Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/92

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч А.Э,    

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А-ын Э-д холбогдох 2428000000127 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Биеийн байцаалт:        

Шүүгдэгч А.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Г.Цгийн Төрийн банкны ... дугаартай данснаас өөрт нь мэдэгдэлгүйгээр 7 удаагийн гүйлгээгээр нийт 4,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Э-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч А.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Данснаас нь мөнгө авсан нь үнэн гэв.

Хохирогч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай нэг найз болох А.Э нь надаас Төрийн банкны дансаа түр ашиглуулаач гэж гуйсан бөгөөд тухайн үед би А.Э-ыг гуйгаад байхаар нь зөвшөөрөөд нэвтрэх нэр болон нууц кодоо өгсөн байгаа. Тэгсэн уг залуу миний эзэмшлийн 4,500,000 төгрөгийг надад хэлэхгүйгээр нууцаар авсан байсан. Би уг залууд зүгээр дансаа ашиглуулна гэсэн болохоос дансанд орж гарч байгаа миний эзэмшлийн мөнгийг ашиглаж болохгүй гэж хэлж байсан. ... Тэгсэн өглөө буюу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цагт босоод өөрийн Төрийн банкны данс руу ороод хартал миний данснаас 4,500,000 төгрөгийн зарлага гарсан байсан бөгөөд би гайхаад А.Э руу залгасан гар утас нь холбогдохгүй байсан бөгөөд айгаад үлдсэн 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... тоот данс руу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 20 минутад шилжүүлсэн байгаа. Тэгээд ахиж Төрийн банкны данс руугаа ороод хартал 7 удаагийн гүйлгээгээр 4,500,000 төгрөгийг Хаан банкны ... гэсэн данс руу шилжүүлсэн байсан. Дансны нэр нь Амарбат Э гэсэн байсан. ...Уг мөнгөө эргүүлж авмаар байна. Тэгээд тухайн өдөр холбоо барих гээд утас руу нь залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Тэгээд уг мөнгөө эргүүлж авмаар байна гэхэд надад буцааж өгнө л гэж хэлсэн бөгөөд өөр зүйл хэлээгүй байгаа. Одоо болтол миний Төрийн банкны ... тоот данснаас зөвшөөрөлгүй хулгайлж авсан мөнгөө өгөхгүй байна. Тийм учраас гомдолтой байна.Надад нийт 4,500,000 төгрөгийн хохирол учирсан байгаа...” /хавтаст хэргийн 12-16 дахь тал/         

Г.Ц-гийн “...Төрийн банкны ... дугаартай депозит дансны хуулга” /хавтаст хэргийн 23-34 дэх тал/

Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5585/290 тоот албан бичиг /хавтаст хэргийн 36 дахь тал/

А.Э-ын эзэмшлийн Хаан банкны ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 37 дахь тал/

Хохирогч Г.Ц-гийн “А.Эоос хохирол төлбөрөө авсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх хүсэлт /хавтаст хэргийн 61 дэх тал/

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 62 дахь тал/

А.Э-ын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 64 дэх тал/ 

Прокурорын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 46 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 65-66 дахь тал/

Прокурорын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” 46 дугаартай санал /хавтаст хэргийн 67 дахь тал/.    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч А.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Г.Ц-гийн Төрийн банкны ... дугаартай данснаас өөрт нь мэдэгдэлгүйгээр 7 удаагийн гүйлгээгээр нийт 4,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үлэмж хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.    

 Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Г.Ц-гийн мэдүүлэгт /хавтаст хэргийн 12-16 дахь тал/, Г.Цгийн “...Төрийн банкны ... дугаартай депозит дансны хуулга” /хавтаст хэргийн 23-34 дэх тал/, Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5585/290 тоот албан бичиг /хавтаст хэргийн 36 дахь тал/, А.Эын эзэмшлийн Хаан банкны ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 37 дахь тал/ шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.   

Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч А.Э-ын бусдын эд хөрөнгийг хулгайлсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч А.Э нь иргэн Г.Ц-гийн Төрийн банкны ... дугаартай данснаас өөрт нь мэдэгдэлгүйгээр 7 удаагийн гүйлгээгээр нийт 4,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Э нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч А.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.Э-ын буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Цд 4,500,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “А.Эоос хохирол төлбөрөө авсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх хүсэлт /хавтаст хэргийн 61 дэх тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрийг төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.     

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.   

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд улсын яллагчаас санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбарыг тус тус гаргав.     

Шүүгдэгч А.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.   

Шүүх шүүгдэгч А.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.       

Шүүгдэгч А.Э-д зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.  

Бусад асуудлаар.

Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ц-д 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:        

1. Шүүгдэгч Б овгийн А-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.       

3. Шүүгдэгч А.Э-д зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

5. Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ц-д 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.           

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

  

                                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ