Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 156/ШШ2021/00365

 

 

 

 

 

 

 156/ШШ2021/00365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00372/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймаг, Батноров сум, 4 дүгээр багт харъяатай, одоогоор ******* хот,******* дүүрэг, 12 дугаар хороо, ...тоотод түр оршин суух, Олхонуд овогт Д.А /РД:./-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймаг, Батноров сум, 4 дүгээр баг, ...тоотод оршин суух, Азар овогт .../РД:..../-д холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А /онлайн/, хариуцагч Г.Б , түүний өмгөөлөгч Б.Б  /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2005 онд Г.Б тай танилцаж, 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан.  Биднийг хамт амьдарч байх хугацаанд 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүү Б.Б , 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр охин Б.Х , 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.М нар нь төрсөн. Г.Б  нь хамт амьдарч эхлэх үеэс архи ууж биднийг байнгын дарамтанд байлгадаг байсан. Мөн байнга зохиомол байдал үүсгэж хэнтэй ч хамаагүй хардах болсон. Би нөхөр Г.Б г архинаас гар, эмчилгээнд явья гэж маш их гуйдаг боловч би архичин биш гэж хэлдэг байсан.. Энэ хүн хүүхдүүдээ өсгөж чадахгүй, би одоо хүүхдүүдийнхээ хамт ******* хотод амьдарч байгаа. Хүүхдүүдээ ямар нэгэн зүйлээр дутааж өсгөж байгаа зүйл байхгүй, би өөрийн тогтмол орлоготой. Одоо цаашдаа хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж, Б.Б , Б.Х , Б.М нарыг миний асрамжинд үлдээж, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие гэр бүлээ хайр халамжаар дутаахгүйг хичээж гэр бүлийнхээ төлөө чадах бүхнээ хийж байна. Гэтэл Д.А нь намайг өдөр бүр архи уудаг, байнгын сэтгэл санааны дарамттай байлгадаг гэх зэргээр үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. Г.Б  миний бие өмнө нь эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар ял шийтгэгдэж байгаагүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй. А  өөр хүнтэй дотно харилцаатай болсноос болж энэ бүх асуудал үүссэн. Одоо шинэ нөхрөөсөө хүүхэд төрүүлсэн. Хэрэв гэрлэлт цуцалбал хүүхдүүдээ өөр дээрээ авна. Тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн зүйл байхгүй, гол нь А  өөрийн гэр оронгүй, хүүхдүүдээ дагуулаад *******, Э  гээд таних хүнгүй газар дагуулаад явж байна. Хүүхдүүд минь хохирох вий гэж бодож байна. Мөн А ын бодлогогүй алхамаас болж нөгөө залуугийнх нь ч хүүхдүүд өнчирч байна. Иймд би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, бага охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Г.Б д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүхээс талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.А нь Г.Б тай 2006 оны 03 сарын 19-ны өдөр гэр бүл болж 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүү Б.Б , 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр охин Б. Х , 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин Б. М  нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэрлэгчид нь 2019 оноос хойш хоорондын таарамжгүй харьцаанаас болж тусдаа амьдарсан, нэхэмжлэгч Д.А нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж, одоо хамтран амьдарч байгаа ба тэдний дундаас 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүү А.Г  төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хүү А.Г төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн материалын 236-р хуудас/ -аар тогтоогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах шаардлагагүй, цаашид хамтран амьдрахгүй гэдэг нь тодорхой болсон байна гэж үзээд гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ 2019 оны 06 сарын 17-ны өдөр гаргаж иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж анхан шатны шүүхээс хэргийг 2020 оны 02 сарын 03-ны өдөр шийдвэрлэсэн ба хариуцагчийн гомдлоор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 4 дугаартай магадлалд анхан шатны шүүх Д.А ын шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйд хэргийг шийдвэрлэхийг хүссэн хүсэлтэд хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг шалган тогтоолгүйгээр түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т заасан ....гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд зохигчдын мэтгэлцээн чухал ач холбогдолтойг шүүх анхаарч үзээгүй байна гэж, мөн гэрлэлт цуцлах болсон шалтгаан, мөн хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх зэрэг нөхцөл байдлуудыг бүрэн тогтоох шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасанд нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргаж, хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж анхан шатны шүүхэд хэргийг буцаан хүргүүлсэн.

Анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд хариуцагчийн өмгөөлөгчөөс хүүхдүүдийн саналыг дахин авах шаардлагатай гэж хүссэн ба шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад 2 жил гаран болсон, нөхцөл байдал өөрчлөгдсөн байж болзошгүй гэж үзэж хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хүүхдүүдийн саналыг дахин авсан. Хүүхдүүдээс дахин санал авахад хүүхдүүд бүгд буюу Б.Б , Б.Х , Б.М нар нь эхийн асрамжинд үлдэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн болно.

 Гэрлэгчид өөрийн төрсөн хүүхдүүд болох хүү Б.Б , охин Б.Х , охин Б.М нарын асрамжин дээр тус тус маргадаг ба хүүхдүүдийн санал, ахуй нөхцөл, хүүхдүүдэд тавих анхаарал халамж зэргийг харгалзан үзэж эх Д.А ын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Мөн хүүхдүүд нь багаасаа хамт өссөн, хоорондоо ээнэгшин дассан байх ба нэг айлын хүүхдүүд нэг гэрт хамт өсөх нь хүүхдүүдийн төлөвшил, сэтгэл санаа, цаашид сурах орчин, ирээдүйд эерэгээр нөлөөлнө гэж үзэж асрамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийг тогтмол орлогын эх үүсвэргүй, байнгын оршин суух орон гэргүй гэж маргаж байх боловч шинжээчийн дүгнэлтээр хүүхдүүд хэвийн, эрсдэлгүй орчинд өсч хүмүүжиж байгааг тодорхойлсон болно. Мөн одоо нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөгүй байгаа нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл болохгүй болно. Хүүхдүүдийн саналыг асуухад одоогийн амьдарч байгаа нөхцөлдөө маш таатай байгаагаа илэрхийлж байгааг дурдах нь зүйтэй байна.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг Г.Б гийн хүүхдүүддээ анхаарал тавих, өсгөж хүмүүжүүлэх журамт үүрэг нь дуусгавар болохгүй ба хүүхдүүдээ хүссэн үед нь эцэгтэй нь чөлөөтэй харьцуулж, уулзуулж, утсаар яриулж байх үүрэгтэй болохыг эх Д.А д тайлбарлаж байна.

Эцэг эх нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргийг Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд хуульчилж өгсөн ба гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Б.Б , Б.Х , Б.М нарыг эхийн асрамжинд үлдээж байх тул эцэг Г.Б гаар хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Эцэг нь тэтгэлэгийг хугацаанд нь төлж байх үүрэгтэй ба эх нь тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зориулж байхыг дурдаж байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Азар овогт .../ ..../ , Олхонуд овогт Д.А /..../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 11 сарын 09-нд төрсөн хүү Б.Б , 2008 оны 09 сарын 19-нд төрсөн охин Б. Х , 2012 оны 11 сарын 26-нд төрсөн охин Б. М  нарыг эх Д.А ын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Б , охин Б.Х  нарыг 16 нас хүртэл хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин Б.М 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Г.Б гаас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.А д үүрэг болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар гэрлэлцээ цуцлуулсан хэдий ч гэрлэгчдийн үр хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг хэвээр хадгалагдах ба энэ үүргээ биелүүлж байхыг эцэг Г.Б д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.А д тус тус даалгасугай.

 6. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

             7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 236 184 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн / гурван хүүхэд/ хэмжээнд ногдох 165 984 төгрөгийг төрийн санд тус тус олгосугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.О-т даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ