Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/678

 

 

 

 

 

 

 2024         06          11                                       2024/ШЦТ/678

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч А.Анхбаяр /ҮД:3085/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Ст холбогдох 2403 00148 0277 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны ... дүгээр сарын .....-ны өдөр Ховд аймгийн төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 3-17 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, ....... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ОС /РД: /.

Хэргийн товч агуулга:      

Н.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо Баруун алтан өлгийн 27 дугаар гудамжны 605 тоотын хойд авто замд 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 19 цаг 00 минутын үед Тоёота Приус 20 маркийн 75-96 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3.3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч буюу хохирогч Ц.Батхолбоогийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх.04/,

Дуудлага лавлагааны хуудас /хх.05/,

Зам тээврийн осол гарсан газрын хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /06-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Батхолбоогийн өгсөн: “... 2024 оны 03 дугаар сарын 02-ны орой би найз Давкагийн гэрт байж байгаад тэднийхээс 19 цагийн үед гараад түүнтэй хамт дэлгүүр орж тамхи авах гээд тэдний гудамжны арын авто замын урд талын явган хүний замаар айлуудын хашаа дагаад дээшээ өгсөөд явж байтал миний араас гэнэт машин ирж мөргөөд би газарт унасан байсан бөгөөд би босоод замаас гараад сууж байсан бөгөөд тэрүүгээр хүмүүс бужигналдаад нэг мэдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн авто машин ирээд намайг дотор нь дамжилж суулгаад эмч нь миний нүүрнээс гарсан цусыг цэвэрлээд байж байтал цагдаа нар ирсэн бөгөөд би тэр эмнэлгийн авто машинд суугаад намайг дайрсан жолоочийн эхнэр болон найз нь гээд нэг танихгүй залуутай гурвуулаа Гэмтлийн эмнэлэгт очоод эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, намайг машин ирж мөргөхийг би огт мэдээгүй бөгөөд авто замын урд талын явган хүний замаар хашаа дагаад явж байтал гэнэт шидэгдээд газарт хэвтэж байсан бөгөөд босож ирээд харахад миний хажууд Приус маркийн автомашин байсан бөгөөд хүмүүс намайг машинд дайруулчихлаа гэж байсан...гэх мэдүүлэг /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батмөнхийн өгсөн: “... Би 2024 оны 03 дугаар сарын 02-ны өглөө би гэртээ байж байхад Н.С хашаандаа машин янзалж байна туслаад өг гээд намайг гэрээс аваад Зүүн алтан өлгийгөөс Орхонтуул гэдэг гагнуурын ажил хийдэг залууг аваад Монелд байх гэртээ ирээд амьжиргаа цагаан нэртэй ачааны жижиг авто машин янзалж байхдаа Н.С бид хоёр 2.5 литрийн хэмжээтэй, 2 ширхэг пиво хувааж уучхаад орой нь Н.С өөрийн Toyota Prius-20 маркийн 75-96 УНК улсын дугаартай автомашинаа унаад гагнуурын ажил хийсэн Орхонтуул гэдэг залуу бид гурав машинтай нь Монелд байх манай төрсөн ах Г.Нямдоржийг гэрээс нь аваад машинаа бариулаад Орхонтуулыг Зүүн алтан өлгийд гэрт нь хүргэж өгөөд түүнээс Н.С "ойрхон газар би өөрөө автомашинаа барья” гээд Н.С авто машинаа жолоодон, манай ах Г.Нямдорж автомашины арын суудал дээр, би жолоочийн хажуугийн суудал дээр суугаад орой 18 цаг өнгөрөөд 19 цаг болж байх үед бид гурав машинтай Монел руу Н.Сын гэр лүү нь Зүүн алтан өлгийгөөс Баруун алтан өлгийн 37 дугаар гудамжаар дамжаад Монелийн авто зам руу нийлдэг гэр хороолол дундах авто замаар зүүнээс баруун тийш чиглээд явж байгаад нэг хүнийг машинаараа мөргөөд Н.С машинаа зогсоосон. Ингээд бид нар автомашинаас буухад автомашинд мөргүүлсэн залуу авто машины урд, зам дээр хэвтэж байгаад өөрөө босож ирээд авто замын хашлага хэсэгт очоод суучихсан, ингээд би өөрийн 80311178 дугаарын утсаар эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.32-33/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Дунгаамаагийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3333 дугаартай:

“1. Ц.Батхолбоогийн биед зүүн тахилзуур /шилбэ/ ясны хөндлөн хугарал, баруун хацар, зүүн хөмсөг, зүүн чихний доод шилбэнд шарх, дух, зүүн хацар, зүүн хөмсөгт зулгаралт, баруун завж, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун хацар, дух, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх.37-38/,

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх.54-57/,

Сэтгэцэд учирсан хохирол тогтоосон маягт /хх.61/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.63-65/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.70-72/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.74/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Сын яллагдагчаар өгсөн: “... Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүн мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсандаа гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.75/,

Хохирогч Ц.Батхолбоогийн хохирол төлбөрт 1.500.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухай бичгээр гаргасан тайлбар /хх.81/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн: “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Батхолбоо нь эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна, Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.85/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.16-23, 86-93/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.100/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.101-102/,

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Н.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ц.Батхолбоо нь гомдол саналгүй, 1.500.000 төгрөг авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн мөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 280.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Н.С энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зарим үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Н.Ст эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж тус тус заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. 

Шүүгдэгч Н.Ст хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Н.Ст урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч ОСыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг баримтлан, шүүгдэгч Н.Ст хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Н.Ст хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Батхолбоо нь 1.500.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 280.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ст урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР