Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 0020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Л.О

Шүүгдэгч                                                       Б.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Б

Хохирогч                                                       Д.Т

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолтой, Б.С-т холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.С-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, С овогт Б-ийн С.

 

Б.С нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд эх Д.Т-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий ахмад настай Д.Тг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч С овгийн Бн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэх гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн тооцож 50 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 01 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил 01 сар 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-ын цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Шүүгдэгч Б.С-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг  дурьдаж,

 

            Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С давж заалдах гомдолдоо:

“... Хамтран амьдарч буй ээж Д.Т-н биед хөнгөн хохирол учруулж олон удаагийн архи согтуугийн улмаас агсан тавьсан хэрэг зөрчил гаргаж байсан тул энэхүү үйлдэлдээ гэмшиж гэм буруутайгаа хүлээж дахин гэр бүлийн хэрэг зөрчил гаргахгүй учир Орхон аймгийн Эрүүгийн хэргийн шүүхээс энэхүү ялын дүгнэлтийг боломжит хэмжээгээр хасаж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.O дүгнэлтдээ:  “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.С-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзвэл шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

 

Учир нь: Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Б.С-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5/391 дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ тогтоох хэсэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гол шинж болох “байнга” гэх шинжийг дурьдалгүй орхигдуулсан /хх 90/ байна.

 

Дээрх яллах дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүх Б.С-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан “байнга” гэх шинжийг мөн орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл болно.

 

Түүнчлэн прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ түүний холбогдсон хэргийн агуулгыг хэт ерөнхий байдлаар товч бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл яллагдагч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ хэзээ, хаана, хэний эсрэг, хэдэн удаа, ямар арга хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдад хохирол учруулсан эсэх /учирсан бол ямар хохирол/, уг хэргийг хүндрүүлэх шинж тогтоогдсон эсэх талаар огт дурьдаагүй байна.

 

            Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1-д заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” талаар яллагдагчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

            Мөн хавтаст хэрэгт Б.С-т Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн 305 дугаартай шийтгэвэр, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 5.4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар тус тус шийтгэл оногдуулж байсан анхан шатны шүүхийн 343, 1006 дугаартай шийтгэврийн хуулбарууд авагдсан боловч энэ талаар яллах дүгнэлтэд тодорхой дурьдагдаагүй байхад шүүх Б.С-т холбогдох хэргийг хянан хэлэлцэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч Б.С-ын гаргасан “...ялын дүгнэлтийг боломжит хэмжээгээр хасаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисныг дурьдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Шүүгдэгч Б.С-ын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.С-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ