| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2024/0051/э |
| Дугаар | 2024/ШЦТ/55 |
| Огноо | 2024-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
.. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
.. аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Х О холбогдох эрүүгийн 2417000000055 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн,.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ..аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл .., ..., ..н хамт ..аймгийн .. сумын ..дугаар баг, .. гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Х О /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Х.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Х.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр .. аймгийн .. сумын.. дугаар баг, ... тоотод байрлах гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн хүү .. гадуур дэмий тэнэлээ гэх шалтгаанаар түүний толгой хэсэгт галын дэгээ төмрөөр цохиж, толгойн оройнд 2 ширхэг шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч Х.О үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 64-65 хуудас/
2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 2 хуудас/
3. Насанд хүрээгүй хохирогч .. мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад эгч .. гэрт очоод хүүхдүүдтэй нь тоглосон. Тэдний нохой суларчихаар нь айгаад гэртээ орж чадахгүй байсаар байгаад 14 цаг өнгөрч байхад гэртээ ортол аав овьёос чанахгүй үхсэнээ хийгээд айл хэсээд байгаа юм бэ гээд загнасан. Би ус буцалгагчид байсан усыг халаагаад овьёос руу хийх үед аав ямар бага ус хийдэг юм гээд ус буцалгагчийг шидсэн. Би хойд гэр лүү ороод ном уншаад сууж байтал аав гараа угаа гэхээр нь угаагаад байж байтал аав хаагуур яваад байдаг юм, золбин нохой шиг айл хэсээд гээд зуухны урд байсан галын дэгээ төмрийг аваад миний толгой дээр цохисон. Хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Толгой өвдсөн болохоор уйлтал аав толгой чинь хагарсан байна угаа гэсэн. Би усаар толгойгоо угаагаад байж байтал ээж орж ирээд чи яагаад хүүхэд зодоод байгаа юм гэж уурласан чинь аав ээж рүү уурлаад галын дэгээ төмөр бариад дайрсан боловч ээжийг цохиогүй. Ээж намайг эмнэлэгт үзүүлээд, толгойд 1 ширхэг оёдол тавиулсан. Аав өмнө нь бид нарыг цохиж зодож байгаагүй, хааяа загнадаг байсан. Би аавдаа гомдоогүй, миний толгой өвдөхгүй байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/
4. Иргэний нэхэмжлэгч Б.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон ..аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулатороор үзүүлэхэд, яаралтай тусламж авахад, мэс засал хийлгэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нийт 106 190 төгрөгийн зардал гарсан. Тус 106 190 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Эрүүл мэндийн ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансаар авна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/
5. Насанд хүрээгүй гэрч .. мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай дүү .... .... эгчийн гэрт очиж тоглож байгаад ирье гээд явсан. 13 цаг өнгөрч байх үед аав архи үнэртүүлсэн ирээд гутал хувцсаа тайлж байгаад гэнэт уурлаад дүүгээ дууд гэсэн. Удалгүй дүү ....ороод иртэл аав овьёос чанахгүй үхсэнээ хийгээд айл хэсээд байгаа юм гэхэд ....ус буцалгагчид ус хийгээд буцалгаад овьёос руу хийхэд аав ямар бага ус хийдэг юм гээд ус буцалгагчийг дүүгийн гараас аваад шидээд айл хэсээд яваад байх юм, гараа угаагаач гээд галын дэгээг аваад .... зүүн хөлний гуя хэсэгт 1 удаа, зүүн бугалга хэсэгт 1 удаа, толгой хэсэгт 2 удаа цохисон. ....ааваас зугтаатал дахин цохих гэж хөөгөөд явж байхдаа миний булчин хэсэгт 1 удаа цохисон. ....толгойноос цус гарахаар нь би түүний цусыг цэвэрлэж байтал аав наадхаа угаа гээд хашиграад байсан. Удалгүй ээж ирээд дүүг эмнэлэг аваад явсан. Өмнө нь аав зодож, цохиж байгаагүй. Аав архи уусан үедээ ууралж, үглээд байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-33 хуудас/
6. Гэрч Б..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ нөхөр хүүхдийн хамт байж байтал манай төрсөн дүүгийн хүүхэд ....манайд ирээд хүүхдүүдтэй хамт тоглож байгаад 14 цагийн орчим гараад явсан. 16 цагийн үед манай дүү .... залгаад гэрт хүрээд ир гэхээр очиход .... хүү ....толгойноос цус гарсан түүнийг нь угаагаад байж байсан. Юу болсон талаар асуухад О хүүхдийнхээ толгойг хагалсан байна гэхээр нь би О хандан хүүхдээ яаж байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм, хүүхдээ яах нь миний эрх гээд орилж хашгираад байхаар нь дүү ...., түүний хүүхдүүдийг авч гараад цагдаа дуудсан. ....тай хамт эмнэлэгт очиж ....толгойд 1 ширхэг оёдол тавиулсан. ....манай гэрээс гарахдаа ямар нэгэн бэртэл гэмтэлгүй, шарх сорвигүй гарсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35-36 хуудас/
7. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын .. аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 117 дугаартай дүгнэлтэнд: “....биед толгойн оройд 2 ширхэг шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг шарх гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөмөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.”
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 47-48 хуудас/
8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-8, 9-11, 12, 13-14 хуудас/
9. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлын түүх, яаралтай тусламжийн хуудас, .. аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр /х.х-ийн 23, 49, 92 хуудас/
10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 67 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Х.Оыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Х.Оын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Х.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь гэм буруу, эрүүгийн хариуцлагтай холбоотой маргаагүй болохыг тус тус дурдлаа.
Шүүгдэгч Х.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.О нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд насанд хүрээгүй хохирогч ..эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлсний зардалд иргэний нэхэмжлэгчээс 106 190 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Х.Оаас гаргуулж .. аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор тогтоолоо. Мөн насанд хүрээгүй хохирогч ..нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Х.Оыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 86.5 см урттай галын дэгээ төмрийг устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Х Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.От оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Х.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 86.5 см урттай галын дэгээ төмрийг устгасугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Х.Оаас 106 190 /нэг зуун зургаан мянга нэг зуун ер/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч .. аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА