Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж        

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

           Улсын яллагч Б.Батнасан

Хохирогч У.Атартунгалаг

Хохирогч А.Эрдэнэсүрэн

Шүүгдэгч Б.Батсайханы өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан Говь-Алтай аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Батсайханд холбогдох 201607000171 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, 201705000038 дугаартай хэргийг 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэгтгэн хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, Архангай аймгийн Цэцэрлэг сумын харъяат, 1991 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 7, аав ээж, дүү нарын хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9-р хороо Шархад, 8 гудамж 167г тоотод оршин суух, урд нь ял шийтгүүлж байгаагүй, чөлөөт бөхөөр хоёр удаа улсын аврага болж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, аминдаа нэг машинтай, УК91012933 регистрийн дугаартай, Халзан дамба овогт Батбаатар Байтсайхан гэв.

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

     Шүүгдэгч Б.Батсайхан нь давтан үйлдлээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сард тархины хавдар өвчтэй иргэн У.Атартунгалагт эмчилгээний зардлын хандивын тоглолт зохион байгуулж өгнө гэж хуурч мэхлэн 150.000 төгрөг болон Samsung S-3, Nokia маркийн 200.000 төгрөгний үнэлгээтэй 2 ширхэг гар утсыг залилж авсан, Алтай телевизийн захирал Э.Болормаагаас 40.000 төгрөгийг залилж авсан, хавдартай хүнд тусалж тоглолт хийх гэж  байгаа гэж телевизийн нэвтрүүлэг, сурталчилгаа хийлгэж 421.000 төгрөгийг

2

 

төлөөгүй, компьютерийн үйлчилгээ эрхэлдэг иргэн А.Эрдэнэсүрэнгээр 800 ширхэг билет хэвлүүлж төлбөр болох 60.000 төгрөгийг төлөөгүй, “Бумбат” цайны газрын тогооч Ө.Цэндээг хуурч мэхлэн 102.300 төгрөгийн хохирол учруулсан, Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сард элэгний хатуурал, хавдар өвчтэй Б.Ариунбулгад эмчилгээний зардлын хандивын тоглолт зохион байгуулж өгнө гэж хуурч мэхлэн түүний ээж З.Жавзангаас 237.000 төгрөгийг залилж авсан,

     Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр түүнд авсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвөөс гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн,

     Баянхонгор аймаг дахь Б.Должинсүрэнгийн эзэмшлийн “Жаргалант” буудалд 2016 оны 09 дүгээр сард байрлах хугацаандаа 00-ийн угаалтуур эд зүйлийг эвдэж үрэгдүүлсэн, мөн Б.Должинсүрэгийн эзэмшлийн “Дулаан Богд” дэлгүүрээс 80.000 төгрөг бэлнээр, 200.000 төгрөгний эд зүйлийг залилан мэхлэж, итгэл эвдэх аргаар авсан, мөн хохирогч Базаррагчаагийн Алтангэрэлээс ХААН банкны дансаар дамжуулан 2016.09.21-нд 35.000 төгрөг, 30.000 төгрөг, 2016.09.22-нд 200.000 төгрөг, 2016.10.07-нд 60.000 төгрөг, 280.000 төгрөг, бэлнээр 60.000 төгрөг нийт 665.000 төгрөг залилан мэхлэж авсан, Баянхонгор аймаг дахь Гонгандан дэдлин хийдийн нягтлан бодогч П.Алтансүхээс 125.000 төгрөгийг тус тус авч хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлджээ. /Яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч Б.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би Баянхонгор аймагт 2016 оны 9 дүгээр сард очсон. Б.Алтангэрэл гэдэг хүний хүүхэд цусны хорт хавдартай гэж сонсоод туслахаар Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театртай хамтарч тоглолт зохион байгуулсан байгаа. Тоглолт зохион байгуулахдаа Б.Алтангэрэл гэдэг хүнээс театрын төлбөр болох 300.000 төгрөг, мөн бэлтгэл ажлын мөнгө гаргуулсан. Мөн би өөрөө тэр хүнээс тодорхой хэмжээний мөнгө авсан. Тоглолт нь болж өнгөрсөн. Гон гандан дэдлин хийдээс надаас авсан билетний 125.000 төгрөг би авсан. 45.000 төгрөгөөр Мэргэжлийн хяналтын газар нь 9 билет авсан байсан тэр билетний мөнгийг авч Жаргалант буудалд байрлаж байсан буудлынхаа мөнгийг нь төлсөн. Жаргалант буудалд байхдаа өглөө нүүр гараа угааж байгаад улгаалтуурыг нь санамсаргүй өшиглөж хагалсан. Тэгээд төлж өгнө гээд эзэнтэй нь яриад барилгын материалын дэлгүүрээс асуусан чинь 45.000 төгрөгний үнэтэй байсан. Буудлын эзэн нь чи дэлгүүрээс бичүүлээд юм авч байж болно эргээд мөнгийг нь төлнө биз гэхээр нь авсан. Тэгээд Баянхонгор аймгаас Говь-Алтай аймагт ирээд зах дээрээс У.Атартунгалаг гэдэг хүнийг өвчтэй гэдгийг сонсоод Б.Лхамаа гэдэг эмчээс танилцуулга утсыг нь өгөөч гэж гуйсан. Б.Лхамаа эмчээс утсыг нь аваад У.Атартунгалаг гэдэг хүнтэй өөртэй нь утсаар нь яриад гэрт нь очиж уулзаад өөртэй нь уулзаж, ярилцаад ийм ажлаар яваа таньд туслана гэж байхад нөхөр нь араас орж ирсэн. Тэгээд хоёулантай нь ярилцаад  тэндээс гараад Алтай чуулгын менежер гэх залуутай уулзаад энэ хүнд туслах гэсэн юм танай чуулгын зүгээс туслах боломж

3

 

байна уу? мэдэх хүнтэй нь уулзуулж өгөөч гэсэн чинь Алтай чуулгын даргатай уулзуулсан. Тэгээд даргатай нь орж уулзаад ийм зүйл хийх гэсэн юм та туслаач гэхэд чи менежертэй сайн ярилц манайх бас 50 жилийн ой болж байгаа тэрэндээ бэлдээд завгүй байгаа гэсэн. Тэгээд би менежертэй нь уулзсан чинь чи ийм зүйл хийх гэж байгаа юм чинь энэ хүнтэй танилц Алтай телевизийн захирал Э.Болормаа гэж хүн байгаа юм чи энэ хүнтэй хамтар гэсэн. Тэгээд Э.Болормаатай танилцаад ямар хэргээр явж байгаагаа хэлсэн. Э.Болормаа маш хямдханаар хамтарч хийе гэсэн. Тэгээд бид хоёр телевизийн байранд нь очоод надад одоохондоо таньд өгөх мөнгө байхгүй та эхний ээлжинд хийгээд өг гэхэд манайх шинэ байранд орж байгаа юм засвар хийх хэрэгтэй байгаа гэсэн. Тэгэхээр нь би барилгын юм хийж чадна юмыг чинь хийлцээд өгье та тэгээд хийгээд өгөх боломжтой юу гээд тэр үедээ сайн ярилцаагүй. Тэгээд би У.Атартунгалаг эгчийнд очоод утсан дээр нь зургыг нь дараад, бичлэг хийж аваад samsung S3 маркийн шар утас, нэг nokia маркийн хар утас авсан. А.Эрдэнэсүрэн гэдэг хүний хэвлэлийн газар очоод энэ хүнд туслах гэсэн юм. Та энэ утсан дээрээс зургийг нь татаад танилцуулга хийгээд өг гээд тэндээс танилцуулгийг нь аваад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дээр очоод менежертэй нь уулзаад Алтай сумын хүнд туслах гэсэн юм. Та Алтай сумын хүүхэд байвал надад туслуулаач гэж хэлсэн. Тэндээс гараад Анагаахын шинжлэх ухааны их сургууль дээр очсон Алтай сумын хүнд туслах гэж байгаа Алтай сумын хүүхэд байвал надад туслуулаач гэсэн. Тэгээд над руу хоёр хүүхэд явуулсан байсан.  Тэгээд би Алтай сум руу явах хэрэг гарсан. Алтай сум руу явахдаа Э.Болормаа гэдэг хүнд Алтай сум явлаа гээд хэлээд явсан. Би Засаг даргатай нь уулзана гэж хэлээгүй У.Атартунгалаг эгч, З.Батсүх ах нартай ярилцаад ах дүү нар нь тэнд байдаг юм байна. Тийшээ очвол хандив тусламж өгөх боломжтой болов уу, билет авах байх гэж ярилцаад Алтай сум явсан. Тэгээд Алтай сумд очоод хэнтэй ч уулзаж чадаагүй хоёр хоноод эргээд ирэх гэж байтал Алтай телевизийн захирал Э.Болормаа над руу яриад надаас 800.000 төгрөг нэхсэн. Та юу яриад байна яасан юм гэхэд би юмыг чинь хийгээд бэлдсэн чи үзээ биз дээ гэсэн. Намайг Алтай сум руу явахаас өмнө телевизийн нэвтрүүлэг хийгээд бэлдсэнээ үзүүлсэн.  Чи надад 800.000 төгрөг төлвөл зурагтаар гаргахад бэлэн болсон гэсэн. Надад мөнгө байхгүй долоо хоногийн дараа санхүүжилт орно гэж хэлсэн. Тэгсэн чинь цагдаад өгнө чи намайг хуурч мэхэлсэн гэсэн. Тэгээд Алтай сумаас ирээд би хэнтэй ч утсаар яриагүй. Увс аймаг явсан. Увс аймагт 11 дүгээр сарын эхээр очсон. Тэнд очоод З.Жавзан гэдэг хүнтэй уулзаж ярилцаад хөгжимт драмын театрын захиралтай нь уулзаж ярилцаад эхлээд хэвлэлийн газар очиж билет хэвлүүлсэн, дараа нь нийтийн бүжиг байнга зохион байгуулдаг газар тэнд хүмүүс идэвхитэй очдог юм. Тэнд очоод 2 өдрийн орлогыг нь авахаар тохироод хөгжимчинтэй нь яриад байж байсан чинь Увс аймгийн ахмад Баттулга гэдэг хүн барьж авсан. Тэгээд бүх юм нь зохиогдохоо болиод Увс аймгаас наашаа явсан. Говь-Алтай аймагт 11 дүгээр сарын 12-ны өдөр ирээд гадуур батлан даалтанд гараад Залуур Алтайд ажиллаж байгаад цайны газраас нь тортой мах алга болсон гээд ажилтан нь цонхоор гаргаж байсныг хараад хэлэхэд намайг хоёр ажилтан нь нийлж зодсон. Тэгээд орцонд хоёр хоноод Завхан аймаг руу 1 дүгээр сарын 6-ны өдөр яваад 1 дүгээр сарын 8-ны өдөр гэртээ очсон. Цуг ажиллаж байсан хүнийхээ ахаас гуйж суугаад Завхан аймаг ороод Завхан аймгаас автобусны жолоочоос гуйгаад Улаанбаатар хот орсон. Тэгээд байцаагчтайгаа холбогдоогүй 2 дугаар сарын 8-ны өдөр цагдаад баригдаад

4

 

Улаанбаатар хотын 461 дүгээр цагдан хорих ангид хоригдсон. Баянхонгор аймагт Б.Должинсүрэн гэдэг хүний дэлгүүрээс хэдэн төгрөгний зүйл авснаа санахгүй байна. 200 гаран мянга төгрөгний юм авсан. Бэлэн 80.000 төгрөг авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр би тэр хүнээс бэлнээр 80.000 төгрөг аваагүй. Угаалтуур унагаж хагалсан өглөө Б.Должинсүрэн гэдэг хүнд янзлуулж өгнө гэж хэлээд Б.Должинсүрэн гэдэг хүнтэй сантехникч дуудаад барилгын материалын дэлгүүрт очиж  үнийг нь асуухад 45.000 төгрөг гэж байсан. Надаас Б.Должинсүрэн гэдэг хүн 145.000 төгрөг нэхэмжилсэн байсан хүлээн зөвшөөрөхгүй байна. 80.000 төгрөг авснаа сайн санахгүй байна. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хэлэх үг алга. У.Атартунгалаг эгчээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Надад өвдсөн зовсон хүнээр тоглоё гэсэн чинь сэтгэл байгаагүй. Би 2012 онд эхнэр, хүүхэд хоёр маань зам тээврийн ослоор өнгөрсөн тэрнээс болоод өөрийгөө эвдэрсэн гэж бодож байгаа. Амар хялбар аргаар мөнгө олж болдог юм байна гэж бодоод ийм зүйл хийсэн үнэхээр их харамсаж байна. У.Атартунгалаг эгч, А.Эрдэнэсүрэн ах хоёроос уучлал хүсье. Намайг уучлаарай гэв.

 

 Хохирогч У.Атартунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэг өдөр утас дуугараад төрийн бус байгууллагаас явж байна. Эмчилгээнд явуулна гэж байна чиний утсыг өгчихлөө гээд эмч ярьсан. Тэгээд удаагүй утас дуугараад Б.Батсайхан яриад би танайд яваад очьё гэсэн. Тэгээд манай гадаа машинтай ирж буугаад манайд орсон. Төрийн бус байгууллагаас явж байна таныг эмчилгээнд явуулна гэсэн. Би дөрвөн нялх хүүхэдтэй болохоор маш их баярласан. Хэдэн жил ч гэсэн үр хүүхэдтэйгээ явах юм байна гэж баярласан. Нөхөртөө хэлсэн чинь зөвшөөрсөн. Би Алтай сумынх байгаа юмаа 3, 4 сар хэвтээд боссон, одоол босч явдаг болсон. Дөнгөж босч явдаг болоод үүдэн дээрээ очиж тосч аваад гэртээ оруулаад хоол унд хийж өгсөн. Тийм л зүйл болсон. Мөн телевизийн хүмүүс ирээд ярилцлага авсан. Дүү нь чадахаараа туслая гэсэн. Би тэгээд Монголд эмчлэгдэхгүй гадаад яв гэсэн 45.000.000 төгрөг орно гэсэн гэхэд за тэгвэл Грандмед эмнэлэг дээр очиход ямар ч гэсэн учир нь олдох байх. Грандмед эмнэлэг дээр очоод шинжилгээ өгнө тэгээд цаашаа явах үгүй нь шийдэгдэх байх гэсэн. Тэгээд би намайг очвол ямар ч гэсэн явуулах байх би ямар ч гэсэн тархиныхаа хавдраас салах юм байна. Өрөөсөн нүд хараагүй хараа ямар ч гэсэн орох юм байна гэж бодож маш их баярласан. Намайг мэхэлсэнд маш их гомдож байна. Би дөрвөн хүүхэдтэйгээ ямар ч гэсэн амьдрах юм байна гэж бодсон гэв. 

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Эрдэнэсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад яриад байх зүйл алга. Намайг дэлгүүртээ ажлаа хийгээд сууж байхад нэг залуу орж ирээд хандивын тоглолт хийх гэсэн юм. Тархины хавдартай хүнд тусалж дэмжих гэсэн юм.  Алтай чуулгатай гэрээ хийсэн гээд хавтастай бичиг баримт барьсан орж ирсэн. Боршуурын зардал мөнгийг тооцоогүй, манай дээр дадлага хийж байсан хоёр хүүхдийг боломжоор нь хэвлээд өгчих гэсэн танилцуулга хийж өгөөд 2 хоногийн дараа ирж билет хийлгэхээр болсон. 800 билет хийлгэхээр болсон. Хандивын тоглолт юм чинь та боломжоороо хямдруулаад хийгээд өгөөрэй гэсэн. 300.000 төгрөг болж байна шүү гэсэн чинь би 300.000 төгрөгийг чинь өгье маргааш аваад ирье гэхээр нь за маргааш бэлэн мөнгө аваад ирэхээр нь хандивын

5

 

тоглолтын билет юм чинь бага ч гэсэн хямдруулаад өгье гээд хийдэг үнээ хэлсэн хямдруулаагүй. 300 ширхэгийг хэвлэж байсан чинь өөрөө хэдэн ширхэгийг, мөн хоёр охин ирж авсан. Тэгээд гэр рүүгээ авч явж хэвлээд өглөө 6, 7 цагийн үед дууссан. Шөнөжин хэвлэсэн. Тэгээд маргааш нь Э.Болормаа гэдэг хүн мөрдөн байцаагчтай ирээд чи бид хоёр залилуулсан байна билетээ авах гээд ирвэл чи холбогдож барьж аваарай гэсэн. Надад гомдол санал гээд байх юм юу байхав. Би таван боодол цаасан дээр хэвлэсэн, тэр шөнөжин хэвлэсэн хохирлыг сайн мэдэхгүй байгаа.  Миний зүгээс 60.000 төгрөгний бодит хохирол учирсан гэж үзэж байгаа. Цаасны мөнгө, хорны мөнгө, мөн бэлтгэлийн 10.000 төгрөг гээд нийт 60.000 төгрөг болсон байгаа. Тэрийг авахгүй байж болно гэв.

 

Хохирогч Ө.Цэндээ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Өөдөс овогтой Цэндээ би Батсайханд нэг зуун мянган төгрөг залилуулсан билээ. Одоо Батсайханаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул Батсайханд холбогдох шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр явуулж өгнө үү гэжээ.

  

    Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч Б.Лхамсүрэнгийн мэдүүлэг /хх-163-164х/, гэрч Х.Даваанямын мэдүүлэг /хх-70х/, гэрч Б.Төвжаргалын мэдүүлэг /хх-72х/, насанд хүрээгүй гэрч Б.Жаргалмаагийн мэдүүлэг /хх-73-74х/, гэрч Т.Жамъянмаагийн мэдүүлэг /хх-75х/, гэрч Ч.Бурмаагийн мэдүүлэг /хх-76х/, гэрч Б.Мягмаржавын мэдүүлэг /хх-161-162х/, сэжигтэн Б.Батсайханы мэдүүлэг /хх-40-42/, яллагдагч Б.Батсайханы дахин өгсөн мэдүүлэг /хх-88х/, гэрч Б.Далайгийн мэдүүлэг /хх-113-115х/, сэжигтэн Б.Батсайханы Увс аймаг үйлдсэн хэргийн талаарх мэдүүлэг /хх-119х/, яллагдагч Б.Батсайханы мэдүүлэг /хх-183-184х/, хохирогч У.Атартунгалагийн S3 маркийн гар утас, nokia маркийн утсыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-21-22х/, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан Б.Жаргалмаагаар билет заруулсан 35.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-35х/, Алтай телевизийн нэхэмжлэх /хх-20х/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч, У.Атартунгалаг, Э.Болормаа, Ө.Цэндээ, А.Эрдэнэсүрэн, гэрч Б.Лхамсүрэн нарыг оролцуулж таньж олуулах ажиллагаа хийсэн баримт /хх-137-147х/, Эд мөрийн баримтаар хууран авсан зүйлсийн жагсаалт /хх-152х/, сэжигтэн Б.Батсайханд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гадагш явж болохгүй талаар баталгаа гаргаж батлан даалтанд гаргасан тогтоол /хх-85-86х/, Цагдаагийн байгууллагын police.gov.mn  цахим хаягаар Б.Батсайханыг улс даяар оргодлоор эрэн сурвалжилсан материал /хх-96-98х/, Эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлэх мөрдөн байцаагчийн санал /хх-128х/, Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2017 оны 1 дүгээр сарын 27-ний өдрийн 03 дугаартай прокурорын тогтоол /хх-129-130х/, Түдгэлзүүлсэн эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг сэргээх тухай мөрдөн байцаагчийн санал /хх-133х/, Мөн өдөр прокурорын 02 дугаартай түдгэлзүүлсэн ажиллагааг сэргээж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-136х/, Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-151х/ Энэ тэмдэглэлийг танилцуулж байгаа шалтгаан нь Б.Жаргалмаа билетийн 35.000 төгрөг Б.Батсайхан руу шилжүүлсэн гэж ярьдаг. Тухайн Хаан банкны орлогын гүйлгээнээс харахад Батсүх гэдэг хүний нэр дээрх данс байдаг. Ком тавилга компаний цагийн бүртгэл /хх-156х/, Хохирогч, иргэний

6

 

нэхэмжлэгч Э.Болормаагийн хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлт /хх-199х/, Баянхонгор аймагт шалгагдаад Улсын Ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоогдож ирсэн эрүүгийн 201705000038 дугаартай Б.Батсайханд холбогдох хавтаст хэргийн нотлох баримтыг шинжлэн судлая гээд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-26-27х/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэг /хх-92-94х/, гэрч М.Дулмаагийн мэдүүлэг /хх-28х/,  иргэний нэхэмжлэгч Б.Должинсүрэнгийн мэдүүлэг /хх-30-31х/, иргэний нэхэмжлэгч Алтансүхийн мэдүүлэг /хх-32х/, гэрч Д.Балдангийн мэдүүлэг /хх-51-52х/, гэрч С.Ганчимэгийн мэдүүлэг /хх-72х/, сэжигтэн Б.Батсайханы мэдүүлэг /хх-53-56х/, Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол /хх-124-127х/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Гон гандан дэдлин хийдийн санхүүгийн дэвтэрт үзлэг хийж Б.Батсайханд мөнгө олгосон гэсэн баримтыг хуулбарлаж хавтаст хэрэгт хавсаргасан байна /хх-12-13х/, Жавхлант зочид буудлын хагарсан угаартуур, Жавхлант зочид буудлын хажуу талын дэлгүүрээс Б.Батсайханы зээлж авсан эд зүйлийг жагсааж бичсэн баримт /хх-14-16х/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-22-25х/, Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын тоглолт явуулах байр түрээслэх гэрээ /хх-49-50х/, Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт тоглолт зохион байгуулсан бүртгэлд үзлэг хийсэн баримт /хх-66-67х/, Хяналтын харьяалал өөрчлөн тогтоох тухай тогтоол /хх-98-100х/,  Улсын Ерөнхий прокурорын газраас хэрэгт харьяалал тогтоож ирүүлсэн учраас Баянхонгорт үйлдэгдсэн хэргийг Б.Батсайханы Увс, Говь-Алтай аймагт үйлдэгдсэн хэрэгтэй шүүхийн шатанд нэгтгэсэн шүүгчийн захирамж зэргийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн хүсэлтээр гэрч, хохирогч нарын мэдүүлэг улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримттай давхардаж байна. Хохирогч Э.Болормаагийн мэдүүлэг /хх-15х/, гэрч М.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-159х/, гэрч С.Энхцэцэгийн мэдүүлэг /хх-166х/, гэрч Г.Батбаатарын мэдүүлэг /хх-167х/, ял шалгах хуудас /хх-48х/, Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-185-186х/, Э.Болормаагийн хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх-199х/, улсын яллагчийн шинжлэн судалсантай давхардсан /хх-66-67х/, Баянхонгор аймгаас ирсэн хэргийн Б.Должинсүрэнгээс авсан барааны жагсаалт /хх-35х/, шинжээчийн дүгнэлттэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ бичсэн байгаа. Иргэний нэхэмжлэгч Б.Должинсүрэнгийн мэдүүлэг /хх-30-31х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

    Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх үнэлэв.

 

    Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Батсайхан нь давтан үйлдлээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 2016 оны 10 дугаар сард тархины хавдар өвчтэй иргэн У.Атартунгалагт эмчилгээний зардлын хандивын тоглолт зохион байгуулж өгнө гэж хуурч мэхлэн 150.000 төгрөг болон Samsung S-3, Nokia маркийн 200.000 төгрөгний үнэлгээтэй 2 ширхэг гар утсыг залилж аван нийт 350.000 төгрөгний хохирол учруулсан,

  

 

7

 

    “Алтай” телевизийн захирал Э.Болормаагаас 40.000 төгрөгийг залилж авсан, хавдартай хүнд тусалж тоглолт хийнэ гэж телевизийн нэвтрүүлэг, сурталчилгаа хийлгэж 421.000 төгрөгний хохирол учруулсан,

    Компьютерийн үйлчилгээ эрхэлдэг иргэн А.Эрдэнэсүрэнгээр 800 ширхэг билет хэвлүүлж төлбөр болох 60.000 төгрөгний хохирол учруулсан,

    “Бумбат” цайны газрын тогооч Ө.Цэндээг хуурч мэхлэн 102.300 төгрөгний хохирол учруулсан,

    Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сард элэгний хатуурал, хавдар өвчтэй Б.Ариунбулгад эмчилгээний зардлын хандивын тоглолт зохион байгуулж өгнө гэж хуурч мэхлэн түүний ээж З.Жавзангаас 237.000 төгрөгийг залилж авсан,

    Баянхонгор аймаг дахь Б.Должинсүрэнгийн эзэмшлийн “Жаргалант” буудалд 2016 оны 09 дүгээр сард байрлах хугацаандаа 00-ийн угаалтуур эд зүйлийг эвдэж үрэгдүүлсэн, мөн Б.Должинсүрэгийн эзэмшлийн “Дулаан Богд” дэлгүүрээс 80.000 төгрөг бэлнээр, 200.000 төгрөгний эд зүйлийг залилан мэхлэж, итгэл эвдэх аргаар авч нийт 320.000 төгрөгний хохирол учруулсан,

     Хохирогч Базаррагчаагийн Алтангэрэлээс ХААН банкны дансаар дамжуулан 2016.09.21-нд 35.000 төгрөг, 30.000 төгрөг, 2016.09.22-нд 200.000 төгрөг, 2016.10.07-нд 60.000 төгрөг, 280.000 төгрөг, бэлнээр 60.000 төгрөг нийт 665.000 төгрөг залилан мэхлэж авсан,

     Баянхонгор аймаг дахь Гонгандан дэдлин хийдийн нягтлан бодогч П.Алтансүхээс 125.000 төгрөгийг тус тус залилж авч, хохирол учруулсан гэмт хэргүүд гарсан байна.

 

    Уг гэмт хэргийг шүүгдэгч Б.Батсайхан ганцаараа үйлдсэн гэм буруутай болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар хуудаст байх “Алтай” чуулгын дарга Н.Энхбатын хандивын тогтолтыг 2 удаа тоглохоор болсон гэх албан бичиг, хохирогч У.Атартунгалын гэр бүлийн зурагтай өглөгийн гараа сунгана уу гээд хандивын данс бичсэн зурагт хуудас, элэг нэгт ахан дүүс минь хайрт хүүд минь амьдрал хайрлаач гэх нэртэй А.Эрдэнэбатын аав цагдаагийн ахлах ахлагч Б.Алтангэрэл болон ах дүү гэр бүл гэсэн хандивын данс бичсэн зурагт хуудас, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвөөс гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, Б.Батсайханы гаргасан баталгаа, Б.Батсайханыг улсын хэмжээнд оргодлоор эрэн сурвалжилсан материал, таньж олуулах ажиллагаа хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, Э.Болормаагаас ирүүлсэн CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл болон хохирогч У.Атартунгалагын “…Таны утсыг Лхамсүрэн эмчээс авсан юм. Би сайн үйлсийн аян байгууллагаас явж байгаа Батсайхан гэдэг хүн байна. Таныг эмчилгээнд явуулах гэсэн юм гэж ярьсан. Тэгээд хоёр хоногийн дараа ирээд танай гэр бүлийн зураг болон бичлэг хийх гэсэн чинь камер байхгүй байна. Та утсаа өгчих таны утсан дээр зураг аваад бичлэг хийгээд ирье. Хандив цуглуулах гэсэн юм гээд миний утсыг аваад явсан. Бас өөрөө барих утасгүй болчлоо гээд  nokia маркийн утас байсныг цуг аваад явсан. Тэгээд маргааш нь телевизийн хүмүүс дагуулж ирээд ярилцлага аваад бичлэг хийгээд явсан. Алтай сумруу хандив тусламж цуглуулж ирэхээр явлаа гээд бас мөнгө аваад явсан…” гэх мэдүүлэг, Хохирогч Ө.Цэндээгийн “…2016 оны 10 сарын 14-ны өдөр үл таних залуу орж ирээд нэг утас виза карт

8

 

барьцаанд тавиад 16.200 төгрөгний хоол идсэн. Дараа нь хоол идсэн болон авч явсан хоолны тооцоо нийтдээ 63.100 төгрөг болсон. Надаас 20.000 төгрөг бэлнээр авсан. Интернетээс юм татах гэсэн юм юнителийн сим байна уу гээд миний симийг авч явсаныг 3.000 төгрөгөөр сэргээлгэсэн.…” гэх мэдүүлэг, хохирогч А.Эрдэнэсүрэнгийн “…2016 оны 10 дугаар сарын 20-ны орчим нэг танихгүй залуу орж ирээд Алтай сумын нэг өвчтэй хүнд зориулж хандивын тоглолт хийх гэж байгаа юм гээд нийт 800 ширхэг билетийн эхийг бэлтгүүлсэн. Тухайн эхийг бэлдэж байхад Алтай чуулгад тоглолт хийхээр Улаанбаатар хотоос Болд, Чулуунчимэг нар ирж оролцох талаар хийлгэж байсан…” гэх мэдүүлэг, хохирогч З.Жавзангийн “…Сайн үйлсийн аян гэх төрийн бус байгууллагын гишүүн нь байна. Танай хүүхдэд туслах гэсэн юм гээд хэвлэлийн газар болон драмын театрын даргатай уулзаж хандивын тоглолт хийнэ гээд тайз яриад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тоглолт хийхээр болсон. Сайханаа гэгчид нийтдээ 230.000 төгрөг залилуулсан…” гэх мэдүүлэг, хохирогч Э.Болормаагийн “…тоглолт зохион байгуулна гэж хэлээд нэвтрүүлэг бэлтгүүлж зар сурталчилгаа хийлгүүлсэн…” гэх мэдүүлэг, гэрч Б.Лхамсүрэнгийн “…манай ажлын өрөөнд нэг залуу орж ирээд өөрийгөө Сайханаа гэж танилцуулаад эдгэрэх боломжтой хүн байна уу шинжилгээг нь Грандмед эмнэлэгт хийлгээд тусламж үзүүлье. Би сайн үйлс бүтээдэг залуусын нэг нь байнаа гэж надад хэлсэн. Би итгээд Атартунгалаг гэх хүний утасны дугаарыг өгсөн…” гэх мэдүүлэг, хохирогч Б.Алтангэрэлийн “…би Жаргалан зочид буудал дээр очиход нэг намхан шар залуу гарч ирээд өөрийгөө Батсайхан гэж танилцуулсан. Тэгээд миний машины арын суудал дээр суугаад би өчигдөр аймгийн телевизын нэвтрүүлгээр танай хүүхдийн мэдээллийг авсан юм. Би төрийн бус байгууллагад ажиллаж ядарсан зүдэрсэн хүмүүст тусалж, хандивын аян зохион байгуулдаг. Хэд хэдэн хүмүүст тусалсан тохиолдол байгаа. Доод тал нь 5 орчим сая төгрөг бэлдэж өгч байсан… Эхнэр бид 2 Улаанбаатар хотруу хүүхэдрүүгээ яараад явсан. Улаанбаатарт ирсний дараа Батсайхан нь аймагт хандивын тоглолт зохион байгуулж олсон хандив туслалцааг тэр чигт нь авсан байсан…” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч П.Алтансүхийн “…би лам нарын цалингаас нь суутгаад 25 ширхэг тасалбарын үнэ болох 125.000 төгрөгийг бэлнээр нь өгч гарын үсэг зуруулж авсан…” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Должинсүрэнгийн “…Б.Батсайхан гэдэг хүн 1 сар орчим манай буудалд байрласан. Байрлаж байх хугацаандаа Жаргалант дэлгүүрээс дандаа хүнсний бүтээгдэхүүн зээлээр аваад өгөөгүй алга болсон. Мөн байрлаж байсан буудлын өрөөний угаалтуурыг хагалж гэмтээгээд хохирлыг барагдуулаагүй байгаа…” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Батбаатарын мөрдөн байцаалтийн шатанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

    Мөн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр түүнд авсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвөөс гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, түр оршин сууж буй газраасаа өөр орон нутаг буюу Улаанбаатар хот руу явж мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эрэн сурвалжилсан материал зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

9

 

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн “…Б.Батсайхан нь орох орон байхгүй, өвлийн хүйтэнд орцонд 2 хоноод аргагүй эрхэнд явсан гэдгээ мэдүүлж хэлж байгаа. Иймд зориуд оргох санаа байгаагүй...” гэсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

    Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар байнга буюу  түр оршин суугаа газраасаа мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүйгээр гадагш явахгүй ба дуудсан цагт ирэх тухай баталгааг бичгээр гаргуулж авахаар заасан бөгөөд хавтаст хэргийн 086 дугаар хуудсан дахь Есөнбулаг сумын төвөөс гадагш явахгүй байхаар гаргасан баталгаагаар дээрх хуульд заасан ажиллагааг гүйцэтгэсэн байх ба  шүүгдэгч Б.Батсайхан нь дээрх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж Завхан аймгаар дамжиж Улаанбаатар хотод очин ажил хийж байхад нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллага баривчилсан байна

 

     Шүүгдэгч Б.Батсайханд холбогдох хэргийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан үйлдэх, мөн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсайханы эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

   

  Шүүхээс шүүгдэгч Б.Батсайханы үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

     

  Мөн хохирогч “Алтай” телевизийн захирал Э.Болормаатай 19 хоногийн хугацаанд хамтран ажиллахаар 800.000 төгрөгөөр тохиролцсон ба хохирогч Э.Болормаа нь 10 хоног цацалт хийгдсэн тул 410.000 төгрөгийг, бэлнээр авсан 40.000 төгрөгийн хамт нэхэмжилдэг. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-ээс үзэхэд 10 гаруй минутын бичлэг хийгдсэн байх тул хохирогч Э.Болормаагийн нэхэмжилсэн 461.000 төгрөгийг шүүгдэгч Б.Батсайханаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

  Хохирогч А.Эрдэнэсүрэн “…Цаасны мөнгө, хорны мөнгө, мөн бэлтгэлийн 10.000 төгрөг гээд нийт 60.000 төгрөг болсон байгаа. Тэрийг авахгүй байж болно…” гэж мэдүүлсэн,  хохирогч Ө.Цэндээ “…Батсайханаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй”  гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

 

  Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Эрдэнэсүрэн 60.000 төгрөг, Ө.Цэндээ 102.300 төгрөгийг тус тус нэхэмжлэхгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

 

10

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Халзан дамба овогтой Батбаатарын Батсайханыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан үйлдэх, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсайханы эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Батсайханд Эрүүгийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр  Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Батсайханд оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Батсайханы цагдан хоригдсон 67 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 608 ширхэг тоглолтын тасалбарыг устгаж, CD 1 ширхэг, Хаан банкны виза карт 2 ширхэг, Хаан банкны дансны хуулга 3 хуудас зэргийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Батсайханаас 350.000 төгрөг гаргуулж хохирогч У.Атартунгалагт, 461.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Болормаад, 237.000 төгрөг гаргуулж хохирогч З.Жавзанд, 665.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Алтангэрэлд, 320.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Должинсүрэнд, 125.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Алтансүхэд тус тус олгосугай.

8.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, ялтнаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Эрдэнэсүрэн 60.000 төгрөг, Ө.Цэндээ 102.300 төгрөгийг тус тус нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 331 дүгээр зүйлийн 331.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийн өмнө ялтан Б.Батсайханыг гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнтэй нь нэг удаа уулзах боломжоор хангасугай.

10. Ялтан Б.Батсайханыг цагдан хорьж ял эдлэх хугацааг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш  давж заалдах гомдол гаргах эрхтэй этгээдүүд Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

         13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Батсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.САРАНТУЯА