Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 17

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж        

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

           Улсын яллагч Б.Батнасан

Хохирогч ***

Хохирогч ***

Шүүгдэгч ***-ы өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан Говь-Алтай аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***-д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, *** дугаартай хэргийг 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэгтгэн хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, халх, *** аймгийн *** сумын харъяат, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр төрсөн,*** настай, ***, *** боловсролтой,*** мэргэжилтэй, ам бүл ***, аав ээж, дүү нарын хамт, *** хот, *** дүүрэг, *** хороо ***, *** гудамж *** тоотод оршин суух, урд нь ял шийтгүүлж байгаагүй, *** болж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, аминдаа нэг машинтай, *** регистрийн дугаартай, *** овогт *** *** гэв.

          Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч *** нь давтан үйлдлээр *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сард тархины хавдар өвчтэй иргэн ***-гт эмчилгээний зардлын хандивын тоглолт зохион байгуулж өгнө гэж хуурч мэхлэн 150.000 төгрөг болон ***, *** маркийн 200.000 төгрөгний үнэлгээтэй 2 ширхэг гар утсыг залилж авсан, *** телевизийн захирал ***-аас 40.000 төгрөгийг залилж авсан, хавдартай хүнд тусалж тоглолт хийх гэж  байгаа гэж телевизийн нэвтрүүлэг, сурталчилгаа хийлгэж 421.000 төгрөгийг төлөөгүй, компьютерийн үйлчилгээ эрхэлдэг иргэн ***-гээр 800 ширхэг билет хэвлүүлж төлбөр болох 60.000 төгрөгийг төлөөгүй, “***” цайны газрын тогооч ***-г хуурч мэхлэн 102.300 төгрөгийн хохирол учруулсан, *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сард элэгний хатуурал, хавдар өвчтэй ***-д эмчилгээний зардлын хандивын тоглолт зохион байгуулж өгнө гэж хуурч мэхлэн түүний ээж ***-гаас 237.000 төгрөгийг залилж авсан,

     Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр түүнд авсан *** аймгийн ***сумын төвөөс гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн,

  *** аймаг дахь ***-гийн эзэмшлийн “***” буудалд 2016 оны 09 дүгээр сард байрлах хугацаандаа 00-ийн угаалтуур эд зүйлийг эвдэж үрэгдүүлсэн, мөн ***-ийн эзэмшлийн “***” дэлгүүрээс 80.000 төгрөг бэлнээр, 200.000 төгрөгний эд зүйлийг залилан мэхлэж, итгэл эвдэх аргаар авсан, мөн хохирогч ***-гийн ***-лээс ХААН банкны дансаар дамжуулан 2016.09.21-нд 35.000 төгрөг, 30.000 төгрөг, 2016.09.22-нд 200.000 төгрөг, 2016.10.07-нд 60.000 төгрөг, 280.000 төгрөг, бэлнээр 60.000 төгрөг нийт 665.000 төгрөг залилан мэхлэж авсан, *** аймаг дахь ***-ийн нягтлан бодогч ***-ээс 125.000 төгрөгийг тус тус авч хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлджээ. /Яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би *** аймагт 2016 оны 9 дүгээр сард очсон. *** гэдэг хүний хүүхэд цусны хорт хавдартай гэж сонсоод туслахаар *** аймгийн ***-тай хамтарч тоглолт зохион байгуулсан байгаа. Тоглолт зохион байгуулахдаа *** гэдэг хүнээс театрын төлбөр болох 300.000 төгрөг, мөн бэлтгэл ажлын мөнгө гаргуулсан. Мөн би өөрөө тэр хүнээс тодорхой хэмжээний мөнгө авсан. Тоглолт нь болж өнгөрсөн. ***-ээс надаас авсан билетний 125.000 төгрөг би авсан. 45.000 төгрөгөөр *** нь 9 билет авсан байсан тэр билетний мөнгийг авч *** буудалд байрлаж байсан буудлынхаа мөнгийг нь төлсөн. *** буудалд байхдаа өглөө нүүр гараа угааж байгаад улгаалтуурыг нь санамсаргүй өшиглөж хагалсан. Тэгээд төлж өгнө гээд эзэнтэй нь яриад барилгын материалын дэлгүүрээс асуусан чинь 45.000 төгрөгний үнэтэй байсан. Буудлын эзэн нь чи дэлгүүрээс бичүүлээд юм авч байж болно эргээд мөнгийг нь төлнө биз гэхээр нь авсан. Тэгээд *** аймгаас *** аймагт ирээд зах дээрээс *** гэдэг хүнийг өвчтэй гэдгийг сонсоод *** гэдэг эмчээс танилцуулга утсыг нь өгөөч гэж гуйсан. *** эмчээс утсыг нь аваад *** гэдэг хүнтэй өөртэй нь утсаар нь яриад гэрт нь очиж уулзаад өөртэй нь уулзаж, ярилцаад ийм ажлаар яваа таньд туслана гэж байхад нөхөр нь араас орж ирсэн. Тэгээд хоёулантай нь ярилцаад  тэндээс гараад *** гэх залуутай уулзаад энэ хүнд туслах гэсэн юм танай чуулгын зүгээс туслах боломж байна уу? мэдэх хүнтэй нь уулзуулж өгөөч гэсэн чинь ***-ын даргатай уулзуулсан. Тэгээд даргатай нь орж уулзаад ийм зүйл хийх гэсэн юм та туслаач гэхэд чи менежертэй сайн ярилц манайх бас 50 жилийн ой болж байгаа тэрэндээ бэлдээд завгүй байгаа гэсэн. Тэгээд би менежертэй нь уулзсан чинь чи ийм зүйл хийх гэж байгаа юм чинь энэ хүнтэй танилц *** гэж хүн байгаа юм чи энэ хүнтэй хамтар гэсэн. Тэгээд***-ай танилцаад ямар хэргээр явж байгаагаа хэлсэн. *** маш хямдханаар хамтарч хийе гэсэн. Тэгээд бид хоёр телевизийн байранд нь очоод надад одоохондоо таньд өгөх мөнгө байхгүй та эхний ээлжинд хийгээд өг гэхэд манайх шинэ байранд орж байгаа юм засвар хийх хэрэгтэй байгаа гэсэн. Тэгэхээр нь би барилгын юм хийж чадна юмыг чинь хийлцээд өгье та тэгээд хийгээд өгөх боломжтой юу гээд тэр үедээ сайн ярилцаагүй. Тэгээд би *** эгчийнд очоод утсан дээр нь зургыг нь дараад, бичлэг хийж аваад samsung S3 маркийн шар утас, нэг nokia маркийн хар утас авсан. *** гэдэг хүний хэвлэлийн газар очоод энэ хүнд туслах гэсэн юм. Та энэ утсан дээрээс зургийг нь татаад танилцуулга хийгээд өг гээд тэндээс танилцуулгийг нь аваад *** дээр очоод менежертэй нь уулзаад *** сумын хүнд туслах гэсэн юм. Та *** сумын хүүхэд байвал надад туслуулаач гэж хэлсэн. Тэндээс гараад *** сургууль дээр очсон *** сумын хүнд туслах гэж байгаа *** сумын хүүхэд байвал надад туслуулаач гэсэн. Тэгээд над руу хоёр хүүхэд явуулсан байсан.  Тэгээд би *** сум руу явах хэрэг гарсан. *** сум руу явахдаа *** гэдэг хүнд *** сум явлаа гээд хэлээд явсан. Би Засаг даргатай нь уулзана гэж хэлээгүй *** эгч, *** ах нартай ярилцаад ах дүү нар нь тэнд байдаг юм байна. Тийшээ очвол хандив тусламж өгөх боломжтой болов уу, билет авах байх гэж ярилцаад *** сум явсан. Тэгээд *** сумд очоод хэнтэй ч уулзаж чадаагүй хоёр хоноод эргээд ирэх гэж байтал *** телевизийн захирал *** над руу яриад надаас 800.000 төгрөг нэхсэн. Та юу яриад байна яасан юм гэхэд би юмыг чинь хийгээд бэлдсэн чи үзээ биз дээ гэсэн. Намайг *** сум руу явахаас өмнө телевизийн нэвтрүүлэг хийгээд бэлдсэнээ үзүүлсэн.  Чи надад 800.000 төгрөг төлвөл зурагтаар гаргахад бэлэн болсон гэсэн. Надад мөнгө байхгүй долоо хоногийн дараа санхүүжилт орно гэж хэлсэн. Тэгсэн чинь цагдаад өгнө чи намайг хуурч мэхэлсэн гэсэн. Тэгээд *** сумаас ирээд би хэнтэй ч утсаар яриагүй. *** аймаг явсан. *** аймагт 11 дүгээр сарын эхээр очсон. Тэнд очоод *** гэдэг хүнтэй уулзаж ярилцаад ***-ын захиралтай нь уулзаж ярилцаад эхлээд хэвлэлийн газар очиж билет хэвлүүлсэн, дараа нь нийтийн бүжиг байнга зохион байгуулдаг газар тэнд хүмүүс идэвхитэй очдог юм. Тэнд очоод 2 өдрийн орлогыг нь авахаар тохироод хөгжимчинтэй нь яриад байж байсан чинь *** аймгийн ахмад *** гэдэг хүн барьж авсан. Тэгээд бүх юм нь зохиогдохоо болиод *** аймгаас наашаа явсан. *** аймагт 11 дүгээр сарын 12-ны өдөр ирээд гадуур батлан даалтанд гараад ***-д ажиллаж байгаад цайны газраас нь тортой мах алга болсон гээд ажилтан нь цонхоор гаргаж байсныг хараад хэлэхэд намайг хоёр ажилтан нь нийлж зодсон. Тэгээд орцонд хоёр хоноод *** аймаг руу 1 дүгээр сарын 6-ны өдөр яваад 1 дүгээр сарын 8-ны өдөр гэртээ очсон. Цуг ажиллаж байсан хүнийхээ ахаас гуйж суугаад ***аймаг ороод *** аймгаас автобусны жолоочоос гуйгаад *** хот орсон. Тэгээд байцаагчтайгаа холбогдоогүй 2 дугаар сарын 8-ны өдөр цагдаад баригдаад *** хотын ***дүгээр цагдан хорих ангид хоригдсон. *** аймагт *** гэдэг хүний дэлгүүрээс хэдэн төгрөгний зүйл авснаа санахгүй байна. 200 гаран мянга төгрөгний юм авсан. Бэлэн 80.000 төгрөг авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр би тэр хүнээс бэлнээр 80.000 төгрөг аваагүй. Угаалтуур унагаж хагалсан өглөө *** гэдэг хүнд янзлуулж өгнө гэж хэлээд *** гэдэг хүнтэй сантехникч дуудаад барилгын материалын дэлгүүрт очиж  үнийг нь асуухад 45.000 төгрөг гэж байсан. Надаас *** гэдэг хүн 145.000 төгрөг нэхэмжилсэн байсан хүлээн зөвшөөрөхгүй байна. 80.000 төгрөг авснаа сайн санахгүй байна. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хэлэх үг алга. *** эгчээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Надад өвдсөн зовсон хүнээр тоглоё гэсэн чинь сэтгэл байгаагүй. Би 2012 онд эхнэр, хүүхэд хоёр маань зам тээврийн ослоор өнгөрсөн тэрнээс болоод өөрийгөө эвдэрсэн гэж бодож байгаа. Амар хялбар аргаар мөнгө олж болдог юм байна гэж бодоод ийм зүйл хийсэн үнэхээр их харамсаж байна. *** эгч, *** ах хоёроос уучлал хүсье. Намайг уучлаарай гэв.

 Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэг өдөр утас дуугараад төрийн бус байгууллагаас явж байна. Эмчилгээнд явуулна гэж байна чиний утсыг өгчихлөө гээд эмч ярьсан. Тэгээд удаагүй утас дуугараад *** яриад би танайд яваад очьё гэсэн. Тэгээд манай гадаа машинтай ирж буугаад манайд орсон. Төрийн бус байгууллагаас явж байна таныг эмчилгээнд явуулна гэсэн. Би дөрвөн нялх хүүхэдтэй болохоор маш их баярласан. Хэдэн жил ч гэсэн үр хүүхэдтэйгээ явах юм байна гэж баярласан. Нөхөртөө хэлсэн чинь зөвшөөрсөн. Би *** сумынх байгаа юмаа 3, 4 сар хэвтээд боссон, одоол босч явдаг болсон. Дөнгөж босч явдаг болоод үүдэн дээрээ очиж тосч аваад гэртээ оруулаад хоол унд хийж өгсөн. Тийм л зүйл болсон. Мөн телевизийн хүмүүс ирээд ярилцлага авсан. Дүү нь чадахаараа туслая гэсэн. Би тэгээд Монголд эмчлэгдэхгүй гадаад яв гэсэн 45.000.000 төгрөг орно гэсэн гэхэд за тэгвэл Грандмед эмнэлэг дээр очиход ямар ч гэсэн учир нь олдох байх. Грандмед эмнэлэг дээр очоод шинжилгээ өгнө тэгээд цаашаа явах үгүй нь шийдэгдэх байх гэсэн. Тэгээд би намайг очвол ямар ч гэсэн явуулах байх би ямар ч гэсэн тархиныхаа хавдраас салах юм байна. Өрөөсөн нүд хараагүй хараа ямар ч гэсэн орох юм байна гэж бодож маш их баярласан. Намайг мэхэлсэнд маш их гомдож байна. Би дөрвөн хүүхэдтэйгээ ямар ч гэсэн амьдрах юм байна гэж бодсон гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад яриад байх зүйл алга. Намайг дэлгүүртээ ажлаа хийгээд сууж байхад нэг залуу орж ирээд хандивын тоглолт хийх гэсэн юм. Тархины хавдартай хүнд тусалж дэмжих гэсэн юм.  *** чуулгатай гэрээ хийсэн гээд хавтастай бичиг баримт барьсан орж ирсэн. Боршуурын зардал мөнгийг тооцоогүй, манай дээр дадлага хийж байсан хоёр хүүхдийг боломжоор нь хэвлээд өгчих гэсэн танилцуулга хийж өгөөд 2 хоногийн дараа ирж билет хийлгэхээр болсон. 800 билет хийлгэхээр болсон. Хандивын тоглолт юм чинь та боломжоороо хямдруулаад хийгээд өгөөрэй гэсэн. 300.000 төгрөг болж байна шүү гэсэн чинь би 300.000 төгрөгийг чинь өгье маргааш аваад ирье гэхээр нь за маргааш бэлэн мөнгө аваад ирэхээр нь хандивын тоглолтын билет юм чинь бага ч гэсэн хямдруулаад өгье гээд хийдэг үнээ хэлсэн хямдруулаагүй. 300 ширхэгийг хэвлэж байсан чинь өөрөө хэдэн ширхэгийг, мөн хоёр охин ирж авсан. Тэгээд гэр рүүгээ авч явж хэвлээд өглөө 6, 7 цагийн үед дууссан. Шөнөжин хэвлэсэн. Тэгээд маргааш нь *** гэдэг хүн мөрдөн байцаагчтай ирээд чи бид хоёр залилуулсан байна билетээ авах гээд ирвэл чи холбогдож барьж аваарай гэсэн. Надад гомдол санал гээд байх юм юу байхав. Би таван боодол цаасан дээр хэвлэсэн, тэр шөнөжин хэвлэсэн хохирлыг сайн мэдэхгүй байгаа.  Миний зүгээс 60.000 төгрөгний бодит хохирол учирсан гэж үзэж байгаа. Цаасны мөнгө, хорны мөнгө, мөн бэлтгэлийн 10.000 төгрөг гээд нийт 60.000 төгрөг болсон байгаа. Тэрийг авахгүй байж болно гэв.

Хохирогч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** овогтой *** би ***д нэг зуун мянган төгрөг залилуулсан билээ. Одоо ***аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул ***д холбогдох шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр явуулж өгнө үү гэжээ.

      Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч***-гийн мэдүүлэг /хх-163-164х/, гэрч ***ын мэдүүлэг /хх-70х/, гэрч ***-ын мэдүүлэг /хх-72х/, насанд хүрээгүй гэрч ***-гийн мэдүүлэг /хх-73-74х/, гэрч ***-гийн мэдүүлэг /хх-75х/, гэрч ***-ийн мэдүүлэг /хх-76х/, гэрч ***-ын мэдүүлэг /хх-161-162х/, сэжигтэн ***-ы мэдүүлэг /хх-40-42/, яллагдагч ***-ы дахин өгсөн мэдүүлэг /хх-88х/, гэрч ***-йгийн мэдүүлэг /хх-113-115х/, сэжигтэн ***-ы *** аймаг үйлдсэн хэргийн талаарх мэдүүлэг /хх-119х/, яллагдагч ***-ы мэдүүлэг /хх-183-184х/, хохирогч ***-йн S3 маркийн гар утас, nokia маркийн утсыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-21-22х/, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан ***-аар билет заруулсан 35.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-35х/, ***-зийн нэхэмжлэх /хх-20х/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч, ***, ***, ***, ***, гэрч *** нарыг оролцуулж таньж олуулах ажиллагаа хийсэн баримт /хх-137-147х/, Эд мөрийн баримтаар хууран авсан зүйлсийн жагсаалт /хх-152х/, сэжигтэн ***-д *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гадагш явж болохгүй талаар баталгаа гаргаж батлан даалтанд гаргасан тогтоол /хх-85-86х/, Цагдаагийн байгууллагын police.gov.mn  цахим хаягаар ***-ыг улс даяар оргодлоор эрэн сурвалжилсан материал /хх-96-98х/, Эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлэх мөрдөн байцаагчийн санал /хх-128х/, Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2017 оны 1 дүгээр сарын 27-ний өдрийн 03 дугаартай прокурорын тогтоол /хх-129-130х/, Түдгэлзүүлсэн эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг сэргээх тухай мөрдөн байцаагчийн санал /хх-133х/, Мөн өдөр прокурорын 02 дугаартай түдгэлзүүлсэн ажиллагааг сэргээж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-136х/, Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-151х/ Энэ тэмдэглэлийг танилцуулж байгаа шалтгаан нь *** билетийн 35.000 төгрөг *** руу шилжүүлсэн гэж ярьдаг. Тухайн *** банкны орлогын гүйлгээнээс харахад *** гэдэг хүний нэр дээрх данс байдаг. Ком тавилга компаний цагийн бүртгэл /хх-156х/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч ***-гийн хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлт /хх-199х/, *** аймагт шалгагдаад Улсын Ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоогдож ирсэн эрүүгийн *** дугаартай ***-д холбогдох хавтаст хэргийн нотлох баримтыг шинжлэн судлая гээд хохирогч, иргэний нэхэмжлэгч ***-ийн мэдүүлэг /хх-26-27х/, хохирогч, иргэний нэхэмжлэгч ***-ийн 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэг /хх-92-94х/, гэрч ***-ийн мэдүүлэг /хх-28х/,  иргэний нэхэмжлэгч ***-нгийн мэдүүлэг /хх-30-31х/, иргэний нэхэмжлэгч ***-ийн мэдүүлэг /хх-32х/, гэрч ***-гийн мэдүүлэг /хх-51-52х/, гэрч ***-ийн мэдүүлэг /хх-72х/, сэжигтэн ***-ы мэдүүлэг /хх-53-56х/, Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол /хх-124-127х/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ***-йн санхүүгийн дэвтэрт үзлэг хийж ***-д мөнгө олгосон гэсэн баримтыг хуулбарлаж хавтаст хэрэгт хавсаргасан байна /хх-12-13х/, ***зочид буудлын хагарсан угаартуур, *** зочид буудлын хажуу талын дэлгүүрээс ***- зээлж авсан эд зүйлийг жагсааж бичсэн баримт /хх-14-16х/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-22-25х/, *** аймгийн ***-рын тоглолт явуулах байр түрээслэх гэрээ /хх-49-50х/, *** аймгийн ***-т тоглолт зохион байгуулсан бүртгэлд үзлэг хийсэн баримт /хх-66-67х/, Хяналтын харьяалал өөрчлөн тогтоох тухай тогтоол /хх-98-100х/,  Улсын Ерөнхий прокурорын газраас хэрэгт харьяалал тогтоож ирүүлсэн учраас ***-т үйлдэгдсэн хэргийг ***-ы ***, *** аймагт үйлдэгдсэн хэрэгтэй шүүхийн шатанд нэгтгэсэн шүүгчийн захирамж зэргийг, шүүгдэгчийн өмгөөлөгч ***-гийн хүсэлтээр гэрч, хохирогч нарын мэдүүлэг улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримттай давхардаж байна. Хохирогч***-ийн мэдүүлэг /хх-15х/, гэрч ***-гийн мэдүүлэг /хх-159х/, гэрч ***-ийн мэдүүлэг /хх-166х/, гэрч ***-ын мэдүүлэг /хх-167х/, ял шалгах хуудас /хх-48х/, Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-185-186х/, ***-ийн хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх-199х/, улсын яллагчийн шинжлэн судалсантай давхардсан /хх-66-67х/, *** аймгаас ирсэн хэргийн ***-гээс авсан барааны жагсаалт /хх-35х/, шинжээчийн дүгнэлттэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ бичсэн байгаа. Иргэний нэхэмжлэгч ***-гийн мэдүүлэг /хх-30-31х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

    Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх үнэлэв.

    Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч *** нь давтан үйлдлээр *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сард тархины хавдар өвчтэй иргэн ***-т эмчилгээний зардлын хандивын тоглолт зохион байгуулж өгнө гэж хуурч мэхлэн 150.000 төгрөг болон Samsung S-3, Nokia маркийн 200.000 төгрөгний үнэлгээтэй 2 ширхэг гар утсыг залилж аван нийт 350.000 төгрөгний хохирол учруулсан, “***” телевизийн захирал ***-гаас 40.000 төгрөгийг залилж авсан, хавдартай хүнд тусалж тоглолт хийнэ гэж телевизийн нэвтрүүлэг, сурталчилгаа хийлгэж 421.000 төгрөгний хохирол учруулсан,

    Компьютерийн үйлчилгээ эрхэлдэг иргэн ***-гээр 800 ширхэг билет хэвлүүлж төлбөр болох 60.000 төгрөгний хохирол учруулсан,

    “***” цайны газрын тогооч ***-г хуурч мэхлэн 102.300 төгрөгний хохирол учруулсан,

    *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сард элэгний хатуурал, хавдар өвчтэй ***-д эмчилгээний зардлын хандивын тоглолт зохион байгуулж өгнө гэж хуурч мэхлэн түүний ээж ***-гаас 237.000 төгрөгийг залилж авсан,

   *** аймаг дахь ***-гийн эзэмшлийн “***” буудалд 2016 оны 09 дүгээр сард байрлах хугацаандаа 00-ийн угаалтуур эд зүйлийг эвдэж үрэгдүүлсэн, мөн ***-гийн эзэмшлийн “***” дэлгүүрээс 80.000 төгрөг бэлнээр, 200.000 төгрөгний эд зүйлийг залилан мэхлэж, итгэл эвдэх аргаар авч нийт 320.000 төгрөгний хохирол учруулсан,

     Хохирогч ***-гийн ***-ээс ХААН банкны дансаар дамжуулан 2016.09.21-нд 35.000 төгрөг, 30.000 төгрөг, 2016.09.22-нд 200.000 төгрөг, 2016.10.07-нд 60.000 төгрөг, 280.000 төгрөг, бэлнээр 60.000 төгрөг нийт 665.000 төгрөг залилан мэхлэж авсан,

   *** аймаг дахь *** хийдийн нягтлан бодогч ***-ээс 125.000 төгрөгийг тус тус залилж авч, хохирол учруулсан гэмт хэргүүд гарсан байна.

    Уг гэмт хэргийг шүүгдэгч *** ганцаараа үйлдсэн гэм буруутай болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар хуудаст байх “***” чуулгын дарга ***-ын хандивын тогтолтыг 2 удаа тоглохоор болсон гэх албан бичиг, хохирогч ***-ын гэр бүлийн зурагтай өглөгийн гараа сунгана уу гээд хандивын данс бичсэн зурагт хуудас, элэг нэгт ахан дүүс минь хайрт хүүд минь амьдрал хайрлаач гэх нэртэй ***-ын аав цагдаагийн ахлах ахлагч *** болон ах дүү гэр бүл гэсэн хандивын данс бичсэн зурагт хуудас, *** аймгийн ***сумын төвөөс гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, ***-ы гаргасан баталгаа, ***-ыг улсын хэмжээнд оргодлоор эрэн сурвалжилсан материал, таньж олуулах ажиллагаа хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, ***-аас ирүүлсэн CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл болон хохирогч ***-ын “…Таны утсыг *** эмчээс авсан юм. Би сайн үйлсийн аян байгууллагаас явж байгаа *** гэдэг хүн байна. Таныг эмчилгээнд явуулах гэсэн юм гэж ярьсан. Тэгээд хоёр хоногийн дараа ирээд танай гэр бүлийн зураг болон бичлэг хийх гэсэн чинь камер байхгүй байна. Та утсаа өгчих таны утсан дээр зураг аваад бичлэг хийгээд ирье. Хандив цуглуулах гэсэн юм гээд миний утсыг аваад явсан. Бас өөрөө барих утасгүй болчлоо гээд  nokia маркийн утас байсныг цуг аваад явсан. Тэгээд маргааш нь телевизийн хүмүүс дагуулж ирээд ярилцлага аваад бичлэг хийгээд явсан. *** сумруу хандив тусламж цуглуулж ирэхээр явлаа гээд бас мөнгө аваад явсан…” гэх мэдүүлэг, Хохирогч ***-гийн “…2016 оны 10 сарын 14-ны өдөр үл таних залуу орж ирээд нэг утас виза карт барьцаанд тавиад 16.200 төгрөгний хоол идсэн. Дараа нь хоол идсэн болон авч явсан хоолны тооцоо нийтдээ 63.100 төгрөг болсон. Надаас 20.000 төгрөг бэлнээр авсан. Интернетээс юм татах гэсэн юм юнителийн сим байна уу гээд миний симийг авч явсаныг 3.000 төгрөгөөр сэргээлгэсэн.…” гэх мэдүүлэг, хохирогч ***-гийн “…2016 оны 10 дугаар сарын 20-ны орчим нэг танихгүй залуу орж ирээд *** сумын нэг өвчтэй хүнд зориулж хандивын тоглолт хийх гэж байгаа юм гээд нийт 800 ширхэг билетийн эхийг бэлтгүүлсэн. Тухайн эхийг бэлдэж байхад *** чуулгад тоглолт хийхээр ***хотоос ***, *** нар ирж оролцох талаар хийлгэж байсан…” гэх мэдүүлэг, хохирогч ***-гийн “…Сайн үйлсийн аян гэх төрийн бус байгууллагын гишүүн нь байна. Танай хүүхдэд туслах гэсэн юм гээд хэвлэлийн газар болон драмын театрын даргатай уулзаж хандивын тоглолт хийнэ гээд тайз яриад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тоглолт хийхээр болсон. *** гэгчид нийтдээ 230.000 төгрөг залилуулсан…” гэх мэдүүлэг, хохирогч ***-гийн “…тоглолт зохион байгуулна гэж хэлээд нэвтрүүлэг бэлтгүүлж зар сурталчилгаа хийлгүүлсэн…” гэх мэдүүлэг, гэрч ***-гийн “…манай ажлын өрөөнд нэг залуу орж ирээд өөрийгөө *** гэж танилцуулаад эдгэрэх боломжтой хүн байна уу шинжилгээг нь *** эмнэлэгт хийлгээд тусламж үзүүлье. Би сайн үйлс бүтээдэг залуусын нэг нь байнаа гэж надад хэлсэн. Би итгээд *** гэх хүний утасны дугаарыг өгсөн…” гэх мэдүүлэг, хохирогч ***-ийн “…би *** зочид буудал дээр очиход нэг намхан шар залуу гарч ирээд өөрийгөө *** гэж танилцуулсан. Тэгээд миний машины арын суудал дээр суугаад би өчигдөр аймгийн телевизын нэвтрүүлгээр танай хүүхдийн мэдээллийг авсан юм. Би төрийн бус байгууллагад ажиллаж ядарсан зүдэрсэн хүмүүст тусалж, хандивын аян зохион байгуулдаг. Хэд хэдэн хүмүүст тусалсан тохиолдол байгаа. Доод тал нь 5 орчим сая төгрөг бэлдэж өгч байсан… Эхнэр бид 2 *** хотруу хүүхэдрүүгээ яараад явсан. ***-т ирсний дараа *** нь аймагт хандивын тоглолт зохион байгуулж олсон хандив туслалцааг тэр чигт нь авсан байсан…” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ***-ийн “…би лам нарын цалингаас нь суутгаад 25 ширхэг тасалбарын үнэ болох 125.000 төгрөгийг бэлнээр нь өгч гарын үсэг зуруулж авсан…” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ***-гийн “…*** гэдэг хүн 1 сар орчим манай буудалд байрласан. Байрлаж байх хугацаандаа *** дэлгүүрээс дандаа хүнсний бүтээгдэхүүн зээлээр аваад өгөөгүй алга болсон. Мөн байрлаж байсан буудлын өрөөний угаалтуурыг хагалж гэмтээгээд хохирлыг барагдуулаагүй байгаа…” гэх мэдүүлэг, шүүгдэгч ***-н мөрдөн байцаалтийн шатанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

    Мөн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр түүнд авсан *** аймгийн *** сумын төвөөс гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, түр оршин сууж буй газраасаа өөр орон нутаг буюу Улаанбаатар хот руу явж мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эрэн сурвалжилсан материал зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн “…*** нь орох орон байхгүй, өвлийн хүйтэнд орцонд 2 хоноод аргагүй эрхэнд явсан гэдгээ мэдүүлж хэлж байгаа. Иймд зориуд оргох санаа байгаагүй...” гэсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

    Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар байнга буюу  түр оршин суугаа газраасаа мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүйгээр гадагш явахгүй ба дуудсан цагт ирэх тухай баталгааг бичгээр гаргуулж авахаар заасан бөгөөд хавтаст хэргийн 086 дугаар хуудсан дахь Есөнбулаг сумын төвөөс гадагш явахгүй байхаар гаргасан баталгаагаар дээрх хуульд заасан ажиллагааг гүйцэтгэсэн байх ба  шүүгдэгч Б.Батсайхан нь дээрх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж Завхан аймгаар дамжиж Улаанбаатар хотод очин ажил хийж байхад нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллага баривчилсан байна

     Шүүгдэгч ***-д холбогдох хэргийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан үйлдэх, мөн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ы эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

     Шүүхээс шүүгдэгч ***-ы үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

       Мөн хохирогч “***” телевизийн захирал ***-ай 19 хоногийн хугацаанд хамтран ажиллахаар 800.000 төгрөгөөр тохиролцсон ба хохирогч *** нь 10 хоног цацалт хийгдсэн тул 410.000 төгрөгийг, бэлнээр авсан 40.000 төгрөгийн хамт нэхэмжилдэг. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-ээс үзэхэд 10 гаруй минутын бичлэг хийгдсэн байх тул хохирогч ***-гийн нэхэмжилсэн 461.000 төгрөгийг шүүгдэгч ***-аас гаргуулахаар шийдвэрлэлээ.

  Хохирогч *** “…Цаасны мөнгө, хорны мөнгө, мөн бэлтгэлийн 10.000 төгрөг гээд нийт 60.000 төгрөг болсон байгаа. Тэрийг авахгүй байж болно…” гэж мэдүүлсэн,  хохирогч *** “…Батсайханаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй”  гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

  Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч *** 60.000 төгрөг, *** 102.300 төгрөгийг тус тус нэхэмжлэхгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогтой ***-ын ***-ыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан үйлдэх, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ы эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан ***-д Эрүүгийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр  Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан ***-д оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан ***-ы цагдан хоригдсон 67 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 608 ширхэг тоглолтын тасалбарыг устгаж, CD 1 ширхэг, Хаан банкны виза карт 2 ширхэг, Хаан банкны дансны хуулга 3 хуудас зэргийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан ***-аас 350.000 төгрөг гаргуулж хохирогч ***-т, 461.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***-д, 237.000 төгрөг гаргуулж хохирогч ***-д, 665.000 төгрөг гаргуулж хохирогч ***-д, 320.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***-д, 125.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***д тус тус олгосугай.

8.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, ялтнаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч *** 60.000 төгрөг, *** 102.300 төгрөгийг тус тус нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 331 дүгээр зүйлийн 331.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийн өмнө ялтан ***-ыг гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнтэй нь нэг удаа уулзах боломжоор хангасугай.

10. Ялтан ***-ыг цагдан хорьж ял эдлэх хугацааг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш  давж заалдах гомдол гаргах эрхтэй этгээдүүд Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

         13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.САРАНТУЯА