| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0086/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/90 |
| Огноо | 2024-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/90
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Шүүгдэгч С.Б,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн С-ийн Б-д холбогдох 2428001200136 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Ц.О-ийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.У-ийг зодож, биед нь баруун бугалга дахь цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Б-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ногоочдын 01-18 тоотоос гараад ахынд очиход архи уугаад байж байсан. 0.75 граммын архи байхаар нь архи уугаад ахындаа очоод унтаж байгаад орой очсон. Тэгээд маргааш нь эхнэр тийм зүйл болсон гэж хэлсэн гэв.
Хохирогч С.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр найз Х Өмнөговь аймаг Даланзадгад сум 5 дугаар Ногоочид 4-9 тоотод хөдөө явж ирээд байж байсан. Тэр үеэр С.Б тухайн манай найзынд гартаа хоёр шил архи барин ирсэн. Тэр хоёр шилтэй архийг хувааж ууцгаасан. Тухайн үед хөдөөнөөс Т гэдэг хүн ирсэн байсан. Тэр хүнтэй Б маргалдаад байсан. Тэр ахтай маргалдан зодох гэж дайраад байхаар нь би голоор нь ороод хорьсон. Намайг тэр үеэр танихгүй хүн өмөөрлөө гэж гарыг минь хөшиж мушгиад шилэн хүзүүний ард гаргаад ирсэн. Тэгээд шилбэ болон баруун гарын мөр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед манай хүүхдийг тэврээд сууж байсан О гэх манай найзыг өшиглөхөөр нь би болиулсан. Нээх удалгүй цагдаа ирээд аваад явсан... С.Б хаад архи уугаад байдаг. Нэг уухаараа долоо хоногоос нэг сар хүртэлх хугацаагаар уудаг. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн санал гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 18-21 дэх тал/
Хохирогч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 03 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед У манай гэрт байж байтал гаднаас У-ийн нөхөр Б согтуу орж ирсэн. Б У-тэй утас булаацалдаад байхаар нь би та нар болиоч гэрт орж ирээд агсам тавиад гэж хэлсэн. Б чамд ямар хамаатай юм гэж хэлээд миний баруун хөл рүү 2 удаа өшиглөж авсан... Б Уийн зүүн талын гарыг мушгиад, өчөөд байсан.” /хавтаст хэргийн 14 дэх тал/
Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 18 цагт ажлаасаа тараад гэрт ирээд байж байтал миний утас дуугарсан. Оэ утсаар Б согтуу гэрт ирээд агсам тавиад байна гэж хэлсэн. Тухайн үед 19 цаг болж байсан байх би дүүгийнхээ гэрт очтол Б хоёр гартаа халуун ногооны шил барьчихсан хавсраад хагалах гээд зогсож байсан. Намайг гэрт яваад ороход хооронд нь хавсраад хагалсан. Би согтуу хүнтэй юм яриад яахав гэж бодоод цагдаад дуудлага өгсөн.” /хавтаст хэргийн 15 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “С.У-ийн биед баруун бугалга дахь цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 26-28 дахь тал/
С.Б-гийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 77 дахь тал/
Прокурорын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 43 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 78-79 дэх тал/
Прокурорын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” 43 дугаартай санал /хавтаст хэргийн 80-81 дэх тал/.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч С.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Ц.О-ийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.У-ийг зодож, биед нь баруун бугалга дахь цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.У-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-21 дэх тал/, хохирогч Ц.О-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/, гэрч Э.Х-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-28 дахь тал/, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч С.Б нь хохирогч С.У-ийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.
Мөн шүүгдэгч С.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.
Шүүгдэгч С.Б, хохирогч С.У нар нь 2020 оноос хойш хамтран амьдарч, дундаасаа 1 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд шалтгаан нь үл ялих зүйл болон тодорхой шалтгааны аль алинаар үйлдэгдэж болдог байна.
Шүүгдэгч С.Б нь хамтран амьдрагч С.У-ийг зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь танихгүй хүн өмөөрлөө гэх үл ялих зүйлээс болж зодож, хөнгөн гэмтэл учруулсан байх боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа биш өмнө бас халдаж байсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогчийн гарыг хөшиж мушгиж, шилэн хүзүүний ард гарган, шилбэ болон баруун гарын мөр хэсэг рүү нь өшиглөсөн гэмт үйлдлийн арга, уг үйлдлийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс үзэхэд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хангажээ.
Иймд шүүгдэгч С.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч С.Б-гийн буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Уийн биед баруун бугалга дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-28 дахь тал/-ээр тогтоогдож байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.У-ийн зүгээс “Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд дахиж ийм алдаа гаргахгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч С.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.У хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн С-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.У хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ