| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0387/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/416 |
| Огноо | 2024-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэг /томилолтоор/,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хийт овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2410011140616 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын харилцааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хийт овогт *******ын ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “*******” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Т.*******гийн биед шалтгаангүйгээр халдаж, биед нь зүүн хөмсөгний гадна булан, зүүн чамархай, хацар шанаа, зүүн бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөмсөгний гадна булан, зүүн чамархайд зулгаралт, баруун шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй. Би 2024 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 2 найзтайгаа “*******” бааранд орсон. Тэнд их сургуулийн нөгөө ангийн залуу Б.*******тай тааралдаад ууж байсан зүйлээс нь ганц, хоёрыг уусан. Бид хоёр юм ярьж байгаад муудалцаад тэрээр намайг түрүүлж цохисон. Тэр үед баарны хамгаалагч нар ирээд бид хоёрыг салгаад би буцаж очоод Б.*******ыг цохих гэж байтал тэрээр бултаж эхнэр Т.******* нь цохигдсон. ...Би хохиролд 1,000,000 төгрөг төлсөн гэв.
Хоёр. Эрүүгийн 2410011140616 дугаартай хэргээс:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,
Хохирогч Т.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Гэрч Э.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3908 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 64-66 дахь тал/,
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-******* дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “*******” нэртэй шөнийн цэнгээний газарт Б.*******тай муудалцсан бөгөөд тэднийг салгахаар ирсэн хохирогч Т.*******г цохиж биед нь “зүүн хөмсөгний гадна булан, зүүн чамархай, хацар шанаа, зүүн бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөмсөгний гадна булан, зүүн чамархайд зулгаралт, баруун шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “*******” клубын хяналтын камерны бичлэгт: ... хар бараан өнгийн футволктой залуу ирээд эрээн цамцтай эмэгтэйн цаад талд байгаа залууг цохих үед сууж байсан залуу суган доогуур гараад босож байгаа харагдана. Энэ үед тухайн залуу эрээн цамцтай эмэгтэйг нэг удаа цохиж байгаа харагдана. Уг эмэгтэй хойшоо болоод сууж байсан газраа хэвтэхэд дээрээс нь хоёр удаа цохиж байгаа харагдах ба цаана байсан хоёр эрэгтэй салгаж буй дүрс бичлэг /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,
Хохирогч Т.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 17-ны орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “*******” клуб руу 4 найзынхаа хамт орж үйлчлүүлсэн. Тухайн газар нэг нэг пиво болон коктейль ууж байгаад бүжгийн талбайд гарч бүжиглэцгээсэн. Тэгтэл хажууд 3 залуу бүжиглэж байсан ба нэг залуу нь манай их сургуулийн нөгөө ангийн зүс таних залуу байсан. Тэр зүс таних залуу манай нөхөр дээр очоод хажууд нь суучихсан байсан. Би бүжиглэж байгаад хартал тэр хоёр барьцалдаад авчихсан зогсож байсан. Би очоод нөхрийгөө салгах гээд нөхрийнхөө цамцнаас татаад хойш болготол нөгөө залуу шууд миний шанаан тус газар цохиод авсан, би хойшоо уначихсан. Тэгээд босох гэтэл нөгөө залуу миний дээрээс толгой руу 2-3 удаа цохисон. Би гараараа толгойгоо хамгаалсан. Тэр үед хамгаалагч нар ирээд салгасан. Уг хамгаалагч нь цагдаа дууд гэж хэлээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Шалтгааныг нь мэдэхгүй, манай нөхөртэй маргалдаад барьцалдчихсан зогсож байхаар нь би уг залуугаас нөхрөө салгатал намайг цохиод авсан, Тэгээд би унаад өгсөн…гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ******* клуб руу эхнэрээ авах гээд очсон. Эхнэрийнхээ сууж байсан ширээн дээр суугаад виски уугаад сууж байтал манай их сургуулийн зүс таних залуу явж таарсан. Манай ширээн дээр суугаад бид хоёр ойр зуурын юм яриад би ууж байсан зүйлээсээ хийж өгөөд уугаад суусан. Тэгтэл манай эхнэрийн хамт явж байсан охидыг “юм аваад гарчихна” гэсэн утга бүхий зүйл яриад бид хоёр ам мурийсан. Маргалдаад байж байтал манай эхнэр ирээд маргааныг болиулсан. Тэгтэл ******* буцаж ирээд шууд над руу дайраад манай эхнэрийг цохиход эхнэр унаад өгсөн чинь дээрээс нь цохисон. Тэр үед хамгаалагч нар намайг цаашаа аваад явчихсан. ******* нөгөөдөр нь надтай уулзахдаа андуурч цохисон байна лээ гэж хэлсэн. Тэгэхдээ андуурч цохисон зүйл байхгүй дээрээс нь цохиод байсан…гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Гэрч Э.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө найзуудынхаа хамт ******* клуб орж үйлчлүүлсэн. Бид нар пиво болон коктейль ууж бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байсан. Тэгтэл үл таних 3 залуу бид нартай нилээн ойрхон бүжиглээд өөр газар бүжиглэхээр араас дагаж ирж бүжиглээд байсан. Тэгээд бид нар ширээн дээрээ сууж авсан юмнаасаа жаахан уучхаад буцаж ирээд бүжиглээд байж байтал нөгөө 3 залуугийн нэг нь манай ширээн дээр оччихсон *******ийн нөхөр *******тай юм яриад сууж байсан. Тэгээд би *******гаас “тэр залууг танидаг юм уу” гэхэд “их сургуулийн нөгөө ангийн залуу л байна” гэсэн. Тэгээд бүжиглэж байгаад хартал тэр хоёр барьцалдаад авчихсан байсан. …******* бид хоёр очоод маргааныг болиулахад нөгөө залуу буцаж очоод *******г цохиод авсан…гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3908 дугаартай дүгнэлтэд: Т.*******гийн биед зүүн хөмсөгний гадна булан, зүүн чамархай, хацар шанаа, зүүн бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөмсөгний гадна булан, зүүн чамархайд зулгаралт, баруун шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Шүүгдэгч Г.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2024 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ******* клуб руу хоёр найзын хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэх гэж байгаад ширээ орчмоор алхаж байгаад их сургуулийн нөгөө ангийн залуутай тааралдаад ширээн дээр суугаад ууж байсан вискинээс нь ганц, хоёр татаад юм яриад сууж байснаа намайг “уух юм авч өг” гэж хэлэхээр нь “би боломжгүй байна” гэж хэлсэн. Тэрнээс болоод бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгтэл намайг шанаа руу цохиод авахаар нь бид хоёр барьцалдаад авсан юм. Хамгаалагч бид хоёрыг салгахаар нь би салаад буцаж очиж нөгөө залууг цохих гэж байгаад эхнэр гэх *******г нэг удаа цохиход газар унасан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-******* дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3908 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.*******гийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив шинж нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал юм. Хүний халдашгүй байдлыг Нэгдсэн Үндэстний байгууллагаас баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
“Субьектив тал” нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх ба гэмт этгээд нь өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжийг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдаг.
Шүүгдэгч Г.******* нь гэрч Б.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг цохих явцад дундуур нь орсон хохирогч Т.*******гийн нүүрэн тус газар нь цохих зэргээр халдан зодсон идэвхтэй үйлдэл хийжээ. Шүүгдэгч Г.*******ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Т.*******гийн биед “зүүн хөмсөгний гадна булан, зүүн чамархай, хацар шанаа, зүүн бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөмсөгний гадна булан, зүүн чамархайд зулгаралт, баруун шуунд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, шүүгдэгч Г.*******ын үйлдлийн улмаас хохирогч Т.*******гийн биед гэмтэл учирсан шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.******* нь гэрч Б.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг цохих явцад дундуур нь орсон хохирогч Т.*******гийн нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохих зэргээр халдан довтолж буй үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, хохирогчийн биед хохирол учруулахыг хүсч үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.*******ын хохирогч Т.******* руу халдан довтолж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 52 дахь тал/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “гэр бүлээрээ Хөвсгөл аймаг руу нүүж байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Г.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.******* нь хувиараа годон гутал зардаг гэх ба түүний орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******ад мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.*******гийн биед “зүүн хөмсөгний гадна булан, зүүн чамархай, хацар шанаа, зүүн бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөмсөгний гадна булан, зүүн чамархайд зулгаралт, баруун шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.
Хохирогч Т.******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирол хор уршигтай холбоотой нийт 955,000 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 64-66 дахь тал/-ын нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүгдэгч Г.******* нь хохирогчийн нөхөр болох Б.*******ын эзэмшлийн данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн /хавтаст хэргийн 69 дэх тал/ баримт авагдсан ба хохирогч Т.******* нь 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хавтаст хэргийн материал танилцуулсан баримтад “...хохиролд 1,0 сая төгрөг авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй болно” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 71 дэх тал/ бичсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хийт овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******ад мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь хохирогч Т.Халиунд эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР