Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 156/ШШ2021/00378

 

 

 



 

 

 

 

 

 

156/ШШ2021/00378.

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 156/2021/00356/и

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Бүгд найрамдах Солонгос улс, Сөүл хот, Ганбүггү дүүрэг, Сулсэнру 47 дугаар гудамж, ......... тоотод оршин суух, Сартуул овогт С.Б /РД:..../-ийн нэхэмжлэлтэй, ******* аймаг,******* сум, ....тоотод оршин суух, Тайж овогт Ц.А /РД:../-д холбогдох, гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .../онлайн/, хариуцагч Ц.А , түүний өмгөөлөгч Б.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б , Ц.А  нар нь 2010 онд Орхон аймагт гэр бүл болж, 2015 он хүртэл хамт амьдарч байсан. Энэ хугацаанд тэдний дундаас хүү Д  нь 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төржээ. Хамт амьдрах хугацаанд нөхөр .. нь түр зуур хийх ажил олж хийгээд дорхноо тэр ажлаасаа гарах, амьдрал ахуйгаа өөд нь татах хүсэл эрмэлзэлгүй байдаг байснаас болоод хэрүүл маргаантай байсан байна. Ажил хийхгүй байхаас гадна архи ууж, агсам согтуу тавьж элдэв муухай авир ааш гаргаж байснаас болоод мөн дээр нь аав ээж нь тусладаггүй байснаас болоод нилээд хэмжээний өрөнд орсон байна. Ингээд 2016 онд С.Б  нь Солонгос улсад ажиллахаар явж өдий хүртэл ажиллахдаа хүүгээ аав дээр нь байлгаж, хамт амьдарсан хугацаанд тавьсан өр ширээ төлж дуусгасан байна. Тэдний гэр бүлийн харилцаа ийнхүү 2016 оноос хойш тасарсан байна. Хүү А.Д  нь аав ээжийнхээ хэний асрамжид байх хүсэлтэй байгааг нь харгалзан аавтайгаа байна гэвэл татгалзахгүй юм байна. Харин хүү аавтайгаа амьдрах хүсэлтэй бол хүүдээ тэтгэлэг төлөхөөс татгалзах гэсэн болно. Иймд С.Б , Ц.А  нарын гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.А  нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Ц.А , С.Б  бид 2010 онд гэр бүл болсон юм. 2012 оны 04 дүгээр сард албан ёсоор гэр бүлээ батлуулж байсан. Бид хамт амьдарч байх хугацаандаа 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү А.Д  маань төрсөн. Бид хамт амьдрах хугацаандаа аль аль нь амьдралын төлөө зүтгэж, ажил хөдөлмөр хийж чадахаараа хөдөлмөрлөдөг байсан. Ингээд манай эхнэр******* нь 2015 онд 3 сарын хугацаатай Солонгос улс руу явсан, яваад ирэхдээ зан харилцаа нь өөрчлөгдөж хүйтэн хөндий ханддаг болчихсон байсан. Энэ асуудал дээрээс хааяа хэрүүл маргаан болдог байсан. Ингээд нэг сар ч хүрэлгүй буцаад Солонгос улс руу явсан. Тэгээд тэндээ гэр бүл, үр хүүхэдтэй болж дахиж Монгол руу ирээгүй юм.*******г 2015 онд Солонгос улс руу явахад хүү маань 2 ойтой байсан. Ингээд 2 настайгаасаа хойш над дээр өссөн юм. Одоо хүү маань 9 настай, ******* аймагтаа бид амьдардаг, Тэмүүжин цогцолбор сургуулийн 4 дүгээр ангид амжилттай суралцаж байгаа. Эрүүл чийрэг өсөж бойжиж байгаа.******* нь нэгэнт өөр хүнтэй гэр бүл болж, үр хүүхэдтэй болсон учраас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа. Харин хүү А.Д гаа би өөрийн асрамжид авч С.Б гаас хуулийн дагуу сар бүр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б  нь хариуцагч Ц.А од холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.А ынн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь ... дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү А.Д  төрсөн болох нь №0000745081 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. 

Нэхэмжлэгч С.Б , хариуцагч Ц.А  нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, нэхэмжлэгч, өөр хүнтэй гэр бүл болж амьдралтай болсон байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү А.Д г эцэг Ц.А ын асрамжид үлдээж шийдвэрлэв. 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү А.Д г эцгийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч С.Б гийн хувьд түүний эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эх С.Б  нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд эцэг Ц.А  саад учруулахыг  хориглодог болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Тайж овогт Ц.А /РД:../, Сартуул овогт С.Б /РД:..../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Тайж овогт ..ын Д  /РД:.../-г эцэг Ц.А ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэг С.Б д , энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг хариуцагч Ц.А од тус тус даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү А.Д г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эх С.Б гаар сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид 14 872 төгрөг, улсын орлогод 55 328 төгрөгийг ту тус оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.О-т даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Х.ОТГОНЖАРГАЛ