Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/613

 

 

 

 

 

 

 2024         05          29                                       2024/ШЦТ/613

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

Улсын яллагч Б.Мөнхтулга,

Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Мид холбогдох 2406 00384 0879 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19....... оны........ дүгээр сарын .......-ны өдөр ............. аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, ............... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, БМ /РД: /.

Хэргийн товч агуулга:      

Ж.М нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цайз модны захын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд хохирогч О.Алтан-Одтой үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа баруун хөмсөг хэсэгт архины шилээр цохисон, мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Элбэг дэлгүүрийн гадна үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний баруун чихнээс хазаж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ж.М нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цайз модны захын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд хохирогч О.Алтан-Одтой үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа баруун хөмсөг хэсэгт архины шилээр цохисон, мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Элбэг дэлгүүрийн гадна үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар хохирогч О.Алтан-Одын баруун чихнээс хазаж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Алтан-Одын өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой 22 цагийн орчимд эхнэр хамт гадуур явж байтал найз М над руу залгаад “миний машины дугуй хагарчихлаа, чи хүрээд ирээч, дугуй засвар ороод дугуйгаа нөхүүлэх гэсэн юм, мөн эхнэртэйгээ жаахан маргалдчихлаа” гэхэд нь би түүний байгаа газар болох Чулуун овооны орчимд очиж машиныг нь гэрт хүргэж өгөөд М, манай эхнэр Билгүүн бид гурав нэг газар сууж уухаар болоод Цайз-16 орчимд орой 00 цагийн орчимд ирээд Цайз модны захын баруун талд М бид хоёр нэг шил 0.75 граммын Экс, нэг 0.5 граммын архи уугаад сууж байтал түүний эхнэр нь байн байн залгаад дуудаад байхаар нь М надаас “чи машиныхаа түлхүүрийг өгчих, би яваад ирье” гэхэд нь би “чи архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, чамд түлхүүрээ өгөхгүй, чи баян эхнэрээрээ таксины мөнгөө төлүүлэхгүй юу” гэхэд М ширээн дээр байсан архины шил аваад миний баруун хөмсөг хэсэгт нэг удаа цохиод миний машины түлхүүрийг аваад гараад яваад өгсөн. Би тэгээд эхнэрийн хажуугаар ороод унтаад өгсөн. Маргааш өглөө нь би машинаа авах гээд Алтай хотхоны гадаа уулзаад бид ярилцаад эхнэр бид хоёрыг хүргэж өгөхөөр болоод Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15 орчимд орой 17 цагийн орчимд ирсэн, тэгээд М бид хоёр эвлэрээд 0.75 граммын экс нэртэй архи уугаад байж байтал М эхнэртэйгээ маргалдаад байхаар нь би “чи болиоч” гэхэд над руу дайраад “чи надад заадаг болчихсон юм уу” гээд бид хоёр маргалдаад зууралдаад байж байгаад миний баруун чихнээс хазчихсан, хажууд байсан манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Энэ үйл явдал нь Ус-15 орчимд Элбэг дэлгүүрийн урд талд болсон, бид хоёрын хажууд Мийн эхнэр Дээгий, манай эхнэр Билгүүн нар хамт байсан...” гэх мэдүүлэг /хх.08/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Ганзоригийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1038 дугаартай:

1. О.Алтан-Одын биед тархи доргилт, баруун чих, хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зулай, баруун хөмсөг, дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Билгүүний өгсөн: “Өглөө нь сэрээд харахад миний нөхрийн баруун талын хөмсгийг 5 см орчим сэтэлсэн байсан бөгөөд бид хоёр ГССҮТ-д очиж оёдол тавиулсан... Манай гэрийн гадаа ирээд М манай нөхөр хоёр нэмж архи уусан бөгөөд манай нөхөр М хоёр зодолдоод манай нөхрийн оёдол тавиулсан хөмсгийг нь задалсан. М нь манай нөхөрт хандаж “чи битгий жүжээд бай, чи надаас мөнгө авах гээд байна” гээд хэрэлдээд зодолдоод байсан. Би аргаа бараад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.19-21/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.31-35/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.38-41/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.45/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Мийн яллагдагчаар өгсөн: “... би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас шалтгаангүй хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Хийсэн үйлдэл ээ хүлээн зөвшөөрч байна...” /хх.46/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хохирогч О.Алтан-Одын гаргасан хүсэлт /хх.47/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч Э.Мийн гаргасан хүсэлт /хх.48/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.52/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э.М өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч О.Алтан-Од нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Э.М нь хохиролд 800.000 төгрөг нөхөн төлсөн, боловч тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Моос жич нэхэмжлэх эрхтэй юм.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Мид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  Э.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Э.Мид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Э.Мид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч БМийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Э.Мид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 800.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч О.Алтан-Од нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч О.Алтан-Од нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Моос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мид урьд нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБАЯР