| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00493/И |
| Дугаар | 142/ШШ2021/00562 |
| Огноо | 2021-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2021/00562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Өнөр хотхон 101-4 тоотод оршин суух, Боржигон овогт Г.С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг 4-12а тоотод оршин суух, Олхонууд овогт Л.Б холбогдох,
40,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.С нь хариуцагч Л.Б-т 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 25,000,000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөг нийт 45,000,000 төгрөг хариуцагчийн Хаан банкны 5094130002 тоот дансаар 7 хоногийн хугацаатай зээлсэн юм. Энэхүү мөнгийг зээлэхдээ хүүхдийн хадгаламжаа барьцаалан зээлж өгсөн. Гэтэл Л.Б нь хугацаандаа зээлсэн мөнгөө төлөөгүй учир хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн хүүд 500,000 төгрөг төлж миний бие Г.С хохирч байна. Зээлсэн 45,000,000 төгрөгөөс 5,350,000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч Л.Бээс зээлийн үлдэгдэл 39,650,000 төгрөг болон үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс үүссэн хохирол 500,000 төгрөг нийт 40,150,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Б-т 45,000,000 төгрөг зээлсэн. Тухайн үед Л.Б-ийн эгч нь “Мах импекс” ХК-д ажилладаг гээд шалтаг тоочин хоёр цагийн дараа мөнгийг чинь буцаагаад өгнө гээд өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 25,000,000 төгрөг, 05 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөг нийт 45,000,000 төгрөг зээлсэн. Сүүлд шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг би хүүхдийн хадгаламжаа барьцаалан зээлж өгсөн. Гэтэл Л.Б нь хугацаандаа зээлсэн мөнгөө төлөөгүй учир хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн хүүд 550,000 төгрөг төлсөн. Зээл авсан үеэс хойш 5,350,000 төгрөгийг хүүний мөнгөнд өгч үлдэгдэл мөнгийг өгөөгүй. Одоо нийт 40,150,000 төгрөгийг Л.Бээс нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б, Г.С нарын харилцаанаас гадна Энх-Амгалан, Чанцалдулам, Г.С нар нийлж Л.Б-тэй 2019 оноос хойш харьцаж их хэмжээний мөнгө өгч авалцаж, барьцаалсан зүйл байдаг. Нэхэмжлэгч хариуцагчид эвлэрэх санал тавьсан боловч Л.Б 07 дугаар сарын 20-30-ны өдрийн хооронд өгөх боломжтой байсан. Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн хүүнд 500,000 төгрөг төлснийг зөвшөөрөхгүй байна. Зээлсэн мөнгөнийхөө 5,350,000 төгрөгийг Л.Б төлсөн, үлдэгдэл 39.650.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Л.Б т холбогдуулан 40.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй үлдэгдэл 39.650.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тайлбар гаргасан.
Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Л.Б т 2020 оны 5 сарын 27-нд 25.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, 2020 оны 05 сарын 31-ний өдөр 20.000.000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай зээлэхээр тохиролцож, мөнгийг Л.Б ийн 5094130002 тоот дансаар шилжүүлж өгсөн байна. /ХХ-4-7/
Хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч Г.С-аас 45.000.000 төгрөгийг хоёр удаа 20.000.000 төгрөг, 25.000.000 төгрөгөөр хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба зээлийн гэрээний төлбөрт 5.350.000 төгрөгийг буцаан өгсөн талаар зохигч маргахгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ”, гэж заасан байх бөгөөд зохигчдын хооронд 2020 оны 5 сарын 27-нд 25.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, 2020 оны 05 сарын 31-ний өдөр 20.000.000 төгрөгийг амаар тохиролцож байгуулсан зээлийн гэрээ хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Иймд хариуцагч нь дээрх 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 45.000.000 төгрөг төлөх үүрэгтэй гэж тооцож, түүний нэхэмжлэгчид төлсөн 5,350,000 төгрөгийг хасч үлдэх 39,650,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн хүү 500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд хүү авахаар тохиролцоогүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,700 /гурван зуун тавин найман мянга долоон зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-ээс 356200 /гурван зуун тавин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.С-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Б-ээс 39.650.000 төгрөгийг гаргуулж Г.С-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,700 /гурван зуун тавин найман мянга долоон зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-ээс 356200 /гурван зуун тавин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ