Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 156/ШШ2021/00373

 

 

 



 

156/ШШ2021/00373

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Герман улс, Бохум хот, ... тоотод оршин суух, Хөх дөш овогт Т.А. /РД:./-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймаг, Хэрлэн сум, ..... тоотод оршин суух, Хонхор овогт С.А. /РД:./-т холбогдох, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны  07 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 156/2021/00313/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.У, нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.А, нь 1998 онд ,А.тай гэр бүл болж хамт амьдарч 2006 онд гэрлэлтээ бүртгүүлсэн юм. Улмаар тэдний дундаас 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдөр охин А.А. мэндэлсэн. Т.А., С.А. нар нь зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдрах болсон. А. нь одоогоор охины хамт Герман улсын Бохум хотод амьдраад 4 жил болж байна. Одоо бид тус тусдаа гэр бүлтэй болсон учир цаашид хамтран амьдрах боломжгүй, бидний хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.А.р нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Т.А.тэй 1998 онд гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн юм. Бид 2006 онд гэрлэлтээ батлуулж, биднийг хамт амьдарч байх хугацаанд 2005 онд охин А.А. маань мэндэлсэн. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон. Бид тус тусдаа гэр бүлтэй болсон болохоор цаашид эргэн нийлж хамт амьдрах боломжгүй юм. Охин А. маань ээжийнхээ хамт Германд амьдарч байгаа юм. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн маргаан байхгүй юм. Охин А.г ээж А.н асрамжид үлдээж, гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг хэрэгт өөр ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.А. нь хариуцагч С.А.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Гэрлэгчид 2006 оны 07 дугаар сарын 11ий өдөр гэр бүл болж, 2006 оны 07 дугаар сарын 19ий өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь .... дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2005 оны 08 дугаар сарын 24ий өдөр охин А.А. төрсөн болох нь №. дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. 

Нэхэмжлэгч Т.А., хариуцагч С.А. нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2008 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар тус тусын амьдралтай болсон байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн охин А.А.г эх Т.А.н асрамжид үлдээж шийдвэрлэв. 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин А.А.г эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч С.А.ын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг С.А.р нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд эх Т.А. саад учруулахыг  хориглодог болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Хонхор овогт Ц.А. /РД:./, Хөх дөш овогт Т.А. /РД:./ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 08 дугаар сарын 24ий өдөр төрсөн охин Боржигон овогт А.А./РД:./-г эх Т.А.н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч С.А., энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Т.А. тус тус даалгасугай.

4. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.О.т даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Х.ОТГОНЖАРГАЛ