийн байр луу авч явсан байна. Хохирогч Ж.Б нь цагдаагийн автомашинд суухдаа цагдаагийн алба хаагчдыг буюу Т.Хг араас нь өшиглөх, А.Шыг цохих, нүдний шилийг нь хугалах зэргээр тэднийг алба үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүч хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлээ үргэлжлүүлсэн, мөн цагдаагийн хэсгийн байрны гадаа авчраад түүнийг машинаас буулгаж цагдаагийн хэсгийн байр луу оруулах үед мөн л тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэж цагдаагийн дэслэгч А.Ш-тай газар зууралдаж унасан, ийнхүү Цагдаагийн албаны тухай хуульд заасан журмын дагуу нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гав хэрэглэж Ж.Б-ийн гарыг ард нь гавлаж, тусгай мэх буюу хамраас нь татаж босгосон болох нь шүүгдэгч нар болон гэрч У.Р, Х.Ц нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Ш, Т.Х нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж тэднийг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Ш, Т.Х нарын өмгөөлөгч Ц.О гэм буруугийн шүүх хуралдаанд “Цагдаагийн алба хаагч бол хүч хэрэглэн хохирогчид гэмтэл учруулсан. Энэ гэмтэл учруулж байгаа нь гэмт хэрэг мөн үү биш үү гэдэг асуудал байгаа. Гэмт хэрэг байх юм бол Цагдаагийн албаны тухай хууль болон хэм хэмжээний актуудыг зөрчсөн байх шаардлагатай. Хохирогчийн зүй бус үйлдлүүдээс болж гарцаагүй түүнийг хэсэг дээр шалгахаар болгож байгаа. Хохирогч 7 орчим минут цагдаагийн хэсгийн өрөөнд зовоож тарчлаасан гэдэг. З мэдүүлэхдээ Ж.Б-ийн машиныг жолоодоод араас нь Цагдаагийн хэсэг дээр яваад очтол Ж.Б-ийн ээж Цагдаагийн хэсэг рүү орж байсан. Цагдаагийн алба хаагч нар хохирогчийг аваад явсан араас нь хэдэн секундын зайтай дагаж яваад ээж нь ирээд араас нь орж байгаа асуудал байгаа. Хохирогчийн мэдүүлэг, О.Д-ын мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл тэнд очоод 7 минут зодоод байгаа нь үгүйсгэгдэж байгаа. Цагдаагийн алба хаагчийн бүх үйлдэл нь хууль тогтоомжоор хязгаарлагдаж, эрх үүрэг нь хууль тогтоомжоор тодорхойлогддог. Жирийн иргэн биш, гудамжинд барьж аваад хараагаад байж болохгүй. Хуулиар хориотой. Шүүгч, прокурорыг муухай харахад Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авчихна. Гэтэл цагдаагийн алба хаагчид яагаад энийг хэрэглэдэггүй юм бэ, нохойд барьдаг мод шиг л байдаг. Энэ цагдаагийн алба хаагч нар тусгай хэрэгслийг хууль журмын дагуу хэрэглэж үү гэдэг асуудлыг тогтоох ёстой. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд Цагдаагийн албаны тухай хууль түүнд нийцүүлэн хэм хэмжээний актыг зөрчсөн гэсэн үг өгүүлбэр байхгүй. Дүгнэлт нь цагдаагийн алба хаагч гэмт хэрэг үйлдсэн үү, бусдад хохирол учруулсан уу гэдэг асуудал огт дүгнэгдээгүй орхигдсон. Зөвхөн бусдад аюултай үйлдэл учруулсан нь нийтээр тогтоосон хэм хэмжээ зөрчсөн гэж үздэг. Хохирогчийн гаргаж байгаа зөрчлийн шинжтэй үйлдэл бол олон нийтийн газар гэж тайлбарлагдана. Олон нийтийн газар хүүхдүүд байсан байгаагүй нь огт хамаагүй. Олон нийтийн газар л гэж ярина. Олон нийтийн газар зөрчлийн шинжтэй үйлдлээ үргэлжлүүлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж байгаа үйлдэл тогтоогдоод байгаа. Цагдаагийн алба хаагч нь үүнийг шалгаж шийдвэрлэх шаардлага үүссэн” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Ш, Т.Х нарын өмгөөлөгч Э.О, Ц.О нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч А.Ш нь Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагчаар ажиллаж байхдаа Шивээговь сумын цэцэрлэгийн орчимд автомашины хурд сааруулагч байршуулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах явцад 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах “Шинэ” худалдааны төвийн цахилгааны утсыг санамсаргүй байдлаар тасалсан үйлдлээс болж хохирогч Ж.Б-тэй маргалдаж түүнийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын цагдаагийн хэсэгт хүчээр машинд суулган аваачиж цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Т.Х-тэй бүлэглэн зодож биед нь дух, зүүн хацар, эрүү, уруул, хамрын угалз, хамрын баруун, зүүн суваг, хамрын үзүүр, хүзүү, зүүн чихний дэлбэн, дагзны хуйх, баруун зүүн мөр, хэвлий, баруун, зүүн бугуй, баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун мөр, хүзүү, цээж, баруун шилбэнд цус хуралт, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.Х нь Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн цагдаа жолоочоор ажиллаж байхдаа Шивээговь сумын цэцэрлэгийн орчимд автомашины хурд сааруулагч байршуулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах явцад 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах “Шинэ” худалдааны төвийн цахилгааны утсыг санамсаргүй байдлаар тасалсан үйлдлээс болж хохирогч Ж.Б-тэй маргалдаж түүнийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын цагдаагийн хэсэгт хүчээр машинд суулган аваачиж зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Ш-тай бүлэглэн зодож биед нь дух, зүүн хацар, эрүү, уруул, хамрын угалз, хамрын баруун, зүүн суваг, хамрын үзүүр, хүзүү, зүүн чихний дэлбэн, дагзны хуйх, баруун зүүн мөр, хэвлий, баруун, зүүн бугуй, баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун мөр, хүзүү, цээж, баруун шилбэнд цус хуралт, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч А.Ш, Т.Х нар нь бүлэглэж хохирогч Ж.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж иш татаж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т “бүлэглэж;” гэж заасан байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэдэг агуулгаар хуульчлаагүй байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоогчоос хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан зохицуулжээ.

Түүнчлэн шүүгдэгч А.Ш, Т.Х нар нь бүлэглэж хохирогч Ж.Б-ийн дух, зүүн хацар, эрүү, уруул, хамрын угалз, хамрын баруун, зүүн суваг, хамрын үзүүр, хүзүү, зүүн чихний дэлбэн, дагзны хуйх, баруун зүүн мөр, хэвлий, баруун, зүүн бугуй, баруун зүүн өвдөгт зулгаралт, баруун мөр, хүзүү, цээж, баруун шилбэнд цус хуралт, завжинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ж.Б, гэрч О.Д, Ж.И, Б.Б, Б.Ш, С.З, шинжээч Б.Д нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 231 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Ж.Б-өөс 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн гэмтлийг бэхжүүлсэн гэрэл зураг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч А.Ш, Т.Х нарын өмгөөлөгч Э.О, Ц.О нар нь “Ж.Б нь цагдаагийн алба хаагч нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэсэн уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор Цагдаагийн албаны тухай хуульд заасан журмын дагуу нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гав хэрэглэж Ж.Б-ийн гарыг ард нь гавлаж, тусгай мэх буюу хамраас нь татаж босгосон” гэх дүгнэлтийг гаргасан боловч хохирогч Ж.Б-ийн гэрчээр өгсөн “...Ш гэх цагдаа нь засаг төрөөс хийж байна, чи яасан том дуутай гөлөг вэ? машинд суу цагдаа явна гэхээр нь би яахаараа машинд суудаг юм гэсэн чинь суу гэж байна гээд намайг бариад авсан. Тэгээд Ш гар өчих гэхээр нь би зөрүүлээд ханцуй дээрээс нь бариад автал Х нь ирээд тэр 2 миний гарыг өчөөд машиныхаа хойд талд суулгаад Р гэх цагдаа машинаа жолоодоод Ш урд талыг нь суудалд суугаад Х нь хойд талын суудалд надтай хамт суугаад цагдаа руу явсан... ...Ш наадхаа ер нь гавал гээд тэр хоёр намайг газар унагааж байгаад гар өвчөөд ард гавласан. Тэр хооронд нь би гавлуулахгүй гэхэд миний гарыг өчсөн чигээрээ цагдаагийн байрны гадна талын саравчны баганыг нэг удаа, ширээг нь 2 удаа мөргүүлсэн. Тэгээд намайг ард гавлаад Х нуруун дээр дарчихсан байхад Ш нь ирээд миний хүзүүн дээр өвдөглөсөн чинь би амьсгаа авч чадахаа больсон. Тэгээд амь тэмцээнд орилсон чинь хэсэг хугацааны дараа миний дээрээс босоод миний гарыг өчөөд намайг дээш нь босгосон. Тэгээд цагдаагийн байрны орцны хаалгаар дөнгөж орж ирээд миний гавтай гарыг дээш нь өчөөд өргөөд нүүрээр газар унасан. Тэгтэл Ш нь намайг жавьжнаас хуруугаа хийж татаж байгаад үсдээд шатан дээгүүр нүүр хацраар шат, шалан дээгүүр чирээд өрөө рүүгээ оруулсан. Тэгээд намайг өрөөндөө оруулаад Х газар унагааж гар өчиж дээш нь өргөөд Ш хамар луу гараа хийж байгаад үсдэж татаад хоолойн дээр өвдөглөж татаад ойролцоогоор 7-гоос 8 минут орчим тамласан...” гэх мэдүүлэг,

гэрч О.Д-ын “...Тэгээд би цагдаагийн байр луу яваад орсон чинь орцоор нь орох үед л манай хүүхэд хоолой нь чахарч шахагдаад хэцүү байгаа бололтой орилж байсан. Тэгээд би цагдаагийн байрны эхний өрөө рүү орсон чинь миний хүүг газар гавлаад хэвтүүлчихсэн Ш гэх цагдаа нь хүзүүн дээр нь дэвсэж гишгээд нэг гараараа чихнээс нь зулгаагаад толгойг нь хажуу тал руу нь эргүүлээд хүзүүг нь мушгичихсан хашгирч чанга дуугаар миний хүүтэй харьцаж байсан. Х гэх цагдаа нуруун дээр нь өвдөглөөд миний хүүгийн өмсөж байсан футболкийг хойноос нь татаад боосон юм шиг байж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Ж.И-гийн “...Тэгээд манай ах ирээд энэд хийж байгаа ажлаа цахилгааныхнаас асууж зөвшөөрөл авч хийсэн үү гээл О-аас асуусан чинь О ах зөвшөөрөл аваагүй, хэрэв зөвшөөрөл авсан бол бид нар хэлээд өгөх байсан гэж хэлсэн тэгтэл та хэд тэгээд зөвшөөрөл авч хийхгүй хүний эд хөрөнгө устгаад гэсэн чинь том том дуугараад байгаа гөлөг вэ чи муу юу гээд байгаа гөлөг вэ, чи муу юу гээд байгаа юм гээд наадхыгаа цагдаа руу аваад яв, тэнд очиж учрыг нь олно гээд Ш гэх цагдаа нь ахтай маргалдсан. Тэгсэн чинь манай ах би яахаараа та нарыг дагаж явдаг юм, явахгүй гэсэн чинь Ш нөгөө хэдэн цагдаа нартайгаа нийлээд манай ахын өмсөж явсан хувцасыг ураад машин руугаа гарыг ард нь өчөөд өвдөгөөр нь чирээд суулгасан...” гэх мэдүүлэг,

шинжээч Б.Д-гийн “...Б нь тухайн гэмтлийг түүний хамар луу хуруугаа хийсэн, мөн аманд хуруугаа хийж татсан гэж хэлж байсан. Эдгээр гэмтлүүдийн хамрын баруун, зүүн суваг болон ам руу хуруу хийж татах, чангаах, өргөх зэргийн үед үүснэ. Хамраа ухах үед үүсэх боломжтой боловч Бийн хувьд хамрын баруун, зүүн сувгийн зулгаралт гэмтэл нь хэмжээ болон байрлалын хувьд ойролцоо, хохирогчийн хэлж буй үйл явцын улмаас үүсэх илүү боломжтой юм. Завжинд шарх гэмтэл нь эрүү, хацар луу цохигдох үед шүдээр хазагдаж үүсэх боломжтой боловч завжинд 2 ширхэг шарх байгаа болон шархны онцлогоос хамаарч мөн Б-ийн хэлж буй үйл явцын улмаас үүсэх илүү боломжтой...” гэх мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 231 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл хохирогч Ж.Б, гэрч О.Д нарын мэдүүлэгт дурдсан Ж.Б-ийн бие махбодид учирсан гэмтлүүд нь шинжээч Б.Д-гийн мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 231 дугаартай дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдтэй тохирч байх тул шүүгдэгч А.Ш, Т.Х нарыг өмгөөлөгч Э.О, Ц.О нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж бүлэглэн гэмт хэрэг үйлдэх нөхцлийг тодорхойлсон. Шүүгдэгч Т.Х нь “...Ж.Б-ийн биед халдаагүй...” гэж мэдүүлэг боловч Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын хэсгийн байранд хохирогч Ж.Бийн нуруун дээр өвдөглөж, түүний футболкны хойноос татаж боосон болох нь хохирогч Ж.Б, гэрч О.Д нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Х нь шүүгдэгч А.Ш-тай гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж хохирогч Ж.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Т, Л.Ц, Б.О, Б.Н, П.Н, С.О нар мэдүүлэг өгсөн ба эдгээр мэдүүлгүүд нь шүүгдэгч А.Ш, Т.Х  нар 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах “Шинэ” худалдааны төвийн цахилгааны утсыг санамсаргүй байдлаар тасалсан үйлдлээс болж хохирогч Ж.Б-тэй маргалдсан үйл баримтыг гэрчилсэн нотлох баримтууд байна. Харин гэрч У.Р нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд “...Ингээд ажил руу оруулах гэтэл Б орохгүй гээд сааднаас зуураад Ш, Х нар оруулах гээд татаж байгаад Б, Ш нар цуг зууралдаад газар унасан. Газар унасан байхад Ш, Х нар Бийн 2 гарыг нуруун тус газар нь байрлуулж гаваа гаргаад ир гэхээр нь би гаваа гаргаж ирээд Б-ийн гарыг гавлаж цагдаагийн хэсгийн 1 дугаартай өрөө лүү бид 3 оруулсан. Хаалгаар ороод Б шууд суучихсан...” гэх агуулга бүхий мэдүүлэг өгдөг боловч хохирогч Ж.Б, гэрч О.Д, Ж.И, Б.Б, Б.Ш, С.З, шинжээч Б.Д нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 231 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар гэрч У.Р-гийн мэдүүлэг няцаагдаж байна.

Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх хэсэгт “зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх;”, 48.1.2 дэх хэсэгт “нэн тэргүүнд хэрэглэхгүй байх;” гэж цагдаагийн алба хаагч албадлагын арга хэмжээг хэрэглэх нийтлэг шаардлагыг хуульчилан зохицуулжээ. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт “гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, завдсан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр төлөвлөж байгаа гэх үндэслэлтэй;” гэх үндэслэл байвал цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа хүний нэр, хаяг, тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодруулах зорилгоор бичиг баримтыг шалгахаар заасан байна. Гэтэл шүүгдэгч А.Ш, Т.Х нар нь хохирогч Ж.Б-ийн үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзсэн бол Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр бичиг баримтыг шалгах боломжтой байсан байхад үндэслэлгүйгээр албадлагын арга хэмжээ хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Ш, Т.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Ш, Т.Х нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

 

Иймд шүүгдэгч А.Ш-ыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Т.Хг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Ж.Б нь шүүгдэгч А.Ш, Т.Х нараас эмчилгээний зардал 1 275 514 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролыг хуульд заасны дагуу нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ш, Т.Х нараас 1 275 514 /нэг сая хоёр зуун далан таван мянга таван зуун арван дөрөв/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 637 757 /зургаан зуун гучин долоон мянга долоон зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-өд олгох нь зүйтэй байна.

Харин мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Ж.Б-ийн сэтгэцэд учирсан хохиролыг тогтоогоогүй, энэ талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч Ж.Б нь нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.Ш, Т.Х нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.

           

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч А.Ш, Т.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш, Т.Х нарт тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Ш, Т.Х нарын өмгөөлөгч Э.О эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч нарыг шүүхээс гэм буруутайд тооцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах сонгох санкц бий. Үүнээс улсын яллагч торгох санкцыг санал болгож байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-т зааснаар хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, 1.6-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байгаа гэж үзэж байгаа учраас торгох ялыг багасгаж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Ш, Т.Х нарын өмгөөлөгч Ц.О эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч нарыг шүүхээс гэм буруутайд тооцож байна. Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Өмгөөлөгч нарын хувьд дүгнэлт хэлэхгүй. Харин хохирогчийн өөрийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгүүдээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Ш, Т.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч А.Ш, Т.Х нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч А.Ш, Т.Х нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Иймд шүүгдэгч А.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Т.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-т оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

шүүгдэгч Т.Х-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Ш, Т.Х нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

           

            Шүүгдэгч А.Ш, Т.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, цагдаагийн алба хаагчийн хар өнгийн “POLICE” гэх бичигтэй хээрийн китель, гэрэл ойлгогч туузтай ногоон өнгийн хантааз 1 ширхэг, “POLICE” гэх бичигтэй поло фудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст шилжүүлж, шаргал өнгийн хүрээтэй 1 талын шил нь унасан нүдний шил 1 ширхэгийг шүүгдэгч А.Ш-т буцаан олгож шийдвэрлэсэн болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч З овогт А-н Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Б овогт Т-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч А.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

            шүүгдэгч Т.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-т оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

шүүгдэгч Т.Х-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Шүүгдэгч А.Ш, Т.Х нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч А.Ш, Т.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ш, Т.Х нараас 1 275 514 /нэг сая хоёр зуун далан таван мянга таван зуун арван дөрөв/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 637 757 /зургаан зуун гучин долоон мянга долоон зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-д олгосугай.

 

            7. Хохирогч Ж.Б нь сэтгэцэд учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.Ш, Т.Х нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, цагдаагийн алба хаагчийн хар өнгийн “POLICE” гэх бичигтэй хээрийн китель, гэрэл ойлгогч туузтай ногоон өнгийн хантааз 1 ширхэг, “POLICE” гэх бичигтэй поло фудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст шилжүүлж, шаргал өнгийн хүрээтэй 1 талын шил нь унасан нүдний шил 1 ширхэгийг шүүгдэгч А.Ш-т буцаан олгосугай.

 

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ш, Т.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАНДАХ