Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/673

 

 

 

 

   2024         6           06                                       2024/ШЦТ/673

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Н.Ундрах,

 хохирогч, шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Х.Ч , түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У овогт П-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л овогт Х-ын Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000****** дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, **** аймагт мал малладаг, ам бүл **, хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, У овогт П Д (РД:********),

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл **, хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо *** тоотод оршин суух, урьд

Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцсон, Л овогт Х-ын Ч (РД:********),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Д нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, **** тоотод гэрийн униар хохирогч С.О-ын баруун талын шанаа хэсэгт нэг удаа цохиж эрүүл мэндэд баруун нүдний зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.Ч нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод гэрийн униар хохирогч П.Д-ийн зүүн гарын шуу хэсэгт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд зүүн шуу, богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод:

шүүгдэгч П.Д нь шүүгдэгч Х.Ч-тэй маргалдан гэрийн униар цохих гэж далайх үед хохирогч С.О нь тэдгээрийн дундуур салгах гэж орон баруун талын шанаа хэсэгтээ нэг удаа цохиулж, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.Ч нь эхнэрээ өмөөрч гэрийн униар хохирогч П.Д-ийн зүүн гарын шуу хэсэгт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд зүүн шуу, богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1.Хохирогч П.Д-гийн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр  Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, гэртээ байсан чинь манай эхнэрийн эгч Д-ийн хүргэн болох Ч манайд согтуу ирэхээр нь яагаад архи уугаад байгаа юм гээд загнасан чинь яваад өгсөн.  Ч гэртээ очсоныхоо дараа гар утсаар над руу залгаад “ална, хядна” гээд байхаар нь би Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, байх Ч-ийн гэрт нь очоод Ч-ийг загнаад баруун хацар хэсэгт нь нэг удаа алгадсан чинь Ч надтай барьцалдаж авахаар нь би баруун талын орон дээр нь Ч-ийг дараад авсан чинь ор нь нураад бид хоёр барьцалдаад гэрээс нь гарсан. Тэгээд гэрийнхэн тотгон дээр унины тал мод байхаар нь би аваад барьж байсан чинь нөгөө модыг Ч булааж аваад миний зүүн гарын шуу хэсэгт цохиод гар хугалчихсан юм. Тухайн үед Ч, Ч-ийн эхнэр О, манай хүү М, бид нар байсан ба Ч ганцаараа согтуу байсан. Надад гомдол санал байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаартай:  П.Д-ийн биед зүүн шуу, богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

3.Хохирогч С.О-ын: “...Би 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** байх хүргэн ах Д-ийн гэрт нь угаалгын машин авахаар очсон. Би гэрт ороогүй машиндаа суугаад үлдсэн, харин манай нөхөр Ч нь угаалгын машиныг гуйж авах гэж орсон. Тэгээд удаагүй манай нөхөр Ч гараад ирсэн тэгээд машиндаа сууж байхад араас нь Д ах гарч ирээд манай нөхрийг заамдаж аваад толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр би салгаад машинаа бариад өөрийн Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод гэртээ ирсэн. Тэгээд нээх удаагүй араас манай гэрт Д ах, хүү М-ийн хамтаар орж ирээд шууд манай нөхөр рүү дайраад Ч-тэй барилцаад авсан, тэгээд манай гэрийн баруун талын ор дээр хоорондоо ноцолдоод байхаар нь би салгасан. Тэгээд манай нөхөр Ч болон Д нар босож ирснээ гэрээс гарсан ба гэрийн гадаа хугарсан унь байсныг Д ах аваад Ч-ийн толгой хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд дахиад цохих гэж байхад би нөхөр Ч-ийн урдуур орж хамгаалах гэж байхад Д ах барьж байсан хугархай униар миний баруун талын шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд би хэсэг цохиулсандаа манарсан байсан болохоор юу болсныг хараагүй.Одоо миний баруун талын хацар болон нүд хэсэг хавдаж хөхөрсөн байна. ...хашаа дотор манай дүү О болон Д ахын эхнэр орж ирсэн тэгэхэд Д ах гэрийн хажууд “миний гар хугарчихлаа гээд зогсож байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би яг Д ахын гарыг Ч цохиж байхыг хараагүй. Манай нөхөр бага зэргийн согтуу байсан. Харин Д ах, би, хүү М нар эрүүл байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцийн хор уршгаа тогтоолгохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 14 дэх тал),

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаартай: “... С.О-ын биед баруун нүдний зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

5. Шүүгдэгч Х.Ч: “...Би 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр эхнэр О-ын хамт Д-ийн гэр лүү угаалгын машин авахаар 15 цагийн үед ирсэн. Тэгээд манай эхнэр машиндаа гадаа үлдсэн бөгөөд би Д-ийн гэрт ганцаараа орохдоо архи согтууруулах ундаа хэрэглэсэн, бага зэрэг согтуу байсан ба Д-аас угаалгын машинаа өгөөч гэхэд Д “хүний юмыг дураараа өгөхгүй” гэсэн. Тэгээд би Д-тай маргалдсан ба бид хоёр тухайн үедээ барьцалдаж аваад салсан. Тэгээд би Д-ийн гэрээс гарч машиндаа суутал Д араас гарч ирээд дахин маргалдсан. Түүний дараа эхнэр О бид хоёр буцаж хариад гэртээ байж байтал төд удалгүй Д хүрч ирээд надтай барьцалдаад гэрээс гарсан бөгөөд Д модон унь бариад миний толгой руу нэг удаа цохисон. Түүний дараа Д намайг дахин униар цохих гэж байтал манай эхнэр О намайг хамгаалах гэж байгаад миний урдуур орж Д-д 1 удаа униар цохиулсан. Тэгэхээр нь би уурлаад эхнэрээ өмөөрч Д-ийн араас унийг нь булааж аваад зүүн гар луу нь 1 удаа хүчтэй цохисон. Төд удалгүй цагдаа нар манайд ирсэн ба намайг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Д нь манай хадам ээжийн төрсөн дүүтэй суусан хүн байгаа юм. Бид хоёр гайгүй харилцаатай байдаг байсан, одоо ч гэсэн хэвийн харилцаатай байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

6. Шүүгдэгч П.Д: “...Би 2024 оны 03 дугаар сарын 09-ны өдөр би гэртээ байж байтал Ч дүү гаднаас бага зэрэг согтуу орж ирсэн ба угаалгын машин авах гээд байхаар нь би "Та нар яах гээд байгаа юм угаалгын машиныг өгөхгүй" гэж хэлтэл Ч нь уурлаад над руу ууралж бид оёр маргалдсан ба би улмаар нүүр лүү нь 1 удаа цохисон юм. Төд удалгүй Ч эхнэртэйгээ машинтайгаа манайхаас яваад өгсөн ба над руу гар утсаар Ч залгаж "Ямар сүртэй юм бэ? Танай эхнэр янхан банзал биз дээ " гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаж шууд Ч-ийн гэр лүү явж очсон. Гэрт нь очиход Ч согтуу хэвтэж байсан ба орноосоо босоод ирсэн бөгөөд бид хоёр маргалдаж байгаад би гэрийн гадаа байсан унийг аваад Ч-ийн 1 удаа баруун мөр лүү нь цохисон бөгөөд Ч миний гарт байсан унийг булааж аваад зүүн гарын шуу хэсэг рүү 1 удаа цохиж миний гарыг хугалсан. Тэгээд би Ч-тэй барьцалдаад байж байтал түүний эхнэр О нь голоор нь орсон ба би Ч-ийг дахиад цохих гэж байгаад эхнэр О-ын баруун нүд рүү нь хальт цохьсон ба бид нар маргалдаж байгаад би цагдаа дуудсан бөгөөд төд удалгүй цагдаа дуудсан юм. Би Ч-ийн мөр лүү 1 удаа униар цохисон. Харин О-ын баруун нүд хэсэг рүү хальт цохисон. Ч миний зүүн гарын шуу хэсэг рүү 1 удаа униар цохисон. Ч согтуу намайг хэл амаар доромжлоод байхаар нь бид хоёр маргалдсан ба улмаар харилцан зодолдох болсон. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 87-88 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал, энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаан холбоо юм.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч П.Д, шүүгдэгч Х.Ч  нар нь хоорондоо угаалгын машин өгөх, авах асуудлаас үүдэн маргалдан барьцалдаж авсан байх ба  шүүгдэгч П.Д нь  Х.Ч-ийг хэд хэдэн удаа цохисон, мөн гэрийн униар дахин цохих гэх үед Х.Ч-ийн эхнэр С.О дундуур нь орж салгах гэж оролдох явцдаа цохиулснаас үүдэн С.О-ын биед хөнгөн гэмтэл учирсан, харин шүүгдэгч Х.Ч нь өөрийн эхнэрийг цохисон асуудалд дургүйцэн П.Д-ийн гар луу униар цохисны улмаас хугарч хүндэвтэр хохирол учруулсан болох дээрх хүмүүсийн хохирогч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон, шүүгдэгч Х.Ч, шүүгдэгч П.Д нарын цохисон идэвхтэй үйлдэл, хохирогч П.Д, хохирогч С.О нарт учирсан гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой, шүүгдэгч нар нь бусдын бие махбодод халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа биед нь халдаж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүгдэгч П.Д-ийн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Ч-ийн  дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч П.Д-ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч С.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Х.Ч-ийн үйлдлийн улмаас шүүгдэгч П.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан байх бөгөөд хохирогч нар нь шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэхээс татгалзсан байх тул шүүгдэгч П.Д, шүүгдэгч Х.Ч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гантуяагийн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан ба яллагдагч Х.Ч-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.Д-ууд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.550.000 төгрөг зарцуулсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал), төрийн үйлчилгээний нэгдсэн системээр  дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт зэрэг авагджээ. (хавтаст хэргийн 46 дахь тал)

Иймд шүүгдэгч Х.Ч-ээс 1.550.000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх хуралдаанд улсын яллагч “....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-д  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч П.Д-ийн өмгөөлөгч А.Очбадрал нь “...шүүгдэгч П.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөр байхгүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байгааг харгалзан торгох ялын хэмжээг 500 нэгжээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.Ч-ийн өмгөөлөгч Л.Амартогос нь “... миний үйлчлүүлэгч Х.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Хохирогч П.Д нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан 1000 нэгжээр торгох ял оногдуулах, боломжтой бол  уг хэмжээг багасгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан  хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн  хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Шүүгдэгч П.Д-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг, шүүгдэгч Х.Ч-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль алин нь тогтоогдоогүй болохыг тус тус дурдав.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн бусдад төлөх төлбөргүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг, мал малладаг/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан шүүгдэгч П.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарын сард олдог орлогын байдлыг нь харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч П.Д, Х.Ч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэж, шүүгдэгч П.Д, Х.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт П-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Л овогт Х-ын Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д, Х.Ч нарт оногдуулсан торгох торгох ялыг тус бүр 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д, Х.Ч нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Ч-ээс 1.550.000 (нэг сая, таван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгосугай.

6. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д, Х.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ