Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 0026

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     Ч.Ш-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Ц.М

Шүүгдэгч                                                       Ч.Ш

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            С.Б

Хохирогч                                                       Ё.Б

Нарийн бичгийн дарга                              Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаар цагаатгах тогтоолтой, Ч.Ш-т холбогдох, эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, М овогт Ч-н Ш.

 

Ч.Ш нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн  Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Залуус хотхоны 23а-42 тоотод Ё.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаар цагаатгах тогтоолоор:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Моохор овогт Ч-ний Ш-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд зааснаар Ч.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүйг дурьдаж, шүүхийн шатанд хэрэгт хавсаргасан дуу бичлэгийн хуурцаг 1ширхэг, 2ш рентген зургийг хэрэгт хэрэгт хавсарган үлдээж,

Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Л.Б эсэргүүцэлдээ:

            “ ... Анхан шатны шүүх Ё.Б-н биед Ч.Ш-ийн үйлдлийн улмаас тархи доргилт үүссэн эсэх нь бүрэн тогтоогдоогүй, баримтууд эргэлзээтэй Ч.Ш-ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь яллах дүгнэлтэд үндэслэсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Хохирогч Ё.Б-н биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Ч.Ш-ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь шүүгдэгч Ч.Ш-ийн охин Ү.Г-н гэрчээр өгсөн “ ...манай ээж Ш Б-г биеэрээ биеийг нь түлхэж байсан. Тийм хүчтэй ч биш, тийм сул ч биш” гэх мэдүүлэг, гэрч Д.А-н “ ... Б руу хартал Б-н өмссөн байсан цагаан өнгийн цамцны баруун мөр нь урагдсан байсан. Тэгээд би *тэр хоёрыг хоорондоо ноцолдсон юм байна даа гэж бодсон гэх мэдүүлэг, шүүгдэгч Ч.Ш-ийн ... би бухимдаж гар гэж түлхсэн, энгэрээс нь барьж сэгсэрч түлхсэн гэх мэдүүлэг, хохирогч Ё.Б-н “ ... би утсан дээрээсээ ээжийнх нь зургийг үзүүлсэн чинь хашгирч заамдаж авсан ... Подволкноос барьж сэгсэрсэн, би их биөэрээ ар нуруугаараа хана мөргөсөн гэх мэдүүлэг, ШША-ны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 586 дугаартай дүгнэлтэд “ ... Ё.Б-н биед тархи доргилтоос гадна зүүн шилбэнд зөөлөн эдэд цус хуралт, баруун гарын сарвуу, бугуйнд 2 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдсон болохыг нотолсон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ш хохирогч Ё.Б-г түлхэж, сэгсэрч хана мөргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Харин дээрх үйлдлийн улмаас хохирогч Ё.Б-н биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Орхон аймгийн ШША-ны 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 586 дугаартай дүгнэлт, ШШҮХ-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1388 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээс гадна хүний их эмч Д.Х-н гэрчээр өгсөн “ ..Рентген зургийг уншуулсан. Үзлэгт судасны зураглал чамархай хэсэгт өргөссөн гэсэн бичиглэлтэй, үзлэгт хүүхэн хараа 2 талд жижиг, нүдний алим чичигнэсэн, хүзүүний булчин хөшилтгүй, үе мөчний хөдөлгөөн чөлөөтэй гээд дээрх үндэслэлээр тархины доргилттой гээд эмэн эмчилгээ бичиж өгсөн, ... хүчтэй савалтад тархины доргилт үүсэх боломжтой гэх мэдүүлэг, шинжээч эмч Ж.Г-н “... Ё.Б-н 2019.09.02-ны өдрийн гавлын ясны 2 байрлалын рентген зураг, амбулаторын картанд бичигдсэн гэмтлийн эмчийн үзлэг зэрэг эмнэлгийн бичиг баримтыг, мөн өөрийн үзлэгийг үндэслэн дүгнэлтийг гаргасан.

Дээрх гэмтэл нь хохирогчийг хувцаснаас нь заамдаж зуураад сэгсрэх үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь 2019.08.31-ний өдөр үүссэн байж болно. 2019.09.02-ны өдрийн гавлын ясны рентген зургаар илрэх боломжтой гэх мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээч эмч Ц.Г-ын “ ... би биеэрээ гэснийг хохирогч хана шүүгээ мөргөхдөө толгойгоороо цохиогүй, зөвхөн биеийн мөр, хүзүү зэрэг хэсгээр хана шүүгээ мөргөх үед тархи доргихгүй, харин бүхэл биеэрээ дотор толгой хэсэг орсон тохиолдолд тархи доргилт үүсэх учиртай, хэрэв бүхэл биеэрээ гэвэл энэ үед тархи доргилт үүсэж болно ... хүчтэй мөргөх үед үүсэх боломжтой , ... харин хохирогчийн биеийн масс нөлөөлөх боломжтой, ...өөрийн биеийн жингийн хүчин зүйлээр хана өөрөө биеэрээ мөргөх үед үүсэхгүй, харин бусад хүчин зүйлийн буюу хүний хүчээр сэгсрэх, түлхэх үед тархи доргилт үүсэх боломжтой. Мөн хүний хүчин зүйлээр гэвэл их хүч орно. Мөн хана руу гадна хүчээр хүчтэй мөргөх үед тархи доргилт үүснэ гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ... эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж дүгнэлт хийх ёстой атал дан ганц прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийн хэрэгт хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, анхаарч үзэлгүй шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, зөрүүтэй байна гэж хэт явцуу дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байх ба цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Мөн анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар хэт ерөнхий дүгнэлт хийж, шүүхийн шийдвэртээ үндэслэл болгосон харилцан зөрүүтэй гэх нотлох баримтуудын алийг нь ямар үндэслэлээр үнэн зөв гэж үзсэн болон эсрэг агуулга бүхий баримтыг няцаан үгүйсгэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, эргэлзээтэй гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаж чадаагүйн зэрэгцээ яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг ямар учраас үгүйсгэсэн шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болон үүнийг баталж байгаа нотлох баримтыг дурдаж чадаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг  сэжигтэн яллагдагч, шүүгдэгч яльанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэх заалтыг дурдан хэргийн бодит байдал эргэлзээгүй тогтоогдоогүй байна гэж дүгнэлт хийсэн атлаа Тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт буюу гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлийг удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөн шүүгдэгч Ч.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд заасан цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллах тухай хуулийн заалтыг баримталсан нь буруу байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: “... дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурор Л.Б-н эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ч.Шт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Энэ хэрэгт нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хаана, яаж үйлдсэн/, 16.2 дугаар зүйлийн 1.4-д заасан ”... яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг нарийвчлан тогтоогоогүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Учир нь: Прокуророос “Яллагдагч Ч.Ш нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн  Баян-Өндөр сум өөрийн гэртээ Ё.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” /хх 124/  гэсэн хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ё.Б анх мэдүүлэхдээ “... над руу уурлаж дайрч давшилж, миний өмсөж явсан фудволк, хувцаснаас татаад нааш цааш сэгсэрч, утсаа над руу шидсэн чинь гарын хурууг оносон ... заамдаад сэгсрээд байсан...” гэж /хх 9/, дахин мэдүүлэхдээ “... хоёр гараараа миний энгэрнээс заамдаад сэгсэрсэн. Толгойгоороо мөргөөгүй. Биеэрээ хана, үүдэнд байсан шүүгээг мөргөсөн...” гэж /хх 11/,

мөн дахин мэдүүлэхдээ “... Ш намайг маш хүчтэй түлхэж заамдаж ноцолдоод хана руу мөргүүлэх түлхэх үед үүссэн байхад үүсэхгүй гэж дүгнэсэнд гайхаж байна ...” /хх 13/ гэж тухайн үед болсон үйл баримтын талаар өөр өөрөөр мэдүүлснээс гадна

насанд хүрээгүй гэрч Ү.Г “... тэр үед манай ээж уйлаад манай гэрээс гар гэж хэлээд орилсон ... манай ээж Ш Б-г биеэрээ түлхэж байсан ...” гэж /хх 16/,

шүүгдэгч Ч.Ш гэрчээр мэдүүлэхдээ “... би гар гэж хэлээд хоёр гараараа биеийг нь хойш түлхсэн ... Харин Б намайг түлхсэн чинь би барьж байсан гар утсаа газар унагаасан. Миний гар утас унаж байхыг Б өөрөө харсан...би Б-н гар хөлийг маажаагүй, цохиогүй ...” гэж /хх 20/, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...манайд тийм том шкаф байхгүй, жижиг гутлын тумбочка байдаг... ” гэж /хх151/ тус тус мэдүүлсэн байна.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Ш-ийн ямар үйлдлийн улмаас хохирогч Ё.Б-н биед гэмтэл учирсан болох, хохирогчийг түлхсэн, сэгсэрсэн, хувцаснаас нь зулгаасан, татсан эсэх, эсхүл түүнийг хана шүүгээ мөргүүлсэн эсэх, хоорондоо ноцолдсон аль нь болохыг яллах дүгнэлтэд тодорхой дурьдалгүйгээр маргалдах явцдаа биед нь халдаж гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1-д “Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно” гэж заасан.

Гэтэл мөрдөгч Ч.Ш, Ё.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан байх бөгөөд “мэдүүлгийг газар дээр нь шалгахаар тогтов” гэсэн /хх 119/ атлаа энэ талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан “... мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг барьсан ...” гэсэн тайлбарыг үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Түүнчлэн хохирогч Ё.Б нь “... би дээгүүрээ цагаан өнгийн фудволктой байсан ... би маргааш нь оёод өмсөх боломжгүй байсан болохоор сэжиглээд хаячихсан. Одоо надад байхгүй ...” /хх 13/ гэж мэдүүлсэн боловч анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... надад байгаа... ” гэсэн тайлбар гаргасан тул хохирогчийн өмсөж явсан, урагдсан гэх дээрх хувцсыг эд мөрийн баримтаар хураан авч, үзлэг хийж хэрэгт хавсаргах шаардлагатай байна.

Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ч.Ш-ийг “урьд ял шийтгэлгүй” гэж дурьдсан байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл Ч.Ш-ийг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хавтаст хэрэгт хавсаргагдаагүй байх тул энэ хэрэгт нотолбол зохих байдал буюу шүүгдэгчийн хувийн байдал бүрэн тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Түүнээс гадна шүүгдэгч Ч.Ш нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... манайд очсоныхоо маргааш Б өөр айлд очиж бас хэрүүл маргаан хийсэн гэсэн. 9 сарын 1-нд гэрээсээ гараагүй гэртээ хэвтсэн гэж мэдүүлэг өгсөн нь ор үндэслэлгүй мэдүүлэг ...” гэсэн болон

гэрч Д.Х “ ... Ё.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 04-нд хүнд зодуулсан, хүзүү хөшиж, толгой өвдөнө гэсэн зовиуртай ирсэн ...” гэж /хх 22/ тус тус мэдүүлсэн байх тул Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 586 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон Ё.Б-н биед учирсан тархи доргилт, зүүн шилбэнд зөөлөн эдэд цус хуралт, баруун гарын сарвуу, бугуйд 2 тооны шалбархай бүхий гэмтэл нь хэзээ, хаана, хэний үйлдлээс үүссэнийг нарийвчлан тогтоосны эцэст Ч.Ш-ийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцэлд дурьдсан “... шүүх харилцан зөрүүтэй гэх нотлох баримтуудын алийг нь ямар үндэслэлээр үнэн зөв гэж үзсэн болон эсрэг агуулга бүхий баримтыг няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ... шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагад нийцээгүй ...” гэх хэсгийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурьдсан бусад хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Ч.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурьдлаа.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаасугай.

 

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Ч.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               З.ХОСБАЯР

          ШҮҮГЧИД                                                          С.ЦЭЦЭГМАА

                                                                                       С.УРАНЧИМЭГ