Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/662

 

 

 

  2024          06           05                                     2024/ШЦТ/662

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Д.Хонгорзул, (БГД)

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105020****** дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, дунд дарь эх гудамж **** тоотод оршин суух хаягтай ч уг хаяг дээрээ амьдардаггүй, урьд нь:

-2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг  шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан,

-2019 оны 12 дугаар сарын 20-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, цагдан хоригдсон 4 хоногийг  нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон хасаж, эдлэх ялыг 688 цагаар  тогтоож шийдвэрлэсэн, 2020 оны 05 дугаар сарын 08-ны ялаа эдэлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, Б овогт Б-ийн Э /РД:**********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх нэртэй дэлгүүрт ажиллаж байсан хохирогч Т.Н эзэмшлийн 870.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone X” загварын гар утсыг “утсаараа түр яриулаач, би хүүхэд рүүгээ ярих хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан,

-үргэлжилсэн үйлдлээр, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх нэртэй худалдааны төвийн 1 давхарт байрлах хүнсний лангуунд ажиллаж байсан насанд хүрээгүй хохирогч Д.Б-ын 350.000 төгрөгийн үнэ бүхий “LG X-6” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....”Гоо сайхны бараа авна гэж байгаад гар утсыг нь аваад явсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.  Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хогийн цэг дээр хүүхдүүддээ талхны мөнгө явуулах гэж ажил хийж байсан. Тэндээсээ баригдсан. Айсан учраас зугтсан. Миний хүүхдүүдийг манай ээж халамжилж байгаа. Хохирол төлнө гэж бодсон боловч хүүхдийн мөнгөний дансыг Баянгол дүүргийн прокурорын газраас хаасан байсан. Би урьд нь үйлчлэгч хийж байгаад ажлаасаа гарсан.  Одоо ээж, 3 хүүхэд, эгчийн хамт амьдардаг. Хохирлыг ажил хийж байгаад бага багаар төлнө” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

    Хохирогч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед *** худалдааны төвд гоо  сайхны лангуу ажиллуулдаг байсан. Шүүгдэгч нь надаас ирж олон жижиг бараа аваад хайрцагт хийгээд өгөөч, би авсан бараагаа зөөлгөхөөр хүүхэдтэйгээ ярих гэсэн юм, гар утсаа өгөөч гээд миний утсыг авсан. Би лангууныхаа араар ороод хайрцаг аваад барааг нь савлаж байх хооронд утсаар ярьж байгаа мэт дүр үзүүлж байгаад миний IphoneX загварын хар өнгийн гар утсыг аваад гараад явсан. Хохирол төлбөр төлөгдөөгүй. Цагдаагийн газарт шүүгдэгч надад хохирол барагдуулна гэж хэлж байсан боловч төлөөгүй. Би гар утсаа 2020 онд 1.700.000 төгрөгөөр худалдан авч байсан” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Нэг: Гэм буруугийн талаар:

            Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин нь  “...Миний үйлчлүүлэгч Б.Э нь гэм буруу дээр маргахгүй байгаа учир эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Э-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:

  1. Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй дэлгүүрт ажиллаж байсан хохирогч Т.Н-с “утсаараа түр яриулаач, би хүүхэд рүүгээ ярих хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Iphone X” загварын гар утсыг нь авч өөрийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримт нь:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...үл таних хүн гар утсаар чинь яриад өгье гэж хэлээд гар утас аваад явсан” гэх (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

2. Хохирогч Т.Н-ийн: “...2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** худалдааны төвийн хүнсний зах дотор лангуун дээрээ сууж байхад гаднаас 35-40 орчим насны эмэгтэй ирээд “утсаараа түр яриулаач, би хүүхэд рүүгээ утсаар ярих хэрэгтэй байна” гэж хэлэхээр би өөрийн айфоне экс маркийн гар утсаа яриулахаар өгөхөд миний утсыг аваад цаашаа яваад яриад байсан. Тухайн эмэгтэй манай лангуун дээрээс гоо сайхны зүйл авна хайрцагт хийгээд өгөөч гэхээр нь би хайрцаг аваад ирэх хооронд тухайн эмэгтэй гараад явчихсан байхаар араас нь гарахад тухайн эмэгтэй алга болсон байсан. Тухайн эмэгтэй нь 30-40 орчим насны, 160 орчим өндөртэй, махлагдуу, өргөн шилбэтэй, дотор тал руугаа майгдуу, хоолойны өнгө нь өргөн хоолойтой байсан. Би тухайн эмэгтэйг харуул танина. Би өөрийн айфоне экс маркийн гар утсаа тэди худалдааны төвөөс 2019 онд 1.700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хар өнгийн 64гб багтаамжтай, дэлгэцийн кодтой, гадуураа хар шаргал хүрээтэй кейстэй байсан. Би гар утсаа зах зээлийн ханшаар үнэлнэ. Миний гар файл дотор нь олон улсын элчин сайдын оршин суух хаягийн тодорхойлолт, Япон улсад амьдрах байрны төлбөрийн мэдээлэл, оюутны код зэрэг хэрэгтэй бичиг баримтууд байсан. Миний гар утасны имей код нь 35303909048**** гэсэн кодтой байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

            3. Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан: “... I phone X 2019 онд худалдан авсан 128гб  багтаамжтай гар утсыг 870.000 төгрөгөөр үнэлсэн. (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

            4. Шүүгдэгчийн Б.Э: “…Би 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** худалдааны төвийн В1 давхарт ганцаараа явж байгаад гэдэс өлсөөд мөнгө хэрэгтэй байхаар нь гоо сайхны бараа зарж байсан эмэгтэй дээр очоод “гар утсаа өгч байгаач, таниас бараа авах гэсэн юмаа, мөнгө шилжүүлэхэд утас хэрэгтэй байна, гар утсаа гадаа хүүхдэд үлдээчихсэн” гээд тэр гоо сайхны бараа зарж байсан 20 орчим насны туранхай, цайвар царайтай, 170 см орчим өндөртэй эмэгтэйгээс хар өнгийн ай фоне загварын гар утсыг аваад хүн рүү ярих гэж байгаа юм шиг нүдийг нь хариулж байгаад утсыг нь аваад чимээгүй яваад өгсөн. Тэгээд тухайн гар утсаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Өргөө кино театрын урд талд явж байсан хүнд 150,000 төгрөгөөр худалдсан бөгөөд тухайн хүнээс мөнгөө бэлнээр авсан. Тэгээд 150.000 төгрөгөөр нь гэртээ хоол хүнсний зүйл авсан. Би буруу зүйл хийж мөнгө олсондоо гэмшиж байна. Тухайн гар утас нууц кодтой байсан би тэрийг нь гаргаж чадахгүй болохоор нь зарчихсан. Би өмнө нь 2 удаа Эрүүгийн хуулийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаа ял шийтгэл эдэлж байсан. Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, өөр үйлдсэн гэмт хэрэг зөрчил байхгүй. Би дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй, ариун шударгаар ажил хөдөлмөр хийж амьдарна…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх нэртэй худалдааны төвийн 1 давхарт байрлах хүнсний лангуун дээр ажиллаж байсан насанд хүрээгүй хохирогч Д.Б-аас “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний эзэмшлийн  “LG X-6” загварын гар утсыг болон бэлэн 85000 төгрөгийг авч өөрийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримт нь:

 

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...үл таних эмэгтэй гар утсаар чинь яриад өгье гэж хэлээд хулгайлсан...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 87 дахь тал),

 

  1. Насанд хүрээгүй хохирогч Д.Б: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би манай аавын ээж болох Ө эмээдээ туслахаар *** төвийн 1 давхарт байрлах хүнсний лангуу дээр өглөө 10 цагийн үед цуг ирсэн юм. Тэгээд байж байхад өдөр 13 цаг өнгөрч байхад гаднаас үл таних хар өнгийн урт куртиктэй, хар маск, хар нүдний шил зүүсэн, цагаан өнгийн пүүзтэй, 30-40 орчим насны тарган биетэй, намхан 150-160 см орчим өндөртэй, царайг нь сайн харж чадаагүй эмэгтэй хүн орж ирээд “эгчдээ утсаа өгч байгаач, утсаар чинь яриад өгье” гэхээр нь би нэгж байхгүй гэсэн чинь “эгч нь өөрөө нэгж хийгээд ярина аа” гэхээр нь өөрийн ЛЖ Х-6 маркийн гар утасны түгжээг нь гаргаж өгсөн. Тэгсэн тэр эгч миний утсыг аваад хүнсний мухлаг дотор тойроод яваад байсан ба утсаар ярихдаа “машинаа ухраагаад аваад ир, баахан юм авсан, ачаа ихтэй байна” гэх мэт зүйл яриад байсан, тэгээд 2 уут гоймон авахаар лангуу дээр тавиулсан. Дараа нь задгай будаа авахаар савлуулж хийлгэсэн ба тэр хооронд лангууны араар ороод гоймон үзээд байсан ба тэр хооронд лангуу доор байсан бэлэн 85.000 төгрөгийг авсан байсан. Тэгээд эмээдээ хэлээд цагдаад дуудлага өгүүлсэн юм. Гар утсаа 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 375.000 төгрөгөөр авч байсан. Бэлнээр 85.000 төгрөг байсан тэрийг авсан байсан ба цагдаа ирээд камер шүүхэд харагдаж байсан. Миний гар утсыг авсан эмэгтэйг олж өгч хохиролгүй болгож өгнө үү…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92, 95 дахь тал),

 

  1. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 21/084 дугаар Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнийн тайлан:  “...Lg фирм X-6 загварын гар утас -350.000 төгрөг, бэлэн мөнгө 85.000 төгрөг, нийт 435.000 төгрөг” гэх (хавтаст хэргийн 100 дахь тал),

 

  1. Шүүгдэгч Б.Э: “…Би 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “***” гэх нэртэй худалдааны төвийн гадаа автобуснаас буугаад тухайн худалдааны төв рүү ороод гурилны лангуун дээр нэг жижигхэн охин ганцаараа сууж байхаар нь очиж “эгчийнх нь утасны цэнэг дуусчихлаа, утсаараа ганц яриулаач” гэж хэлсэн чинь тухайн охин өөрийнхөө гар утсыг өгсөн юм. Тэгээд би тухайн охины утсаар ярьж байгаа юм шиг ярьж байгаад тухайн охиноос гурил будаа заалгаж авах гэж байгаа юм шиг заалгаад цаашаа харахаар нь лангууны ар хэсэгт нь хайрцагтай мөнгө байхаар нь би тухайн мөнгийг нь утастай нь аваад тухайн худалдааны төвөөс гараад явсан юм. Тэндээсээ гараад зам хөндлөн гараад автобусанд суугаад гандан дээр буугаад зам дагуу явж байсан явуулын танихгүй хүнд нөгөө авсан гар утсаа 40.000 төгрөгөөр өгсөн. Худлаа хэлж авсан утсаа зараад мөнгөөр нь хоол авч идсэн. Тэгээд лангууны ард байсан мөнгийг аваад хэдэн төгрөг байгааг үзсэн чинь 85.000 төгрөг байсан ба уг мөнгөөр хоол ундны зүйл аваад гэртээ очсон юм. Хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй, хар өнгийн нүдтэй байсан ба хар өнгийн жижиг цүнхтэй байсан. Би өөрийн буруугаа ухамсарлаж буруу юм хийсэндээ гэмшиж байна…” (хавтаст хэргийн 152-153 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгийг болон эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд аливаа арга хэрэгслээр буюу худал үг яриа болон үйлдлээрээ хуурах, итгүүлэх зэрэг үйлдлийг итгэл үнэмшилтэй хийснээр хохирогч нь залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгснөөр хэргийн бүрдэл төгсдөг онцлогтой юм.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл,  шүүгдэгч Б.Э нь үргэлжилсэн үйлдлээр, бусадтай ярих чухал шаардлагатай  мэтээр хохирогч  нарт  худал зохион ярьж, улмаар тэдгээрээс гар утаснуудыг гуйж  авсан даруйд  хэн нэгэнтэй ярьж буй дүр үзүүлэн хохирогч нарыг өөр тийш түр хугацаанд сатаарах хооронд гар утсыг нь буцааж өгөлгүйгээр тэр чигтээ авч гаран бусдад худалдаж олсон орлогыг өөрийн хэрэгцээнд зарцуулжээ. Иймээс шүүгдэгч нь хохирогчоос эд хөрөнгийг нь авахын тулд худал хэлж, эргэн төлөх санаа зорилго агуулалгүй, өөртөө шилжүүлэн авсан уг үйлдлийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон “Залилах” гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

 

Хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь  сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр  нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Тус хэрэгт насанд хүрээгүй хохирогч Д.Б нь мэдүүлэхээ “шүүгдэгч Б.Э нь өөрийн гар утсыг худал хэлж авснаас гадна лангуу доор байсан бэлэн 85.000 төгрөгийг авсан байсан” гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч Б.Э нь хохирогчийн гар утсыг болон бэлэн мөнгийг авсан талаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тул насанд хүрээгүй хохирогч Д.Б-д учирсан хохирлын хэмжээг /гар утасны үнэ/ 350.000+/бэлэн мөнгө/ 85.000=435.000 төгрөг гэж дүгнэхээр байна.

Дээрх байдлаар хохирлын хэмжээг зөв тооцож, тогтоох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Э нь  хохирогч Т.Н-д 870.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Д.Б-д 435.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж дүгнэж, улмаар шүүгдэгч Б.Э нь дээрх хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгчээс 1.305.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Н-д 870.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Д.Б-ын хууль ёсны төлөөлөгч М.Ө-д 435.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Шүүгдэгч Б.Э нь гэм буруу дээр маргахгүй байгаа. Тэрээр өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан ч эдэлж дууссан болох нь баримтаар тогтоогдсон. Мөн бага насны хүүхдүүдтэй хүн. Иймд түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах, тодруулбал зорчих эрхийг хязгаарлах ялыг  оногдуулж өгнө үү. Учир нь, шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь 4 төрлийн ялын төрөлтэй тул сонгон хэрэглэх боломжтой” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

            Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амар хялбар байдлаар мөнгө олох гэсэн түүний үйлдлийн арга, сэдэлт, нийгмийн аюулын шинж, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдөөгүй байдал, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд өмнө энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа шийтгэгдсэн ч дахин үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй, бага насны хүүхдүүдтэй ч тэдгээрийг харж ханддаггүй нь  Б.Э-н эх Б.Л-н мэдүүлгээр тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ялын хувьд болон дээд, доод хязгаарын хувьд сонгох боломжтой хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой бөгөөд шүүгдэгч Б.Э нь өөрийн хэрэгцээгээ хангах зорилгоор бусдыг хуурч эд зүйлсийг авч буй түүний  арга барил, өмнө энэ төрлийн хэргээр шийтгүүлсэн ч засарч хүмүүжилгүй дахин үйлдсэн нь уг үйлдэлдээ үл гэмшиж байгаа байдлыг илтгэх ба тэрээр учруулсан хохирлыг төлөөгүй, улмаар төлөхөө илэрхийлж байна гэх боловч хэрхэн, ямар байдлаар төлж барагдуулах нь тодорхойгүй, тогтсон хаяг дээрээ амьдардаггүй буюу хогийн цэг дээр хоноглох байдлаар амьдардаг зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд торгох ял болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг, мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Э-т Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан, мөн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн *** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  688 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж,  2020 оны 05 дугаар сарын 08-ны ялаа эдэлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол зэргээр тогтоогдсон. (хавтаст хэргийн 64-69 дэх тал)

Шүүгдэгч Б.Э дээрх хугацаанд тодруулбал, тэнссэн, ял эдэлж байх хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх асуудал яригдахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч Б.Э нь 3-12 насны 3 хүүхэд болон ээжийн хамт амьдардаг байх боловч түүний хүүхдүүдийн хувийн байдлыг илтгэх бичиг баримтууд хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Б.Э нь хүүхдүүдээ хэд хэдэн онд төрснийг хэлж чадахгүй байх бөгөөд улмаар шүүгдэгчийг хүүхдүүдийг Б.Э-н төрсөн эх Б.Л нь харж ханддаг талаар Б.Л гэрчээр өгсөн мэдүүлэгт дурдагдсан (хавтаст хэргийн 58-59 дэх тал), шүүгдэгч Б.Э нь өөрөө сүүлийн 2 жилийн хугацаанд хогийн цэг дээр амьдарсан, хүүхдүүдээ харж хандаагүй гэх мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн (шүүх хуралдааны тэмдэглэл) байх тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхдүүдэд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 21 хоног, 2024 оны 5 дугаар сарын 27-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 9 хоног, нийт 30 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. (хавтаст хэргийн 76, 179-180, 239 дахь тал)

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Б-н Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 30 (гуч) хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-с 1.305.000 (нэг сая гурван зуун таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Н-д 870.000 (найман зуун далан мянган)  төгрөг, насанд хүрээгүй хохирогч Д.Б-ын хууль ёсны төлөөлөгч М.Ө-д  435.000 (дөрвөн зуун гучин таван мянган) төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхдүүдэд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ