Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам

 Улсын яллагч: Б.Байгаль

Шүүгдэгч: *******ансүх, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ансүхэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000075 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт Лувсанбямбын *******, ******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч *******ансүх нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагт  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар баг “Шинэ төгөл” хотхоны 201 дүгээр байрны гадна бусдын эд хөрөнгийг гэмтээж, хохирол учирч болохыг мэдсээр байж, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа өөрөө хүсэж *******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай Лексус 470 маркийн машины баруун талын урд болон хойд тал, мөн машины арын хаалганы цонх, урд салхины шилийг тус тус хагалсны улмаас нийт 1,410,000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг устгасан  гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

 Шүүгдэгч *******ансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би эрхэлсэн тодорхой ажилгүй. Манай эхнэр, охин хоёр Өмнөговь аймагт ажил хийдэг. Би охиныхоо хоёр хүүхдийг хардаг.  Манай эхнэр, охин хоёр хохирлыг барагдуулна гэв.

 Шүүгдэгч *******ансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би тухайн яллагдагчаар татсан тухай 2414000000075 дугаартай тогтоолтой танилцсан, би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 Тухайн өдөр намайг гэртээ байж байтал дээд талын айлын ах машиныг чинь хүн хагалаад байна гэж хэлсэн. Тэгээд гэрээсээ гараад иртэл энэ хүн миний машины шилийг хагалаад зогсож байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн оройдоо ээжийнхээ хашаанд машинаа аваачиж тавьчхаад хэд хонож байгаад машин дээрээ очтол урд талын шил нь бас хагарсан байсан. Тэгээд тэр үед хариуцаж байсан цагдаад дахин мэдүүлэг өгсөн. Би энэ хүнийг огт танихгүй. Яагаад бусдын эд хөрөнгийг эвдэлж сүйтгэсэн үйлдэл гаргасан болохыг нь мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Энэ хүний талаас хохирлоо барагдуулчих юм бол ямар нэг байдлаар гомдол санал байхгүй гэв.

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ байж байтал 20 цаг 00 минутын үед манай дээд айлын ах ******* манай хаалгыг тогшоод танай машины цонхийг хүн хагалаад байна гэж хэлсэн. Тэгээд ******* ахтай хамт зэрэгцээд гэрээсээ гүйгээд гараад хартал  эрэгтэй хүн гартаа чулуу барьчихсан зогсож байсан. Тэгээд ******* ах тэр танихгүй эрэгтэй ахыг явуулахгүй хориглож байгаад би 102 дугаар руу залгаж цагдаад дуудаад тэгээд цагдаа нар ирсэн ийм зүйл болсон. Би тэр хүнийг огт танихгүй, хэрэлдэж маргалдаж байгаагүй, ямар нэгэн зүйл машинаас алга болоогүй ээ. Хойд талын буюу багажийн шил, цонх бүтнээрээ хагарсан, баруун талын хойд болон урд хаалганы шил, цонх бүтнээрээ хагарсан, өөр ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Би өөрөө үнэлж мэдэхгүй байна. Үнэлгээний байгууллагаар үнэлүүлнэ...Тухайн үедээ бол баруун талын хоёр хаалганы цонх хагарсан, хойд талын хаалганы цонх хагарсан байсан. Өөр ямар нэгэн цонх шил хагарсан, цуурсан байсан талаар тухайн үед анзаарч хараагүй. Тэгээд би тухайн орой нь өөрийнхөө машинаа айлын хашаа дотор авч очиж бүтээгээд тавьсан.Тэгээд дараа нь хагарсан шилнүүдийг скочоор нааж хаахаар очиж машинаа үзтэл миний машины урд талын салхины шил цуурч хагарсан байсан, би тухайн урд талын салхины шилний үнэлгээг “Энх-Нахиа” ХХК-ны үнэлгээчнээр гаргуулан өмнө нь учирсан байсан хохирол дээрээ нэмж нэхэмжлэх тухай хүсэлт гаргаж өгсөн бөгөөд тэр хүсэлтийг хангаж шийдэж өгсөн. Би одоо миний машины шилнүүдийг хагалсан буруутай хүнээс эхний удаа хийлгэсэн үнэлгээний 860,000 төгрөг, тус үнэлгээг хийхэд тушаасан мөнгө болох 86,000 төгрөг, 2 дахь удаа буюу урд талын салхины шилийг хагалсны үнэлгээ 550,000 төгрөг, тус үнэлгээг хийлгэхэд тушаасан 50,000 төгрөг гээд нийтдээ 1,546,000 төгрөг нэхэмжилж байна. Буруутай этгээд нь одоогоор надад ямар нэгэн хохирол төлөөгүй байгаа. Би ахуйн хэрэгцээндээ машинаа унаж хэрэглэж чадахгүй хэцүү байна, би хохирлоо мөнгөө түргэн төлүүлж авмаар байна. Түргэн шийдүүлмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20-21/,

  Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2024 оны 02 дугаар сарын 21-ний орой би гэртээ байж байтал 20 цагийн орчимд гэрийн гадна цонхны доор согтуу хүн орилоод дуугарсан юм. Тэгэхээр нь би цонхоороо хартал согтуу эрэгтэй хүн манай доод айлын *******гийн машины хойд талын хаалганы шилийг чулуугаар цохиж хагалж байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд доод айл буюу *******гийн гэр рүү ороод танай машины цонхийг хагалж байна гээд хэлтэл мэдээгүй байсан. Тэгээд ******* бид 2 гүйгээд гартал С.машины баруун талын хаалганы 2 цонхийг чулуугаар цохиод хагалж байсан тэгээд би боль гэж хэлсэн.Тэгтэл тухайн эрэгтэй хүн /*******ансүх/ манай эхнэр ийм машинд суугаад явчихсан би араас нь ирж байна, энэ мөн байна, ийм машинд суугаад явсан гэж хэлээд байсан. Тэгээд машины цонх хагалсан эрэгтэй хүн явах гээд байсан тэгэхээр нь би 2 гараас нь барьж байгаад гарт нь байсан чулууг нь хаяулаад байж байтал цагдаа ирсэн. ******* цагдаа дуудсан. Өөр машинд халдаагүй, *******гийн машины цонхийг хагалж байгаад шууд баригдсан нэлээн их согтуу байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн...Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 860,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 30/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 758 дугаартай шинжээчийн ..Үнэлгээгээр тогтоогдсон дүн 550,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 68/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 07/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-03/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-09/, шүүгдэгч *******ансүхийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, депозит дансны хуулгууд /хх-ийн 50-54/, шүүгдэгч *******ансүхийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч *******ансүх нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 21-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар баг “Шинэ төгөл” хотхоны 201 дүгээр байрны гадна иргэн *******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай Лексус 470 маркийн машины баруун талын урд болон хойд тал,  мөн машины арын хаалганы цонх, урд салхины шилийг тус тус хагалсны улмаас нийт 1,410,000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... би хохирлоо төлж барагдуулна... гэх мэдүүлэг

Шүүгдэгч *******ансүхийн... би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

Хохирогч *******гийн...цагдаад баригдсан /Б.*******/ эрэгтэй хүн гартаа чулуу барьчихсан зогсож байсан,... хойд талын буюу багажийн шил, цонх бүтнээрээ хагарсан, баруун талын хойд болон урд хаалганы шил, цонх бүтнээрээ хагарсан байсан...мэдүүлэг /хх-ийн 17-18, 20-21/,

 Гэрч Б.Бат-Эрдэнийн... согтуу эрэгтэй хүн манай доод айлын *******гийн машины хойд талын хаалганы шилийг чулуугаар цохиж хагалж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн...Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 860,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 30/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 758 дугаартай шинжээчийн ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 550,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 68/, болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Шүүгдэгч *******ансүх нь согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар баг “Шинэ төгөл” хотхоны 201 дүгээр байрны гадна иргэн *******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай Лексус 470 маркийн машины баруун талын урд болон хойд тал,  мөн машины арын хаалганы цонх, урд салхины шилийг хагалсан эвдсэн идэвхтэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хөрөнгө бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ансүхийг бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ансүх нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ансүх  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч  *******ансүх, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нар  нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан бол 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заажээ. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч *******ансүх нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Энэ хэргийн улмаас хохирогч *******гийн эд хөрөнгөнд буюу түүний эзэмшлийн ******* улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн шууд зардалд 1410000 төгрөгийн  хохирол, автомашинд учирсан гэмтлийг тогтоолгохоор эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн зардал 136000 төгрөгийн зардал тус тус гарсан байна.

 Иймд шүүгдэгч *******ансүхээс автомашинд учирсан хохирлын үнэ 1410000 төгрөг, шинжээчийн зардал 136000 төгрөг, нийт 1546000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч *******д олгож шийдвэрлэлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******ансүхэд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагаас… шүүгдэгч *******ансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ....саналыг  тус тус гаргасан болно.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ансүхийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******ансүх нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ансүхийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ансүхэд шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******ансүхэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байгалийн 3 ширхэг чулууг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж,

Шүүгдэгч *******ансүх нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

                    ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч ******* овогт Лувсандамбын *******ийг бусдын эд  хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ансүхийг /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ансүх нь шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т шүүгдэгч *******ансүхээс 1.410.000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал 136,000 төгрөгийг шүүгдэгч *******ансүхээс гаргуулж, хохирогч *******д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байгалийн 3 ширхэг чулууг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.

7.Шүүгдэгч *******ансүхэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Шүүгдэгч *******ансүх нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ансүхэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Ч.БАЙГАЛМАА