Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2021/00274

 

 

 

 

 

 




2021 8 18

103/ШШ2021/00274



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 18 дугаар байрны 48 тоотод оршин суух, Сартуул овогт Мөнхдалайн Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 6 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, Харнууд овогт Даржаагийн Хүдэрт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах тухай үндсэн, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Даваасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс, хариуцагч Д.Хүдэр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цолмон, нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч М.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2003 онд Д.Хүдэртэй гэр бүл болж, 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүү Х.Хангал, 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр охин Х.Алтан нарыг төрүүлсэн. Нөхөр Д.Хүдэр 2017 оны 5 дугаар сард гэрээсээ гарч яваад одоо хүртэл ирээгүй, Түмэнжаргал гэдэг эмэгтэйтэй гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч байгаа. Бид 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэн хэлэлцэж чадаагүй. Бидний хамтын амьдралын хугацаанд үүссэн хөрөнгө болох 10 адуу /9.000.000 төгрөг/, 12 үхэр /12.000.000 төгрөг/, 50 хонь /5.000.000 төгрөг/, 70 ямаа /7.000.000 төгрөг/ нийт 33.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий малтай болсон бөгөөд малаа Д.Хүдэр маллаж байгаа. Мөн БРА 01-40 улсын дугаартай авто машин /5.000.000 төгрөг/, Бага гүний 17 дугаар гудамжны 9 тоот хашаа, 4 ханатай гэр нийлээд 5.500.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би үр хүүхдээ 3 жил гаран энэ хүний гарыг харахгүй өсгөж байгаа, тэгээд үр хүүхдүүд нь идэх юмгүй хүртэл байж байхад энэ хүн тэнд ч айлд байна, тийм ч хүүхнийд байна гэж сонсогддог байсан. 2016 онд би самраа алдаад Мөнгөнморьтын цагдаад дуудагдаад явахдаа 2 хүүхдээ Хүдэр дээр үлдээгээд явахад төрсөн дүүгийндээ үлдээж явчихаад бензиний мөнгө гэж дүүгээсээ аваад зугаацаад, архи уугаад явсан байсан. Би 2, 3 хоноод ирэхэд охин маань гэдэс цэрийчихсэн яасан юм бол гээд эмнэлэгт очоод үзүүлэхэд хүүхэд чинь өлсөөд хоолгүй өлдсөн учир ингэсэн байна гэж хэлсэн. Миний удамд тийм хүн байхгүй. Би эх хүн, үр хүүхдээ хүмүүжүүлж байгаа хүн, надад худлаа ярих шаардлага байхгүй, мал тооллогын хувьд бид хоёр ярилцаад тоолуулж байсан өөрийх нь гарын үсэгтэй мал тооллогын баримт архивт байгаа. Би багаасаа мал дээр өсөөгүй мал мэдэхгүй учраас малын зүс, тоо толгойг сайн мэдэхгүй Хүдэр багаасаа мал дээр өсөж одоо хүртэл малаа маллаад байж байгаа. Манай хүүхдүүд зун болгон очиж морь унадаг тэгээд миний мухар үхэр, эвэртэй үхэр тугалсан байна гэж байнга хэлдэг байсан. Хүүхдүүд жаахан болохоор зүсийг нь сайн мэдэхгүй хар үхэр, шар үхэр гэж ярьдаг байсан. Би очиж ивомек гээд тариа, өвс, тэжээлийг нь авч өгч байсан. Яагаад хүүхдүүддээ дэмжлэг тус болж болдоггүй юм, миний хүүхдүүд өмсөж байгаа, идэж байгаа, хэрэглэж байгаа гэж яагаад бодож болдоггүй юм бэ?. Харин ч хүүхдэд юу хэрэгцээтэй байна би бүх зүйлийг ганцаараа авч өгч, хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангаж байгаа. 3 жил гаран хэл сураггүй явж байгаад гарч ирчихээд юу ч байхгүй гэж яагаад худал хэлээд байгаа юм бэ? энэ хүн улирлын чанартай ангийн компанид ажилладаг, нэг яваад ирэхдээ хичнээн төгрөгөөр бүр доллараар хүртэл цалинждаг, юун 700.000 төгрөгийн цалинтай гэж, яагаад худлаа яриад байгаа юм бэ? бүхэл бүтэн хуулийн өмнө надад худал хэлэх шаардлага байхгүй, тэсч тэвчсээр өдийг хүрсэн. Хүүхдүүддээ хэрэглээрэй гээд юм хум өгөх байх, мал хуй өгөх байх гэж хүлээсэн. Одоо манай хүүхэд 6 дугаар ангид орж байна. Өмсдөг форм нь хүртэл өөрчлөгдөж, том болох тусам хэрэглээ нь өөр болж байна. Хүдэрийн ах дүү нарын малтай нийлээд идээшээд явж байна. Харсан үзсэн хүн болгон хэлдэг. Би тэр хүмүүсийг дуудаад асууж болно л доо. Гэхдээ бид 2 салж сарнисан учраас, хэдий миний хүүхдүүдийн ах дүү нар ч гэсэн Хүдэрийн дүү учраас энэ хүний талд л орох учраас би дуудуулаагүй юм. Хүдэрийн дүүгийн нөхөр Хүдэрчулуунаас асууж болно тэр худлаа хэлэх хүн биш л дээ. Гэхдээ энэ салж сарнисан асуудлаа бусдад хэлээд яах вэ гэж бодсон. Энэ хүн намайг хүүхдүүдтэй минь уулзуулдаггүй гэж хэлж байна, тийм зүйл байхгүй өмнө нь намайг самарт явчихаад ирэхэд том охин маань одоо 11 дүгээр ангид орох хүүхэд, аавтай Хархоринд тааралдахад машинаасаа нөгөө эмэгтэйгээ буулгаад намайг эргэж харчихаад танихгүй юм шиг зөрсөн шүү гэж хэлэхэд нь би арай ч үгүй байлгүй дээ гэж бодсон. Тэгээд шүүх дээр ирээд энэ хүн намайг уулзуулдаггүй гэж яриад байхаар нь хүүхдүүддээ очоод хэлтэл харин ч өөрөө уулздаггүй, хоёр гурван ч удаа тааралдсан танихгүй юм шиг зөрдөг гэж хэлж байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Би дээр дурдсан эд хөрөнгүүдийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 50 хонь, 70 ямаа, 01-40 БРА улсын дугаартай авто машин, Бага гүний 17 дугаар гудамжны 9 тоот хашаа газар, 4 ханатай гэр зэргийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, 10 адуу, 12 үхэр нэхэмжилж байгаа ба мал байхгүй бол мөнгөн хэлбэрээр бидэнд оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Хүдэр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Энэ хүн бид 2 үзэл бодол таарахгүй, намайг мөнгө төгрөг санхүүгийн асуудлаар байнга дарамталдаг байсан учраас 2017 оноос хойш хамт амьдрахаа больсон. Энэ хүний хэлээд байгаа шиг тийм мал байхгүй. Үнэхээр малаа очиж үзэж харж байсан бол тэр бүгдийг бодитоор хэлэх хэрэгтэй, тэр хүн тэнд ингэж ярьсан гэдэг тийм баримт нотолгоо гэж байдаг юм уу? Манай хүүгийн үсний найраар ээж маань адуу өгнө гэж байсан болохоос яг зүсэлж өгч байгаагүй. Тэгээд 2 жилийн өмнө би адуугаа аваад янзлаад хүүхдүүддээ авчирч өгөхөд Даваасүрэн аваагүй, дараа жил нь дахиад авчирч өгөхөд бас аваагүй. Тэгээд одоо надаас юм нэхээд байх юм. Үхэр гэж байхгүйг өөрөө мэдэж байгаа. 2014 онд мал тооллогоор худал хий мал тоолуулчихвал бидэнд ашигтай гээд ярилцаад тоолуулж байсан. Надад энэ хүнд өгөх мал гэж одоо байхгүй, хөндлөнгийн хүмүүс мал байгаа гэж хэлсэн гээд байна, тэр хүмүүсээр нотлуулах хэрэгтэй. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрч байна, харин дундын эд хөрөнгө, мал гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Харин ч би сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 21 дүгээр гудамжны 5 тоотод байрших 2 өрөө бранк, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 5б гудамжны 4 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, УАЗ 469 маркын авто машин, 5 ханатай иж бүрэн гэр, 10 ишигтэй ямаа, 4 эр ямаа, 3 борлон, тугал, бяруу, 2 үнээ, 1 эр үхэр авах ёстой байсан эд хөрөнгөөсөө татгалзсан. Би өмссөн хувцастайгаа энэ гэрээс гарсан өөр юу ч аваагүй, бүх зүйлээ үлдээгээд гарсан тэр бүх зүйлээсээ татгалзаад одоо энд зогсож байна. Энд тэнд очиж сонин юм ярьж, эмэгтэй хүнд байхааргүй үнэг шиг заль гаргаж байдаг зүйлээ болих хэрэгтэй. Надад хэлэх зүйл алга би өмнө нь зөндөө ярьсан. Машин тэрэг авч явсан гэж хэлж байна тэр бол хамаагүй манай ээжийн авч өгсөн машин. Мах аваачиж өгөөгүй гэж хэлж байна. Би адууны махыг жижиглэж янзлаад шуудайнд хийгээд авчирч өгөхөд манай хүүхдүүд ээж уурлана авч болохгүй гэж бараг уйлаад чичирч байгаад надад хэлсэн. Өмнө болсон шүүх хурал дээр хэлж байсан би хүний авчирч өгсөн мах иддэггүй гэж, одоо болохоор авчирч өгөөгүй гэж хэлж байна. Хэлсэн үгнээсээ эргэж няцаад худал хэлээд байх юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Даваасүрэн нь хариуцагч Д.Хүдэрт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах дундын эд хөрөнгө хуваалгах тухай үндсэн, Д.Хүдэр нь нэхэмжлэгч М.Даваасүрэнд холбогдуулан дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Даваасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 50 хонь, 70 ямаа, БРА 01-40 улсын дугаартай авто машин, Бага гүний 17 дугаар гудамжны 9 тоот хашаа газар, 4 ханатай гэр зэрэг эд хөрөнгөөс, хариуцагч Д.Хүдэр нь Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 21 дүгээр гудамжны 5 тоотод байрших 2 өрөө бранк, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 5б гудамжны 4 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, УАЗ 469 маркын авто машин, 5 ханатай иж бүрэн гэр, 10 ишигтэй ямаа, 4 эр ямаа, 3 борлон, тугал, бяруу, 2 үнээ, 1 эр үхэр зэрэг хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан болно.

Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 10 тооны адуу, 12 тооны үхэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М.Даваасүрэн, хариуцагч Д.Хүдэр нар нь 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүү Х.Хангал, 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр охин Х.Алтан нарыг төрүүлсэн болох нь 0068898 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 0370217, 0432049 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.

Гэрлэгчид нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай болон уулзалтын тэмдэглэлээр тогтоогдсон учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.

Зохигчид нь 14 жил хамтран амьдарсан, нөхөр Д.Хүдэр нь 2017 оны 5 дугаар сард гэрээсээ явж, гэр бүлээс гадуур өөр хүнтэй эр эмийн харилцаатай болсны улмаас гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бие биеэ гэх хайр сэтгэл үгүй болж хэрүүл маргаантай байх болсон, гэрлэгчдийн аль аль нь хамт нэг гэрт амьдрах хүсэл сонирхолгүй болсон, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй нөхцөл байдал бий болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д .., нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт .., хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу хүүхдүүдийг эх М.Даваасүрэнгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Д.Хүдэрээс тэтгэлэг гаргуулж хүү Х.Хангал, охин Х.Алтан нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно,   26.4Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан.

Иймд нэхэмжлэгч М.Даваасүрэнгийн зүгээс хариуцагч Д.Хүдэрийг хүүхдүүдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагч Д.Хүдэр анхаарвал зохино.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгээ шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь 10 тооны адуу, 12 тооны үхрийг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэж өөрт болон хариуцагчийн хүүхдүүд болох Х.Хангал, Х.Алтан нарт оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө байна гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилж буй эд хөрөнгүүд гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байна.

Гэрлэгсэд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2014 оны мал тооллогоор адуу 10, үхэр 12, хонь 50, ямаа 70 толгой мал тоолуулсан байна.

Нэхэмжлэгч нь 2014 онд тоолуулсан адуу 10, үхэр 12 тооны малыг хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцон өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Эд хөрөнгө болох малыг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д гэр бүлийн нэг гишүүнд оногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж зааснаар 2014 оны мал тооллогын баримтыг үндэслэн унага 3, даага 2, шүдлэн 1, хязаалан 4, тугал 4, бяруу 2, шүдлэн 2, хязаалан 4 нийт 22 тооны малыг гэр бүлийн гишүүдэд хуваах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 22 толгой малыг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны үнэлгээгээр үнэлвэл 11.700.000 төгрөг, хариуцагчийн өмгөөлөгч дээрх тооны малыг нас бие гүйцсэн адуу, үхрийн үнэлгээгээр тооцож 15.550.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч хэдийгээр 2014 онд мал байхгүй байхад мал тоолуулсан гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлаа баримтаар нотлож чадахгүй байна.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн 2014 оны мал тооллогын баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэсэн хуулийн шаардлагыг хангаж ирүүлсэн байх тул уг баримтыг үндэслэн шийдвэрлэсэн.

Хариуцагч нь 4 жил хүүхдүүдээ харж хандаагүй, эдийн засгийн туслалцаа дэмжлэг үзүүлээгүй, өсвөр насны хүүхдүүдийн хэрэгцээ шаардлага, ирээдүйд сурч боловсрох эрх ашиг зэрэг нөхцлүүдийг харгалзан эд хөрөнгө болох малыг зах зээлийн буюу 2021 оны үнэлгээгээр тооцсон болно.

2014 оны мал тооллогоор тоологдсон малын нас тоогоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны үнэлгээгээр үнэлэхэд унага 200.000x3=600.000 төгрөг, даага 500.000x2=1.000.000 төгрөг, шүдлэн 1x600.000=600.000 төгрөг, хязаалан 750.000x4=3.000.000 төгрөг, тугал 250.000x4=1.000.000 төгрөг, бяруу 550.000x2=1.100.000 төгрөг, шүдлэн 2x600.000=1.200.000 төгрөг, хязаалан 800.000x4=3.200.000 төгрөг, нийт 11.700.000 төгрөг, 11.700.000 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хуваахад нэг хүнд оногдох хэсэг нь 2.925.000 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас гэр бүлийн 3 гишүүнд ногдох хэсэг болох 8.775.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 6.775.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 сарын 27-ны өдрийн 103/ШЗ2020/01545 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 236.540 төгрөг төлөхөөс чөлөөлж, 376.633 төгрөг төлүүлсэн болохыг дурдаж, нэхэмжлэгч М.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.633 төгрөгийг, хариуцагч Д.Хүдэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 292.700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Хүдэрээс гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 261.960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, эд хөрөнгийн үнэлгээ болох 8.775.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 155.350 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Мөнхдалайн Даваасүрэн, Харнууд овогт Даржаагийн Хүдэр нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Х.Хангал, 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Х.Алтан нарыг эх М.Даваасүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Х.Хангал, 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Х.Алтан нарыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Д.Хүдэрээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.Даваасүрэнд даалгасугай.

5.Хариуцагч Д.Хүдэрийг хүүхдүүдтэйгээ хүссэн үед нь уулзуулж байхыг эх М.Даваасүрэнд үүрэг болгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Даваасүрэн нь хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 50 хонь, 70 ямаа, Багагүний 17 дугаар гудамжны 9 тоот хашаа газар, 4 ханатай гэр, 01-40 БРА улсын дугаартай авто машинаас, хариуцагч Д.Хүдэр нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 21 дүгээр гудамжны 5 тоот 2 өрөө бранк, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 5б гудамжны 4 тоот хашаа, газар, УАЗ 469 авто машин, 5 ханатай иж бүрэн гэр, 27 тооны ямаа, 5 тооны үхэр зэргээс тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

7.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Хүдэрээс 8.775.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Даваасүрэнд олгож, үлдэх 6.775.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

8.Сартуул овогт Мөнхдалайн Даваасүрэнгийн /РД:УЮ70081904/ өмчлөлд байгаа эрхийн улсын бүртгэлийн Ү-2208003848 дугаарт бүртгэлтэй, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 21 дүгээр гудамжны 5 тоотод байрлах хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2208002071 дугаарт бүртгэлтэй, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 5б гудамжны 4 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглосон Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 сарын 02-ны өдрийн 103/ШЗ2021/00224 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

9.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 сарын 27-ны өдрийн 103/ШЗ2020/01545 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 236.540 төгрөг төлөхөөс чөлөөлж, 376.633 төгрөг төлүүлсэн болохыг дурдсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.633 төгрөгийг, хариуцагч Д.Хүдэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 292.700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Хүдэрээс улсын тэмдэгтийн хураамж 261.960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 155.350 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

11.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар

шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ