Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/588

 

 

 

 

 

 

2024         05          24                                        2024/ШЦТ/588

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

Улсын яллагч Б.Цэцэгмаа,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гад холбогдох 2306 05862 0242 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19........оны .... дугаар сарын .....-ны өдөр төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, .................... тоотод оршин суух хаягтай,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн...............дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .................. дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж байсан, Ж. овогт Бн Г /РД:0/. 

Хэргийн товч агуулга:

Б.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 4 дүгээр хэсэг, 41-1518 тоотод үйл ажиллагаа явуулах авто засварын газрын гараашинд хууль бусаар нэвтэрч хохирогч Ч.Мангалдоржийн эзэмшлийн 49-47 дугаартай ХӨҮ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приүс 20 загварын тээврийн хэрэгсэл, приүс 20 загварын 1500 багтаамжтай мотор 1 ширхэг, хайшин мотор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.05-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Мангалдоржийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд хувиараа гарааш түрээслэн машин засдаг ажилтай юм. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн үед ажлаа хийж дуусаад гараашаа цоожлоод түлхүүрийг нь эхнэр Уугантуяад өгөөд ээжийнхээ гэрт хонохоор явсан. Би ээжийнхээ гэрт 3 хоноод өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ ирээд, эхнэр бид хоёр гарааш руугаа ирээд гарааш дотор байсан төмөр ачуулах гээд ирсэн миний засаж байсан 49-47 ХӨҮ улсын дугаартай миний хүнээс худалдан авсан саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл алга болсон байсан. Бас гарааш дотроос өөр засаж байсан Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн мотор 1 ширхэг, цахилгаан мотор алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 49-47 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, приус 20 загварын 1500 багтаамжтай мотор 1 ширхэг, хайшин мотор 1 ширхэг алга болсон. Алга болсон машин дотор миний машин засдаг багажууд байсан. Хяналтын камер байгаа. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Одоогоос 20 хоногийн өмнө зарын дагуу холбогдож хувь хүнээс 3 сая 800 мянган төгрөгөөр худалдан авч байсан  ...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Энхмандахын өгсөн: “... Би 2023 оны 11 дүгээр сарын дундуур манай танил Б.Г гэдэг залуу манай гэрт ирсэн. Тухайн үед Б.Г нь орж ирэхдээ цахилгаан дрилл, импакт бариад ороод ирсэн. Тэгээд надад хэлэхдээ “Надад мөнгөний хэрэг гарлаа чи энэ хоёр багажийг хямдхан авах боломж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би “наад багаж чинь чинийх мөн юм уу” гэж асуухад “миний ажиллаж байсан газраас цалиндаа бодож авсан багаж” гэж надад хэлсэн. Тэгээд би Б.Гын манай гэрт авч ирсэн цахилгаан дрилл, импактыг нийлүүлээд 60.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд өчигдөр намайг ажил дээр байхад манай найз болох Шагдар над руу залгаж Б.Г сая танай гэрт ирлээ гэж хэлсэн. Би 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр ажил дээрээ байж байхад манай дарга болох Гантулга надад хэлэхдээ Б.Г автомашин хулгайлж манай таньдаг дүүд зарсан байна гэж хэлсэн. Би Б.Гыг хулгай хийсэн гэдгийг мэдсэнээс хойш өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр уулзсан. Би Б.Гаас худалдан авсан цахилгаан дрилл, импакт хоёрыг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би өөрийн хохирсон 60.000 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх.36-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Өсөхзаяагийн өгсөн: “... Би 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед үл таних нэг эрэгтэй хүн миний өөрийн ажиллуулдаг авто засвар дээр ирээд “надад нэг приус 20 загварын авто машин байна, та 4.500.000 төгрөгөөр худалдаж авах уу” гэхэд нь би тухайн автомашиныг шалгасан. Тэгээд тухайн автомашиныг асааж үзэн шалгахад асуудалтай “засвар хийх юм зөндөө байна, би чиний хэлсэн үнээр худалдан авах боломжгүй, харин 2.000.000 төгрөгөөр худалдан авах боломжтой” гэхэд тухайн хүн надад зөвшөөрсөн. Тэгээд би тухайн хүн рүү мөнгө шилжүүлэх гэхэд “надад утас болон виза карт байхгүй, бэлнээр аваад өг” гэхээр нь би бэлнээр 2.000.000 тоолоод өөрт хүлээлгэн өгсөн. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр миний 2.000.000 төгрөгөөр худалдан авсан приус 20 маркийн автомашины эзэд болон цагдаагийн байгууллагын хүмүүс ирж “та хулгайн тээврийн хэрэгсэл худалдан авсан байна” гэж хэлсэн. Миний худалдан авсан приус 20 маркийн автомашин нь мөнгөлөг саарал өнгийн, 49-47 ХӨҮ улсын дугаартай, урд купер сэвтэй, 4 хаалга замасктай мөн дээвэр, багаж гэх зэргийн бүх эд анги нь замасктай байсан. Би тухайн надад автомашин зарсан эрэгтэй хүнийг танихгүй. Урьд өмнө нь ямар нэг харилцаа холбоотой байгаагүй. Надад нийт 2.150.000 төгрөгийн хохирол учирсан байна, би уг мөнгийг надад приус 20 маркийн автомашин зарж борлуулсан хүнээс нэхэмжилж байна. Би хохирлоо хурдан барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх.41-42/,

Хяналтын камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.14-17/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хх.44-46/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.54-57/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.59/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гын яллагдагчаар өгсөн: “... Би урьд өмнө таньдаг байсан ах болох Мангалдоржтой хамт авто машин засаж янзалдаг байсан, Хэрэг болсон өдрөөс 3,4 хоногийн өмнө Мангалдорж ахтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хамт явж байх үедээ гараашных нь түлхүүрүүдээс 1 ширхэг түлхүүр авсан байсан, Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17 шилжих шөнө Мангалдорж ахын гарааш дээр очоод 49-47 ХӨҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-20 маркийн авто машиныг асаах гэтэл асахгүй байхаар нь зам дээр гараа өргөж машин зогсоож жолоочоос нь гуйж бензин гуйгаад машинаа холбож асаагаад Цайз захын тийшээ явсан, Би энэ гаргасан үйлдэлдээ харамсаж байна. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтэй үнэн зөв мэдүүлсэн байгаа, Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.60/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.75-80/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх.67, 86-98/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.69/,

Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.70-74/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 4 дүгээр хэсэг, 41-1518 тоотод үйл ажиллагаа явуулах авто засварын газрын гараашинд хууль бусаар нэвтэрч хохирогч Ч.Мангалдоржийн эзэмшлийн үнэтэй 49-47 дугаартай ХӨҮ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приүс 20 загварын 7.785.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл, приүс 20 загварын 1500 багтаамжтай мотор 1 ширхэг, хайшин мотор 1 ширхэг зэрэг нийт 2.299.000 төгрөгийн үнэтэй эд зүйлсийг хууль бусаар хулгайлан авч, бүгд 12.234.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 4 дүгээр хэсэг, 41-1518 тоотод үйл ажиллагаа явуулах авто засварын газрын гараашинд хууль бусаар нэвтэрч хохирогч Ч.Мангалдоржийн эзэмшлийн 49-47 дугаартай ХӨҮ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приүс 20 загварын тээврийн хэрэгсэл, приүс 20 загварын 1500 багтаамжтай мотор 1 ширхэг, хайшин мотор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хууль бусаар хулгайлан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.  

          Иймд шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Ч.Мангалдоржид 7.785.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг буцаан өгсөн, бусад хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс нийт 4.299.000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Мангалдоржид 2.299.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Өсөхзаяад 2.000.000 төгрөг  тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг удаа дараа үйлдэж шүүхээс ял шийтгэгдэж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Б.Гыг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хорьсон 18 хоногийг эдлэх ялд оруулан тооцон, түүнд урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Жовогт Бн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад заасан “Хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Гад 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Гад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Гыг урьд цагдан хорьсон 18 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Гаас 4.299.000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Мангалдоржид 2.299.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Өсөхзаяад 2.000.000 төгрөг тус тус олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР