Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0049

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 866 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Плимут” ХХК, “Зэст Алтай” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 866 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3, 19.4, 19.5, 19.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Плимут” ХХК, “Зэст Алтай” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 544 дүгээр шийдвэрийн “Плимут” ХХК, “Зэст Алтай” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгож,

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.11, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Плимут” ХХК, “Зэст Алтай” ХХК-иудын “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол тус бүр1,000,000 төгрөг гаргуулах, “Плимут” ХХК-ийн NE-025007 дугаарт, “Зэст Алтай” ХХК-ийн NE-025209 дугаарт тус тус бүртгэгдсэн өргөдлүүдийг хамгийн эхэнд бүртгүүлсэн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч нарын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газар хүлээн авч хянаад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасны дагуу тухайн талбай байрших аймгийн Засаг даргын саналыг авахаар “Плимут” ХХК-ийн өргөдлийн талаар 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, “Зэст Алтай” ХХК-ийн өргөдлийн талаар 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус тус Завхан аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн.

Уг мэдэгдлийн дагуу Завхан аймгийн Засаг даргаас “Плимут” ХХК-ийн өргөдлийн хариуг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/222 дугаар албан бичгээр, “Зэст Алтай” ХХК-ийн өргөдлийн хариуг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/254 дугаар албан бичгээр “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн санал ирүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, ...мэдэгдэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн өргөдлийг судлаад “дэмжсэн” хариу өгсөн тохиолдолд Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрөл олгох боломжтой.

Гэвч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Завхан аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч нарын өргөдлийн талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай хариуг ирүүлсний дараа шууд татгалзах шийдвэр гаргаагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан шиг “илт хууль бус” шийдвэр гаргасан ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Учир нь, хэдийгээр Засаг даргаас татгалзсан санал ирүүлсэн ч тухайн аж ахуйн нэгжүүд холбогдох газруудад өргөдөл, хүсэлт гаргаад, улмаар Засаг даргаас дахин дэмжсэн санал ирүүлэх тохиолдол байдаг. Иймээс Ашигт малтмалын газар нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүднээс тодорхой хугацаанд шийдвэр гаргаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Гэтэл нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан талбайд Завхан аймгийн Засаг даргаас ...иргэдэд эзэмшүүлсэн газартай давхцалтай: уст цэгт байршиж байгаа... зэрэг үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал ирүүлсэн байхад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь... Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, Улсын Дээд Шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолын 10-д тайлбарласантай нийцэхгүй байна” гэж дүгнэсэн нь илт алдаатай дүгнэлт болсон.

Учир нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 544 дүгээр шийдвэр нь Засаг даргын “иргэдэд эзэмшүүлсэн газартай давхцалтай, уст цэгт байршиж байгаа” тухай татгалзсан саналыг үндэслэж гараагүй, харин Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” 32 дугаар тогтоолыг үндэслэж гарсан.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “к”-д нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр /тогтоол/ гаргахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамааруулсан.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан эрх бүхий байгууллага тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан шийдвэрт Ашигт малтмал, газрын тосны газрыг гэм буруутай, эсхүл хууль бус үйл ажиллагаа явуулсан, илт хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолоор тухайн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд 10 жилийн хугацаагаар авсан шийдвэр гаргаж, түүнийгээ Ашигт малтмалын газрын кадастрын системд бүртгүүлэхээр ирүүлсний дагуу системд бүртгэсэн. Нэгэнт газрыг тусгай хэрэгцээнд авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 544 дүгээр шийдвэр гарсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай зарим нотлох баримтыг бүрдүүлээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

“Плимут” ХХК, “Зэст-Алтай” ХХК-иудаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 544 дүгээр шийдвэрийн нэхэмжлэгч компаниудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах...” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Уг актаар нэхэмжлэгч компаниудын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэлийн дээрх шаардлагыг эс зөвшөөрч “Завхан аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” санал ирүүлсэн, мөн талбайг Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан” гэж тайлбарлан маргаж байна.

Завхан аймгийн Засаг даргаас “Плимут” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Нам нэртэй газарт орших 33306.43 га талбайд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 11 иргэнд газар эзэмшүүлсэн, мөн бэлчээрийн гол уст цэг болох 2 худаг хамаарч байгаа, харин “Зэст-Алтай” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Нар нэртэй газарт орших 11225.59 га талбайд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 6 иргэнд газар эзэмшүүлсэн, мөн талбай нь усны сан бүхий газарт хамаарч байгаа тул ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” болохоо мэдэгджээ.

Үүнтэй холбогдуулж шүүх нэхэмжлэгч компаниудын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайд Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д заасан газар эзэмших эрх үүссэн эсэх, мөн талбайд уст цэг болон усны сан бүхий газар хамаарч байгаа эсэхийг тодруулж, энэ талаарх баримтыг хэрэгт авах шаардлагатай байна.

Мөн түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32 дугаар тогтоолтой холбоотой маргаан хянан хэлэлцэгдэж байгаа” гэх тайлбар гаргаж байх тул нэхэмжлэгч компаниудын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32 дугаар тогтоолтой холбоотой хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байгаа эсэхийг тодруулах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Тодруулбал, хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй Завхан аймгийн Засаг даргын санал, мөн аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32 дугаар тогтоол, тэдгээрт дурдсан үндэслэлүүдтэй холбоотой баримтуудыг цуглуулж, улмаар маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 866 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                            ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

                                            ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН