Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2044

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02109 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С” ХХК-д холбогдох,

 

Машин, механизм түрээслэх гэрээний үүрэгт 216 676 683 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК, “С” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15/09/03 тоот машин, механизм түрээслэх гэрээ байгуулан гэрээний дагуу өөрийн 2 ширхэг 520LC-9s, 480LC-9s маркийн экскаваторыг түрээслэгчид шилжүүлсэн. Түрээсийн төлбөрт 520LC-9s маркийн экскаваторт 30 хоногийн 40 000 000 төгрөг, 480LC-9s маркийн экскаваторийг 38 000 000 төгрөгөөр түрээслэхээр 2 тал тохиролцсон. Гэрээнд зааснаар “С” ХХК-ийн ажилласан хугацааны дагуу түрээсийн төлбөрт нийт 175 173 030 төгрөг төлөхөөр тооцоо гарсан. Үүнээс 82 140 500 төгрөгийг төлж үлдэгдэл 93 032 530 төгрөгийг төлж барагдуулаагүй гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдахгүй маш их хугацаа өнгөрсөн тул 2 талын тохиролцооны үндсэн дээр гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутмын алданги 46 516 265 төгрөгийн хамт, мөн дээрхи гэрээний дагуу ажилласан түрээсийн экскаваторын операторчны цалин болох 2 640 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-нөөс 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх эксковатор зээлээр худалдан авсан гэрээний дагуу төлөх зээлийн хүү 24 372 727.32 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16/06/25 тоот Машин механизм түрээслэх гэрээний дагуу ZL50c маркийн авто ачигч, өөрөө буулгагч, 480LC-9s маркийн экскаватор зэрэг техникүүдийг түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд ZL50c  маркийн авто ачигч 1 сарын 12 000 000 төгрөг, өөрөө буулгагч 8 000 000 төгрөг, 480LC-9s маркийн экскаватор 38 000 000 төгрөг байхаар тохиролцон гэрээ байгуулсан. Нийт ажилласан хоногоор 43 866 666 төгрөгийн тооцоо гарсан ба үүнээс 12 000 000 төгрөгийн урьдчилгаа төлсөн, төлбөрийн үлдэгдэл 31 866 666.67 төгрөгийг хугацаандаа төлөөгүй байгаа тул тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар төлөх алдангид 15 933 333.335 төгрөгийн хамт нэхэмжилж байна. Дээрх гэрээний дагуу хамтран ажиллах хэлцлийн урсгал зардалд 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажиллахад гарсан нийт зардлын 50 хувь болох 2 315 161.13 төгрөг, нийт 216 676 683 төгрөгийг өнөөдрийг болтол төлж барагдуулахгүй байгаагаас үүдэн манай байгууллагад маш их хэмжээний хохирол учирч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэл үүсээд байна. Иймд хариуцагчаас 216 676 683 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч “С ХХК-иас 129 845 357 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 86 822 326 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 241 333 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 807 226 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02109 тоот шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн зохицуулалтад нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Талуудын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны 15/09/03 тоот “Машин механизм түрээслэх” гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.1-т түрээслэгч гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн зохицуулалтад нийцсэн заалт болно. Гэтэл шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэдэн төгрөгөөс тооцсон, алдангийг ямар хугацаагаар тооцож байгаа нь тодорхойгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг үнэлэж дүгнээгүй, нотлох баримтыг шинжлэн судлаагүй, өнгөц нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд 2 тал хэдэн сарын хэдний өдөр гэрээ хийсэн, түрээслүүлэгч тал хэдэн өдөр ажилласан, хэдэн төгрөгний тооцоо гарсан гээд бүх баримтаас тодорхой харагддаг. Мөн түрээслэгч тал болох “С” ХХК нь дээрх гэрээ хийсэн, мөн тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөс хойш “М” ХХК-ийн нэхэмжлэл гаргах болсон хугацаа буюу 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэл гаргахад гэрээнд заасны дагуу алданги нь үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.4-т заасан хуулийн заалтад нийцүүлэн нэхэмжилсэн үнийн дүнгийн 50 хувиар тооцож нэхэмжилсэн. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй маш их хугацаа өнгөрсөн, нэмэлтээр маш олон удаа хугацаа сунгаж өгсөн, эвлэрлийн гэрээ хийх саналыг өгсөөр байхад ямар ч тохиролцолд хүрээгүй өдий хүрч манай байгууллагад их хэмжээний хохирол үүссэн. Гэтэл алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн хэдэн төгрөгнөөс тооцсон, алдангийг ямар хугацаагаар тооцож байгаа нь тодорхойгүй... гэж үзсэн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтаас хамааралтай хэрэгт ач холбогдолтой эсэхийг судалж, үнэлж дүгнээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн хариуцагч гэрээний үүргийг зохих хугацаанд гүйцэтгээгүйн улмаас бусдад төлсөн зээлийн хүүгийн төлбөр 24 372 727 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх нэхэмжлэгч гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй ба нэхэмжлэгчийн бусад этгээдтэй байгуулсан гэрээний үүргийг хариуцагч тухайлсан тохиролцооноос бусад тохиолдолд хариуцах үндэслэлгүй... гэж үзсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Учир нь уг гэрээний гүйцэтгээгүй үүргээс үүдээд нэхэмжлэгч байгууллага гуравдагч этгээдэд алданги төлөх үүргийг хариуцагч хүлээсэн нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэсэн хуулийн заалтад үндэслэн хохирлоо нэхэмжилсэн. Мөн хариуцагч “С” ХХК нь дээрх гэрээнээс үүссэн хариуцлагаа өөрөө хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн актанд гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч “С”ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч талд учирсан гэм хор хохирлыг арилгах үндэслэлтэй байна.

Иймд уг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуулийн дагуу нягтлан дүгнэж, шүүхийн шийдвэрээр хасаж тооцсон алдангийн 62 449 598 төгрөг, гэрээний үүргийг зохих хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас бусдад төлсөн зээлийн хүүгийн төлбөр 24 372 727 төгрөг, нийт 86 822 325 төгрөгийг “С” ХХК-иас гаргуулж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02109 дугаартай шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу алданги, хохирол хассан хэсгийг өөрчилж, нэмэлт өөрчлөлт оруулан бусад хэсгийг хэвээр үлдээж “М” ХХК-ийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 216 676 683 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талууд 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15/09/03 тоот, 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16/06/25 тоот Машин механизм түрээслэх гэрээг тус тус байгуулж, нэхэмжлэгч нь 520LC-9s, 480LC-9s маркийн хоёр экскаватор, ZL50c маркийн авто ачигч, 30 тоннын даацтай өөрөө буулгагч автомашин гурван ширхэг, 480LC-9s маркийн экскаваторыг тус тус хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх, хариуцагч түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хэргийн 5-7 дугаар тал/

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 15/09/03 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 31 866 666,67 төгрөг, 16/06/25 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 93 032 530 төгрөг болох талаар тус тус 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлж, акт үйлджээ. /хэргийн 11, 14 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан 15/09/03, 16/06/25 тоот гэрээний 4.1-т хугацаандаа төлбөрөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоногийн 0,5 хувийн алдангийг төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн хэдэн төгрөгөөс тооцсон, алдангийг ямар хугацаагаар тооцож байгааг тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацаа, үлдэгдэл төлбөрийн үнийн дүн тодорхой, талууд алданги төлөхөөр бичгээр тохиролцох хуулийн шаардлагыг хангасан, энэ талаар хариуцагч үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаагүй байна.

 

Иймд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны алданги тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас илүү гарч байх тул хуульд заасан хэмжээгээр хязгаарлан 31 866 666 төгрөгийн алданги 15 933 333 төгрөг, 93 032 530 төгрөгийн алданги 46 516 265 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02109 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 192 303 955 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24 372 728 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “807 226” гэснийг “1 119 469” тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592 061 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                             ШҮҮГЧИД                               Ц.ИЧИНХОРЛОО      

                

                                                                                            С.ЭНХТӨР