Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар багт оршин суух М овогт М.З-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт А.Б-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 112.6 кг ноолуурын үнэд 12,386,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Ө, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн төлөөлөгч С.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч  М.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие М.З нь 2021 оны 04 дүгээр сарын 08-нд А.Б гэдэг хүнээс 14 цаг 00 минутын орчимд 112, 6 кг ноолуурыг суманд байхгүй өндөр үнээр буюу 110,000  төгрөгөөр худалдан авч нийт мөнгө болох 12,386,000 төгрөгийн тооцоог нь бэлнээр нь өгч данс руу нь мөнгийг нь хийсэн. Ах дүү танил тал гээд ноолуурыг сайн үзэж харалгүй авсан юм. 2021 оны 04 дүгээр сарын 08-нд орой нь ноолуурыг ченжид тушаах гэсэн боловч шороотой хар, маш муу ноолуур байна  гэж ченжид гологдож буцаж ирсэн. Иймд А.Б-д мэдэгдэж ноолуураа ав ченжид гологдоод авахгүй байна гэтэл өөдөөс шууд уурлан загнаж ноолуураа авахгүй гэхээр нь  ноолуурыг нь 112,6 кг буюу тоо ёсоор нь гэрийнх нь үүдэнд А.Б-д мэдэгдэж орхиод явсан. Иймд миний бие маш их гомдолтой байгаа тул А.Б нь Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар багийн нутагтт нутаглаж байгаа сумаас 45 км энэ хүнээс миний мөнгийг гаргуулж өгч тус болно уу гэжээ.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: З нь 2021 оны 04  дүгээр сарын 08-ны өдөр Б-с 112.6 кг ноолуурыг нийт 12,386,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг дансаар болон бэлнээр өгсөн юм. Ингээд ноолуур авсан өдөртөө Сүхбаатар аймгийн Баяндэлгэрт байдаг ченжид худалдахаар очиход шороотой, муу ноолуур, авахгүй гээд буцаасан байдаг. Ингээд З нөхөр Б-н хамт Өргөн суманд буцаж ирээд үүссэн нөхцөл байдлыг хэлээд ноолуурыг хүлээлгэн өгсөн байдаг. Хариуцагч  нь ноолуурыг үзэж авсан гэдэг тайлбарыг гаргаад  байна, нэхэмжлэл дээр бичсэнээр сайн үзэж хараагүй гэж бичсэн байгаа ч 7-8 шуудай ноолуур байсан ба 112 кг ноолуурыг бүгдийг үзэж авах боломжтой юу гэдгийг анхаараасай. Нөгөөтэйгөөр нэхэмжлэгчийг доголдолтой эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэдгийг хариуцагч тал юугаар нотлоод байгаа нь тодорхойгүй байна. Ер нь бол шалгаагүй итгэлцлээр авсан гэдгийг З-н нөхөр, гэрч Д нар мэдүүлсэн байдаг. З-н хувьд анх удаа энэ жилийн 3 сараас эхлэн ноолуурын наймааг хийж эхэлсэн, туршлагагүй байсан, Э гэдэг хүнд худалдах зорилгоор нутгийн хүмүүсээс ноолуур авсан, тэр нь гологдсон байдаг. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч гомдлын шаардлага гаргах эрхтэй. Иймд Б-с 110 кг ноолуурын үнэ 12,386,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан татгалзал тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б, З нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар ноолуур худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Энэ худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, мөнгө өгсөн, авсан дээр хэн, хэн нь маргадаггүй. Гол маргаж байгаа зүйл бол худалдан авсан ноолуур нь эрхийн доголдолтой буюу шороотой, муу ноолуур байсан гэж байгаа тул өгсөн, авснаа буцаая гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Нэгдүгээрт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй. Тэгтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон буюу уг ноолуурыг эрхийн доголдолтой, шороотой, муу ноолуур байсан гэдгийг нотолсон нотлох баримт байхгүй байна. Ченж буюу Э-д ноолуураа үзүүлээд гологдоод ирсэн учраас буцаана гэсэн асуудал яригддаг. Гэтэл Э, Б-н хэрэгт өгсөн мэдүүлэгт “ноолуурын шинж байдлын талаар мэдүүлээгүй” Г-н хэрэгт өсгөн мэдүүлэгт “ бор ноолуур байсан учраас аваагүй, манайх бор ноолуур авдаггүй” гэж мэдүүлдэг.

Хоёрдугаарт: З нь ноолуурыг огт үзэж, хараагүй гэж мэдүүлдэггүй, харин сайн шалгаагүй авсан гэж нэхэмжлэл дээр дурдсан байдаг. Мөн энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Г, Х нар нь үзэж харж авсан гэж мэдүүлдэг. Ер нь бол ноолуур нь шалгаж үзэх боломжгүй эд хөрөнгө биш юм. Тэгэхээр энэ ноолуур өнөөдөр эрхийн доголдолтой буюу чанар шаардлага хангахгүй учраас өгсөн, авснаа буцаая, гэрээнээс татгалзана гэдэг асуудал үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэсэн зохицуулалт байгаа. Энэ шаардлагын дагуу З бол мэдэх боломжтой буюу мэдэх нөхцөл нь байсаар байтал өөрөө эрсдэлээ тооцож эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч М.З нь хариуцагч А.Б-д холбогдуулан 112,6 кг ноолуурын үнэ 12,386,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. Үндэслэл нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч М.З, хариуцагч А.Б нар нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нь уг гэрээгээр  нэхэмжлэгчийн өмчлөлд 112,6 кг ноолуур шилжүүлж, нэхэмжлэгч нь хариуцагчид ноолуурын үнэд 12,386,000 төгрөгийг төлсөн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан банкны баримтаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй буюу шороо ихтэй, муу ноолуур зарсны улмаас дараагийн борлуулалтыг хийж чадаагүй, 112,6 кг буюу овор хэмжээ ихтэй байсны улмаас доголдлыг илрүүлэх боломжгүй байсан, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар гомдлын шаардлага гаргах эрхтэй гэсэн агуулгаар шаардлагаа тодорхойлж, гэрээнээс татгалзаж,

хариуцагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар нэхэмжлэгч М.З нь доголдлыг илрүүлэх бүрэн боломжтой байсан, түүнчлэн тухайн үедээ зарим нэг шуудайтай ноолуурыг шалгасан байдаг, Э гэх хүн хариуцагчийн ноолуурыг шороотой, муу ноолуур гэх шалтгаанаар худалдаж авахаас татгалзаагүй гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, талууд маргаж байгаа болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ  гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд худалдагч буюу хариуцагч А.Б нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байх бөгөөд хэргийн үйл баримт, хариуцагчийн тайлбар, гэрч Э.Э-н мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 112,6 кг ноолуур хүлээлгэн өгөхдөө  биет байдлын доголдолтой хөрөнгө өгсөн болох нь тогтоогдохгүй байна. Тодруулбал:

Нэхэмжлэгч М.З нь хариуцагчаас худалдан авсан ноолуур нь “шороо ихтэй, муу ноолуур байсны улмаас дараагийн борлуулалтыг буюу ноолуурын ченж гэх гэрч Э.Э-д худалдан борлуулж чадаагүй” гэх боловч гэрч Э.Э нь хариуцагч Л.Г-д холбогдох иргэний хэрэгт өгсөн “ тус ноолуурууд нь бор өнгөтэй ноолуур байсан, манайх бол бор өнгөтэй ноолуур авдаггүй, тиймээс би  тус ноолуурыг аваагүй”, мөн А.Б-д холбогдох хэрэгт өгсөн “ ..би ноолуурыг үзээд ийм ноолуур авахгүй гэж хэлээд явсан“ гэж мэдүүлсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарлаад байгаа нөхцөл байдал тухайн үед үүсээгүй байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох  баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч М.З нь гэрээнээс татгалзаж байгаа үндэслэл буюу хариуцагч А.Б-с худалдан авсан ноолуур нь шороотой, муу ноолуур байсныг, мөн хариуцагчаас худалдан авсан ноолуурыг бусдад борлуулах боломжгүй нөхцөл байдал үүссэнийг хэрэгт нотлоогүй байна.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж маргадаг боловч нэхэмжлэгч талаас  Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д  зааснаар  тухайн эд хөрөнгийг ижил төрлийн доголдолгүй эд хөрөнгөөр солиулахаар шаардлага гаргаагүй байна.

Нэхэмжлэгч М.З нь хариуцагчаас ноолуур худалдан авах үедээ 112,6 кг буюу овор хэмжээ ихтэй байсны улмаас доголдлыг илрүүлэх боломжгүй байсан гэж маргадаг. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн хувьд хариуцагч А.Б-с анх удаа ноолуур худалдан аваагүй, 2021 оны 03 сараас эхлэн нутгийн иргэдээс ноолуурын худалдан авалтыг хийж эхэлсэн зэрэг нь энэ төрлийн бизнесийн эрсдэлийг өөрөө тооцох боломжтой байсан, түүнчлэн худалдан авч байгаа эд хөрөнгөө шалгах боломжгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар “ эд хөрөнгө хүлээн авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан”   гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч А.Б-д холбогдох 12,386,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.З-н нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт  112,6 кг ноолуурын үнэд 12,386,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,126  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              А.Ц