| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0012/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/20 |
| Огноо | 2023-12-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/20
2023 12 26 2024/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Г.Баярмаа,
шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ...овогт Г.Ч холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Г.Ч нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ... Дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар сургуулийн орчимд иргэн У.Х-ын эзэмшлийн Самсунг А-52 загварын 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Ч нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ... Дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар сургуулийн орчимд иргэн У.Х-ын эзэмшлийн Самсунг А-52 загварын 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Г.Ч-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Г.Ч-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Ч нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ... Дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар сургуулийн орчимд иргэн У.Х-ын эзэмшлийн Самсунг А-52 загварын 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч У.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...2023 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 07 цаг 49 минутад 7 буудлаас 33 номерын нийтийн тээврийн автобусанд суусан. Тэгээд ... буудал дээр буугаад дүүгээ хөтлөөд зам гараад сургууль руу ороод дүү анги руу ороод би бас анги руу гаа ороод утсаа халааснаас авах гэсэн чинь миний гар утас байгаагүй. Тэгээд өөрийнхөө дугаар руу залгасан чинь нэг эгч авсан ба "би утсаа авах гэсэн юм хаанаас очиж авах вэ" гэхэд ... буудлаас ирээд авчих гэж хэлэхээр нь би шууд ... буудал руу 5-6 минутын дараа автобусанд сууж очоод өөрийнхөө дугаар руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. 2022 оны 03 дугаар сарын эхээр ....... дэлгүүрээс 1,170,000 төгрөгөөр авч байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13- р хуудас/,
М.Ж-ын сэжигтнээр өгсөн "... Би 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 07 цагийн үед хуурай ах Ч-н хамт ... дүүргийн сургуулийн автобусны буудал дээрээс хүн ихтэй автобусанд зорчин явсан. Тэгээд зургаан буудлын автобусны буудал дээр буусан чинь Ч-н ах Самсунг А-32 загварын гар утас хулгайлан авснаа хэлсэн. Замын эсрэг тал руу гарч байсан чинь бага насны хүүхэд сургууль руугаа явж байхаар нь араас нь бид хоёр дагаж явж байгаад сургуулийн хаалгаар үл таних эмэгтэй хүн орж байхаар нь халааснаас нь Самсунг А-23 загварын гар утас хулгайлаад авсан. Тэгээд Ч-н удалгүй миний араас ирээд Самсунг А-52 загварын гар утас хулгайлан авсан байсан. Тэгээд бид хоёр такси бариад гэр рүүгээ явсан...би одоо СБДЦГ-1 хэлтэст ЭХТА-ийн 17.1.1-р, мөн МШГ-ын халаасны хулгайн гэмт хэрэг дээр шалгагдаж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 55-57-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний ...... ХХК-ний 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн СБ2-23-404 дугаартай "тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар нийт 450.000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв" гэх тайлан /хх-ийн 18-19-р хуудас/,
2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 24-27-р хуудас/,
2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 29-30-р хуудас/
Яллагдагч Г.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 107-108-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.Ч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Ч-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Ч-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Ч-т 308 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ........ овогт Г.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 308 /гурван зуун найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Г.Ч-т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.
4. Шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР