Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/653

 

 

 

 

 

 

2024         06          05                                        2024/ШЦТ/653

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Б.Одонтуяа,

Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч М.Билгүүнбаяр, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ /ҮД:0181/,

Иргэний хариуцагч “Талх чихэр” ХК-ийн төлөөлөгч Б.Барсболд,

Шүүгдэгч В.Т, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ /ҮД:2128/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Тт холбогдох 2403 00112 0202 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын   -ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “............” ХК-д гэрээт борлуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 0-16 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, ................тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЖТ /РД:/.

Хэргийн товч агуулга:

В.Т нь 2024 оны 02 сарын 15-ны өдөр 06 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Санан дурсахуй” төвийн баруун замд Kia bongo маркийн 04-65 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц луу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Мядагмааг мөргөж, амь насанд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Т өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Билгүүнбаяр өгсөн мэдүүлэгтээ: “Би ээжийгээ машинд мөргүүлээд нас барсныг 02 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг 50 минутын үед мөрдөгч Баяраагаас сонсож мэдсэн. Миний хувьд ээжийгээ гэнэтийн ослоор алдсан. Би хоёр төрлийн  зүйл ярих хүсэлтэй байна. 1.Хүний амь нас хохирсон. Миний ээж эрүүл мэндийн хувьд дахин 10 жил наслахаар байдалтай байсан. Манай ээжийн аав ээж нь 83 насалж байсан. Эгч нь 84 настай хүн байдаг. Эрт илрүүлгийн шинжилгээнд ороход ойрын хугацаанд амь насанд нь хүрсэн өвчин байгаагүй. Би ээжтэйгээ энэ осол болоогүй бол дахин 10 жил хамт амьдрах байсан гэж бодож байгаа. Хүний амь насыг эд зүйлийг хэмждэг шиг тооцож бодох боломжгүй. Хүний амь  насыг хэрхэн тооцож хэмждэг гэдгийг мэдэхгүй. Амь насыг нь хохироогүй байсан бол гарах байсан зардлуудыг нэхэмжлэх хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжилсэн зардлуудаас гадна 10 жил амьдрах байсан гээд бодоход 10 жилийн хугацаанд манай ээжийн авах байсан тэтгэвэр 100 гаран сая төгрөг болно. Үүнийг бол тооцож болох хохирол гэж үзэж байна. Би шүүгдэгч Тыг шоронд хорьж байж сэтгэл ханах зүйл байхгүй. Хорьсноор сэтгэл санааны хохирол барагдахгүй. Энэ хүн хүний алтан амь хохироосон тул сэтгэлийн шархтай явах байх. Миний зүгээс тэдэн жил хорь гэсэн санал хэлэхгүй. Энэ хүний үйлдэлтэй холбогдоод үүссэн зардлыг нэхэмжилж шүүхэд ирсэн байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “Талх чихэр” ХХК-ийн төлөөлөгч Б.Барсболд өгсөн мэдүүлэгтээ: “Манай байгууллага 04-65 УНЧ дугаартай бонго маркийн автомашиныг “Талх чихэр” ХХК-ийн эзэмшлийн автомашин гэдгээр нь иргэний хариуцагчаар татаж оруулсан байгаа. Манай компанийн байр суурь бол  нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэл нь яллагдагч В.Т нь манай компанид гэрээт борлуулагчийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэдэг тул боломжгүй. 04-65 УНЧ улсын дугаартай автомашины хувьд 3 жилийн хугацаатай, хүүгүй борлуулалт хийгээд өөрийн нэр дээр авах худалдах худалдан авах гэрээ хийдэг. Энэ гэрээг 2017 онд В.Ттай хийгээд, 2021 оны 01 дүгээр 18-ны өдөр Т бүх мөнгөө төлөөд дуусгасан тул энэхүү автомашин нь Тын нэр дээр очих нөхцөл нь бүрдсэн байгаа. Тухайн 2021 оноос хойш Т болон манай компани хэн аль  нь нэр шилжүүлэх асуудлаа хийгээгүй байсан тул уг тээврийн хэрэгсэл “Талх чихэр” ХХК-ийн нэр дээр байсан. Нэр шилжүүлээгүй байсан...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.04/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.03-09/,

Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.10/,

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.11-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Билгүүнбаярын өгсөн: “... Би зам тээврийн ослын талаар бол мэдэхгүй байна. Тухайн осол болсон гэх өдрийн 13 цагийн үед “замын цагдаагаас ярьж байна Т.Мядагмаа гэх хүнийг таних уу” гэж хэлээд “ирж уулзах шаардлагатай байна” гэхээр нь Замын цагдаа дээр очиж цагдаа уулзаад мэдсэн юм. Осол болох үед би цуг яваагүй... 2000 онд Улаанбаатар хотод шилжиж орж ирээд Наран группэд үйлчлэгчээр ажилд орж 2005 онд тэтгэврээ тогтоолгоод үргэлжлүүлээд 2015 он хүртэл ажиллаж байсан. 2015 оноос хойш гэртээ байдаг байсан. Миний ээж Т.Мядагмаа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй архи ууж чаддаггүй, би архи уучихсан байхыг нь харж байгаагүй. Би тухайн өдөр өглөө 04 цагийн үед гэртээ ороход ээж унтаж байсан. Тэгээд намайг унтаж байхад өглөө гараад явсан байсан би гарч явахыг нь мэдээгүй. Өглөө эмчилгээндээ явах гэж гарсан байх. Миний ээжид архаг хууч өвчин гэх зүйл байхгүй. Нуруу нь л өвддөг байсан. Миний хувьд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч “Талх чихэр” ХК-ийн төлөөлөгч Б.Барсболдын өгсөн: “... манай компани нь энэхүү асуудалд иргэний хариуцагчаар оролцох субъект болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна...” гэх мэдүүлэг /хх.22/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Бадралын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 847 дугаартай:

“1. Талийгаач Т.Мядагмаагийн цогцост зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, хугарлаар ирмэг зүүн чулуулаг яс, турк эмээл рүү, урд ирмэг суурийн урд хонхрыг дайрсан ухархайн дээд хана, тахиан залаа, бага далавч, турк эмээл, баруун суурийн дунд хонхор луу үргэлжилсэн шугаман хугарал, тархины хоёр чамархай, зулайн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний хоёр чамархай, зулайн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний хоёр талын олон хавирганы хоёрлосон, гурвалсан гялтан хальс цоолсон зөрүүтэй хугарал, зүүн эгэм ясны зөрүүтэй далд хугарал, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт, хоёр уушгины эдийн няцрал, авчилт, голт, хоёр уушгины уг, үнхэлцэг, хальс, дотор эрхтнүүдийн холбоос дагасан цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн урагдал, хоёр талын олон яс уулзах үеэрх салсан хугарал, баруун чамархайн хуйх, чихний дэлбэнгийн няцарсан шарх, зүүн дух, чамархайн хуйхны дотор гадаргуу, хоёр чамархайн булчингийн цус хуралт, хоёр нүдний дээд зовхи, баруун сарвууны долоовор хурууны цус хуралт, дух, зүүн хөмсөг, хацар, баруун бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой.

3.Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.

4.Талийгаач нь дээрх гавал, тархи, цээж, хэвлий, аарцгийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ.

5.Цус, цөсөнд спиртийн агууламж илрээгүй. Нас барах үедээ согтолтгүй байжээ.

6.2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагт цогцост үзлэг хийх үед нас бараад 1-2 цаг орчим болсон байжээ.

7. Нэгдүгээр бүлгийн харьяаллын цустай байна” гэх дүгнэлт /хх.32-33/,

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх.91-97/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 421 дугаартай: “Жолооч В.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...” гэх магадалгаа /хх.99-101/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.108-113/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.115/,

Мөрдөн шалгах ажиллагаанд В.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.116/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.123/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл /хх.124-127/,

Хохирлын баримтууд /хх.146-164/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.24, 26, 130-143/,

Шүүгдэгч В.Тын иргэний үнэмлэхийн хуулбар /хх.129/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.143/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч В.Т нь 2024 оны 02 сарын 15-ны өдөр 06 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Санан дурсахуй” төвийн баруун замд Kia bongo маркийн 04-65 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц луу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Мядагмааг мөргөж, амь насанд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт В.Тыг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тусган хуульчилж,

Мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний амь нас хохирсон” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Т.Мядагмаагийн цогцост шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, хугарлаар ирмэг зүүн чулуулаг яс, турк эмээл рүү, урд ирмэг суурийн урд хонхрыг дайрсан ухархайн дээд хана, тахиан залаа, бага далавч, турк эмээл, баруун суурийн дунд хонхор луу үргэлжилсэн шугаман хугарал, тархины хоёр чамархай, зулайн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний хоёр чамархай, зулайн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний хоёр талын олон хавирганы хоёрлосон, гурвалсан гялтан хальс цоолсон зөрүүтэй хугарал, зүүн эгэм ясны зөрүүтэй далд хугарал, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт, хоёр уушгины эдийн няцрал, авчилт, голт, хоёр уушгины уг, үнхэлцэг, хальс, дотор эрхтнүүдийн холбоос дагасан цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн урагдал, хоёр талын олон яс уулзах үеэрх салсан хугарал, баруун чамархайн хуйх, чихний дэлбэнгийн няцарсан шарх, зүүн дух, чамархайн хуйхны дотор гадаргуу, хоёр чамархайн булчингийн цус хуралт, хоёр нүдний дээд зовхи, баруун сарвууны долоовор хурууны цус хуралт, дух, зүүн хөмсөг, хацар, баруун бугалгад зулгаралт” гэмтэл учирсны улмаас хохирогч нас барсан байна.

Шүүгдэгч В.Т зам тээврийн осол гаргаж, түүний улмаас иргэн Т.Мядагмаагийн амь нас хохирсон үйлдэл нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний хүний амь нас хохирсон гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангажээ.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч В.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

В.Т нь хохирогчийн амь насанд хохирол учруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Шүүгдэгч В.Тын гэмт үйлдлийн улмаас хохирогчийн амь насанд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч В.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн:

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,

511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Билгүүнбаяр талийгаачийн оршуулгын зардалд 14.454.579 төгрөг, гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 98.340.000 төгрөг, нийт 112.794.579 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч В.Т хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10.000.000 төгрөг нөхөн төлсөн байх тул оршуулгын зардлаас төлөөгүй үлдсэн 14.454.579 төгрөг, гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 99.000.000 төгрөг, нийт 103.454.579 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч байгууллагаас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.

Иргэний хариуцагч “Талх чихэр” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Барсболд өгсөн мэдүүлэгтээ “... Манай компанийн байр суурь бол  нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэл нь яллагдагч В.Т нь манай компанид гэрээт борлуулагчийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэдэг тул боломжгүй. 04-65 УНЧ улсын дугаартай автомашины хувьд 3 жилийн хугацаатай, хүүгүй борлуулалт хийгээд өөрийн нэр дээр авах худалдах худалдан авах гэрээ хийдэг. Энэ гэрээг 2017 онд В.Ттай хийгээд, 2021 оны 01 дүгээр 18-ны өдөр Т бүх мөнгөө төлөөд дуусгасан тул энэхүү автомашин нь Тын нэр дээр очих нөхцөл нь бүрдсэн байгаа. Тухайн 2021 оноос хойш Т болон манай компани хэн аль нь нэр шилжүүлэх асуудлаа хийгээгүй байсан тул уг тээврийн хэрэгсэл “Талх чихэр” ХХК-ийн нэр дээр байсан. Нэр шилжүүлээгүй байсан” гэсэн боловч уг зам тээврийн ослын гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгчийн жолоодож явсан Kia bongo маркийн 04-65 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Талх чихэр” ХК байсан учир Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй тул иргэний хариуцагчийн төлөөлөгчийн мэдүүлэг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Мөн хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч М.Билгүүнбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч В.Таас болон иргэний хариуцагч “Талх чихэр” ХК-аас жич нэхэмжлэх эрхтэй юм.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч В.Т гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байх гэсэн саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Тт “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.” гэв.

          Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ “...Улсын яллагчтай санал нэг байна. Бидний зүгээс аль аль талаасаа хүн чанар бодоод шүүгдэгчийн бага насны 4 хүүхэдтэй, ар гэрийн хувьд хүнд гэж ойлгосон тул заавал нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэхэд тусгайлан гаргах саналгүй.” гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ “...Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн зорилго, зорилт нь хүнийг цээрлүүлэхэд бус нийгэмшүүлэхэд оршдог. Т нь 0-10 насны 4 хүүхэд, эхнэрийн хамт амьдарч байгаа. Өөрөө ийм амьдралтай боловч хохирогчийн хохирлын 10 сая төгрөгийг барагдуулсан. Цаашид гарах зардлыг аль болох богино хугацаанд төлөх хүсэл зоригоо илэрхийлж байгаа. Иймд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын хүрээгээр хязгаарлаж өгнө үү гэж хүсэж байна.  Яагаад гэхээр Т нь “Талх чихэр” ХХК-д гэрээт борлуулагч. Энэ машинаар борлуулалт хийж, 6 дүүрэгт түгээлт хийж, хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирлыг аль болох богино хугацаанд барагдуулах боломжтой тул ажил хийх боломжоор хангаж өгнө үү. Зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын хүрээнд багтааж, эрх хасах ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү.” гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан тайлбартаа“...Шүүгдэгчийн зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотоор хязгаарлах боломж байгаа бол тэгж шийдэж өгнө.” гэв.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ В.Тын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн болон хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч В.Тт 3 жилийн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлан, түүнд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалгах нь зүйтэй.

          Ялтан шүүхээс тогтоосон хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч В.Тт сануулж байна.

          Шүүгдэгч В.Тт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

          Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч В.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч В.Тт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч ЖТыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Тт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч В.Тт 3 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч В.Тт сануулсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч В.Тт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

          6. Шүүгдэгч В.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Билгүүнбаярт 10.000.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          8.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч В.Таас болон иргэний хариуцагч “Талх чихэр” ХХК-аас тус бүр 51.727.289 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Билгүүнбаярт 103.454.579 төгрөг олгосугай.

9. Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч М.Билгүүнбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч В.Таас болон иргэний хариуцагч “Талх чихэр” ХХК-аас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч В.Тт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР