Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2024/00088

 

О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/01694 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 209/МА2024/00015 дугаар магадлалтай,

О-ын нэхэмжлэлтэй

Э, Н нарт холбогдох,

2022.01.07-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн бүртгэлийн хэлтэст .... үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч С-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т, хариуцагч Э, хариуцагчийн өмгөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О нь хариуцагч Э, Н нарт холбогдуулан 2022.01.07-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/01694 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.4, 276 дугаар зүйлийн 276.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Оын хариуцагч Э, Н нарт холбогдуулан гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 209/МА2024/00015 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/01694 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасныг тус тус баримтлан дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хувийг хариуцагч Нд гардуулаагүй, тайлбар аваагүй, хэрэг танилцуулаагүй нь нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгчийн хийвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй гэж үзэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Гэвч давж заалдах шатны шүүхийн магадлал нь дараах байдлаар үндэслэлгүй байгаа юм.

Хариуцагч Н нь өөрийгөө шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг Эт хуулийн дагуу үйлдсэн итгэмжлэлээр олгосон байдаг. Тиймээс хариуцагч Э нь өөрийнхөө өмнөөс болон хариуцагч Нгийн өмнөөс хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд Нгийн өмнөөс тайлбар гаргаж, эрх үүргийг нь давхар сонсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдаг. Хариуцагч Н нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохоос татгалзаж, өөрийн төлөөлүүлэгчид бүхий л эрх, үүргээ хуулийн дагуу төрсөн ээж Эт итгэмжлэл олгон оролцуулсан байхад давж заалдах шатны шүүхээс заавал өөрийн биеэр нэхэмжлэлээ гардаж аваагүй, эрх, үүрэгтэйгээ танилцаагүй, бичгээр тайлбар өгөөгүй тул хийвэл зохих ажиллагаа хийгдээгүй гэж үзэн хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэгчээрээ дамжуулан оролцох эрхийг ноцтойгоор зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр болсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3-т заасны дагуу хуулийг зөрүүтэй, илт буруу тайлбарлан хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч С-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.04.25-ны өдрийн 001/ШХТ2024/00470 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч О нь хариуцагч Э, Н нарт холбогдуулан 2022.01.07-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн бүртгэлийн хэлтэст ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэхийг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ: “...хариуцагч Э нь өөрийн өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдагдаж алдах, орон сууцгүй болох гээд байна, шүүхийн шийдвэрийн өр төлбөрийг төлөөд өгөөч гэснийг үндэслэн 98,983,938 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх газарт төлж, тэрээр орон сууцаа чөлөөлж авсан боловч миний төлбөрийг төлөхгүй байсан тул шүүхэд хандсанаар Э-ээс дээрх төлбөрийг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан, ...шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцыг битүүмжлүүлэх хүсэлт гаргасан, гэтэл энэ үед Э өөрийн өмчлөлийн орон сууцыг охин Нд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг үр дүнгүй болгох, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийх зорилготой дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж байна, ...дээрх үйлдэл нь төлбөр авагч миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироож байна...” гэж тайлбарласан.

Хариуцагч нар хариу тайлбартаа: “...Э нь өөрийн өмчлөлийн орон сууцыг охиндоо Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь хууль зөрчсөн, дүр үзүүлсэн асуудал огт биш, охин Н өсвөр насны 2 хүүхэдтэй, нэхэмжлэгчтэй 2007 оноос 2021 он хүртэл хамт амьдарсан, гэр бүлийн маш их зөрчилтэй, ...гудамжинд хөөгдөөд гарсан байхад эх хүн хүүхдээ орох оронтой болгож, өөрийн өмчлөлийн орон сууцаа бэлэглэсэн нь буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна, орон сууцыг шилжүүлсэн үйлдэл нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө болсон тул төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэж үзэх боломжгүй ...тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

9. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэлээ.

10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгохдоо: “...Нэхэмжлэгч О нь хариуцагч Э, Н нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан, шүүх хариуцагч Э-т нэхэмжлэлийг хувийг гардуулж хариу тайлбар авсан ба хариуцагч Н өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг хариуцагч Эт итгэмжлэлээр олгосон байх боловч шүүх хариуцагч Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эт нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй, тэрээр Н-г төлөөлж тайлбар ч ирүүлээгүй байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан шүүхийн хийвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж дүгнэх үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувь гардуулах, тайлбар авах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг, улмаар хэргийн материал танилцуулах зэрэг ажиллагааг явуулаагүй гэж үзнэ. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, гомдолд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй...” гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-т заасныг үндэслэл болгон шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэжээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67дугаар зүйлийн 67.1.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгнө” гэж, 167 дугаар зүйлийн 167.1.5-д “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана” гэж, 168 дугаар зүйлийн 168.1.3-т “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно” гэж тус тус зохицуулсан.

12. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Э, Н нар нь төрсөн эх, охин хоёр байх бөгөөд Н нь О-ын нэхэмжлэлтэй хэрэгт өөрийг нь бүрэн төлөөлөх эрхийг төрсөн эх Эт Итгэмжлэлээр олгосон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно, төлөөлөгч төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна.

Нэхэмжлэгч О хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч нарт тус тусад нь холбогдох буюу ялгаатай гэж үзэх агуулгагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Э-т нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулж өгсөн байх бөгөөд хариуцагч Э 2023.09.05-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн, мөн хариуцагч Н-гийн 2023.09.05-ны өдрийн итгэмжлэлийг шүүхэд өгсөн байна.

Үүнээс хойш анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх 2023.12.19-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө болон хариуцагч Н-г төлөөлж оролцсон байна.

Э өөрөө хариуцагчийн хувьд нэхэмжлэлтэй танилцаж, хариу тайлбараа гаргасан, шүүх түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг болон  хэргийн материалыг танилцуулсан байтал давж заалдах шатны шүүх түүнийг  Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийг гардаж авах, тайлбар гаргах, эрх, үүрэг, хэргийн материалтай танилцуулах ажиллагааг хийгээгүй гэж буруутгасныг үндэслэлгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Э нь хариуцагчийн хувьд өөрөө болон хариуцагч Н-г төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Энэ тохиолдолд анхан шатны шүүх Эт нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эрх үүргийн тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байхад давж заалдах шатны шүүх хариуцагч Н-г төлөөлж байгаа үндэслэлээр эрх, үүргийг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулаагүй нь шүүх хийх ёстой ажиллагааг бүрэн хийгээгүй гэж үзэж, улмаар энэ нөхцөлийг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т хамаарахгүй.

Нөгөө талаар хариуцагч Н нь өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн талаарх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргаагүйг анхаараагүй байна.

 Иймд магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын заримыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хяналтын шатны шүүхээс хэргийн эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 209/МА2024/00015 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч С-ын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Э-ээс 2024.04.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                   Н.БАТЧИМЭГ

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД