Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/370

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

хохирогч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* Отгонбаярт холбогдох эрүүгийн 2305036830226 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эх, ах, охины хамт Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* ******* тоотод оршин суух, урьд

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 566 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* Отгонбаяр /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энх-Уянга” хүнсний дэлгүүрийн гадна хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан *******той хэрүүл маргаан үүсгэж, хохирогч *******ын зүүн хэвлий хэсэгт нь архины шилний хагархай хэсгээр зүсэж биед нь халдаж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хажуу хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Хохирогч ******* нь миний өмнөх нөхрийн талаар надтай ярьснаас болж бид хоёр хоорондоо маргалдаж улмаар ******* нь эхэлж миний биед халдсан. Гэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрч эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Түүнчлэн миний бие ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ авч явдаг тул надад торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч хэргийн газарт үзлэг хийсэн “...хэрэг гарсан гэх газар нь Баянгол дүүргийн 3-р хороо, 69-р байрны баруун талын буланд 38-р байрны ертөнцийн зүгээр чанх хойд талын өргөтгөлд баригдсан “Энх-Уянга” дэлгүүрээс хойш 5 метр зайд бохирын шугам байх ба .. түүнээс 1.5 метр зайд цус мэт улаан хүрэн өнгийн шингэн зүйл туссан байв ... 69-р байрны баруун урд талын ногоон өнгийн төмөр хайс хэсэгт “Хараа” нэртэй архины шилний хагархай байх бөгөөд уг хагархай шилний урд талд цус мэт улаан хүрэн өнгийн зүйл газарт туссан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 7-10 дахь тал/,

Хохирогч *******ын:

“...2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн орчим танил дүү Харцага болон төмөр замын зүс таних 2-3 хүний хамт архи ууж байхад Харцага намайг газар унагаж дээрээс дараад хэвтсэн, зодож цохиогүй. Тэр үед хажуу талаас хамт архи ууж байсан залуу толгой болон нуруу хэсэг рүү өшиглөсөн ... би толгойгоо хаагаад хэвтэж байхад хэн нэгэн нь салгасан. Намайг босоод ирэхэд миний зүүн талын бөөрний хэсгийн өөх нь гараад цус гарч байсан хэн ингэснийг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

Цэргийн төв эмнэлгийн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “...*******ын хэвлийн зүүн хажуу хэсэг бөөрний хэсэгтээ 6-8 см орчим зүсэгдсэн шархтай, шархнаас цус гарна...” гэсэн яаралтай тусламжийн хуудас, /хавтаст хэргийн 45 дахь тал/,

Гэрч :

“...69-р байрны гадна Отгоо, Харцага, Шагай нарын хамт архи ууж байхад Харцагын танил ах гээд өндөр залуу ирсэн. “Энх-Уянга” дэлгүүрийн гадна Харцага танил ахтайгаа муудалцаад дээр доороо орсон. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Би Харцагыг өмөөрөөд тэр залуугийн нүүр хэсэгт 2-3 удаа, нуруу хэсэг рүү 3-4 удаа цохисон. Тэр үед Отгонбаяр гартаа хагарсан архины шил барьж ирээд тэр залуугийн зүүн бөөрөнд зүсээд яваад өгсөн. Харцагын ах гэх залуу анх ирэхэд биед нь гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Гэрч *******:

“...Отгонбаяр үл таних эрэгтэйтэй муудаад байсан удалгүй хоорондоо зодолдоод эхэлсэн. Би нарийн сайн санахгүй байна ямар ч л байсан салгасан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14295 дугаартай шинжээчийн:

“..*******ын биед хэвлийн зүүн хажуу хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энх-Уянга” хүнсний дэлгүүрийн гадна хохирогч *******той хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний зүүн хэвлий хэсэгт нь архины шилний хагархай хэсгээр зүсэж биед нь халдаж, эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хажуу хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14295 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирол төлбөрт нийт 580.000 төгрөг-/хавтаст хэргийн 81 дэх тал/-ийг хохирогч *******од хүлээлгэж өгсөн. Хохирогч нь өөр хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байна.

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх “Цэргийн төв” эмнэлгээс хохирогч *******ын төрийн үйлчилгээний төлбөр болох 1.343.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ талаарх баримт хангалтгүй зэрэг түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305036830226 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Хараа” нэртэй архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******аас 1.343.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Хараа” нэртэй архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ